Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 416

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн, 24 дүгээр хороо, Хоршооллын ******* тоот хаягтай, “А ХХК,    

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7, Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1, Төрийн ордон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,

Гуравдагч этгээд: “К” ХХК,

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 6-139 тоот хаягтай, “Ж” ХХК,

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон 4-3 тоот хаягтай “Б” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:“Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг “А” ХХК-нд олгохыг даалгах,

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “К” ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, тус компанийн А ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж А ХХК-д ноогдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу арилгаж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах”,  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.До, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Захиргааны хэргийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “А” ХХК нь /Улсын бүртгэлийн дугаар / Нийслэлийн газрын албанд хандан 5 га газрынхаа гэрээ гэрчилгээг авсан бөгөөд шийдвэр гарснаас хойш кадастрын зураглалыг баталгаажуулах зорилгоор Хан-Уул дүүргийг хариуцсан газар зохион байгуулагчтай уулзаж байсан боловч “К” ХХК Захиргааны хэргийн шүүх дээр “давхцал бүхий газартай маргаантай байна түр хүлээнэ үү” гэх үндэслэлээр удаа дараа хойшлуулж байсан юм.

Ингээд энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2014 оны 2 сард хандахад “А” ХХК-д Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу “5 га газрыг нь олгох нь зүйтэй байна” гэсэн хариуг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан албан бичгийг өгсөн.

Гэтэл “К” ХХК нь “бид 8 га газрыг мөн 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн шийдвэрээр авсан, танайд харин 2 га газрыг нь өгсөөр байтал танайх кадастраа хийлгүүлээд авбал ав, үгүй бол бид өөрөөр ярих болно шүү” гэх мэтээр хэлэхээр нь 2015 оны 5 дугаар сард Нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар зохион байгуулагчтай уулзаж “К” ХХК яагаад 8 га газрыг эзэмшдэг билээ, бид 5 га газрын гэрээ гэрчилгээтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас танайд “А” ХХК-д 5 га газрыг нь олгох зүйтэй гэх албан даалгаврыг өгсөөр байхад гэхэд өөдөөс “танай гэрээ гэрчилгээг буруу бичсэн, та нар захирамжаа өнөөдрийг хүртэл хараагүй байсан юм уу” гэх тайлбарыг өгсөн.

Тэр дагуу миний бие Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын архиваас А/828 тоот захирамжийг гаргуулж авахад “А” ХХК-ийн эзэмшлийн газрыг 5 га-гаас 2 га болгон өөрчилсөн байсныг олж мэдсэн.

Миний бие өнөөдрийг хүртэл 5 га газраар бодож газрынхаа төлбөрийг хийж ирсэн ба өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй, олон жилийн нүүрийг үзэж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүртэл “А” ХХК нь “5 га газрыг эзэмших нь зөв зүйтэй байна” гэж албан бичиг өгөөд байхад манай компанийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Хэрвээ асуудал үүсвэл Нийслэлийн газрын албанаас танай компани мэдээллийн санд бүртгүүлээгүй байна гэх шалтгаанаар манай газрыг хураан авах боломжийг олгож байна гэж би үзэж байна.

Иймд Нийслэлийн газрын албанаас 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн “А” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг “А” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/211 дүгээр захирамжаар “Ц” ХХК-нд төмс хүнсний ногооны зориулалтаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 14 дүгээр хороонд 50000 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, мөн нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийг “Ж” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ.

Улмаар тус газрын эзэмших эрхийг “А” ХХК-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 162 дугаар захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна. “К*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн тухайд анх нийслэлийн Засаг даргын 2010 оны 622 дугаар захирамжаар “Э” ХХК-д амины орон сууцны хотхоны зориулалтаар 100000 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон.

Дараа нь компанийн оноосон нэр өөрчлөгдөн “Н” ХХК болсон тул газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2011 оны 37 дугаар захирамжаар шилжүүлж баталгаажуулсан. Уг газар эзэмших эрхийг “Н” ХХК нь “К” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт тавьсан тул нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжаар “К” ХХК-д амины орон сууцны хотхоны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

“А” ХХК нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжийн “К*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй  болгуулахаар  нэхэмжлэл   гаргасан  бөгөөд  уг хэргийг хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр маргаан бүхий актын “К*******” ХХК-д холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулан шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “А” ХХК нь Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 171 дүгээр шүүхийн шийдвэрийг үндэслэн манай компанитай давхцаж буй “К” ХХК-ийн 100000 м.кв газраас 20000 м.кв газрыг тус компанийн эзэмшлээс авах хүсэлттэй ба үлдсэн 3 га газраа 14 дүгээр хороондоо багтааж авах талаар манай газарт хандаж хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны А/828 дугаар захирамжаар “А” ХХК-д 20000 м.кв, “К” ХХК-д 80000 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамж нь Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“А” ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г техникийн алдаа гарган 50000 м.кв хэмжээтэйгээр бичиж өгсөн байна. Энэхүү алдааг бид залруулан гэрээ гэрчилгээг шинэчлэн олгох болно” гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Захиргааны хэргийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 171 тоот шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “А” ХХК нь / улсын бүртгэлийн дугаар/ Нийслэлийн газрын албанаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 5 га газрыг ашиглах эрхийн гэрээ гэрчилгээг авсан боловч 5 га газрын гэрчилгээ олгож, гэрээ байгуулсны дараа Нийслэлийн Засаг даргын захирамж 2 га газраар гарсан байсныг кадастрын зураглал баталгаажуулж өгөхгүй удаад байхаар нь очиж уулзтал Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн бидэнд хэлсэн юм.

Манай компани тус нэхэмжлэлийг гаргахдаа Нийслэлийн Засаг дарга манай компанитай давхцал бүхий олгогдсон “К” ХХК-ийн 10 га байсан газрыг 5 биш 8 га-гаар гаргасан байсныг мэдээгүй юм.

Нийслэлийн Засаг дарга нь манай компанид хууль ёсоор ноогдсон 5 га газрыг олгохын тулд “К” ХХК-ийн 8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож байж олгох тул бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “К” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “А” ХХК-ийн газартай давхцал бүхий 8 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож “А” ХХК-д ноогдох 5 га газрыг эзэмших эрхийг сэргээж, хууль журмын дагуу гэрээ гэрчилгээг олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...А ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №10 тоот албан бичгээр Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шүүхийн шийдвэрийг үндэслэн манай компанитай давхцаж буй “К” ХХК-ийн эзэмшил 10 га газраас 2 га газрыг авах хүсэлтийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан.

2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “К*******” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлт ирүүлснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжаар “К*******” ХХК-д 8 га, “А” ХХК-д 2 га газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Иймд “А” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 га хэмжээтэйгээр олгож гэрээ байгуулах ёстой байтал 5 га хэмээн алдаатай бичиж хуулийн холбогдох заалтыг зөрчин олгогдсон гэрчилгээг хүчингүй болгон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжийн дагуу 2 га хэмжээтэйгээр гэрээ байгуулж гэрчилгээ олгох боломжтой байна.

Гэтэл “А” ХХК нь захирамжийн дагуу олгогдсон 2 га хэмжээ бүхий газрыг хүлээн зөвшөөрөхгүй 5 га хэмжээтэй газар эзэмшихээр “К*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг хэрэгт “К*******” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байх тул гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “К” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А”   ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн Засаг даргын   2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “К*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах, “А” ХХК-ийн 5 га газрын гэрээ, гэрчилгээг гаргаж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллд гуравдагч этгээдээр оролцож буй “К*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

1. “К*******” ХХК нь “Газрын тухай хууль”-ийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл,  журмын дагуу “Н” ХХК-тай 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр “Н” ХХК-ийн эзэмших эрхэд байсан нэгж талбарын 8041/0332 дугаартай, газар эзэмших эрхийн 0228898 дугаарын гэрчилгээтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний голын эхэнд байрлах 100.000 м.кв талбай бүхий газрыг амины орон сууцны хотхоны зориулалттайгаар өөрийн эзэмших эрхэд шилжүүлэн авсан.

“К*******” ХХК нь Газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмших эрхийн гэрээгээр хүлээсэн бүх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, газрын төлбөр хураамжийг цаг хугацаанд нь бүрэн төлж, тус газраа одоо зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байна. Манай компанийн зүгээс эрх бүхий байгууллагад хүсэлт гарган газрын кадастрын мэдээллийн санд шүүлт хийлгүүлэн үзэхэд манай компанийн эзэмшиж буй газартай  аливаа этгээдийн эзэмшиж буй газар давхцаагүй, улмаар “А” ХХК-ийн эзэмшиж буй гэх газар нь газрын кадастрын мэдээллийн санд байхгүй, бүртгэлгүй байна гэсэн хариу өгсөн. 

2. Гэтэл манай компанийн шилжүүлэн авсан 10 га газартай “А” ХХК-ийн эзэмшиж буй гэх 5 га газар нь давхацсан гэдэг асуудлаар “А” ХХК-ийн зүгээс 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 тоот шийдвэрийг гаргаж, “А” ХХК болон “К*******” ХХК нарын хэн алиных нь эрх ашгийг хөндөхгүйгээр хуульд заасан өөрийн бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд дахин газар зохион байгуулалт хийх замаар захиргааны шинэ акт гарган тухайн маргаантай асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан.

3. Нийслэлийн Засаг даргын зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 тоот шийдвэрийг хэрэгжүүлж, “К*******” ХХК болон “А” ХХК нарын бодитой давхацсан газар болох нийт 4 га газрыг тэнцүү хуваан талуудад тус бүр 2 га газар олгохоор 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжаар шийдвэрлэж, улмаар манай компанийн 10 га газрын хэмжээг 8 га болгон багасгаж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 8 га газрын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгосон. Манай компанийн эзэмшиж байсан 10 га газрын хэмжээ 8 га болон багассан хэдий боловч бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрч, 8 га газраа одоо зохих ёсоор эзэмшиж байна.

4. Газрын тухай хууль болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, зааврын хүрээнд судалж үзэхэд аливаа этгээдийн эзэмшиж буй газар нь байршил, талбай, хил хязгаар, зааг, цэг, чанар, төлөв байдлыг маш тодорхой нарийвчлан харуулсан кадастрын зурагтай, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлттэй байх бөгөөд тэдгээр нь газрын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллагад албан ёсоор хянагдан батлагдсан, тэдгээр мэдээллүүд нь Газрын  кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж, баталгаажсан байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газар нь төрийн эрх бүхий байгууллагаар хянагдан баталгаажсан албан ёсны кадастрын зураггүй, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын кадастрын талаарх мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газрын байршил, талбай, хил хязгаар, заагийг тодорхойлох боломжгүй, улмаар тус газар нь манай компанийн газартай давхцаж байгаа гэдгийг нарийн тогтоох нөхцөл боломжгүй байдаг.

5. Талуудын эзэмшиж буй газрын давхцлын асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд дахин газар зохион байгуулалт хийх замаар шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 тоот шийдвэрийг “А” ХХК нь хүлээн зөвшөөрч, тухайн үед ямар нэгэн гомдол дээд шатны шүүхэд гаргаагүй байдаг.

6. Нийслэлийн Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ талуудын эзэмшиж буй бодитой давхацсан 4 га газрыг талуудад яг тэнцүү хуваан олгохоор шийдвэрлэсэн, явдал нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 тоот шийдвэрт болон холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцсэн үйлдэл буюу шийдвэр гэж үзэж байна.

Иймд “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Гуравдагч этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” 1948 дугаар захирамжтай танилцаад дараах тайлбар хүргүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 127 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын аж ахуйн аманд 50000 м.кв газрыг ажилчдын амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх авсан. Улмаар Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албатай гэрээ байгуулж, кадастрын зураглалаа тодорхойлуулж, зураг хийлгэн, 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын эзэмшиж байгаа газар нь нэгж талбарын 8041/5243 дугаартай бөгөөд кадастрын зургаар:

 

Цэг

Уртраг

Өргөрөг

Цэгүүдийн хоорондох урт м.

 

1.

5294169.40

636142.02

1-2

250.14

2.

5294377.53

636003.26

2-3

187.84

3.

5294478.53

636161.63

3-4

228.43

4.

5294304.34

636309.40

4-1

215.00

 

буюу 48036 квадрат метр талбайг эзэлж байгаа болно. Байрлалын дагуу баруун зүүн талд газар эзэмшиж байгаа этгээд нь хашаа хатгасан байсан тул хүндэтгэн үзэж, барьсан хашааны өнцгөөр цэгүүдийг тодорхойлж зураглал хийлгэсэн болно.

Уг газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан, албан хаагчид өөрсдийн хөрөнгөөр амины орон сууцны хотхон байгуулахаар бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн бөгөөд одоогоор цэвэр, бохир усан хангамж зэрэг дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэл болсон нотлох баримт нь албан ёсоор газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зураг эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Т******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Манай компани Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өвөр зайсанд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 205 дугаар шийдвэрийн дагуу 5,0 га газрыг эзэмшихээр авсан бөгөөд хууль ёсны эзэмшигч нь мөн болно. “А” ХХК-ийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан асуудал нь манай компанийн эзэмшлийн газартай ямар нэгэн давхцал байхгүй гэж ойлгож байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Б******* ХХК-ийн “Х*******” төсөл нь дэд бүтэцгүй газарт эхнээс нь зөв зохион байгуулалттай ерөнхий төлөвлөгөөний дагуу бие даасан дэд бүтэцтэй, эко, жишиг амины орон сууцны иж бүрэн хотхоныг бүтээн байгуулах зорилготой Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дугаар захирамжаар 1.500.000 м.кв га газрыг Хан-Уул дүүргийн 14 хороо, Бугын аж ахуйн аманд газар эзэмших эрх авсан.

“Б*******” ХХК-ийн “Х*******” төслийн эзэмшиж байгаа газар нь нэгж талбарын 18635293057715 дугаартай бөгөөд кадастрын зургаар:

Х

Ү

цэгүүд

урт

1.

5294146.61

633879.41

1-2

913.02

2.

5294533.21

634706.55

2-3

1297.73

3.

5294893.15

1635953.36

3-4

448.79

4.

5294544.04

636235.38

4-5

256.36

5.

5294411.71

636015.81

5-6

154.06

6.

5294539.89

635930.34

6-7

144.91

7.

5294464.99

635806.29

7-8

479.25

8.

5294218.23

635395.44

8-9

107.27

9.

5294163.00

635303.48

9-10

21.13

10.

5294144.58

635313.85

10-11

111.54

11.

5294048.50

635370.49

11-12

418.59

12.

5293790.17

635041.12

12-13

101.93

13.

5293703.11

635102.91

13-14

9.04

14.

5293703.43

635095.87

14-15

394.74

15.

5293408.88

634833.09

15-16

211.60

16.

5293276.19

634997.93

16-17

211.74

17.

5293161.87

634819.70

17-1

1361.57

 

буюу 1500 000 метр квадрат талбайг эзэлж байгаа болно.

Улмаар Нийслэлийн газрын харилцааны албатай гэрээ байгуулж кадастрын зураглалаа тодорхойлуулж,зураг хийлгэн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно.

“Б*******” ХХК-д эзэмшүүлэхээр олгогдсон тус талбайд 2012 оноос гадны хөрөнгө оруулалттайгаар урьдчилсан ерөнхий төлөвлөгөөг хийсэн болно. Засгийн газрын 2012 оны 242 тогтоолоор “Б*******” ХХК-ийн “Х*******” төсөлд Засгийн газрын баталгаа гаргах эрх олгогдоод ажиллаж байгаа ба 2016 оны 2 дугаар улирлаас дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын талбайг бэлтгэхээр ажиллаж байна.

“Б*******” ХХК-ийг “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэл болсон нотлох баримт нь албан ёсоор газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зураг эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ

 ҮНДЭСЛЭХ нь:

            Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/828 дугаар захирамжаар Хан-уул дүүргийн 14 дүгээр хороонд нэхэмжлэгч “А” ХХК-д төмс, хүнсний ногооны зориулалтаар 2000 м.кв газрыг, гуравдагч этгээд “К*******” ХХК-д амины орон сууцны хотхоны зориулалтаар 8000 м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү захирамжийн “К*******” ХХК-д холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй болох нь дараах үйл баримтаар тогтоогдож байна.

            1. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр “К*******” ХХК-д анх 10000 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, “А” ХХК болон “Ком  трейд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэхдээ “А” ХХК-ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 162 дугаар захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хороонд нийт 5,0 га газрыг төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар эзэмшиж байгаа болох нь холбогдох баримтаар нотлогдож байгаа болохыг;

-дээрх захирамж болон өмнөх эзэмшигчдэд уг газрыг анх ашиглуулсан, шилжүүлсэн шийдвэрүүд нь Газрын тухай хууль зөрчөөгүй болохыг;

-“А” ХХК-ийн эзэмшил газар газрын мэдээллийн нэгдсэн санд ороогүй нь уг газарт давхцуулан гуравдагч этгээд “К*******” ХХК-д газар эзэмшүүлэх үндэслэл болохгүй болохыг;

-цаг хугацааны хувьд нэхэмжлэгч анх 5 га газрыг эзэмшиж байсан болохыг, мөн “К*******” ХХК өөрийн эзэмшил гэх 10 га газрыг тойруулан хашаа барихдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх газрын тодорхой хэсгийг оруулан хашаалсан болохыг тус тус дүгнэсэн байдаг.

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс ч шүүхийн шийдвэрийн дагуу “А” ХХК-д 5 га газрыг олгож өгөх нь зүйтэй гэж дүгнэн, асуудлыг шийдвэрлүүлэхээр 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 07/903 дугаар албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандсан байна.

Гэвч шүүхийн дээрх шийдвэр гарснаас хойш 1 сар гаруйн дараа буюу 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дамдинжамц Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж “К*******” ХХК-ийн бодитоор хашаалан эзэмшиж байгаа 10 га газрын 2 га-г авч, үлдсэн 3 га-г 14 дүгээр хороондоо багтаан авах хүсэлт гаргасан байх бөгөөд энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжаар “А” ХХК-д 2000 м.кв, “К*******” ХХК-д 8000 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн захирал Д.Дамдинжамцын бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдсан, хариуцагчаас ч шүүхэд гаргасан тайлбартаа маргаан бүхий актыг гаргах болсон шалтгаан нь энэ байсан гэх бөгөөд Д.Дамдинжамц 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа дээрх хүсэлтийг хэрхэн бичиж өгөх болсон талаараа тодорхой дурджээ. 

 Тухайн үед хүсэлтэд зөвхөн газрын талаар ч бус мөн авахыг хүссэн 2 га газарт барьсан хашаанд ногдох үнийг “К*******” ХХК-д төлөх, мөн тухайн үед нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүхийн шийдвэрт заасанчлан буцаан авах талаар дурдсан төдийгүй 2 га газрын байршлын зургийг хавсаргаж өгсөн байдаг.

Хэдийгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргасан ч уг шийдвэрийг хэрэгжүүлэх явцад нэгэнт нэхэмжлэгчээс өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, “К*******” ХХК-ийн хашаалсан газрын 2 га-г эзэмших хүсэлт гаргасан байх тул энэ хүрээнд гаргасан захирамжийн тус комданид холбогдох хэсгийг буруутгах боломжгүй болно.

Нөгөөтэйгүүр цаг хугацааны хувьд шүүхийн 2013 оны 171 дүгээр шийдвэрийн дараа Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 509 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжийн хүрээнд хариуцагчаас “К*******” ХХК-д 8 га газар эзэмшүүлж, дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжаар “К*******” ХХК-д 10 га газар эзэмшүүлэх эрх олгосон Засаг даргын 2011 оны 697 дугаар захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан тус компанийн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэрэгт “А” ХХК гуравдагч этгээдээр татагдаагүй, хариуцагчаас 10 га бус харин 8 га газрыг буцаан эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд хэргийн оролцогчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчинтэй байхад “К*******” ХХК-д 8 га газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл шүүгчийн энэхүү захирамж хүчинтэй байх тохиолдолд “К*******” ХХК-д эзэмшүүлсэн 8 га газрыг хүчингүй болгох боломжгүй.

            2. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирүүлсэн газрын мэдээллийн санд  давхцуулсан зургаас үзэхэд нэхэмжлэгчийн өмнөх эзэмшигч болох “Ж” ХХК-ийн эзэмшил газар нь зөвхөн “К*******” ХХК-ийн бус мөн “Ж*******” ХХК, “Бат-Үрс интернейшнл” ХХК, Ерөнхийлөгчийн Тамгын газрын эзэмшил газартай зохих хэмжээгээр давхцалтай байна.

            Харин нийслэлийн Засаг даргын 2013 оны А/826 дугаар захирамжийг үндэслэж “А” ХХК-д олгогдсон мөн оны 10 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд эзэмшил газрын хэмжээг 50000 м.кв гэж тусгасан ч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, гэрчилгээ нь зөвхөн газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн гарах ёстой.

Иймд холбогдох гэрээ, гэрчилгээнд эзэмшил газрын хэмжээ 5 га гэж тусгагдсанаар нэхэмжлэгчийг 5 га газар эзэмших эрхтэй байна гэж дүгнэх боломжгүй юм.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжаар нэхэмжлэгч “А” ХХК-д төмс, хүнсний ногооны зориулалтаар 2000 м2 газрыг эзэмшүүлсэн, гэхдээ үлдэх 3 га газрыг хаана хэрхэн эзэмшүүлэх эсэх тодорхойгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс 3 га газрыг эзэмшүүлэх боломжтой гэж тайлбарлах тул захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 2 га, нэмж эзэмшүүлэх 3 га газрын тухайд дахин шийдвэр гарснаар эдгээр газрын байршлыг тогтоон газрын мэдээллийн нэгдсэн санд нэхэмжлэгчийн нэрээр оруулах, гэрээ байгуулж, гэрчилгээ олгох шаардлагатай болохыг тэмдэглэв.  

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7, 70.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “К*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин уг захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр захиргааны акт гаргатал түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА