Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01208

 

Д.Ганбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00177 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1499 дүгээр магадлалтай,

Д.Ганбаярын нэхэмжлэлтэй

Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчид холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ономаа, Ч.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ганбаяр нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албатай хөдөлмөрийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай Бүртгэл санхүүгийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ сунгахгүй үргэлжлүүлэн ажиллуулсан. Тус байгууллагад санхүүгийн тайлан балансад тусгадаггүй ажил гүйлгээнүүд

балансаас гадуур олж зарцуулдаг зэрэг Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг тус тус ноцтой зөрчсөн үйл ажиллагаа явагдаад байгааг Захирагч Д.Баасандорж, бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга Ж.Баатарсүрэн нарт удаа дараа мэдэгдсэн. Энэ утгаараа удирдлагын зүгээс цаг тутам дарамттай ажиллаж байсан. Ажилд ороод удаагүй ажлаас хоцорсон гэж сахилгын арга хэмжээ авагдсан. Би төрийн байгууллагад 5 жил ажиллаж ажилдаа мэргэшиж яваа. Удирдлагын шийдвэрээр одоог хүртэл ахлах нягтлан бодогчийн албан ажлыг хүлээлцүүлэхгүй, 2 дугаар гарын үсэг зурах эрхийг олгохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. 2016 оны 02 дугаар сард цаг бүртгэлийн төхөөрөмж эвдэрсний дараагаар Х.Баатарсүрэн дарга өрөөндөө дуудаж нярвын цагийг бүртгэсэн бүртгэлээр “ажилдаа өглөө хоцорсон байна. Одоо чамтай ярих зүйлгүй өмнө нь сануулсан зайл” гэж ажилчдын дунд үг хэлээр доромжилж хөөсөн. 2016 он гарснаас хойш хөдөлмөрийн гэрээг сунгахгүй одоог хүртэл ажиллуулсаар байсан. Удирдлагын зүгээс дарамттай байсан тул 2016 оны 02 дугаар cap 19-ний өдөр ахлах нягтлан бодогчийн албан тушаалаа өөрчилж тус газарт эдийн засагчийн албан тушаалд ажиллах хүсэлт өгсөн ч хариу өгөхгүйгээр 2016 оны 02 дугаар capын 26-ны өдөр Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Б/06 тоот захирамжаар ажлаас удаа дараа хоцорсон гэсэн шалтгаанаар ажлаас халах тушаал гаргасан байна. Зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасны аль заалтаар халсан нь тодорхойгүй, тушаалд баримталсан хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5, 10.2, 10.6 гэсэн заалтууд нь ноцтой зөрчилтэй холбоотой заалтууд. Гараар хэн хэдийд бүртгэсэн нь мэдэгдэхгүй, хэлж баталгаажуулж байгаагүй. Миний хувьд ажил тасалсан, хоцорсон зүйл байхгүй, цалинг бүтэн олгож байсан. Ажлын цагийн балансыг үзье гэхээр үзүүлдэггүй. Зөрчлийг илэрснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой, тэр хугацаа өнгөрсөн тул шийдвэр үндэслэлгүй. Иймд ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Б/31 тоот захирамжаар Д.Ганбаяр нь Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчоор түр томилогдсоноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас удаа дараа хоцорч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1., Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг үндэслэн Захирагчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/58 тоот захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулан, анхааруулсан. Д.Ганбаяр нь түр томилогдсон тушаалтай, туршилтын хугацаанд ажиллаж байсан ба Сангийн сайдын 2012 оны 294 тоот тушаалаар батлагдсан "Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасны дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад түүнийг ажилд томилох, 2 дугаар гарын үсэг зурах эрхийг шилжүүлэх тухай хүсэлт гарган шийдвэрлэх явцад тэрээр төрийн албанд тавигдах зарчим, шаардлага төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж, холбогдох хууль, дүрэм журмыг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн хувьд ажилдаа хандах хандлагаа харуулсан бөгөөд улмаар энэхүү хариуцлагатай албан тушаалд 2 дугаар гарын үсэг зурах эрхийг шилжүүлэхэд түдгэлзэх үндэслэл болсон 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д.Ганбаяр, Ш.Амартүвшин, Д.Бат-Эрдэнэ нарт Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаас дахин байгууллагын дотоод журам, 11 дүгээр сарын ажлын цагийн тооцоог танилцуулж амаар сануулсан. Д.Ганбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Захирагчийн ажлын албанд эдийн засагчаар ажилд томилуулах хүсэлт гаргах тухай өргөдөл ирүүлснийг хянан үзэж, Захирагчийн ажлын албаны бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан хэдий ч тус хэлтэст эдийн засагч гэсэн ажлын байр нэн шаардлагагүй бөгөөд түүний эзэмшсэн мэргэжил нь Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас баталсан эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан, мэргэшил, мэдлэгийн хувьд таарахгүй тул ахлах нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж Бүртгэл санхүүгийн хэлтсийн эдийн засагчийн орон тоонд томилох боломжгүй байгааг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр албан бичгээр өөрт нь мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөхдөө давтан зөрчил гаргасан гэж үзсэн. Хэлтсийн дарга нь нэхэмжлэгчийг Ёс зүйн хороонд шалгуулахаар өгсөн, тэндээс дүгнэлт гарсан. Тодорхой зөрчил гэвэл, нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа 8 цаг 45 минутад ирээд 11 цаг 30 минутад явсан, 15-ны өдөр ажлаас 13 цаг 30 минутад яваад ирээгүй, 22-ны өдөр ажилд 9 цаг 20 минутад ирээд 11 цаг 20 минутад явсан. Хөдөлмөрийн гэрээний 6.1.8-д “дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн” бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан. Иймд Д.Ганбаяр нь хууль тогтоомжийн дагуу төрийн албанд тавигдах зарчим, шаардлага төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж холбогдох хууль дүрэм журмыг биелүүлээгүй нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00177 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-ыг баримтлан Д.Ганбаярыг Замын-Үүд чөлөөт бүсийн Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-ийг баримтлан Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн албанаас 2 865 328 төгрөгийг гаргуулж Д.Ганбаярт олгож, Д.Ганбаярт олгох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 60 795 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1499 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00177 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Д.Ганбаярт...” гэсний өмнө “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т заасныг баримтлан...” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5.-д зааснаар хариуцагч Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын гомдолдоо: Магадлал хуульд нийцээгүй. Д.Ганбаярыг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй. Учир нь Д.Ганбаяр нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрийн санхүү, бүртгэл тайлан баланстай холбоотой хариуцлагатай албанд туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж эхлээд ажлаас хоцорч, ажлын цаг ашиглалт муу хөдөлмөрийн дотоод журмыг баримталж ажиллаагүйн улмаас ажилд ороод нэг сар болоход 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Захирагчийн А/58 дугаартай захирамжаар сануулах сахилгын шийтгэл хүлээснийг шүүх нотлох баримтын ач холбогдолтой гэж үзсэн бол гаргуулан өгөх боломжтой байсан. Уг захирамжийг Д.Ганбаяр танилцаад хүлээн зөвшөөрснөөс хойш 5 сарын дараа 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон захирамж гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4.-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасны дагуу сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулсаар байхад зөрчлийн илрүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзсэн нь нэг талыг баримталсан шийдвэр.

Ажил олгогчийн зүгээс түүнд байнга анхааруулж алдаа дутагдлаа засаж дотоод журмаа биелүүлж ажиллахыг амаар анхааруулахад Д.Ганбаяр нь хотоос зайдуу зуслангаас ажилдаа явж байгаа болохоор ажлаас хоцорч байгаа энэ байдалдаа анхаарч дахин зөрчил гаргахгүй гэж тайлбар гаргасныг тэмдэглэснээ шүүхэд баримтаар өгсөн ч шаардлага хангахгүй гэх үндэслэлээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4.-т заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн ажлын цагаас хоцрох, ажлын цаг дуусахаас өмнө явах нь даамжирч хөдөлмөрийн дотоод журмын 6.19-д тодорхой заасан байхад үл тоомсорлосон төрийн алба хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь захирагчийн ажлын албаны дэргэдэх ёс зүйн хороогоор авч хэлэлцэж дүгнэлт гаргасныг шүүхэд өгсөн ба тухай хорооны хуралдааны тэмдэглэлийг шүүх ирүүлэхийг даалгаагүй.

Д.Ганбаяр нь ёс зүйн хорооны хуралдааны гаргасан шийдвэрт ач холбогдол өгөлгүй үүрэгт ажилдаа хайнга хандаж хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчиж, эдийн засагчаар ажиллах хүсэлт гаргасан ба эдийн засагчаар ажиллуулах боломжгүй гэдгийг тэр даруйд нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга бичгээр өөрт нь мэдэгдсэн нь тухайн албан тушаалд ажиллах боломжгүйг өөрөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл мөн.

2015 оны Д.Ганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан ба түүнийг ажлаас чөлөөлөх хүртэл хугацаанд гэрээ байгуулахгүйгээр ажиллуулсан гэж шүүх үзсэн нь түүнтэй гэрээ байгуулахгүйгээр Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-д заасан “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэснийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1., 172.2.2.-т заасныг зөрчсөн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.

Д.Ганбаярт ажил олгогчоос “зөвхөн ажлын цагаа баримталж ажил” гэх шаардлага тавихад биелүүлээгүй. Түүнд санхүүгийн баримтанд гарын үсэг зурах эрх хэдийгээр Сангийн яамнаас олгосон ч хариуцлагатай үүргийг Д.Ганбаяр нь гүйцэтгэж чадах чадамжгүй гэдэг нь тогтоогдсон учир тухайн ажлыг хийж байсан туршлагатай нягтлан бодогчоор үргэлжлүүлэн хийлгэж байсан нь төрийн албан хаагчийн үүргээ биелүүлэхгүйгээр зөвхөн гарын үсэг зурах ёстой гэж ойлгон албан тушаалд хэт дулдуйдсан, ажлын цагийг хийдүүлж бусад алба хаагчид буруу үлгэр жишээ болсон нь алба хаагчийн ёс зүйгүй үйлдэл нь бусад алба хаагчид буруу ойлголт төрүүлж, байгууллагад хортой үр дагавар үүсгэж байна. Иймд байгууллагын санхүүгийн баримтанд гарын үсэг зуруулах нь төрийн байгууллагын үйл ажиллагааг алдагдуулах, тасалдуулах, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс хариуцлагатай ажлыг хийлгээгүй нь ажил олгогч төсвийн шууд захирагчийн хувьд зөв зүйтэй үйлдэл.

Д.Ганбаярын ажилласан хугацааны цалинг ажил тасалсан цагийг хасаж тооцохгүйгээр түүний ар гэрийн байдал, ажилд хандаж байгаа хандлагаа өөрчилнө гэж найдан, эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед алба хаагчийн цалинг хасах шаардлагагүй гэж үзэж ажил олгогчоос цалинг бүтнээр олгосныг мушгин гуйвуулж би тайлбарлаж байгаа нь арга ядсан тайлбар төдийгүй шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болгож байгаа нь нотлох баримтын эх сурвалж болох Бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга, цалин бодсон нягтлан бодогч гэрчийн мэдүүлгийг бүх талаас нь үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасныг зөрчиж мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.4.2.-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэжээ. Хөдөлмөрийн гэрээний 6.1.8-д “Дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн”, 6.1.10-д “Хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан” гэх заалтуудыг ноцтой зөрчилд тооцсон ба энэ заалтуудыг Д.Ганбаяр зөрчсөн нь тогтоогдож байгаа бөгөөд манай 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 тоот захирамжийн 1-д заасан үндэслэл нь хуульд бүрэн нийцэж байна.

Магадлалд цагийн бүртгэлтэй холбоотой санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32016/20143 дугаартай захирамжаар даалгасны дагуу Д.Ганбаярын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сар хүртэлх цагийн баланс бүхий цалингийн цэсийг эх хувиар хүргүүлсэн байхад үнэлээгүй нь илэрхий байх ба шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 172 дугаар зүйлийн 172.2.1., 172.2.2.-т заасныг зөрсөн.

Нэхэмжлэгч тал цагийн бүртгэлийг хуурамчаар үйлдэж намайг ажлаас халах зорилгоор надад зориулж хийсэн гэж мэдүүлэн шүүх үнэлээгүй нь байгууллагын нэр төрд халдаж байна. Аливаа байгууллага ажилчдын цагийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бүртгэж баримтжуулж байдгийн адилаар ажил олгогч алба хаагчдынхаа цагийг хурууны хээ уншигч төхөөрөмжөөр бүртгэдэг байсан ба 2016 оны 01 дүгээр сард эвдэрсэн учраас хэлтэс тус бүр дээр бүртгэл нээж бүртгэж байсан. Уг бүртгэлийг хуурамчаар үйлдэх боломжгүй, бүртгэл санхүүгийн хэлтсийн нярав Я.Хүрэлчулуун бүртгэлийн дэвтрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар хуулбарлан баримтаар гаргаж өгснийг үнэлэх боломжтой байхад шаардлага хангахгүй гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3.-д нотлох үүрэгтэйг хуульчилсан байхад хуурамч гэдгийг нотолсон ямар нэгэн баримт байхгүй байгаа нь мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.4.-т зааснаар мэргэжлийн байгууллагаар шинжлүүлж дүгнэлт гаргуулж болох байсан. Энэ талаар нэхэмжлэгч шүүх хүсэлт гаргаагүй нь түүнийг хуурамч гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн Д.Ганбаярын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдлүүд нь ажлын цагийн хоцролт, таслалттай холбоотой байх тул энэхүү чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй нь хэргийг нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэх хангалттай нотолгоо болж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1., 172.2.2.-т заасныг зөрсөн гэх хангалттай үндэслэлтэй байна. Иймд Б/06 дугаартай захирамж үндэслэлтэй тул шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Д.Ганбаяр нь Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчид холбогдуулан гаргахдаа ажил олгогчийн 2016 оны 2 дугаар capын 26-ны өдрийн Б/06 тоот тушаалыг үндэслэжээ.

Уг тушаалд Д.Ганбаярыг хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчин, хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8., 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Ёс зүйн хорооны 2016 оны 01 дүгээр дүгнэлт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5, 10.2, 10.6 дахь заалтыг баримтлан ажлаас нь чөлөөлсөн байна.

Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хоцорсон, 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан”, 10.2-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан” бол захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг мөн журмын 10.6-д заажээ. Ажил олгогчийн зүгээс хариуцагчийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 463 минут буюу 7.7 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, сануулах арга хэмжээ авагдаж байсан боловч зөрчлийг давтан гаргасан, энэ талаар ажлын албаны Ёс зүйн хороо дүгнэлт гаргасан гэж  тушаалын үндэслэлээ тайлбарлажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажилтанд урьд нь сануулах арга хэмжээ авсан гэх  баримт байхгүйгээс гадна ажлын цагийн бүртгэлийн баримт эргэлзээтэй, ажилтанд цалинг бүтнээр нь олгож байсан байх тул  “...давтан зөрчил гаргасан...” гэх тушаалын үндэслэл нотлогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагад хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байхад ажил олгогчийн зүгээс уг зохицуулалтыг ажилтны гаргасан гэж зөрчилд хамруулан хэрэглэсэн байдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ономаа, Ч.Баттулга нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1499 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ономаа, Ч.Баттулга нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                        

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                    ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА