Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 111/ШШ2015/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо

Хариуцагч: Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

“Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны байрны нэг давхарт байрлах 255,6 мкв байрны өмчлөгчөөр "Сонголт трейд" ХХК-ийг бүртгэсэн 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчилгээний 0015296, улсын бүртгэлийн 0320001576 дугаар гэрчилгээний метр квадратыг илүү бичиж олгосон, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөн байрны нэг давхрын 114 м2 хэмжээтэй байрны өмчлөгчөөр Д.Батжаргалыг тогтоосон гэрчилгээний 214, улсын бүртгэлийн 032000413 дугаартай гэрчилгээнд барилгын бодит байдлаас метр квадрат талбайг илүү бичиж олгосон үйлдлийг хүчингүй болгохыг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэсэн,

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж гаргасан

“Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны нэг давхарт байрлах 255,6 мкв байрны өмчлөгчөөр "Сонголт трейд" ХХК-ийг бүртгэсэн 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчилгээний 0015296, улсын бүртгэлийн 0320001576 дугаартай гэрчилгээг олгосон улсын бүртгэлийн үйлдлийг, мөн 2000 оны 01 сарын 13-ны өдөр мөн байрны нэг давхрын 114 м2 хэмжээтэй байрны өмчлөгчөөр Д.Батжаргалыг тогтоосон гэрчилгээний 214, улсын бүртгэлийн 032000413 дугаартай гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Гүрсэд, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ё.Пүрэвдамба, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Батжаргал,  нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Гүрсэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай байгууллага олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг гишүүддээ үйлчилдэг байгууллага бөгөөд өөрийн хөрөнгийг захиран зарцуулах талаар хамтын шийдвэр гаргадаг. Одоо Баянхонгор сумын 1 дүгээр багт өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. 

Манайх 1970-1980 онд өөрийн хөрөнгөөр гишүүдийн идэвх чармайлтаар одоо байрлаж байгаа Үйлдвэрчний эвлэлийн холбооны байрыг аж ахуйн аргаар босгосон. 

Гэтэл “Сонголт трейд” ХХКомпани түүний захирал Д.Батжаргал нь тухайн үеийн дарга удирдлагуудтай хамтран 63 м2 талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авах, мөн 151 м3 өрөө байрыг дулааны өр хэмээн үнэгүйдүүлэн хамтран засварласан дээврийн үнэд шилжүүлсэн гэх, 103 м2 хурлын заалыг авсан гэх баримтыг бүрдүүлэн ханджээ.

Гэтэл Баянхонгор "аймгийн улсын бүртгэлийн хэлтэс тухайн үед улсын бүртгэгчээр ажиллаж байсан улсын бүртгэгч Л.Ганбаатар нь эдгээр тогтоол шийдвэр, гэрээ нь үнэн зөв эсэх, гэрээнд худалдах, худалдан авах харилцааг зохицуулсан заалт орсон эсэх, үл хөдлөх эд хөрөнгө хэний өмч болох, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн метр квадрат, ямар байр, ямар шийдвэрээр шилжсэн талаар нарийвчлан шалгалгүйгээр "Сонголт трейд" ХХК-д 2002 оны 04 дүгээр 30-ны өдөр гэрчилгээний, 0015296 дугаартай 0320001576 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг иргэн Д.Батжаргалд гэрчилгээний 214 улсын бүртгэлийн 032000413 дугаартай гэрчилгээг тус тус олгожээ.

Бид сум дундын шүүхэд өмчлөлийн асуудлаар маргаж буй тул Иргэний шүүхийн хийсэн үзлэгээр тус гэрчилгээнүүдэд бичигдсэн метр квадратын хэмжээ бодит байдлаас илтэд зөрүүтэй “Сонголт трейд” ХХК-ийн авсан гэх өрөө нь бодит байдал дээр 59.2 метр квадрат байхад Улсын бүртгэлийн гэрчилгээний, 0015296 дугаартай 0320001576 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээн дээр 114 м2 гэж бичжээ.

Мөн иргэн Д.Батжаргалд олгосон гэрчилгээний №214 улсын бүртгэлийн 032000413 дугаартай гэрчилгээнд үл хөдлөх хөрөнгийн метр квадрат нь бодит байдал дээр 79,5 байхад улсын бүртгэлийн гэрчилгээнд 255,6 м2 гэх мэтээр бодит байдлаас илтэд зөрүүтэй бичиж олгожээ.

Бид энэ талаар Иргэний хэргийн шүүхэд хүсэлт өгсний дагуу шүүхээс үзлэг хийсэн, уг үзлэгийн баримтаас дээрх хэмжээнүүдийн зөрүүг мэдсэн даруйдаа Улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 8 сард хандсан.

Гэтэл Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2014 оны 08 сарын 25-ны өдрийн хариу албан бичгээр хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх тухай байсан.

Улсын бүртгэлийн хэлтэс нь хувь хүн, хуулийн этгээдэд аливаа гэрчилгээг олгохдоо метр квадратыг нь шалгаагүй олгосон байгаа нь манай байгууллагын өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл болж байна.

Энэ гэрчилгээнд бичигдсэнээр манай байгууллагын нэг давхрын бүхий л өрөө"Сонголт трейд" ХХК, иргэн Д.Батжаргал нарын нэр дээр өмчлөгдөж байна. Ийм алдаагаа Улсын бүртгэлийн хэлтэс засахгүй татгалзсан шийдвэр гаргаад байгаа тул арга буюу дахин шүүхэд хандаж байна.

Иймд Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэг давхарт байрлах 255,6 мкв байрны өмчлөгчөөр "Сонголт трейд" ХХК-ны бүртгэсэн 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчилгээний 0015296, улсын бүртгэлийн дугаартай 0320001576 гэрчилгээг 176,1 метр квадратаар илүү олгосон, 2000 оны 01 сарын 13-ны өдөр мөн байрны нэг давхрын 114 м2 хэмжээтэй байрны өмчлөгчөөр Д.Батжаргалыг тогтоосон гэрчилгээний 214 улсын бүртгэлийн 032000413 дугаартай гэрчилгээг 54,8 метр квадратаар илүү олгосон үйлдлийг хүчингүй болгохыг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү ” гэв.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

Өмнө нь шүүхэд хандаж гэрчилгээнүүдэд барилгын бодит байдлаас метр квадрат талбайг илүү бичиж олгосон үйлдлүүдийг хүчингүй болгохыг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэх шаардлагаа хэвээр үлдээж дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.

Тус гэрчилгээг олгох үед ажиллаж байсан улсын бүртгэгч нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг зөрчиж, бүрдүүлэх ёстой байсан бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн, өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийн агуулгыг хянан үзэлгүйгээр хуульд заасан шаардлагыг зөрчиж гэрчилгээ бичиж олгосон байх тул:

1. Үйлдвэрчний Эвлэлийн холбооны нэг давхарт байрлах 255,6 мкв байрны өмчлөгчөөр "Сонголт трейд" ХХК-ны бүртгэсэн 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчилгээний 0015296, улсын бүртгэлийн 0320001576 дугаартай гэрчилгээг олгосон улсын бүртгэлийн үйлдпийг,

2. 2000 оны 01 сарын 13-ны өдөр мөн байрны нэг давхрын 114 м2 хэмжээтэй байрны өмчлөгчөөр Д.Батжаргалыг тогтоосон гэрчилгээний 214, улсын бүртгэлийн 032000413 дугаартай гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн” гэв.

 Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн дарга Ё.Пүрэвдамба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Эрхийн улсын бүртгэлийн Ү-0320001576 дугаартай 1 дүгээр багт байрлалтай 255,6 мкв талбайтай 3 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр “Сонголт трейд” ХХК 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлж 0015296 тоот гэрчилгээ авсан байна.

Мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-0320000413 дугаарт 1 дүгээрт 1 дүгээр багт байрлалтай 114 мкв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлж 214 тоот гэрчилгээ авсан байна. Тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэхдээ холбогдох гэрээ, хэлцэл, албан хүсэлт, план зураг гэх мэт нотлох баримтуудыг бүртгэсэн байна.

Монгол улсын Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 13 зүйлийн 13.9-д зааснаар “Мэдүүлэг  гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн  зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байдаг.

Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нэхэмжлэлд үйлдвэрчний эвлэлийн холбооны нэг давхарт байрлах 255,6 мкв талбайтай байрыг “Сонголт Трейд” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0320001576 дугаарт бүртгэгдсэн 0015296 тоот гэрчилгээ, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0320000413 дугаарт бүртгэгдсэн 214 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 114 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд олгогдсон гэрчилгээнд тус тус тусгагдсан хэмжээнүүдийг илүү бичиж олгосон үйлдлийг хүчингүй болгож улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгөх тухай нэхэмжлэл гаргасан байна.

Тухайн үед ажиллаж байсан улсын бүргэгч Л.Ганбаатар нь 1997 оны 01 дүгээр сарын 09 ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай “ хуулийн дагуу эд хөрөнгийг хууль зүйн дагуу бүртгэсэн байна. Энэ нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд: нэгдүгээрт тус хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ нь, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүснэ” гэж заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-0320001576 дугаарт бүртгэгдсэн хөрөнгийг 22 дугаартай нотариатч Д.Эрдэнэхандын 2002 оны 04 сарын 23 ны өдөр гэрээний үнэн зөвөөр гэрчилсэн 388 тоот “Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Сонголт трейд ХХК-ын хооронд байгуулсан байр Худалдаж, худалдан авах гэрээ”-г, Эрхийн улсын бүртгэлийн Ү- 0320000413 дугаарт бүртгэгдсэн хөрөнгө нь 22 дугаартай нотариатчийн 1999 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гэрээний үнэн зөвөөр гэрчлэгдсэн 338 тоот байр худалдаж, худалдан авсан тухай протокол зэргийг үндэслэсэн байна.

Тус хуулийн 6.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг 6.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон, 6.5-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой гэрээний талаарх мэдээллийн санг бүрдүүлж, хөтлөх, хадгалах үйл ажиллагааг хууль зүйн дагуу хийсэн 6.6-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийн архивыг эрхлэн хөтөлсөн.6.7-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой газрын кадастрын зураглал, түүний хэмжээ болон шаардлагатай бусад үзүүлэлтүүдийг бүртгэлд хавсарган хадгалсан зэрэг нь тухайн үед хэрэглэгдэж байсан “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай” хуулийн дагуу үнэн зөв бүртгэл бүртгэгдсэн байна. 2000 болон 2002 онд үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхэд газрын кадастрын зураглал Баянхонгор аймгийн хэмжээнд огт хийгдэж эхлээгүй байсан ба үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг план зургаар баталгаажуулан нотлох баримтаар хувийн хэрэгт хавсарган авсан байна.

Мөн тус хуулийн 7.2-т зааснаар Бүртгэлийн байгууллагын дүрэм, Улсын бүртгэгчийн ажиллах журмыг Засгийн газар батална гэж заасан ба Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэгчийн ажиллах журам нь Засгийн газрын 2001 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын дүрэм нь Засгийн газрын 2001 оны 11 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус тус анх удаа батлагдан гарсан байдаг.

Мөн дээрх нэхэмжлэлийн дагуу уг бүртгэлүүдийн хувьд хоёр тал харилцан хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа нь шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөхөд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл мөн тул хэмжээ өөрчлөлтийн бүртгэл хийгдэх нь аль нэг талыг хохироолгүйгээр шийдэх хамгийн зөв оновчтой шийдэл байна.

Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн 2 асуудлын хувьд:

Тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар бүлэг 9.5 дахь хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-0320001576, Ү-0320000413 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн нотлох баримтууд нь Иргэний тухай хуулийн 109.1, 109.2 дах хэсэг, мөн 2003 оны 06 сарын 19-ний өдөр батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, 2011 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дахь хэсгүүдэд зааснаар болон 22 дугаартай нотариатчийн Д.Эрдэнэхандын 2002 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрчилсэн “Худалдах, худалдан авах гэрээ”, 1999 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 338 тоот “Байр худалдаж, худалдан авсан тухай” протокол зэргийг үндэслэн өмчлөх эрх нь хууль зүйн дагуу үүсэж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Харин 1997 оны 01 сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр бүлэг 5.2-т заагдсан Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт гэж заасан нь шаардлагатай тохиолдолд нэмэлтээр авч болох нотлох баримтад орж байна. Энэ нь Засгийн газрын 2001 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт болох Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэгчийн ажиллах журмын 5-т “Улсын бүртгэгч нь шаардлагатай гэж үзвэл үнэлгээний тайлан, газар ашиглах, эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын бичиг баримтыг хяналтын албаар хянуулж дүгнэлт гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж үл хөдлөх эд хөрөнгийн тоо, хэмжээ, чанарын байдалтай танилцана" гэж тодорхой заасан байна.

Харин уг бүртгэлүүдийн хувьд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн хооронд үнэлгээтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй байх тул 1997 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Монгол улсын Иргэний тухай хуулийн 3.3-т зааснаар “Монгол улсын үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ”, 3.4-т “Хуулийг хүчингүй болгох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө хүчингүй болгосон хуулийн үйлчлэл сэргэхгүй, 5.1-т "Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй, 5.2-т "Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна" гэж заасан байгаа нь өмнө хэрэглэж байсан 1997 оны хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Учир нь өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байгаа “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.1-т зааснаар бүрдүүлэх нотлох баримтад “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт” гэж заагдаагүй, тусгагдаагүй байгаа тул шаардлагагүй нотлох баримтыг байхгүй байна гэж үзэн бүртгэл хүчингүй болгох нь хууль бус үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан 2014 оны 12 дугаар сарын 17-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай албан бичигт дурдсанаар “Сонголт трейд” ХХК-ийн өмчлөлийн Ү-0320000413, Ү-0320001576 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ олгосныг дөнгөж мэдсэн мэтээр нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Иргэний хуулийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна,76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Мөн Иргэний хуулийн 105.1-т зааснаар “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй” гэж заасан байгаа нь “Сонголт трейд” ХХК нь уг объектод тасралтгүй үйл ажиллагаагаа илээр явуулж байсан нь Үйлдвэрчний эвлэлүүдийн Холбоо мэдэхгүй байх нөхцөлгүй байна. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1- д заасны дагуу “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэсэн заалтын дагуу Сонголт трейд ХХК нь 2000, 2002 оноос эзэмшиж өмчилсөн нь нийт 12-14 жил болж байгаа тул нэгдүгээрт хууль хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хоёрдугаарт шударга эзэмшигч байна гэдэг нь харагдаж байна. Мөн 2003 оны “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байдаг.

1.3асгийн газрын 2001 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт болох  Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэгчийн ажиллах журмын 1 дүгээрт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэгч нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ энэхүү журмыг баримталж ажилласан.

2. Улсын бүртгэгч нь үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг сахих, шийдвэр гаргахдаа бусдын нөлөөнд үл автаж шударга байх зарчмыг баримтлан ажилласан байна.

3. Мэдүүлгийн хүлээн авахдаа Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан маягтын дагуу бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, болон түүнд хавсаргасан бичиг баримтыг нэг бүрчлэн нягтлан үзэж, шаардлага хангасан тохиолдолд ирүүлсэн бичиг баримтын хуудас бүрийг дугаарлан хүлээн авсан он, сар өдрийг тодорхой бичиж, мэдүүлэгт гарын үсэг зурж хүлээн авсан байна” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Сонголт трейд” ХХК-ийн захирал Д.Батжаргал шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга В.Гүрсэдийн нэхэмжлэлийн шаардлагад миний хууль ёсны эрх ашиг ноцтой хөндөгдсөн байна. Миний хувьд тухайн нэхэмжлэлийн шаардлагад заасан барилгыг Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон тухайн үеийн Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудтай байгуулсан хууль ёсны гэрээ, шийдвэр, тэдний талаас өгсөн барилгын хэмжээг үндэслэн албан ёсоор бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ  авсан тул Баянхонгор аймгийн Үйлдвэрчний  эвлэлийн холбооны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхээс мэргэжлийн шинжээч томилон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд 3 талыг байлцуулан иргэн Д.Батжаргалын болон “Сонголт трейд” ХХК-ийн өрөөнүүдэд хэмжилт хийлгэсэн ба хоёр тал мкв-ийн хэмжээг харилцан зөвшөөрч, 2014 оны 12 дугаар сарын 12-нд гаргасан мэргэжлийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан өрөөнүүдийн мкв-ийн хэмжээний дагуу улмаар Баянхонгор аймгийн бүртгэлийн хэлтэст хандаж дээр нэмэлт өөрчлөлтийг хийлгэхээр харилцан зөвшөөрч, захиргааны хэргийн шүүгчийн үзлэгийн тэмдэглэлд тусгаснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.

Мөн өдөр гаргасан аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга В.Гүрсэдийн нэмэгдүүлсэн шаардлагад   ...”Сонголт трейд” ХХК-ийн бүртгэсэн 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчилгээний 0015296, улсын бүртгэлийн 0320001576 дугаартай гэрчилгээг олгосон улсын бүртгэлийн үйлдлийг хүчингүй болгох, 2.  ...өмчлөгчөөр Д.Батжаргалыг тогтоосон гэрчилгээний 214, улсын бүртгэлийн 032000413 дугаартай гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан иргэн Д.Батжаргалын гэрчилгээний 214, улсын бүртгэлийн 032000413 дугаартай гэрчилгээг авахдаа тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон тухайн үеийн Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудтай байгуулсан хууль ёсны гэрээ, шийдвэр тэдний талаас өгсөн барилгын план зургийн хэмжээг үндэслэн албан ёсоор бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан ба одоо хуулийн дагуу хүчинтэй байгаа улсын бүртгэлийн гэрчилгээ юм.

Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга В.Гүрсэдийн нэхэмжлэлтэй, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “...”Сонголт трейд” ХХК-ийн бүртгэсэн 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчилгээний 0015296, улсын бүртгэлийн дугаартай 0320001576 тоот гэрчилгээг олгосон улсын бүртгэлийн үйлдлийг хүчингүй болгох, ...өмчлөгчөөр Д.Батжаргалыг тогтоосон гэрчилгээний 214, улсын бүртгэлийн 032000413 дугаартай гэрчилгээг тус тус олгосон үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байдаг ба 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 55 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж захиргааны хэргийг хааж шийдвэрлэсэн болно. Энэхүү шүүгчийн захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 Шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 495 дугаар дүгнэлтэд:

“1.1 Баянхонгор аймгийн  Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0015296 дугаартай гэрчилгээнд 255,6 мкв гэж заасан 3 өрөөг Монгол Улсын стандарт MNS6058:2009 стандартын дагуу хэмжилт хийхэд хэмжилтийн байгуулалтын дугаар 3-р өрөө 30,80 мкв, 4-р өрөө 30,80 мкв, 5-р өрөө 80,75 мкв нийт 142.35 мкв байна. Гэрчилгээнд заасан мкв-ын зөрүү 113.25 мкв байна.

1.2 Баянхонгор аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 214 дугаартай гэрчилгээнд 114 мкв гэж заасан талбайд Монгол Улсын стандарт MNS6058:2009 стандартын дагуу хэмжилт хийхэд хэмжилтийн байгуулалтын дугаар 1-р өрөө 36,96 мкв, 2-р өрөө 30,80 мкв, нийт 67.76 мкв байна. Гэрчилгээнд заасан мкв  зөрүү 46.24 мкв байна.  

1.3 Хэмжилтийн байгуулалтын зургийг зураг төслийн “AUTOCAD” программ дээр гүйцэтгэв.

Хэмжилтийн байгуулалтын зураг, хэмжилтийн тэмдэглэл, Аймгийн архивын газраас хуулбарлан авсан Үйлдвэрчний эвлэлийн 1 давхрын байгуулалтын зураг зэргийг тус тус хавсралтаар хүргүүлэв” гэжээ.

                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн болон тэдгээрийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны байрны нэг давхарт байрлах 255,6 мкв байрны өмчлөгчөөр "Сонголт трейд" ХХК-ийг бүртгэж,  0015296 дугаар гэрчилгээ олгохдоо метр квадратын хэмжээг бодит байдлаас илүү бичиж олгосон үйлдэл,

Хоёр. Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны байрны нэг давхарт байрлах 114 м2хэмжээтэй байрны өмчлөгчөөр Д.Батжаргалыг тогтоосон 214 дугаар гэрчилгээг олгохдоо бодит байдлаас метр квадрат талбайг илүү бичиж олгосон үйлдлийг хүчингүй болгохыг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

1.Баянхонгор аймаг дахь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар нь Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны байрны нэг давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн Ү-0320000413 дугаарт бүртгэж, 114 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн Д.Батжаргалыг тогтоож, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 214 дугаар гэрчилгээг олгохдоо Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, Байр худалдаж, худалдан авсан тухай протокол, Татварын улсын байцаагчийн тэмдэг бүхий бичиг, Баян Хараацай хоршооны дарга Ж.Саранчимэгийн аймгийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт /8,1 сая төгрөгөөр үнэлсэн/, түүний өргөдөл, Баян Хараацай хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тус хоршооны үл хөдлөх хөрөнгийн байршлын зураглал, Ж.Саранчимэгийн паспортын хуулбар, үл хөдлөх хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл, эзэмшигчийн анкет, мэдүүлгийн тасалбар, хураамж төлсөн баримтууд зэргийг үндэслэсэн байна.

2. Баянхонгор аймаг дахь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар нь Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны байрны нэг давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0320001576 дугаарт бүртгэж, 255,6 мкв талбайтай 3 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “Сонголт трейд” ХХК-ийг тогтоож, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0015296 дугаар гэрчилгээг олгохдоо үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн Холбоо, “Сонголт трейд” ХХК-ийн хооронд байгуулсан байр худалдаж, худалдан авах тухай гэрээ, байр худалдаж, худалдан авсан тухай протокол, “Сонгол трейд” ХХК-ийн худалдаа үйлчилгээ, конторын зориулалттай барилгын зураг, үл хөдлөх хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл, “Сонголт трейд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,“Сонголт трейд” ХХК-ийн аймгийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хөрөнгө бүртгүүлэх тухай хүсэлт /14,2 сая төгрөгөөр үнэлсэн/, мэдүүлгийн тасалбар, хураамж төлсөн баримтууд зэрэг холбогдох баримтуудыг үндэслэсэн байна.

Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан 1997 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан “...тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт,тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт, мэдүүлэгт хавсаргах бичиг баримтыг нотариатаар батлан гэрчлүүлсэн байна ...” гэсэн заалттай нийцэж байна.

Харин дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээнүүдийг олгохдоо талбайн хэмжээнүүдийг бодит байдлаас илүү бичиж олгосон талаар нэхэмжлэгч маргажээ.

Энэхүү нөхцөл байдлыг тодруулахад:

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0015296 дугаартай гэрчилгээнд 255,6 мкв гэж заасан хэмжээ нь бодит байдал дээр 142.35 мкв байсан бөгөөд гэрчилгээнд заасан мкв-ын зөрүү 113.25 мкв, мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 214 дугаартай гэрчилгээнд 114 мкв гэж заасан хэмжээ бодит байдал дээр нийт 67.76 мкв байсан бөгөөд гэрчилгээнд заасан мкв  зөрүү 46.24 мкв байгаа болох нь  тус шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжээч томилох тухай захирамжийн дагуу томилогдсон шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 495 дугаар дүгнэлт, түүнд хавсаргасан /барилгын өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, 0015296 дугаар гэрчилгээний хэмжилтийн байгуулалтын масштаб 1:100, 214 дугаар гэрчилгээний хэмжилтийн байгуулалт масштаб 1:100, барилгын зураг/, шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлт болон шүүхийн үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т“...үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх...” тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар, 19.2-т“...Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна…” гэж, 19.3-т “...Эрхийн улсын бүртгэлд хийсэн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэн, нотлох баримтыг хавсаргана…” гэж заасан нь өмчлөгчийн эрх ашгийг хөндөхгүйгээр нэмэлт өөрчлөлт оруулах боломжийг хуульчилсан байна.

Түүнчлэн хариуцагч шүүх хуралдаан дээр ...хэргийн материал болон шинжээчийн дүгнэлттэй танилцаж “Сонголт трейд” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-0320001576 дугаарт бүртгэгдсэн Баянхонгор сумын 1 дүгээр багийн төвд орших 255,6 мкв талбайтай 3 өрөө үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгыг 2002 оны 4 дүгээр сарын 30-нд бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0015296 дугаар бүхий гэрчилгээнд,  иргэн Д.Батжаргалын Баянхонгор сумын 1 дүгээр баг Үйлдвэрчний эвлэлийн байранд 114 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай 3 өрөөг 2000 оны 01 дүгээр сарын 13-нд бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 214 дугаар бүхий гэрчилгээнд хуулийн дагуу хэмжээ өөрчлөлтийн бүртгэлээр өөрчлөлт оруулах боломжтой... гэж тайлбар гаргасан болно.

Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0015296 дугаартай гэрчилгээнд 255,6 мкв гэж заасан хэмжээнээс илүү бичигдсэн 113.25 мкв-ыг хасч, бодит байдал дээр байгаа 142.35 мкв болгож, мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 214 дугаартай гэрчилгээнд 114 мкв гэж заасан хэмжээнээс илүү бичигдсэн 46.24 мкв-ыг хасч, бодит байдал дээр байгаа 67.76 мкв болгож, хуульд нийцүүлэн зөвтгөж, зохих захиргааны акт гаргахыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 Гурав. Баянхонгор аймгийн Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны байрны нэг давхарт байрлах 255,6 мкв байрны өмчлөгчөөр "Сонголт трейд" ХХК-ийг бүртгэсэн 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0015296 дугаар гэрчилгээг олгосон улсын бүртгэлийн үйлдлийг,

Дөрөв. 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөн байрны нэг давхрын 114м2 хэмжээтэй байрны өмчлөгчөөр Д.Батжаргалыг бүртгэсэн 214 дугаар гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 54 дүгээр захирамжаар нэхэмжлэгч аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гаргасан “Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзсан.

2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нэхэмжлэлтэй “Баянхонгор аймгийн Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны байрны нэг давхарт байрлах 255,6 мкв байрны өмчлөгчөөр "Сонголт трейд" ХХК-ийг бүртгэсэн 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчилгээний 0015296, улсын бүртгэлийн дугаартай Ү-0320001576 гэрчилгээг олгосон улсын бүртгэлийн үйлдлийг, мөн 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөн байрны нэг давхрын 114м2 хэмжээтэй байрны өмчлөгчөөр Д.Батжаргалыг тогтоож, гэрчилгээний 214, улсын бүртгэлийн Ү-032000413 дугаартай гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг…шүүхэд хандах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн... гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

Дээрх захирамжуудыг хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчид гардуулсан ба захирамжийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй, эдгээр захирамжуудыг өөрчилж, хүчингүй болгосон ямар нэгэн эрхийн акт байхгүй бөгөөд уг захирамжууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл дээрх захирамжид заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл адил байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны байрны нэг давхарт байрлах 255,6 мкв байрны өмчлөгчөөр "Сонголт трейд" ХХК-ийг бүртгэсэн 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчилгээний 0015296, улсын бүртгэлийн Ү-0320001576 дугаар гэрчилгээг олгосон улсын бүртгэлийн үйлдлийг, мөн 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөн байрны нэг давхрын 114 мкв хэмжээтэй байрны өмчлөгчөөр Д.Батжаргалыг тогтоосон гэрчилгээний 214 улсын бүртгэлийн Ү-032000413 дугаартай гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4,  70.2.8, 72 дугаар зүйлийн 72.5, 74 дүгээр зүйлийн 74.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                       

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19дүгээр зүйлийн 19.1.3, 19.2, 19.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах үйлчилгээний зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр "Сонголт трейд" ХХК-ийг 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0320001576 дугаарт бүртгэж, 0015296 тоот гэрчилгээ олгохдоо 255,6 мкв талбай гэснийг 142.35 мкв гэж, мөн Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах үйлчилгээний зориулалттай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Батжаргалыг 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-032000413 дугаарт бүртгэж, 214 тоот гэрчилгээ олгохдоо 114 мкв талбай гэснийг 67.76 мкв гэж өөрчлөн, шаардагдах захиргааны акт гаргахыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны нэг давхарт байрлах 255,6 мкв байрны өмчлөгчөөр "Сонголт трейд" ХХК-ны бүртгэсэн 2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчилгээний 0015296, улсын бүртгэлийн Ү-0320001576 дугаартай гэрчилгээг олгосон улсын бүртгэлийн үйлдлийг, мөн 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөн байрны нэг давхрын 114 мкв хэмжээтэй байрны өмчлөгчөөр Д.Батжаргалыг тогтоосон гэрчилгээний 214, улсын бүртгэлийн Ү-032000413 дугаартай гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.СУВДМАА