Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2016/00859

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, ** тоотод оршин суух, Н овогт Н.Б*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүргийн *** байрлах, М*******нд холбогдох

Монголын Олимпийн чуулганы 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 дугаар “М*******ны гишүүдийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д*******, Э.Н*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.У******* /ШТЭҮ-1968/, нарийн бичгийн дарга Д.Солонго нар оролцов.

 

            ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М******* нь дэлхий дахины эв нэгдлийн баяр болсон Олимпийн наадамд Монгол Улсыг төлөөлдөг цорын ганц байгууллага билээ.

М******* нь Олон Улсын Олимпийн хорооны гишүүнчлэлтэй байдаг байдаг ба тус байгууллагын үндсэн хууль болсон Олимпийн Хартийг ёсчлон дагах үүргийг хүлээсэн байдаг бөгөөд М*******ны дүрэм нь Олимпийн Хартитай нийцсэн байдаг.

М*******ны дүрмийн 8.1-т заасан ёсоор 4 жилд нэг удаа хуралдах Олимпийн чуулган нь тус байгууллагын эрх барих дээд байгууллага бөгөөд чуулганы чөлөөтэй хугацаанд гишүүдийн хурал нь удирдах байгууллага байна.

Олимпийн Хартийн 4 дүгээр бүлгийн 29.2.3-т “ҮОХ-ны гишүүд болон Гүйцэтгэх удирдлагын санал хураалтанд оролцогчдын олонхийг дүрмийн 1.2-т заасан буюу Олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүд эсвэл  ОУСХ-дын томилсон төлөөлөгчид бүрдүүлнэ” гэж заасныг МҮОХ-ны дүрмийн 6.2-т Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод нь МҮОХ-ны /тухайлбал, Олимпийн чуулган ба гишүүдийн хурал/ нийт санал хураалтын бүрэлдэхүүний олонхийг бүрдүүлэх ёстой. Мөн түүнчлэн Олимпийн наадамтай холбоотой асуудлыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний спортын холбоодын саналаар шийдвэрлэнэ гэж зохицуулан нийцүүлжээ.

Дээрх зохицуулалтаас харахад Олимпийн Хартийн дагуу ч тэр, МҮОХ-ны дүрмийн дагуу ч тэр ҮОХ-ны гишүүдийн санал хураалтын бүрэлдэхүүний олонхи буюу 50 хувиас дээш хувийг Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод бүрдүүлэх болох нь ойлгомжтой байна.

Иймд М*******ны 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Олимпийн чуулганаар гишүүдийг сонгож баталсан чуулганы оролцогчид нь ч тэр сонгогдож батлагдсан гишүүд нь ч тэр Олон Улсын Олимпийн хорооны Харти болон М*******ны дүрэмд нийцээгүй байх тул 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар “Гишүүдийн бүрэлдэхүүнийг томилсон шийдвэр”-ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байгааг хэрэгт өгч буй материалаараа батлаад байна. ОУОХорооноос МҮОХороонд ирсэн албан бичиг байна. Б******* нь ОУОХ-нд Дүрмийн 6.2-ыг зөрчөөд байна гэж явуулсан байдаг. Үүний дагуу МҮОХ-ноос хариу тайлбар авсан байдаг. Хариуд нь ҮОХороо нь бид нар дүрмээ ерөөсөө зөрчөөгүй гэх тайлбар өгчээ. Харин ОУОХ-ноос энэ талаар нягтлаж, шалгаж үзээд зөвлөмж өгсөн байдаг. Энэ зөвлөмжүүдэд та нар дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулаагүй байна. Олон улсын наадамд оролцдог спортын төрлийн холбоод нь тавин хувийн шаардлагаа хангахгүй байна, дийлэнх олонхийг гишүүдийн бүрэлдэхүүнд бүрдүүлж чадахгүй байна гэсэн зөвлөмжүүдийг өгөөд явсан байдаг бөгөөд энэ зөвлөмжүүдийг хүлээн зөвшөөрөөд энэ талаар бүх гишүүддээ албан ёсоор Э-мэйл хаягаар нь явуулсан. Энэ талаарх баримт хэрэгт байгаа. Мөн хамгийн сүүлд дүрмээ шинэчлээд хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч байна. Энэ хүмүүс яагаад дүрмээ шинэчлээд байгаа юм бол гэдэг нь бодож үзэх л асуудал юм. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүрмээ шинэчлээд шүүхэд гаргаж өгөөд байгаа материалууд нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд  байгаа юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм байж, шүүхэд дүр үзүүлээд суугаад байна.

МҮОХ-ны дүрмийн 6.1-д зааснаар 6.2 дахь заалтыг үгүйсгээд байна. Дүрмийн 6.2-ыг уншвал ойлгомжтой болно. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, бид нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Н.Б******* нь өөрөө МҮОХорооны гишүүн харин МҮОХороо нь Олимпийн Харти болон дүрэмд нийцээгүй шийдвэр гаргасанаараа энэ хүний эрх ашгийг хөндөөд байгаа. МҮОХ нь дэлхийд Монгол улсыг төлөөлж үйл ажиллагаа явуулж байдаг юм. Энэ 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы хурлаар батлагдсан 93 гишүүд өөрөө дүрмийн 6.2-т заагдсаныг зөрчсөн. Тэгэхээр дүрмийн бус тавин хувийн шаардлага хангаж чадаагүй. Гишүүдийг баталсан чуулганд оролцсон 118 гишүүд нь өөрөө хууль бус юм, Олимпийн чуулганаар 118 төлөөлөгч ирэхээс 108 төлөөлөгч ирсэн, 10 нь ирээгүй. Энэ гишүүн байгууллагуудын нэрсийн жагсаалтын нэрээс үзэхэд 27 төрлийн өвлийн спортын 4 төрөл, зуны спортын төрлийн 23 төрөл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Үүнээс зуны спортын төрлийн 23 төрлөөс 26 төлөөлөгч л ирсэн. Спортын өвлийн төрлөөс 3 төлөөлөгч л ирсэн. Нийт харахаас 118-наас 29 төлөөлөгч л ирсэн байгаа нь өөрөө хууль бус байгаа юм.

Үүний дагуу Олимпийн Харти болон МҮОХ-ны дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой учраас нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл гаргах эрхтэй, хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө ашиг сонирхолд нь МҮОХ-ны хууль бус шийдвэр нөлөөлж, эрх нь хөндөгдсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж, хууль зөрчсөн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М*******ны ерөнхийлөгч Д.З******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М*******ны гишүүн, иргэн Н*******ын Б*******ы нэхэмжлэлтэй М*******нд холбогдох иргэний хэргийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Нэгдүгээрт: нэхэмжлэгч тал Олимпийн Хартийн 4 дүгээр бүлгийн 29.2.3-т Үндэсний Олимпийн хорооны гишүүд болон Гүйцэтгэх удирдлагын санал хураалтанд оролцогчдын олонхийн дүрмийн 1.2-т заасан буюу Олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүд эсвэл эсвэл  ОУСХ-дын томилсон төлөөлөгчид бүрдүүлнэ гэж заасныг МҮОХ-ны дүрмийн 6.2-т Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод нь МҮОХ-ны /тухайлбал, Олимпийн чуулган ба гишүүдийн хурал/ нийт санал хураалтын бүрэлдэхүүний олонхийг бүрдүүлэх ёстой. Мөн түүнчлэн Олимпийн наадамтай холбоотой асуудлыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний спортын холбоодын саналаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Дээрх заалтаас харахад Олимпийн Хартийн дагуу ч тэр, МҮОХ-ны дүрмийн дагуу ч тэр ҮОХ-ны гишүүдийн санал хураалтын бүрэлдэхүүний олонхи буюу 50 хувиас дээш хувийг Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод бүрдүүлнэ гэж заасныг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй юм.

МҮОХ-ны Дүрмийг 2008 оны Чуулганаар хэлэлцэж батлаад, ОУОХ-оор хянуулан зарим нэг зүйл ангид нэмэлт оруулж, 2010 онд гишүүдийн хурлаар баталж, ОУОХ-гоор баталгаажуулсан.

Монголын Олимпийн 2012 оны Чуулган МҮОХ-ны Дүрмийн 8 дугаар зүйлийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо хуралдсан. Тус чуулганд нийт 118 төлөөлөгч сонгогдсоноос 108 төлөөлөгч санал хураалтанд оролцсон бөгөөд 108 төлөөлөгчөөс олимпийн төрлийн спортын 26 холбооны тус тус 2 төлөөлөгч Олимпийн Хартийн дагуу олимпийн медальт 4 тамирчин /олимпийн спортын төрлийн/ ОУОХ-ны хүндэт гишүүн нэг хүн /Олимпийн Хартийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дахь заалт/ нийт 57 хүн олонхи болсон юм. Энэ нь Олимпийн Хартийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дугаар заалтыг бүрэн хангаж байна.

Чуулганы төлөөлөгчийн олонхийн саналаар ил санал хураалтаар М*******ны 93 гишүүн сонгогдсон бөгөөд уг бүрэлдэхүүн нь Олимпийн Хартийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дугаар заалт, МҮОХ-ны дүрмийн 6.2 дугаар заалтыг зөрчөөгүй болно.

Олимпийн 2012 оны чуулганы өмнө 2012 оны 5 дугаар сард ОУОХ-ны Үндэсний Олимпийн хороодтой харилцах газрын байгууллагын засаглал, харилцааны хэлтсийн дарга Жэром Пуэвейтэй харилцаж дүрмийн зарим зүйлийг тодруулахаар илгээсэн захидлын хариу албан бичигт орон нутгийн Олимпийн зөвлөлийн төлөөлөл, гишүүд нь чуулган болон гишүүдийн хуралд дүрмийн дагуу санал өгөх, сонгогдох эрхтэй болохыг баталгаажуулсан юм.

М******* нь Олон Улсын Олимпийн Хартийг үйл ажиллагаандаа удирдлага болгодог бөгөөд өөрийн дүрмийг боловсруулахдаа түүний үзэл санааг тусгаж ажилласаар ирсэн. Дүрэм нь Олон Улсын Олимпийн Хартид нийцэж түүний утга санааг бүрэн тусгасан учраас 2.1, 2.2, 2.5, 3.2, 19.2 дахь заалтуудыг зөрчөөгүй юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт Олон Улсын Олимпийн Хартиг дагаж мөрдөн хэрэгжилтэнд хяналт тавьж бие даасан байдлаа бүрэн хамгаалан ажилладаг болох нь уг дүрмээр тодорхойлогдож байна.

Хоёрдугаарт: мөн нэхэмжлэгч Олимпизмийг аврах хөдөлгөөн ТББ /энэ ТББ нь нэг гишүүнтэй бөгөөд тэр гишүүн нь Н.Б*******/ 2015 оны 12 сарын 28-ны өдөр тус дүүргийн шүүхэд 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 07 дугаар “Гишүүдийн бүрэлдэхүүнийг томилсон шийдвэр”-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан.

2016 оны 3 сарын 02-ны өдрийн тус дүүргийн шүүхийн №102/ШШ2016/01853 тоот шийдвэрээр 2012 оны 12 сарын 19-ний өдрийн Олимпийн чуулганаар МҮОХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнийг баталсан шийдвэр нь нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байгаа нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч хууль болон дүрэмд зааснаар гомдлын шаардлага гаргах эрхтэй нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байхад нэхэмжлэгч 2016 оны 3 сарын 04-нд утга агуулга, нэхэмжлэлийн шаардлага ижил нэхэмжлэл дахин гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тиймээс энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул эрхэм шүүгч та Н.Б*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бид дүрэм болон Олимпийн Хартид зааснаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монголын Үндэсний Олимпын хорооны дүрэм бол Олон улсын олимпын хорооноос батлагдсан байдаг. Энэ талаар баримтыг хэрэгт өгсөн байгаа. Дүрэм нь гишүүдийнхээ хурлаар батлагдсан. Дүрмийн 6.1-т зааснаар МҮОХороо нь гишүүн холбоо бүрээс нэг хүнийг МҮОХорооны гишүүнээр сонгоно гэсэн байгаа. Дүрэмд заасан энэ заалтынхаа дагуу 6.2-т заасан гишүүд сонгогдсон. Тэгэхээр гишүүнээ сонгосон сонголт нь дүрмээ зөрчөөгүй юм. Яагаад гэвэл дүрмийн 6.1-д зааснаар 6.2 дахь заалтаа хэрэгжүүлсэн. Манай Олимпын хорооны гишүүнд спортын хороод байдаг. Мөн Олимпийн зөвлөлүүд байдаг. Энэ гурав дотор төлөөлөл байж байгаа болохоор олонхи болж чадаж байна гэж үзэж байгаа гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

М******* нь дүрмээ Олон улсын Олимпийн хороогоор батлуулсан. 2011 оны 1 дүгээр сарын 10-нд ОУОХороо нь манай дүрмийг хүлээн зөвшөөрч, Олимпийн Хартид нийцэж байгаа учраас баталсан. Хэрвээ Олон улсын Олимпийн хороо нь Олимпийн Харти зөрчигдсөн тохиолдолд манай дүрмийг батлахгүй байсан. Манай гишүүн Н.Б*******ы эрх нь зөрчигдсөн бол тухай хуралд 2012 онд өөрөө гишүүнээр сонгогдоод дүрмийг батлаад явж байсан. Дүрмийн 9.3-т дүрэмд өөрчлөлт оруулах талаар тусгагдсан байгаа. 4 жил тутамд чуулган болоход гишүүдээсээ санал аваад, томилогдсон комисс гараад дүрэмд ямар нэмэлт өөрчлөлт оруулах талаараа гишүүдээс санал авдаг. ОУОХороонд бидний зүгээс дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна гээд саналыг асууж, мэргэжлийн үүднээс зөвлөмж авч ирсэн. Түүнээс зөрчөөд байна гээд өөрчилсөн юм биш. Зөвлөмж ирсний дагуу нэмэлт өөрчлөлт оруулсан болохоос Н.Б*******ы нэхэмжлэлийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл биш юм. Олимпийн Чуулган нь 2012 оны 12 дугаар сарын 19-нд хуралдаад гишүүдээ баталсан, уг хуралд нэхэмжлэгч өөрөө оролцсон, гишүүнээр батлагдсан. Тэгээд энэ талаар ярьж байгаагүй байж, шүүхэд хандаж байгаад гайхаж байна. Эрх ашгийг нь зөрчсөн зүйл байхгүй, бид дүрэм, Олимпийн Хартид нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б******* нь М*******нд холбогдуулан Монголын Олимпийн чуулганы 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “М*******ны гишүүдийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Монголын Олимпийн чуулганы 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “М*******ны гишүүдийг батлах тухай” тогтоолоор “МҮОХ-ны Дүрмийн 6.1 дугаар заалт, Спортын холбоод, Олимпийн зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монголын олимпийн чуулганаас М*******ны гишүүнээр хавсралтад дурдсан нэр бүхий 93 хүнийг сонгон батласан” байна. /хэргийн 4-9-р хуудас/

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот тогтоол нь МҮОХ-ны дүрмийн 6.2 дугаар заалт, Олимпийн Хартийн 28.2.3 дугаар заалтыг тус тус зөрчсөн, ҮОХ-ны гишүүдийн санал хураалтын бүрэлдэхүүний олонхи буюу 50 хувиас дээш хувийг Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод бүрдүүлнэ гэсэнд нийцээгүй, хууль бус тогтоол гаргаснаар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэсэн.

Хариуцагч нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот тогтоол нь МҮОХ-ны дүрэм, Олимпийн Хартийг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, мөн нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдсөн, зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй, мөн шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримт байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №102/ШШ2016/01853 дугаар шийдвэрээр “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй, М*******нд холбогдох 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Олимпийн чуулганаар МҮОХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнийг томилсон шийдвэр хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцсэн байх бөгөөд М*******нд холбогдуулан Н.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хэрэгт авагдсан Монголын Олимпийн чуулганы 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “М*******ны гишүүдийг батлах тухай” тогтоолын хавсралт болох МҮОХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтын Олимпийн төрлийн спортын холбоод, байгууллагын төлөөллийн 50-д “олимпийн медальтан Н.Б*******, олимпийн медальт, бокс ОУХМ” гэсэн байх бөгөөд МҮОХ-ны гишүүнээр нэхэмжлэгч Н.Б******* нь сонгогдсон болох нь тогтоогдож байна. /хэргийн 7-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба уг эрхийг мөн хуулийн 9.4.7-д зааснаар буюу бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох аргаар хамгаалахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна гэж үзэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Монголын Олимпийн чуулганы 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “М*******ны гишүүдийг батлах тухай” тогтоол нь МҮОХ-ны дүрмийн 6.2, Олимпийн Хартийн 28.2.3-г зөрчсөн болох нь Олон улсын Олимпийн хорооноос МҮОХ-нд ирүүлсэн албан бичгээр нотлогдоно, мөн МҮОХ нь дүрмээ дахин шинэчлэн баталсан байгаагаар дүрэм зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн.

            МҮОХ-ны гишүүдийн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар шинэчлэн батласан М*******ны дүрмийн Зургаадугаар зүйлийн 6.2.Гишүүдийн санал хураалтын бүрэлдэхүүн. “Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод нь МҮОХ-ны /тухайлбал, Олимпийн чуулган ба Гишүүдийн хурал/ нийт санал хураалтын бүрэлдэхүүний олонхийг бүрдүүлэх ёстой. Мөн түүнчлэн Олимпийн наадамтай холбоотой асуудлыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний спортын холбоодын саналаар шийдвэрлэнэ” /хэргийн 62-р хуудас/,

Олимпийн Хартийн 28.2.3-д “ҮОХ-ны гишүүд болон Гүйцэтгэх удирдлагын санал хураалтанд оролцогчдын олонхийг дүрмийн 1.2-т заасан Үндэсний спортын холбоод болон тэдний төлөөлөл бүрдүүлнэ. Олимпийн наадамтай холбоотой асуудлыг хэлэлцэж санал хураахад зөвхөн ҮОХ-ны гүйцэтгэх удирдлагын гишүүдийн болон дээрх 1.2-т заасан үндэсний спортын холбоодын саналыг тооцно” гэж тус тус заасан байна.

           

М*******ны дүрмийн 7.1-д “МҮОХ-ны удирдлагын тогтолцоо нь чуулган, гишүүдийн хурал, гүйцэтгэх зөвлөл, Ерөнхийлөгчөөс бүрдэнэ”, 8.1-д “Монгол улсад олимпийн хөдөлгөөнийг удирдах дээд байгууллага нь Монголын Олимпийн Чуулган мөн. Чуулган нь 4 жил тутамд Зуны Олимпийн наадмын дараа хуралдана” гэж заасан байх бөгөөд мөн дүрмийн 8.3-д “Олимпийн чуулганд 6.1-д заасан МҮОХ-ны гишүүд, дүрмийн 5.1-ийн 1-д заасан гишүүн холбоодын нэг төлөөлөгч оролцоно”, 8.4-д “Чуулганд нийт гишүүдийн 75-аас доошгүй хувь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. Бүх шийдвэрийг санал хураалтанд оролцогсдын олонхийн саналаар гаргана” гэж заажээ. /хэргийн 63-р хуудас/

Мөн МҮОХ-ны дүрмийн 6.1-д “МҮОХ-ны гишүүд нь дараах хүмүүсээс бүрдэнэ. 1.Энэ дүрмийн 5.1-р зүйлд дурдсан гишүүн байгууллага тус бүрээс нэг хүн, 2.Монгол улсын иргэн ОУОХ-ны гишүүн, хүндэт гишүүн, 3.Сүүлийн 3 удаагийн олимпийн наадамд оролцсон тамирчдын төлөөлөгч 2 хүн, 4.Олимпийн наадмын медальт тамирчдын төлөөлөгч 2 хүн” гэж ,

5.1-д “Доорхи спортын холбоод нь МҮОХ-ны гишүүн байгууллага байх ёстой. 1.Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын Олон улсын холбоодын гишүүн болсон үндэсний бүх холбоод, 2.Түүнчлэн МҮОХ нь дараах спортын холбоодыг гишүүн байгууллагаар элсүүлж болно. Үүнд:2.1 ОУОХ-гоор хүлээн зөвшөөрөгдсөн ба Олимпийн наадмын хөтөлбөрт ордоггүй спортын Олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод, 2.2 МҮОХ-гоор хүлээн зөвшөөрөгдсөн бусад спортын байгууллагууд болон МҮОХ-ны орон нутгийн салбар зөвлөлүүд” гэсэн байна. /хэргийн 61-р хуудас/

 

Иймд Монгол улсын олимпийн хөдөлгөөнийг удирдах дээд байгууллага болох Монголын Олимпийн Чуулган нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, МҮОХ-ны гишүүдийг батлах тухай тогтоолыг баталсан болох нь хэрэгт авагдсан МҮОХ-ны чуулганы протокол, Чуулганы төлөөлөгчдийн бүрэн эрхийн комиссын илтгэл, Олимпийн Чуулганы төлөөлөгч, гишүүдийн нэрсийн жагсаалт, мөн Монголын олимпийн Чуулганы тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хэргийн хуудас/69-82, 92-98-р хуудас/

2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан Монголын Олимпийн Чуулганд МҮОХ-ны дүрмийн 8.3-д зааснаар МҮОХ-ны гишүүд, гишүүн холбоодын төлөөлөгч нар оролцохоор заасан байх бөгөөд нийт 108 төлөөлөгч оролцсон болох нь Монголын олимпийн Чуулганы төлөөлөгчдийн бүрэн эрхийн комиссын илтгэлээр тогтоогдож байх бөгөөд чуулганд нийт гишүүдийн 91.5 хувь нь оролцсон байх тул дүрмийн 8.4-д заасныг зөрчөөгүй, хурал хүчинтэй байна гэж үзэв.

Мөн бүх шийдвэрийг санал хураалтад оролцогсдын олонхийн саналаар гаргана гэж зааснаар 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “М*******ны гишүүдийг батлах тухай” тогтоолыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн МҮОХ-ны гишүүдийн санал хураалтын бүрэлдэхүүний олонхи буюу 50 хувиас дээш хувийг Олимпийн наадмын хөтөлбөрт ордог спортын олон улсын холбооны гишүүн үндэсний холбоод бүрдүүлнэ гэснийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн М*******ны 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 3/56 тоот албан бичгээр ОУОХ-ноос 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр МҮОХ-нд ирүүлсэн хариу захидалд зөвлөмж ирүүлсэн талаар зохигч талууд хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно. Гэвч уг зөвлөмжөөр 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот Монголын Олимпийн Чуулганы тогтоолыг МҮОХ-ны дүрэм, Олимпийн Хартиг зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байна. /хэргийн 129-131 хуудас/

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот  “М*******ны гишүүдийг батлах тухай” тогтоол нь МҮОХ-ны дүрэм, Олимпийн Хартиг зөрчиж, хууль бус тогтоол гаргаснаар эрх ашиг хөндөгдөж байна гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд Монголын Олимпийн Чуулган нь МҮОХ-ны дүрмийн 8.4-д зааснаар хүчинтэй байх тул түүнээс гарсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.           

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                         ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Н.Б*******ы нэхэмжлэлтэй хариуцагч М*******нд холбогдох Монголын Олимпийн чуулганы 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 тоот “М*******ны гишүүдийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН