| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00005/И |
| Дугаар | 303/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *****************
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ********************* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие **************** нь 1969 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1149 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд Үржлийн малын “Арцат” хувьцаат компани хэлбэрээр аж ахуйн нэгж болон зохион байгуулагдах 1992 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн төсөл, хавсралт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2806 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Гэрэл” нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар тушаал, хавсралт, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0801/3254 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 880 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Гэрэл” нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тушаал, хавсралт, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч**************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ****************** 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч З.Энхтөр нь 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 8 дугаар анги төгсөгчдөөс МХЗЭ-ийн илгээлтийн дагуу малчнаар томилох тухай Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Гэрэл” нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар тушаал, хавсралт, ардын цэрэгт татагдсан тул ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Гэрэл” нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тушаал, 1985-1987 онуудад авч байсан цалин хөлсийг тэмдэглэсэн 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч **************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ************** 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр сумын Гэрэл нэгдэл нээж, нэгдлийн дарга *************гарын үсэг зурж, нэгдлийн тамгыг дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр зөрүүгүй, түүний ажиллаж байх үед авч байсан цалин хөлсийг нь сар бүрээр нь олгож, нягтлан бодогчийн тэмдэг дарагдсан байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
5. Иймд хүсэлт гаргагч *****************1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ********************1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА