Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/03420

 

 

 

2024.07.17                                                                                       101/ШШ2024/03420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, …-р хороо, рашаан … тоотод оршин суух, ….г /рд:…/-ийн хууль ёсны төлөөлөгч … /рд:../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ..-р хороо, … тоотод оршин суух, Боржигон овогт … /рд:…/-д холбогдох,

...ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ...-р хороолол, /13341/ ...-р байр, ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өвлөгчөөр ...ийг тогтоолгох, орон сууцнаас ногдох хэсэгт 65,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ...ийн хууль ёсны төлөөлөгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, К.Отгонцэцэг, хариуцагч ..., хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Будханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...ийн хууль ёсны төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ... нь нөхөр болох ...тэй 2012 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2013 оны 09 сарын 01-ний өдөр хүү ... маань мэндэлсэн. Хүүгээ төрсөн цагаас хойш талийгч нөхрийн том хүү Д.Эрдэнэболдын хамт Баянзүрх дүүрэг 22-р хороо, ...-р хороолол, ...-р байр ... тоотод амьдарч эхэлсэн. Миний нөхөр ... нь 2020 оны 10 сарын 01-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлээс ...дугаар нас барсны гэрчилгээ олгосон. Бидний хувьд хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Талийгаач ...ийн асрамжид ... байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2020 оны 12 сарын 03-ны өдрийн 181/шш2020/02...7 дугаар шүүхийн шийдвэрээр хүү ...ийг ...ийн хүүхэд мөн бөгөөд нас барах хүртэл талийгч ...ийн асрамжид байсныг тогтоон шийдвэр гаргасан. Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ч.Батбилэгт Өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргасан боловч уг орон сууц нь маргаантай байх тул өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй болохыг тодорхойлж, уг маргаанаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэх хариуг өгсөн. Одоо дээрх байранд том хүү ... нь амьдарч байгаа бөгөөд ...ийг өвлөх эрхээс татгалз гэж шахаж дарамт учруулж байгаа тул миний хүү ...ийн өвлөх эрх зөрчигдөж байна. Иймд ...ийн өмчлөлийн ... улсын бүртгэлтэй, ... гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 22-р хороо, ...-р хороолол /13341/ ... байр, ... тоот 65.50м2 талбайтай орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. /Уг байр нь: зах зээлийн ханш 130.000.000 төгрөг байгаа бөгөөд 65.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн болно./ Тус шүүхийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 29203 тоот захирамжаар Иргэний хуулийн 531.3-д зааснаар ..., ... нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Монголын Нотариатчдын танхимд хүсэлт гаргасан боловч хувь хүний нууцтай холбоотой баримтыг гаргаж өгөх боломжгүй гэх хариу өгсөн байх тул шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэлд хавсаргасан материалд 2022 оны 12 сарын 01-ны өдрийн нотариатч Ч.Батбилэгийн тодорхойлолтод өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй талаар дурдсан байгааг шүүхээс харгалзан үзэхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч ...ийн хууль ёсны төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ч.Батбилэгт Өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргасан боловч уг орон сууц нь маргаантай байх тул өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй болохыг тодорхойлж, уг маргаанаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэх хариуг өгсөн. Одоо дээрх байранд том хүү ... нь амьдарч байгаа бөгөөд ...ийг өвлөх эрхээс татгалз гэж шахаж дарамт учруулж байгаа тул миний хүү ...ийн өвлөх эрх зөрчигдөж байна. Иймд ...ийн өвлөгч өмчлөлийн ... улсын бүртгэлтэй, ... гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 22-р хороо, ...-р хороолол /13341/ ... байр, ... тоот 65.50м2 талбайтай орон сууцны өвлөгчөөр тогтоож, орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд надад холбогдуулж гаргасан ...ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө нотариатад өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан боловч уг орон сууц маргаантай байх тул өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй болохыг тодорхойлсон гэжээ. Харин уг орон сууцыг ... нь орон сууцыг бусдын эрх ашгийг хөндөж өвлөгчөөр тогтоолгох эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тухайн маргаан бүхий орон сууцын өвийн талаар өөр хэн нэгэн хүн маргаж байгаа зүйл байхгүй. 2020 онд Туяацэцэг нь манайхаас явсан. Тухайн үед манай аавын дүү том хүүхдэд нь байраа өвлүүлье. ...т ... чи өөрийн эзэмшлийн приус 30 авто машиныг шилжүүлж өг. Эрдэнэболд чи байрны зээлийг төлөөд ав гэсэн. Өрийн асуудал байгаа учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хх-ийн 4-31, 77-79-р тал,

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: байхгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хх-ийн ...-88, 110-131-р тал.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ...ийн хууль ёсны төлөөлөгч ..., хариуцагч ...од холбогдуулан өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ...-р хороолол, /13341/ ...-р байр, ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр ...ийг тогтоолгох, уг орон сууцны ногдох хэсэг болох 65,500,000 төгрөгийг гаргуулах-аар шаардсан ба энэ шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч өр төлбөрийн асуудал байгаа, приус авто машиныг шилжүүлж өгсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгчийн орон сууцыг өвлөх хүсэлтийг ... зөвшөөрөхгүй, оногдвол зохих хэсгийг өгөхгүй маргаж байгаа тул шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Талийгаач ..., нэхэмжлэгч ... нар гэрлэлтээ бүртгүүлээгүй хамт амьдарч байсан, тэдний дундаас 2013 оны 09 сарын 01-нд Эрдэнэбилэгийн Одбилэг төрсөн, хариуцагч ... нь талийгаач ...ийн хүү болох нь зохигчийн тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-5, 33/

Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ...-р хороолол, /13341/ ...-р байр, ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 08 сарын 20-ны өдөр Доржготовын Эрдэнэбилэг бүртгүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх ... дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-5/

Дээрх орон сууцны өмчлөгч ... 2020 оны 10 сарын 06-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-4/

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байхаар хуульчилсан тул нэхэмжлэгч ..., хариуцагч ... нарыг талийгаач ...ийн хууль ёсны өвлөгч мөн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч ...талийгаач ...ийн төрсөн эх байгаа, энэ талаар мэдэж байгаа... гэж тайлбарлаж байх ба талийгаачийн эх маргаан бүхий орон сууцын өвийн талаар маргасан гэх баримт хэрэгт авагдаагүй тул өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

... нь хүү ...ийг ...ийн өвлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Маргаан бүхий орон сууцанд талийгаач ..., эхнэр ..., хүү ..., ... нарын хамт 2020 оны 10 сарын 06-ны өдрийг хүртэл амьдарч байсан, талийгаачийг нас барснаас хойш одоог хүртэл хариуцагч ... эзэмшиж байгаа болох нь зохигчийн тайлбар, ... дугаартай гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн албан бичгээр тогтоогдож байна. /хх-5, ...-87/

Иргэний хуулийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528 дугаар зүйлийн 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3-т энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж тус тус заажээ.

... нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар талийгаач ...ийн өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүх хуралдаанд орон сууцыг дангаар өмчлөх хүсэлтэй гэж тайлбарлаж байх тул талийгаач ...ийн өвийг хүү ... нь хүлээн авсан гэж үзнэ.

Хариуцагчийн ...бусдад өртэй, приус маркийн авто машиныг шилжүүлж өгсөн... гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй.

Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ...-р хороолол, /13341/ ...-р байр, ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцын зах зээлийн үнэлгээ 136,128,576 төгрөг болох нь Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх-111-131/

..., ... нар талийгаач ...ийн өмчлөлийн орон сууцыг тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй, ... өвийг хүлээн авсан боловч ...т оногдох хэсгийг өгөхгүй байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд талийгаач ...ийн хууль ёсны өвлөгч нэхэмжлэгч ... мөн болохыг тогтоож, өвлөгдөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ...-р хороолол, /13341/ ...-р байр, ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцнаас хууль ёсны өвлөгч ...т оногдох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүн шинжээчийн дүгнэлтийн дүнгээс хэтрээгүй байх тул 65,500,000 төгрөгөөр тооцож хариуцагч ...оос гаргуулж нэхэмжлэгч ...ийн хууль ёсны төлөөлөгч ...т олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ... өвлөгдөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ...-р хороолол, /13341/ ...-р байр, ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцнаас хуульд зааснаар оногдох хэсгээ шаардаж, шүүх шийдвэрлэсэн тул ... нь улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөгчөөр бүртгүүлэх эрхтэйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... дугаар зүйлийн 1....2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан талийгаач ...ийн хууль ёсны өвлөгч нэхэмжлэгч ... мөн болохыг тогтоож, өвлөгдөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, ...-р хороолол, /13341/ ...-р байр, ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцнаас хууль ёсны өвлөгч ...т оногдох хэсэгт 65,500,000 /жаран таван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч ...оос гаргуулж нэхэмжлэгч ...ийн хууль ёсны төлөөлөгч ...т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 555,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТЦЭЦЭГ