Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/26

 

“*******” ХХК-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Наранмөнх

            Шүүгдэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 168 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцлээр шүүгдэгч “*******” ХХК-д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хуулийн этгээдийн талаарх мэдээлэл:

******* ХХК /хувийн хэргийн дугаар №*******, улсын бүртгэлийн дугаар №*******/, регистрийн дугаар *******/ нь ноос боловсруулах, барилгын дулаалгын материал, үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ******* овогт ******* *******, оны дүгээр сарын -ны өдөр Дундговь аймагт төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, МБД цонх ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

“*******" ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д орсон 50 килограммаар савласан 74 шуудай Борын хүчлийг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: “*******" ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* ХХК-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч “*******” ХХК-ийг цагаатгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

-Шүүгдэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хараагдсан /“*******” ХХК-ийн нярав Э. лацдаж хүлээлгэн өгсөн гэх/ К84019Е111 кодтой 200 л багтаамжтай төмөр хоосон сав 10 ширхэг, Х3B03-99.6 хувь гэсэн бичигтэй, 50 кг савлагаатай цагаан өнгийн шуудайтай 74 шуудай борын хүчил гэх нутаг зүйл, GB210.1-20.98.8 хувь гэсэн бичигтэй цагаан өнгийн шуудайтай 50 кг савлагаатай сода гэх хуурай нутаг 39 шуудай зэргийг эзэмшигч “*******” ХХК-д буцаан олгохоор,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Цагаатгах тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын -ны өдөр Нийслэлийн прокурорын газар хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүгдэгч “*******” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон 50 килограммаар савласан 74 шуудай Борын хүчлийг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч хуулийн этгээдийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

2.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2011 оноос 2021 оны хооронд “*******” ХХК үйл ажиллагааны чиглэлээ гадаад, дотоод худалдаа, ноолуур боловсруулах чиглэлээр өргөтгөж ноос боловсруулах, барилгын дулаалгын материал үйлдвэрлэл, ноолуур боловсруулах 4 чиглэлээр үйл ажиллагааг явуулж улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2014 оноос эхлэн авч 2014.12.30-ны өдрөөс 2015.12.30 хүртэл, 2016.06.10-ны өдрөөс 2019.06.10 хүртэл, 2016.06.10-ны өдрөөс 2019.06.10 хүртэл, 2019.05.28-ны өдрөөс 2022.05.28-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаатай байжээ.

Харин 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд буюу дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгалт хийлгээгүй, шинээр тусгай зөвшөөрөл аваагүй байх хугацаанд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон 50 килограммаар савласан 74 шуудай Борын хүчлийг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсоор байтал анхан шатны шүүхээс “*******” ХХК-ийг анхнаасаа хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байсан, зөвшөөрлийн хугацаа тасарсныг гэмт хэрэг гэж үзэхгүй, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хохиролтой гэсэн илт үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль хэрэглээний нэгэнт тогтсон онол, практикийг үндэслэлгүй тайлбараараа зөвтгөж цагаатгах тогтоол гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Нийслэлийн прокурорын газар нь Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан аргачилсан зааврын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт улсын хэмжээнд прокурорын байгууллагын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн дагнан шалгаж, хяналт тавин ажиллаж байгаагийн хувьд Дорноговь, Дундговь, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдэд үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн хууль хэрэглээний тогтсон практик бий болоод буйг дурдах нь зүйтэй.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, ...хадгалсан, үйлдвэрлэсэн, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол” гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцохоор, ингэхдээ тухайн бодисыг “хууль бусаар” ашигласан гэсэн онцгой шаардлагыг хууль тогтоогчоос хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл хууль бусаар гэдгийг тодорхой төрлийн химийн хорт, аюултай бодисыг эрх бүхий байгууллагын хууль ёсны зөвшөөрөлгүйгээр, хэрэв зөвшөөрөлтэй байсан хэдий ч хугацааны сунгалтгүйгээр ашиглаж байгаагаар ойлгох ба ийнхүү зөвшөөрөлгүй болон сунгалтгүйгээр тус бодисыг ашигласан үйл ажиллагаа, үйлдлийг хууль бус аргад тооцож улмаар гэмт хэрэг гэж үзэхээр Эрүүгийн хуульд тусгасан.

5.Түүнчлэн, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд ... эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалт холбоотой харилцааг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулж, зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргах ёстой боловч “*******’’ ХХК-ийн хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хугацаа сунгах хүсэлтээ өгөөгүй, хугацаа сунгуулаагүй болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдоно.

Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар “*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацааг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 5 жилийн хугацаагаар сунгуулсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дурдсан боловч мөрдөгчөөс 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган, хяналтад ирүүлснийг 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр прокурор хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн буюу эдгээр цаг хугацаанд “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй байсан байна.

6.Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу “*******” ХХК нь өөрсдийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг мэдсээр байж, ашиг олох зорилгоор компанийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулж химийн хорт бодисыг хууль бус эргэлтэд оруулсан нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “шүүхийн тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, өөрчлөх үүрэгтэй, дээрх зохицуулалт заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ тул Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Наранмөнх дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацааг дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасны дагуу бүрдүүлсэн баримт бичгийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагад гаргах байсан боловч ******* ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл буюу хэрэгт яллах дүгнэлт үйлдэх хугацаанд дээрх хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргаагүй байсан. Энэ нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.******* тайлбартаа: Манай компани 2014 онд зөвшөөрөл авсан боловч боловсон хүчний дутагдалтай байсан. Манай үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй байсан үе байгаа юм. Тухайн цаг үед ажил үйлчилгээ цахим системд шилжээд өргөдөл биетээр авахгүй байсан юм байна лээ. Тухайн бичиг баримтыг хариуцдаг байсан хүмүүс хугацаа дууссан байсныг мэдээгүй алдаа дутагдал гаргасан байсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Нийслэлийн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч “*******” ХХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Нийслэлийн прокуророос “*******" ХХК-ийг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д орсон 50 килограммаар савласан 74 шуудай Борын хүчлийг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “*******" ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

“*******" ХХК-д холбогдох хэргийг судалж үзэхэд тус компани нь 2011 онд анх үүсгэн байгуулагдаж, 2011 оны 10 сарын 21-ний өдөр ноос боловсруулах, гадаад, дотоод худалдаа, барилгын дулаалгын материал үйлдвэрлэх, ноолуур боловсруулах гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаад дээрх ажиллагаагаа өргөтгөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2014 оноос эхлэн авч 2014.12.30-ны өдрөөс 2015.12.30 хүртэл, 2016.06.10-ны өдрөөс 2019.06.10 хүртэл, 2016.06.10-ны өдрөөс 2019.06.10 хүртэл, 2019.05.28-ны өдрөөс 2022.05.28-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаатай ажиллаж байжээ.

Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дээрх Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгалт хийлгээгүй, шинээр тусгай зөвшөөрөл аваагүй байх хугацаанд 2022 оны 10 сарын -ний өдрөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөвшөөрөлгүйгээр ажиллаж ноос ялгаж, 2022 оны 10 сарын 14, 17, -ны өдрүүдэд ялгасан ноосоо угаахдаа “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон 50 килограммаар савласан 74 шуудай химийн бодис болох Борын хүчлийг химийн бодис хадгалах агуулахаас гаргаж үйлдвэрлэлд хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, түүнчлэн 2022 оны 11, 12 сард Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас галын болон ажлын байрны дүгнэлт авахдаа дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа ирэх онд дуусна гэдгээ мэдэж байсан, мөн үүнийгээ мэдэж байх үүрэгтэй бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон хугацаанд л зөвшөөрсөн үйл ажиллагааг явуулах эрхтэй байтал анхан шатны шүүхээс “*******” ХХК-ийг анхнаасаа хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байсан, зөвшөөрлийн хугацаа тасарсныг гэмт хэрэг гэж үзэхгүй, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хохиролтой гэсэн илтэд үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй дүгнэлт хийж цагаатгах тогтоол гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.  

Зөвшөөрлийн тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргах үүрэгтэй.

Гэтэл “*******’’ ХХК-ийн хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаанд зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтээ өгөөгүй, эрх бүхий байгууллагын хууль ёсны зөвшөөрөлтэй байсан хэдий ч хугацааны сунгалтгүйгээр ашиглаж байсан, мөрдөгчөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган, прокурорын хяналтад ирүүлснийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр прокурор хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байх ба эдгээр цаг хугацаанд “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй байсан ба үүнээс хойш 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 5 жилийн хугацаагаар сунгуулсан нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй гэж, улмаар тус компани нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг мэдээгүй хайхрамжгүй хандсан, мөн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн эргэлзээтэй өөр өөр дүгнэлтүүд хийж цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй.

Иймд Нийслэлийн прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.8 дугаар зүйлийн 1.6.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 168 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            2. Шүүгдэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МАНЛАЙБААТАР

                              ШҮҮГЧ                                                  Б.ЭРДЭНЭХИШИГ

                                         ШҮҮГЧ                                                 Ц.АМАРЖАРГАЛ