Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 39

 

“ИХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ӨА-ийн Х сумын ЗД-д

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Б.Мөнхтуяа

                                                   Д.Мөнхтуяа

                                                   Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:            Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: “...Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 75 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/129 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах”

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0017 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0543 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, өмгөөлөгч Э.Түвшинбаяр, гуравдагч этгээд Ч.Мөнхтулга нар,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0017 дугаар шийдвэрээр: Газрын тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан “ИХТ” ХХК-ийн гаргасан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 75 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/129 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0543 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “ИХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0017 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0543 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Анхан шатны шүүх дүгнэхдээ “...Гадаадын хөрөнгө оруулалттай “Монгол хаад тур” ХХК-д анх 1999 онд газар эзэмшүүлсэн Ханхонгор сумын Засаг даргын үйлдэл хууль бус, ...”ИХТ” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой баримт Ханхонгор сумын архивт байгаагүй, ...“Мөнгөн ауруг” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдэл нь анхнаасаа “Монгол хаад тур” ХХК-д газар эзэмших эрх олгосон нь хууль бус байсан тул мөн хууль зөрчсөн үйлдэл болжээ...” гэж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг илтэд үгүйсгэсэн, бодит байдлыг гуйвуулсан дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байрлах маргаан бүхий газарт ХБНГУ-ын иргэн Вернер Вайглайн болон Монгол Улсын иргэн Т.Нарангэрэл нар нь хамтран аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 тоот албан бичгээр Ханхонгор сумын Засаг даргын тамгын газарт хандан газар ашиглуулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн Ханхонгор сумын Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07 тоот шийдвэрийг үндэслэн Ханхонгор сумын газрын асуудал хариуцсан С.Чулуунбаттай “Монгол Хаад Тур” ХХК-ийн Т.Нарангэрэл нь 000420 дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээг байгуулсан хэрнээ 1511000420 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь ойлгомжгүй бөгөөд тухайн захиргааны байгууллагын алдаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар эзэмшүүлсэн гэж дүгнэсэн нь бодит байдлыг илтэд гуйвуулсан үйлдэл болжээ.

6. Мөн 2002 онд Газрын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор 2002 оноос өмнөх газар эзэмших болон газар ашиглах гэрээний дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуй нэгжүүдийг тухайн эзэмшил газраа үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах сонирхолтой байгаа бол эрх бүхий байгууллагад хандан хүсэлт гаргах тухай нийтэд мэдээлэхэд “Монгол хаад тур” ХХК-аас эрх бүхий байгууллагад хандан тухайн газрыг үргэлжлүүлэн ашиглахыг хүссэн ямар нэг хүсэлт гаргаагүй байна.

7. Харин Монгол Улсын иргэн Т.Нарангэрэл нь өөрийн үүсгэн байгуулсан “Их хаад тур” ХХК-ийн нэрээр 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот албан бичгээр Ханхонгор сумын Засаг даргад хандан Газрын тухай хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргасныг үндэслэн Ханхонгор сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжаар “Их хаад тур” ХХК-д 15 жилийн хугацаатай 0039032 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй олгосонтой холбоотой ямар нэг маргаан байдаггүй.

8. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “ИХТ” ХХК нь хууль ёсны дагуу газар эзэмших эрх олж аваагүй гэж дүгнэхдээ Ханхонгор сумын архивт газар эзэмших эрхтэй холбоотой баримт бичиг үзлэгээр тогтоогдоогүй, “Монгол хаад тур” ХХК-аас “ИХТ” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн тухай ямар нэг баримт байхгүй зэрэг үндэслэлгүй тайлбар хийж шийдвэр гаргажээ. Захиргааны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын зохион байгуулалт зэрэгтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхтэй холбоотой хадгалагдвал зохих баримт үрэгдсэн нь захиргааны байгууллагын буруутай үйлдэл бөгөөд энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан иргэн, хуулийн этгээд ямар нэг байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нөхцөл үүсэж болохгүй гэдгийг шүүх бүрэлдхүүн анхаарч үзнэ үү.

9. "ИХТ" ХХК-ийн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 75 дугаар захирамжаар хүчингүй болгож “Монгол хаад тур” ХХК-ийн эзэмших эрхийг сэргээсэн хууль зөрчсөн болохыг мөн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны А/129 дүгээр захирамжаар “Монгол хаад тур” ХХК-аас “Мөнгөн Ауруг” ХХК-д шилжүүлсэн үйлдэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн болохыг зөв дүгнэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хууль зөрчсөн болохыг тогтоосон хэрнээ шийдвэр гаргахдаа утга агуулгын илэрхий алдаа гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл болсон.

10. Иймд, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0017 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0543 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ..

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

12. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжаар Монголын үндэсний Арбитрын шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн маргаан нь шийдвэрлэгдсэн гэх үндэслэлээр тус аймгийн Ханхонгор сумын нутагт өмнө нь 1999 оноос эхэлж жуулчны баазын үйл ажиллагаа эрхэлж байсан “Монгол Хаад тур” ХХК-ийн 15000 м.кв газар эзэмших эрхийг 5 жилээр тогтоон сэргээж, энэ захирамж гарсантай холбогдуулан 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоот захирамжид орсон “Гюүг хаан”-д холбогдох заалт болон “ИХТ” ХХК-д олгогдсон 0039032 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон байна.

13. Мөн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамжаар “Монгол хаадууд тур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван, “Мөнгөн ауруг” ХХК-ийн захирал Ч.Мөнхтулга нарын хооронд байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай гэрээг үндэслэн гэрчилгээг “Мөнгөн ауруг” ХХК-д шилжүүлжээ.

14. Хэрэгт цугларсан нотлох бармтуудаас үзвэл, Монгол Улсын иргэн Т.Нарангэрэл, Герман улсын иргэн Вернер Вайглайн нар аялал жуулчлал, гадаад дотоод худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр 2 гишүүнтэй, Монгол Германы хамтарсан “Монгол хаад тур” ХХК-ийг 1999 онд үүсгэн байгуулж, Монгол талын захирлаар Т.Нарангэрэл ажиллаж байсан, “Монгол хаадууд тур” ХХК нь одоогоор татан буугдаагүй, 2003 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдсан 1 гишүүнтэй “ИХТ” ХХК нь “Монгол хаадууд тур” ХХК-иас тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулдаг, Т.Нарангэрэл мөн энэ компанийн захирлаар ажиллаж байсан үйл баримтуудын тухайд маргаангүй байна. 

15. Харин нэхэмжлэгч “ИХТ” ХХКомпани нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Хавцгайтын адаг гэдэг газарт “Монгол хаадууд тур” ХХК–ийн 1999 оноос аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байсан 15000 м.кв газрыг өөрийн эзэмшлийн газар хэмээн маргаж, дээрх маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүсчээ. Тодруулбал, Өмнөговь Ханхонгор сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжаар “Монгол хаадууд тур” ХХК-ийн жуулчны баазын зориулалтаар эзэмшиж байсан 1,5 га газрыг “Гюүг хаан” жуулчны баазад эзэмшүүлэхээр шийдвэрлэж, үүнийг үндэслэн “ИХТ” ХХК-д 0039032 дугаар гэрчилгээ олгосноор нэхэмжлэгч нь маргаж буй газрыг эзэмших эрхтэй гэж үзсэн байна.

16. Хэрэгт авагдсан Монголын Үндэсний арбитрын 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар шийдвэрт тусгагдсанаар “Монгол хаад тур” ХХК нь Дорноговь аймгийн Сайхан овоо сумын нутагт 3 га, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Хавцгайтын адаг гэдэг газарт 15000 м.кв, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт 1.5 га, Булган аймгийн Рашаант сумын нутаг Хөгнө хаан ууланд 1.0 га, Налайх дүүргийн Тэрэлж бүүвэйтийн аманд 2.0 га газарт тус тус жуулчны бааз ажиллуулж байсан бөгөөд уг шийдвэрээр “Монгол хаад тур” ХХК-ийн санхүүгийн тайлан балансад тусгагдсан дээрх хөрөнгө болох жуулчны таван баазаас нэг буюу Тэрэлж дэх жуулчны баазын гэр, тавилга, бусад бүх тоног төхөөрөмж, хөрөнгийн өмчлөгчөөр Т.Нарангэрэлийг, бусад дөрвөн жуулчны бааз дахь гэр, тавилга, бусад бүх тоног төхөөрөмж, хөрөнгийн өмчлөгчөөр  Герман улсын иргэн Вернер Вайглайныг тус тус тогтоож, эдгээр жуулчны баазтай холбоотой газрын тухай маргааныг арбитрын бүрэлдэхүүн харъяалан шийдвэрлэх боломжгүйг дурдсан байна.

17. Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т зааснаар бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн газар нутагт байгуулах жуулчны үйлчилгээний байгууллага /жуулчны бааз/-д газар эзэмших зөвшөөрлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон тоо, байршлыг баримтлан зохих хууль тогтоомжийн дагуу олгож гэрээ байгуулах эрхтэй гэж заасан, жуулчны баазын үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу олгогдсон газаргүйгээр эрхлэх боломжгүй бөгөөд дээрх Арбитрын шүүхээр маргалдагч талуудад тогтоосон хөрөнгийн эрхээс газар эзэмших эрхийг тусад нь салгаж ойлгох үндэслэлгүй тул маргааны үйл баримтыг Арбитрын шүүхийн шийдвэртэй холбож дүгнэх зайлшгүй шаардлагатай юм.

18. Эдгээрийг дүгнэвэл, дээр дурдагдсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжийн холбогдох заалт болон энэ захирамжийг үндэслэн “ИХТ” ХХК-д олгосон 0039032 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, “Монгол хаадууд тур” ХХК-д хуучин эзэмшил газрыг 5 жилийн хугацаагаар аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамж нь  хариуцагчаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны захиргааны акт ба хариуцагч нь уг актыг гаргахдаа  “Монгол хаад тур” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хоорондох хөрөнгийн маргааныг хянан шийдвэрлэсэн Арбитрын шүүхийн шийдвэрийг үндэслэсэн нь буруу биш байна.

19. Дээрх шийдвэр нь нэгэнт хуульд нийцсэн, “ИХТ” ХХК нь маргаж буй газрыг эзэмших эрхгүй байх тул “Монгол хаадууд тур” ХХК-иас “Мөнгөн ауруг” ХХК-д “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх шаардлагыг хангасан хууль ёсны гэж үзнэ.

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тухайн ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн эрхийг зөрчсөн гэж байгаа шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг эрх сэргээгдэх учиртай. Гэтэл энэ маргааны тухайд “ИХТ”ХХК-д анхнаасаа хууль ёсны дагуу газар эзэмших эрх үүсээгүй байх тул маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх нь сэргээгдэх нь тодорхойгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ. 

21. Харин анхан шатны шүүх  “...“Монгол хаад тур” ХХК нь газар эзэмших эрхгүй байсан...” гэх зэргээр үндэслэл муутай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх залруулаагүй буруутай боловч энэ нь “...хууль зөрчсөнийг тогтоосон атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр гаргасан...” гэж нэхэмжлэгчийн гомдолд дурдсанаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл биш байна.

22. Иймээс нэхэмжлэгчийн нотлох баримт буруу үнэлсэн гэж үйл баримт дурдсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ..

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0017 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0543 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ