Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 06

 

 

                                       *******-д холбогдох захиргааны

                                                           зөрчлийн тухай.

 

 

         Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

 

                              Даргалагч шүүгч        Б.Батзориг

                              Шүүгчид                      Ц.Амаржаргал

                                                                  Д.Буянжаргал

                     Оролцогчид

                              Зөрчил гаргагч           М.*******

                              Түүний өмгөөлөгч      Р.Атарцэцэг

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишигийн шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагч, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын давж заалдсан гомдлоор *******гийн *******д /Сонгуулийн тухай хуулийн 79.2/ холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймгийн  Цагдаагийн газраас Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг 135 тоотод  оршин суух *******гийн ******* нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Цүнхэг” хүнсний дэлгүүрийн дээвэр  дээр МАХНамын далбааг Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байрлуулсан зөрчил гаргасан  үндэслэлээр материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлжээ.

             Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын  14-ний өдрийн 71  дугаартай  шийтгэврээр:

-Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар  Боржигон овогт *******-г  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

          Зөрчил гаргагч  *****, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нар  давж заалдах гомдолдоо:

Намайг зөрчил гаргагч гэж нэрлэж, 1152000 төгрөгөөр торгосонд гомдолтой байна. Би өөрийн санаачилгаар намын үүрийн байранд туг байршуулаагүй. …Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т  зааснаар “…сонгуулийн сурталчилгаанд  намын далбааг ухуулах байр, нэр дэвшигчийн сурталчилгааны самбар зэрэгт байрлуулж болох бөгөөд бусад газарт байрлуулахыг хориглоно” гэж заасан нь зөвхөн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр, сонгуулийн сурталчилгаа явагдаж байх үед ч хэрэглэгдэх заалт  гэж ойлгож байна. Тиймээс хуулийн заалтыг буруу тайлбарлаж, захиргааны арга хэмжээ авлаа гэж үзэж байгаа тул шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

         Зөрчил гаргагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Би 5 дугаар багийн намын үүрийн байрыг 2016 оны 06 сарын 06-ны өдөр нээсэн. Гомдол гаргасан хүн сурталчилгааны байр гэж бодоод цагдаад гомдол гаргасан. Энэ намын үүрийн байр, ухуулгын байр биш юм. Надад авсан торгуулийн арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

         Зөрчил гаргагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Анхан шатны шүүхийн шийтгэврийн үндэслэх хэсэгт намын үүрийн байрыг ашиглах талаар харилцан тохиролцсон гэрээ байхгүй, Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзээд торгуулийн арга хэмжээ авсан.

         Намын хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хуралдаад намын үүр байгуулахаар болсон. Намын үүрийн байрны хаяг болон ухуулах байрны хаяг хоёр өөр байдаг. Намын үүрийн байранд зөвхөн туг мандуулсны төлөө торгууль оногдуулах нь үндэслэлгүй юм. Намын үүр байгуулах дүрэм дээр туг мандуулна гэж заасан, үүний дагуу мандуулсан.

           Түүнчлэн зөрчил гаргагч нь *******- мөн үү гэдгийг нарийн тогтоогоогүй. Тараах материал тараасан нотлох баримт байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Тодорхойлох  нь:

           Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас *******- нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Цүнхэг” хүнсний дэлгүүрийн дээвэр  дээр МАХНамын далбааг Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байрлуулсан зөрчил гаргасан  гэх үндэслэлээр материалыг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, *******-гийн гаргасан зөрчил нотлогдож байна гэж дүгнээд түүнийг  Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт  зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь 71 дугаартай  шийтгэвэр нь “...хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

         Зөрчил гаргагч ******, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын давж заалдах гомдлын дагуу зөрчлийн материалыг судлан үзэхэд:

        Зөрчил гаргагч ***** захиргааны хариуцлага хүлээлгэсэн Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан  намын далбааг хэрхэн байршуулах тухай хуулийн зохицуулалт нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс сурталчилгаа дуусах хүртэл хугацаанд үйлчлэх бөгөөд энэ нь мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “…сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс  арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” гэсэн хуулийн зохицуулалтаас харагдаж байна.

            Зөрчил гаргагч *******-гийн  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр намын далбааг байрлуулсан асуудал нь дээр дурьдсан хугацаанд хамаарахгүй, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх үед хамаарч байх тул Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй.

            Мөн зөрчил гаргагч *******-ийн  сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө дэлгүүрийн дээвэр дээр далбаа байрлуулсан гэх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрт хамаарахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

         Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.3 дахь хэсэгт заасан “хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах” сонгуулийн арга, хэлбэрт  дэлгүүрийн дээвэр дээр далбаа байрлуулсан асуудал хамаарахгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар далбаа байрлуулсан дэлгүүрийн байранд  Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.5 дахь хэсэгт зааснаар ухуулах байр ажиллуулсан нь зөрчлийн материалд  авагдсан  баримтуудаар нотлогдохгүй байх тул *******-д Сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр ямар нэгэн захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.   

          Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 71  дугаартай шийтгэврийг хүчингүй болгож, *******-д захиргааны арга хэмжээ авахаас татгалзаж шийдвэрлэх  нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  2.1, Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

          1.  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 71  дугаартай шийтгэврийг хүчингүй болгож, *******-д захиргааны арга хэмжээ авахаас татгалзсугай.

         2. Энэ магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ