Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 491

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Нямжав,

            Улсын яллагч Б.Байгалмаа,

            Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Х.Бд холбогдох 1711004780201 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 31 гудамж, 381 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48б-1099 тоотод оршин сууж байгаа, урьд ял шитгэлгүй, Боржигон овогт Х.Б (РД:00000000000000),

нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 99-54 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Г.Маралын мартаж буусан “Самсунг Эс-6 эджи” маркийн гар утсыг завшиж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Х.Б нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүэлгт шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.

Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн хувийн машинтайгаа такси үйлчилгээнд явж байсан. 3,4 дүгээр хороололын Парадоксийн орчмоос эрэгтэй, эмэгтэй 2 хүн суусан ба тэд явсаар 8 шарга төвийн орчимд буусан. Би тэндээсээ яваад Бөртэ гэх үйлдвэрийн гадна машинаа зогсоолд тавьчихаад хоол идчихээд гарч ирээд тамхи татаад зогсож байтал нэг залуу ирээд таксинд явах уу гэхээр нь би тэгье гээд явтал ард суусан залуу буухдаа гар утас суудал дээр чинь байна гэж хэлээд өгчихөөд явсан. Би гайхаад нөгөө залууг дуудах гэтэл тэр залуу сандраад шууд цаашаагаа алхчихсан. Тэгээд би гар утсыг нь хартал унтраасан байсан ба тэндээсээ яваад маргааш нь хүнээс асуутал код нэхээд байна форматалдаг гэхээр нь авч яваад форматлуулаад өөрөө хааяа хэрэглээд байж байгаад мөнгөний хэрэг болоод зарахаар болоод сайтад зар тавьсан ба удалгүй нэг Хөвсгөлийнх гэх ах ирээд гуйсаар байгаад 350.000 төгрөгөөр худалдаж аваад явчихсан” гэжээ.

Хохирогч Г.Маралын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр найз залуу Амарбаясгалангийн хамт 15 цагийн үед хороололын Парадоксийн урдаас такси бариад 8 шарга валют арилжааны төвд хүргүүлсэн юм. Амарбаясгалан бид 2 таксинд явж байхад манай найз залуу болох Амарбаясгалан миний гар утсыг барьчихсан явсан юм. Тэгээд Амарбаясгалан бид хоёр “Найман шарга” зах дээр буугаад Бөмбөгөр худалдааны төв рүү орж байхдаа би Амараагаас утсаа асуусан чинь “надад байхгүй шүү дээ” гэсэн чинь “би яасан юм бэ” гэхэд би аваагүй шүү дээ гэлүү, надад байхгүй байна шүү дээ гэсэн. Тэгээд гайхаад бид 2 саяны таксинд үлдээчихсэн юм байх гэж бодоод утас руу залгасан чинь дуудаад хүн авахгүй байсан. Бараг 30 минут орчим залгахад дуудаад хүн аваагүй. Тэгэхээр нь цагдаа дээр ирээд өргөдөл өгсөн юм. Миний утас бараг 30-40 минут дуудаж байгаад сүүлдээ холбогдохгүй болчихсон байсан” гэв.

Гэрч Б.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэр өдөр би найз охин болох Маралын хамт Парадоксийн автобусны буудал дээрээс такси бариад Чингэлтэй дүүрэг найман шарга захын хажууд буусан юм. Тэнд буугаад найз охинтойгоо Бөмбөгөр дотор явж байтал Марал миний утас байна уу гэж асуухаар нь “надад байхгүй шүү дээ” залгаад үзье гээд утас руу нь залгасан чинь дуудаад авахгүй байсан. Бид хоёр байн байн залгасан боловч 30-40 минут дуудаад аваагүй тэгэхээр нь цагдаад очиж тэмдэглүүлье гээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Х.Б нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 99-54 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Г.Маралын мартаж буусан 500.000 төгрөгний үнэ бүхий “Самсунг Эс-6 эджи” маркийн гар утсыг авч завшсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Х.Бийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Х.Бийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Х.Бийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Бийн торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Б нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ