| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/01066/И |
| Дугаар | 303/ШШ2025/00087 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ********************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, зөвлөмжийн хуудас, хөдөлмөрийн 294816 дугаартай дэвтрийн хуулбар, Батлах хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 971 дүгээр лавлагаа, цэргийн 538364 дүгээр батлахын хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1619 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Гэрэл” нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 33 болон 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар тушаалууд, түүний хавсралтууд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Гэрэл” нэгдлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 болон 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч ***************** мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч *************** нь 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: ****************** нь 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1981 онд 9 сард 277 төгрөгийн цалин авсан болон 1987, 1989, 1991 онуудад нотлох баримт түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1619 дүгээр лавлагаа, цэргийн албанд тэнцсэн тул ажлаас чөлөөлсөн тухай Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Гэрэл” нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 33 тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *************** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Харин ************ 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, цалин болон бусад баримт архиваас гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иймд хүсэлт гаргагч *************** 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ********************** 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч****************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА