Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 490

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч Ү.Г нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Мянган овогт Ү.Гд холбогдох 1711002710170 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 16 хороо, Туулын 9 дүгээр гудамж, 176 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83 дугаар гудамжны 1208 тоотод түр оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 140 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэж, нийт 5 жилийн хорих ялаар тогтоож, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 11 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Мянган овогт Ү.Г (РД:00000000000),

нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны орой согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1208 тоотод иргэн Ж.Наранбатын зүүн хацар, хэвлийн тус газар нь заазуураар зүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Ү.Г нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүэлгт шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.,

Хохирогч Ж.Наранбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 05-ны орой би найз Г, Тулгаа ах, Бямбаа бид нар Г-ын хашаан дотор нь архи уусан. …Г бид хоёр байж байгаад би тэдний хашаанаас гараад явж байгаад Ганбаа, Батаа нартай таарсан. Тэгэхэд Гантулга миний араас гарч ирээд Ганбаа, Батаа нартай хэрүүл хийгээд байхаар нь би тэд нарыг болиулах гээд дундуур нь ороход Гантулга намайг заазуураар миний зүүн эрүү орчимд 1 удаа заазуураар цохиж миний гэдсэнд 2 удаа исгэсэн…” гэжээ.

Гэрч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...гадаа юм яриад зогсож байсан чинь Г буцаад ирсэн юм. Тэгэхээр нь Ганбаатар, Гантулгад хандаж “чи яагаад хүрээд ирэв, архины шавхруу горьдож ирсэн үү” гэж хэлсэн юм. Тэгсэн Г Ганбаатар руу гартаа барьж байсан заазуур хутгыг далайсан чинь дундуур нь Наранбат ах салгах гэж ороод зүсүүлсэн юм.” гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.03-ны ¹12363 тоот шинжилгээний дүгнэлтэд:

1.Ж.Наранбатын биед эрүү, зүүн бугалга, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүгсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Ү.Г нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны орой бусадтай архи ууж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1208 тоот хашааны гадна талд Ганбаатарын “чи яагаад хүрээд ирэв, архины шавхруу горьдож ирсэн үү” гэж хэлсэн шалтгаанаар түүн рүү заазуур далайж маргалдах үед тэдгээрийг салгах гэсэн Ж.Наранбатын зүүн хацар, хэвлийн тус газар нь заазуураар зүсч, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Наранбатын “…Гантулга миний араас гарч ирээд Ганбаа, Батаа нартай хэрүүл хийгээд байхаар нь би тэд нарыг болиулах гээд дундуур нь ороход Гантулга намайг заазуураар миний зүүн эрүү орчимд 1 удаа заазуураар цохиж миний гэдсэнд 2 удаа исгэсэн” мэдүүлэг, гэрч Г.Бат-Эрдэнийн “...Ганбаатар, Гантулгад хандаж “чи яагаад хүрээд ирэв, архины шавхруу горьдож ирсэн үү” гэж хэлсэн юм. Тэгсэн Гантулга Ганбаатар руу гартаа барьж байсан заазуур хутгыг далайсан чинь дундуур нь Наранбат ах салгах гэж ороод зүсүүлсэн юм.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн заазуур хутга, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.03-ны ¹12363 тоот шинжилгээний дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн “гомдол саналгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Мянган овогт Ү.Ггыг бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Мянган овогт Ү.Ггыг бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ү.Гантулгыг 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ү.Гд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ