Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0027

 

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0027

Улаанбаатар хот

 

 

“Ц У” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0745 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0745 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.4, 19.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц У" ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 7/1103 тоот албан бичгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0745 дугаар шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргаж  байна.

Анхан шатны шүүхээс “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан мөн хуулийн дагуу шийдвэрлэх байхад шийдвэрлээгүй, улмаар өргөдөл гаргасны дараа батлагдсан Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг баримтлан солбицолд өөрчлөлт оруулахыг хариуцагч байгууллагын зүгээс өөрсдөө мэдэгдсэн атлаа удирдлага солигдсоны дараа солбицолд өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалт байхгүй гэх мэтээр тайлбарлаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “өргөдөл хаагдаагүй байгаа, одоогоор сонгох ажиллагаа хийгдсэн, өргөдлийг хаахад ажиллагаа хийгдэж байгаа үүнд тодорхой хугацаа хэрэгтэй” гэсэн тайлбарыг шүүх тал бүрээс нь хэрэгт байх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 7/1103 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/1988 дугаар албан бичгүүд зэрэг баримтуудтай харьцуулан үзээгүй шууд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Баримтаар сонсгох ажиллагаа хийгээд дууссан гэдэг нь нотлогддог.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 98 дугаар албан бичгээр “Дэмжихгүй” гэж ирүүлсэн саналыг харгалзан үзэхгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж зааснаар шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч бидний дахин гаргасан хүсэлтийн дагуу тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаас татгалзсан тохиолдолд дахин санал авах хуулийн зохицуулалтгүй байхад дахин санал авахаар явуулж байсан үйлдлийг хуулийн дагуу гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Аймгийн Засаг даргын “дэмжсэн” гэсэн санал нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу нийтээр амрах баярын өдөр огноологдон гарсан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын архивт хүргүүлсэн баримт материал байхгүй, Засаг даргын ямар нэгэн албан бичгээр албажиж ирээгүй, хариуцагчаас гаргаж өгсөн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоол зэрэгт нэхэмжлэгч байгууллагын зүгээс ямар ч буруугүй байхад үүнийг шийдвэртээ дурдсан нь шүүхээс урьдаас хөдөлбөргүй үнэн гэж хөтлөгдсөн, хэт нэг талыг барьсан нь харагддаг. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “Ц У” ХХК нь “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 7/1103 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж өөрчилжээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 6/2029 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Говь-Алтай аймгийн Алтай, Бугад, Төгрөг сумын “Гэрэл” нэртэй 10827.72 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэх мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 98 дугаар саналаар “...уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй болно” гэсэн хариу ирүүлжээ.

Үүний дараа нэхэмжлэгчээс Говь-Алтай аймгийн Засаг даргаас дахин санал авахыг хүсч хариуцагчид удаа дараа хүсэлт гаргасан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 6/1305 дугаар албан бичгээр дахин санал авах мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Үүний дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 9 дүгээр албан бичгээр “дэмжиж байна” гэсэн хариуг хариуцагчид хүргүүлжээ.

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуульд дахин санал авах тухай заагаагүй боловч нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас дахин санал авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн аймгийн Засаг дарга “дэмжсэн” хариу ирүүлсэн боловч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/6603 дугаар албан бичгээр “Говь-Алтай аймгийн Бугад, төгрөг, Алтай сумдын нутагт орших NE-000000 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь ...Булгийн хамгаалалтын бүсийн хилтэй хэсэгчилсэн давхцалтай байна” гэсэн албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 7/1103 дугаар албан бичигт усан сан бүхий газартай давхцалтай тухай дурджээ.

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын санал ирэхээс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т “.хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ.

Мөн нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16/039 дүгээр албан бичгээр “...энгийн хамгаалалтын бүсийн хилтэй хэсэгчилсэн давхцалтай хэсгийг хасч тусгай зөвшөөрлийг олгох өгнө үү” гэсэн хүсэлтийг хариуцагчид гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу хариуцагч зураг зүйн шүүлт хийж, солбицолд өөрчлөлт оруулсан гэж тэмдэглэгээ хийжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбай нь түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхацсан зүйл огт байхгүй, харин булгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0745 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР