Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 492

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

Иргэдийн төлөөлөгч Э.Болорчимэг,

            Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч С.Батжаргал, Б.Дэлгэрцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сүрэнчимэд,

Гэрч Б.Содбаяр нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Ш.Бд холбогдох 201725031237 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1958 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, “Хос харцага харуул” хамгаалалтын газар харуул ажилтай, ам бүл 2, охины хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10В дугаар гудамжны 454 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ш.Б (РД:0000000000),

нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В10 дугаар гудамжны 454 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Долгоржавтай маргалдаж, улмаар түүнийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар нь болон зүүн бугалгын дээд, ар дунд хэсэгт хутгалж олон тооны шарх, гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би ажлаасаа тараад 12 цагт гэртээ ирсэн. Тэгэхэд Содбаяр найзтайгаа ирээд архи уусан. Надад нэг хундага архи хийж өгснийг би уусан. Цэндбаяр машин авсан гэж байсан. Би баяр хүргэж сайхан машин байна гэж хэлсэн. Тэр шөнө манай хүн надтай утсаар яриад хэрүүлийн шинжтэй юм яриад байхаар нь би утсаа салгасан. Маргааш нь талийгаач орж ирээд надтай маргалдан нэг юм авч над руу шидсэн. Тэр үед Содбаяр орж ирээд ээжийгээ аваад гарсан. Дараа нь Содбаяр орж ирээд “ээж явсан, та амар” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа талийгаач дахин орж ирээд “чи муу яахаараа амраад байж байдаг юм бэ, чамайг алаад өөрийгөө ална” гээд над руу дайрсан. Би айж сандраад гарт нь байсан хутгыг булааж авах гэж байсан. Гэтэл нэг мэдсэн чинь талийгаач миний өвөр дээр сулраад унасан. Миний гарт хутга байсан. Би сандраад “хүн алчихлаа” гээд орилж сандраад байж байтал хүүхдүүд орж ирсэн. “аав нь ээжийг нь алчихлаа, цагдаа дуудаарай” гэсэн. Би маш их харамсаж байна. Талийгаач биднийг орхиж яваад 10 гаран жил болсон ч миний 3 хүүхдийн ээж нь байсан. Би энэ хэрэгт маш их харамсаж байна” гэв.

            Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 6 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг 30 минутанд ажлаасаа буугаад гэртээ 11 цагийн орчимд ирсэн. Тэгээд намайг гэртээ ирэхэд хүү Содбаяр багын найз Дэмбэрэлийн хамтаар манайд ирсэн байсан. Тэр хоёр дундаа нэг шил Соёрхол архи тавьчихсан хоол хийж байсан ба би гэртээ ороод цай уучихаад байж байтал Содбаяр надад архинаас нэг хундаганд хийгээд өгөхөөр нь уучихсан. Тэгээд Дэмбэрэлийн амьдралын талаар яриад бид 3 хоолоо идсэн. Хоолоо идэхдээ бас нэг хундага архи уусан. Тэгтэл удалгүй дүү Цэндбаяр Содбаяр руу яриад шинэ машин авсан гэхээр нь би нааш нь дуудчих гээд гэр рүүгээ дуудуулсан. Тэгээд 13 цагийн үед талийгаач Долгоржав гаднаас орж ирсэн ба шууд жижиг өрөө рүү ороод өөрийнхөө бичиг баримт зэргийг үзээд байх шиг байсан. Тэгээд удалгүй 14 цагийн үед Цэндбаяр ирсэн ба бид нар юм яриад сууж байтал талийгаач жижиг өрөөнөөс гарч ирээд гэнэт чи намайг дүү нар болон хүүхдүүддээ дандаа буруугаар ойлгуулж, турхирдаг гэж дайрсан ба энэ үед Содбаяр Дэмбэрэл Цэндбаяр нар больцгоо гээд талийгаачийг гэрээс гаргаад хашаагаар гаргаад явуулчих шиг болсон. Тэгснээ хүү Содбаяр буцаж гэрт орж ирээд ээжийг явуулчихлаа та одоо жоохон амар гэж хэлсэн. Дэмбэрэл, Цэндбаяр бид 3 дэлгүүр орлоо гэж хэлээд гараад явсан. Тэгээд би ганцаараа зурагт үзээд хэвтэж байтал гаднаас дахин талийгаач орж ирсэн ба чи яасан жаргалтай хэвтдэг новш вэ хатсан борц чинь гэснээ чамайг би алчихаад өөрийгөө ална гээд, чи намайг хүүхдүүдээрээ хөөлгөж байна охин чинь хөөж байна хүү чинь хөөж байна гэх зэргээр над руу хутга аваад дайрсан. Тэгээд би сандраад босоод талийгаачийн хутга барьсан гарыг нь барьж авсан, талийгаач миний цээж рүү хутгатай гараараа хатгах гэж оролдсон, тэр үед бид хоёр ноцолдоод нааш цааш болоод гэрийн үүд рүү очоод гэрийн хаалгаар гарсан ба талийгаачийн бие нь гэнэт сулраад явчих шиг болсон, нэг мэдэхэд миний гарт хутга байсан, би тэр үедээ маш их сандраад яачихваа гээд орилоод, талийгаачийг өвөр дээрээ суулгаад хүн алчихлаа гээд орилсон, удалгүй Содбаяр Дэмбэрэл Цэндбаяр нар гаднаас ирсэн, би аав нь болохоо байлаа шүү цагдаа түргэн дуудаарай гэж хэлсэн. Содбаяр намайг түлхээд шууд талийгаачийг аваад өвөр дээрээ тэврээд та яаж байгаа юм бэ гээд над руу орилоод байсан. Би маш их балмагдаад юу болсныг бодох сөхөө байгаагүй. Тэгээд тун удалгүй цагдаа сэргийлэх ирсэн дээ. Талийгаач миний цээж рүү хутгаараа хатгасан ба тэр үед нь би амжиж гарнаас нь барьсан. Би ноцолдоод тойрох явцдаа талийгаачийн гарнаас хутгыг булааж аваад хатгасан гэж бодоод байгаа. Гэхдээ яг яаж хутгалсан гэдгээ бол үнэхээр санахгүй байна. Гэсэн ч миний гарт хутга байсан. Талийгаач над руу налаад л бие нь сулраад л ороод ирсэн. ...талийгаачийн зүүн гарын бугалганд үүссэн шархыг ямар байдлаас яаж учруулсан гэдгээ хэлье гэсэн ч санахгүй байна. Гэсэн ч энэ шарх энэ байдал надтай холбоотой учраас тэр үед л үүссэн гэж бодож байна. Тэгэхээр би талийгаачийг хутгалж дээрх шархыг учруулсан гэж бодож байгаа. Тэр үедээ маш ихээр балмагдаад юу хийснээ одоо ч сайн санахгүй юм” гэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сүрэнчимэд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Талийгаач миний төрсөн эгч байсан. Бид эх нэгтэй эцэг ондоотой байсан. Эгч маань 22-ны өдөр над руу утсаар яриад “Баясаа ах чинь хөөж байна” гэсэн. Тэгэхэд нь би “та манайд хүрээд ирээч” гэсэн. Эгч маань “маргааш танайд очно” гээд утсаа салгасан. Маргаш нь 16 цагийн үед Цэндээ гээд шүүгдэгчийн талын залуу над руу залгаж энэ хэргийн талаар ярьж намайг дуудсан. Би ээж дүүтэйгээ хамт очсон. Энэ хэрэгт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

            Ц.Сүрэнчимэд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би төрсөн эгч болох талийгаач Ц.Долгоржавын хууль ёсны төлөөлөгчөөр энэ хэрэгт оролцоно. Миний талийгаач эгч маань 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Эцэг эхээс арван хоёулаа, талийгаач нь дээрээсээ 3 дахь хүүхэд нь байсан. Дээрээ нэг ах нэг эгчтэй, доороо есөн дүүтэй, талийгаач эгч маань бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн, манай эгч хотод ажиллаж, сурсан, бид нар ээжтэйгээ хөдөө мал дээр байцгаадаг байсан. Тэгээд эгч маань 1980-аад оны үеэр гутлын үйлдвэрт эсгүүрчнээр ажилд орж 6 жил орчим ажилласан. Тэгээд ажлаасаа гараад ажил хөдөлмөр эрхэлж байсан ба гутлын үйлдвэрт ажиллаж байхдаа Баясгалан ахтай гэр бүл болоод хүүхдүүд нь төрсөн, Баясгаланд ажлаас нь бичил хороололд 2 өрөө байр өгсөн. Тэндээ хүүхдүүдээ хараад амьдардаг байсан. Сүүлдээ талийгаач хувиараа хоол хийж зардаг байсан. Тэгээд би 1992 онд хөдөөнөөс хотод ирээд Чингэлтэй дүүрэгт ирж амьдарсан ба байнга л эгч гэр бүлийн хамтаар манайхаар ирж уулзаж явдаг байсан. Энэ үед бол гэр бүлийн байдал их сайхан харагддаг байсан. Намайг 14 настай байхад манай аав, ээж салсан ба бид нэг хэсэгтээ тусдаа байх болсон. 2007 онд санагдаж байна, талийгаач нөхрөөсөө салсан ба энэ үедээ 28 дугаар сургуульд асрагчаар ажилладаг байсан бөгөөд тэнд байхдаа ажлынхаа залуутай танилцаад гэр бүл болсон. Тэр үед Баясгалан ах 3 хүүхэдтэйгээ үлдсэн ба бичилд байх байраа зараад одоо Чингэлтэйн хашаа байшинд ирсэн. Талийгаач ер нь архи уух гээд байдаг болсон ба тэр суусан хүнтэйгээ нийлээд архи дарс хэрэглэчихээд байдаг болсон, амьдрал нь нэг их тааламжтай байгаагүй юм шиг байна лээ. Бид ч энэ талаар нь зөндөө л хэлж байсан ч үг авахгүй явдаг байсан.” гэжээ.

            Гэрч А.Содбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй.” гэв.

  А.Содбаяр мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: “…Миний аав Ш.Баясгалан нь 1958 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Шагдарын 2 дахь хүү болж Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж бойжиж 28 дугаар сургуульд элсэн орж тэндээ төгссөн. Тэгээд бага байхад нь эцэг эх нь өнгөрөөд ах дүү нарын хамтаар амьдардаг байсан.10 жилээ төгсөөд 1979 онд Сулинхээрийн отрядад 3 жилийн цэргийн алба хааж ирээд гутлын үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд гутлын үйлдвэрт ажиллаж байхдаа ээжтэй танилцсан. Тэгээд би 1983 онд би төрсөн ба манайх Чингэлтэй дүүргийн 7 хороо Хувьсгалчдын в10-454 тоот хашааг худалдан авч байсан. Тэгээд 1993 он хүртэл амьдарч байгаад гутлын үйлдвэрээс аавд 2 өрөө байр өгсөн ба бид нар тэр байранд 1994 онд нүүж очиж байсан. Энэ хооронд манай эмэгтэй дүү 1990 онд төрсөн ба ээж Тэмүүжин Мэнч гэх нэртэй оёдлын үйлдвэрт оёдолчноор ажилд орж, харин аав Харилцааны холбооны АТС гэх нэртэй салбарт монтёрчноор ажил орж ажилласан. Тэгээд ээж 1995 он хүртэл энэ оёдлын үйлдвэртээ ажилласан ба аав 2011 он хүртэл уг газраа ажиллаад гарсан. Тэгээд энэ хугацаанд манайх бичилийн байраа 2001 онд зараад буцаад Чингэлтэйн хашаандаа буцаж очиж байсан. Энэ хугацаанд бол аав маань архи согтууруулах ундаа хэрэглэчихдэг болсон ба ээж 2006 оны үеэр Хараагүйчүүдийн 116 дугаар сургуульд нь туслах ажилтнаар 3 жил гаран ажилласан. Тэр үедээ л ээж маань Ганхуяг гэх хүнтэй танилцсан юм шиг байна лээ. Бид ч тэр байдлыг нь сайн мэддэггүй байсан аав энэ байдлыг гадарлаад л тэгээд ээж явлаа гээд л яваад өгсөн. Тэгээд шувуун фабрикт ээж маань амьдарч эхэлсэн ба аав хувиараа л ажил хөдөлмөр эрхлээд харуул хамгаалалтын газар ажиллах болсон ба сая хүртэл хамгаалалтын газарт ажиллаж байсан. Бид боломж нөхцлөөрөө ээж дээрээ очдог байсан. Тэр үед ээж маань бас л архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг болсон ба намайг ирээд ав гээд хэлээд байдаг байсан. Тэгээд 2017 оны 4 дүгээр сард ээж гэртээ ирэхээр болоод бид нүүлгэж авчирч байсан. Тэгээд бид ээжийгээ Чингэлтэйн байшиндаа авчирсан. Өөр хааш нь аваачих вэ дээ. Ээжийг ирлээ гээд аав их дургүй байсан ба ээжид ч гэсэн нэг их таатай байгаагүй. Тэгээд аавын дүү ээжийг баншны кафе гэх нэртэй цайны газар бэлтгэгчээр ажилд оруулсан ба тэндээ 1 сар гаран ажилласан. Ээж маань ирснийхээ дараа ч гэсэн архи уугаад байна гээд л аав надад зөндөө хэлж байсан, хэцүү байна гээд л байдаг байсан. ...Би Цэндбаяр, Дэмбэрэл нарын хамтаар хашааны гадна байж байтал гэрт аав ээж 2 маргалдах шиг болсон. Тэгээд би гэрт ортол аав ээж хоёр нилээн ширүүн хэрэлдээд сандал аав руу шидээд хэрүүл хийгээд байсан ба ээж маань ингэж явахаар би үхээд өгье, нэг бол би зайлна, үгүй бол чи зайл гээд дайраад орилоод байхаар нь би ээжийг тайвшруулж гаргаад, гудамжны үзүүр хүртэл явуулаад ажил руугаа яв гэж хэлсэн. Тэгээд ээж ажил руугаа явлаа гээд явчих шиг болсон. Би эргээд Цэндбаяр, Дэмбэрэл нартай уулзаад машинаар нь дэлгүүр яваад иртэл ийм асуудал болчихсон байсан. Ээж маань архи уучихаараа зан ааш нь өөрчлөгдөөд байдаг болсон ба нэг удаа аавтай хэрэлдээд энэ хашаа байшин чинь минийх гээд байсан, аав энэнд нь уурлаад байдаг байсан. Би та нар битгий ийм юм ярьж бай гээд л тайвшруулаад өнгөрдөг байсан.” гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.А.Цэндбаяраас: “…2017 оны 06 сарын 23-ны өдөр машин худалдаж авчихаад 14 цаг 25 миниутын үед үеэл Содбаяр руу залгаад машин авсан тухайгаа яриад, хүрээд ирээч машиныг чинь үзье гээд байхаар нь би 15 цаг өнгөрч байхад Содоогийн аавынх болох Баясгалангийн гэрт буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ 10-454 тоотод Содоотой уулзах гээд хашааны гадна ирээд хаалгыг нь нүдхэд Содбаярын аав Баясгалан, найз Дэмбээ, Содбаяр 3 халамцуу гарч ирээд миний машиныг тойрч сонжиж үзээд хашааны гадаа 30 орчим минут юм ярьж байгаад Баясгалан ах түрүүлээд гэр рүү яваад орсон. Содбаяр, Дэмбээ, бид 3 хашааны гадаа зогсож байхад гэр дотроо Баясгалан, эхнэр Долгоржавтай хэрэлдэж муудалцсан ярих чимээ гарсан. Тэгээд Содбаяр гүйж орж салгасан бололтой Долгоржав эгчийг аваад хашааны гадаа гарч ирсэн. Долгоржав эгч жаахан согтсон архи үнэртэж байсан. Надтай мэнд мэдчихээд дунд охин Энхтуулынх руу Хан-Уул дүүрэг рүү явсан. Тэгээд Содбаяр, Дэмбээ бид 3 тамхинд явах гээд миний машинтай гудамжны баруун талаар тойроод дэлгүүр орж 20 орчим минут болоод гэр рүү нь орох гээд хашаа руу нь явж ороод алхаж явсан чинь Долгоржав эгч байшингийнхаа үүдний таамбарт цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. Тэгээд сандраад гүйж очоод юу болов, яав гэж асуухад цаана нь Баясгалан ах Содбаярт хандаж аав нь ээжийг нь хутгалчихлаа гээд сууж байсан. Содбаяр ээж дээрээ очоод уйлаад сууж байхад Баясаа ах надад хандаж ахыг нь үнэхээр ир доромжилсон, үнэхээр тэссэнгүй гээд уйлаад байсан. Тэгээд хаанаас юм бүү мэд нэг хутга гаргаж ирснээ өөрийгөө хутгалах гэж оролдоход нь Дэмбээ 2 шуун дээрээс нь барьж аваад би хутгыг нь салгаж авсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. ...Гэрт бид нараас өөр хүн байгаагүй. ...Бүгд бага зэргийн согтолттой байсан” гэжээ.

            2.М.Дэмбэрэлээс: “…Намайг очиход Содбаяр ганцаараа байсан. 12 цагийн орчимд Баясгалан гэртээ ирсэн. Би Баясгалан ахыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг нээх анзаараагүй. Тэр үед Содбаяр бид 2 нэг шил 0.5 граммын Соёрхол архийг хуваагаад уугаад дуусч байсан. Тэгээд Содбаяр бид 2 дахин нэг шил архи авахаар гараад дэлгүүр ороод архи аваад ирэхэд Баясгалан ганцаараа гэртээ хоол хийгээд байж байсан. Тэгээд сүүлд авчирсан архиа Баясгалан ах Содбаяр бид 3 хуваагаад уух гээд байж байтал талийгаач Долгоржав гаднаас ороод ирсэн. Тэгтэл Содбаяр талийгаачийг цаад өрөөнд оруулаад хоол оруулж өгч байсан. Тэгээд Содбаяр ээж ажилдаа яваагүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр архиа Баясгалан ах Содбаяр бид 3 хуваагаад уугаад дуусгасан. ...Талийгаач гэрт цаад өрөөнд л суугаад надтай мэндлээд суугаад байсан. ...Цэндбаяр үдээс хойш л ирсэн. Цагийг нь сайн санахгүй байна. Тэгээд Цэндбаяр гэрт орж ирчихээд машин авсан гэсэн ба шууд Содбаяр Баясгалан ах бид 3 гараад Цэндбаярын машиныг хашааны гадна байхад нь үзсэн. Тэгээд Баясгалан ах Цэндбаярын машиныг асаагаад үзсэн. Тэгээд Баясгалан ах сайхан машин гэж хэлчихээд гэр рүүгээ орсон. ...Бид хэдийг гадна байхад Баясгалан ах талийгаач нар хэрэлдээд байгаа бололтой чанга хашгираад юм авч шидээд байгаа бололтой чимээ гараад байсан. Тэгэхээр нь би Содбаярыг юу болоод байгаа юм бэ гэж хэлтэл Содбаяр гүйгээд гэр рүүгээ орсон. Тэгснээ Содбаяр талийгаачийг аваад гараад ирсэн ба цааш дагуулаад гудамжны үзүүр рүү явж байх шиг харагдсан ба удалгүй Содбаяр ирээд ээжийг явуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид 3 тэндээ хэсэг байж байгаад Цэндбаяр тамхи авахаар машинаар нь явсан ба тамхи аваад удалгүй буцаад ирсэн. Тэгээд Цэндбаяр түрүүлээд хашаагаар орсон ба энийг хараач ээ гэсэн. Содбаяр бид 2 хартал Баясгалан ахын гэрийн хаалга нь онгорхой, талийгаачийн хөл нь хаалгаар цухуйгаад газар хэвтэж байсан. Тэгээд Содбаяр гүйж ороод Цэндбаяр бид 2 араас нь ортол гэрт Баясгалан ах газар суучихсан байсан ба талийгаач газар хэвтчихсэн, талийгаачийн өмссөн хувцасны энгэр норчихсон байсан ба бид нар сандралдаад би шууд цагдаа руу залгаад бас эмнэлэг дуудсан. Тэр үед Содбаяр талийгаачийг тэвэрсэн ба хутгалчихсан байна ш дээ гэж хэлсэн. Тэр үед Баясгалан ах Цэндбаяр бид хоёрыг ойртуулахгүй цаашаа байгаарай гээд байсан, тэрүүхэн хэсэгт бүгд балмагдаад юу хийхээ мэдэхгүй л байсан. Тэгтэл Содбаяр хүүе наадахаа гэж хэлсэн ба би хартал Баясгалан ах гартаа хутга барьчихсан цээжиндээ тулгасан байхаар нь би ухасхийгээд Баясгалан ахын барьсан байсан хутгыг нь булаагаад авсан, Цэндбаяр ирээд гарыг нь бариад тэгээд бид 2 дараад авсан. ...Талийгаач биднийг орж ирэхэд амьсгалаад л байсан. Ямар нэг зүйл хэлж ярьсан зүйл бол байхгүй” гэжээ.

            Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.6.30-ны өдрийн ¹1257 тоот дүгнэлтэд:

            1.Талийгаач Ц.Долгоржавын цогцост цээжний зүүн талд хөхний хэсэгт босоо байрлалтайгаар урдаас арагш, ялимгүй зүүнээс баруун чиглэлтэй цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн тавдугаар хавирга, үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгээр зүрхний ховдол руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий ба үнхэлцгийн хөндийн цусан хураа, зүүн бугалгын гадна дээд ба ар дунд хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун өвдөгний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтлүүдээс цээж болон, зүүн бугалганы шарх нь хурц, ир үзүүр бүхий зүйлийн, өвдөгний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

            4.Талийгаач нь цээжний зүүн талд хөхний хэсэгт босоо байрлалтай, урдаас арагш, ялимгүй зүүнээс баруун чиглэлтэй цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн тавдугаар хавирга, үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгээр зүрхний зүүн ховдол руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ.

            5.Талийгаачид үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.

            6.Талийгаачид хийсэн хими-н шинжилгээгээр цусанд 3.0 промилли, ходоодны шингэнд 5.4 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

            7.Талийгаач нь дөрөвдүгээр бүлгийн цустай байна гэжээ.

            Криминалистикийн шинжилгээний 2017.6.27-ны өдрийн ¹3630 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн хар хүрэм 2.4 см, эрээн даашинз 2.8 см, хар торон хөхөвч 2.5 см хурц иртэй зүйлтэй харилцан нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд байна.

           2.Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.8.09-ний өдрийн ¹743 тоот дүгнэлтэд:

            1.2.Ш.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт үгүй байна.

            3.4.Ш.Б нь сэтгэцийн өвчингүй байна.

            5.Ш.Б нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            6.7.Ш.Б нь СЭМҮТ-д хэвтэж эмчлүүлсэн баримт үгүй байна гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл:

Нэг.Прокуророос шүүгдэгч Ш.Баясгаланг хамтран амьдрагч Ц.Долгоржавтай маргалдаж, улмаар түүнийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар нь болон зүүн бугалгын дээд, ар дунд хэсэгт хутгалж олон тооны шарх, гэмтэл учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хүнийг алсан гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөл буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсэн байсан гэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Тухайлбал хохирогчийг 2 удаа хутгалснаас цээжинд нэвтэрсэн, зүүн бугалганд зүсэгдсэн шарх үүссэн, өвдөгний цус хуралт хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх ба талийгаачийн цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн тавдугаар хавирга, үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгээр зүрхний зүүн ховдол руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтлийн улмаас хурц цус алдаж нас барсан байдлыг хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон шинжгүй байсан болох нь цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.6.30-ны өдрийн ¹1257 тоот задлан шинжилгээний дүгнэлт,

            Ш.Баясгалангийн сэжигтнээр мэдүүлсэн “тэр үед бид хоёр ноцолдоод нааш цааш болоод гэрийн үүд рүү очоод гэрийн хаалгаар гарсан ба талийгаачийн бие нь гэнэт сулраад явчих шиг болсон, нэг мэдэхэд миний гарт хутга байсан, би тэр үедээ маш их сандраад яачихваа гээд орилоод, талийгаачийг өвөр дээрээ суулгаад хүн алчихлаа гээд орилсон, удалгүй Содбаяр Дэмбэрэл Цэндбаяр нар гаднаас ирсэн, би аав нь болохоо байлаа шүү цагдаа түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд тун удалгүй цагдаа сэргийлэх ирсэн” гэх мэдүүлэг,        

            гэрч Б.Содбаярын “би ээжийг тайвшруулж гаргаад, гудамжны үзүүр хүртэл явуулаад ажил руугаа яв гэж хэлсэн. Тэгээд ээж ажил руугаа явлаа гээд явчих шиг болсон. Би эргээд Цэндбаяр, Дэмбэрэл нартай уулзаад машинаар нь дэлгүүр яваад иртэл ийм асуудал болчихсон байсан” гэх мэдүүлэг,

            гэрч А.Цэндбаярын “Содбаяр, Дэмбээ, бид 3 хашааны гадаа зогсож байхад гэр дотроо Баясгалан, эхнэр Долгоржавтай хэрэлдэж муудалцсан ярих чимээ гарсан. Тэгээд Содбаяр гүйж орж салгасан бололтой Долгоржав эгчийг аваад хашааны гадаа гарч ирсэн. Долгоржав эгч жаахан согтсон архи үнэртэж байсан. Надтай мэнд мэдчихээд дунд охин Энхтуулынх руу Хан-Уул дүүрэг рүү явсан. Тэгээд Содбаяр, Дэмбээ бид 3 тамхинд явах гээд миний машинтай гудамжны баруун талаар тойроод дэлгүүр орж 20 орчим минут болоод гэр рүү нь орох гээд хашаа руу нь явж ороод алхаж явсан чинь Долгоржав эгч байшингийнхаа үүдний таамбарт цустайгаа холилдчихсон хэвтэж байсан” гэх мэдүүлэг,

гэрч М.Дэмбэрэлийн “...Бид хэдийг гадна байхад Баясгалан ах талийгаач нар хэрэлдээд байгаа бололтой чанга хашгираад юм авч шидээд байгаа бололтой чимээ гараад байсан. Тэгэхээр нь би Содбаярыг юу болоод байгаа юм бэ гэж хэлтэл Содбаяр гүйгээд гэр рүүгээ орсон. Тэгснээ Содбаяр талийгаачийг аваад гараад ирсэн ба цааш дагуулаад гудамжны үзүүр рүү явж байх шиг харагдсан ба удалгүй Содбаяр ирээд ээжийг явуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид 3 тэндээ хэсэг байж байгаад Цэндбаяр тамхи авахаар машинаар нь явсан ба тамхи аваад удалгүй буцаад ирсэн. Тэгээд Цэндбаяр түрүүлээд хашаагаар орсон ба энийг хараач ээ гэсэн. Содбаяр бид 2 хартал Баясгалан ахын гэрийн хаалга нь онгорхой, талийгаачийн хөл нь хаалгаар цухуйгаад газар хэвтэж байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

            Түүнчлэн яллах дүгнэлтэд хохирогчийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан хэмээн тогтоосон боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч нь хүчтэй согтуурсан, өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан гэх байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрч А.Содбаярын “...Би Цэндбаяр, Дэмбэрэл нарын хамтаар хашааны гадна байж байтал гэрт аав ээж 2 маргалдах шиг болсон. Тэгээд би гэрт ортол аав ээж хоёр нилээн ширүүн хэрэлдээд сандал аав руу шидээд хэрүүл хийгээд байсан ба ээж маань ингэж явахаар би үхээд өгье, нэг бол би зайлна, үгүй бол чи зайл гээд дайраад орилоод байхаар нь би ээжийг тайвшруулж гаргаад, гудамжны үзүүр хүртэл явуулаад ажил руугаа яв гэж хэлсэн. Тэгээд ээж ажил руугаа явлаа гээд явчих шиг болсон” гэх мэдүүлэг,  

            гэрч А.Цэндбаярын “Баясгалан ах түрүүлээд гэр рүү яваад орсон. Содбаяр, Дэмбээ, бид 3 хашааны гадаа зогсож байхад гэр дотроо Баясгалан, эхнэр Долгоржавтай хэрэлдэж муудалцсан ярих чимээ гарсан. Тэгээд Содбаяр гүйж орж салгасан бололтой Долгоржав эгчийг аваад хашааны гадаа гарч ирсэн. Долгоржав эгч жаахан согтсон архи үнэртэж байсан. Надтай мэнд мэдчихээд дунд охин Энхтуулынх руу Хан-Уул дүүрэг рүү явсан” гэх мэдүүлэг,

            гэрч М.Дэмбэрэлийн “...Бид хэдийг гадна байхад Баясгалан ах талийгаач нар хэрэлдээд байгаа бололтой чанга хашгираад юм авч шидээд байгаа бололтой чимээ гараад байсан. Тэгэхээр нь би Содбаярыг юу болоод байгаа юм бэ гэж хэлтэл Содбаяр гүйгээд гэр рүүгээ орсон. Тэгснээ Содбаяр талийгаачийг аваад гараад ирсэн ба цааш дагуулаад гудамжны үзүүр рүү явж байх шиг харагдсан ба удалгүй Содбаяр ирээд ээжийг явуулчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

            шүүх эмнэлгийн 2017.6.30-ны өдрийн ¹1257 тоот дүгнэлтэд “талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ” зэрэг нөхцөл байдлуудаас үзвэл гэмт хэрэг гарах үед хохирогч нь өөрийн үйлдлийг хянах чадвартай, бусадтай харьцаж, хариу үйлдэл хийж байсан байна. Тиймээс ч тухайн өдөр хохирогчийн хүү Б.Содбаяр ээжийгээ ажилд нь явуулж байжээ.    

Иймд шүүгдэгч Ш.Бг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хоёр. Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В10 дугаар гудамжны 454 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Долгоржавтай маргалдаж, түүний цээжний зүүн талд хутгалснаас хохирогч нь гэмтлийн улмаас хурц цус алдаж нас барсан болох нь шүүгдэгчийн “…Тэр шөнө манай хүн надтай утсаар яриад хэрүүлийн шинжтэй юм яриад байхаар нь би утсаа салгасан. Маргааш нь талийгаач орж ирээд надтай маргалдан нэг юм авч над руу шидсэн. Тэр үед Содбаяр орж ирээд ээжийгээ аваад гарсан. Дараа нь Содбаяр орж ирээд “ээж явсан, та амар” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа талийгаач дахин орж ирээд “чи муу яахаараа амраад байж байдаг юм бэ, чамайг алаад өөрийгөө ална” гээд над руу дайрсан. Би айж сандраад гарт нь байсан хутгыг булааж авах гэж байсан. Гэтэл нэг мэдсэн чинь талийгаач миний өвөр дээр сулраад унасан…” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сүрэнчимэдийн “…Эгч маань 22-ны өдөр над руу утсаар яриад “Баясаа ах чинь хөөж байна” гэсэн. Тэгэхэд нь би “та манайд хүрээд ирээч” гэсэн. Эгч маань “маргааш танайд очно” гээд утсаа салгасан. Маргаш нь 16 цагийн үед Цэндээ гээд шүүгдэгчийн талын залуу над руу залгаж энэ хэргийн талаар ярьж намайг дуудсан. Би ээж дүүтэйгээ хамт очсон. Энэ хэрэгт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Содбаярын “…Би Цэндбаяр, Дэмбэрэл нарын хамтаар хашааны гадна байж байтал гэрт аав ээж 2 маргалдах шиг болсон. Тэгээд би гэрт ортол аав ээж хоёр нилээн ширүүн хэрэлдээд сандал аав руу шидээд хэрүүл хийгээд байсан ба ээж маань ингэж явахаар би үхээд өгье нэг бол би зайлна үгүй бол чи зайл гээд дайраад орилоод байхаар нь би ээжийг тайвшруулж гаргаад, гудамжны үзүүр хүртэл явуулаад ажил руугаа яв гэж хэлсэн. Тэгээд ээж ажил руугаа явлаа гээд явчих шиг болсон. Би эргээд Цэндбаяр, Дэмбэрэл нартай уулзаад машинаар нь дэлгүүр яваад иртэл ийм асуудал болчихсон байсан. Ээж маань архи уучихаараа зан ааш нь өөрчлөгдөөд байдаг болсон ба нэг удаа аавтай хэрэлдээд энэ хашаа байшин чинь минийх гээд байсан, аав энэнд нь уурлаад байдаг байсан.” гэх мэдүүлэг,

            гэрч А.Цэндбаярын “... хашаа руу нь явж ороод алхаж явсан чинь Долгоржав эгч байшингийнхаа үүдний таамбарт цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. Тэгээд сандраад гүйж очоод юу болов, яав гэж асуухад цаана нь Баясгалан ах Содбаярт хандаж аав нь ээжийг нь хутгалчихлаа гээд сууж байсан” гэх мэдүүлэг,

            гэрч М.Дэмбэрэлийн “Тэгээд бид 3 тэндээ хэсэг байж байгаад Цэндбаяр тамхи авахаар машинаар нь явсан ба тамхи аваад удалгүй буцаад ирсэн. Тэгээд Цэндбаяр түрүүлээд хашаагаар орсон ба энийг хараач ээ гэсэн. Содбаяр бид 2 хартал Баясгалан ахын гэрийн хаалга нь онгорхой, талийгаачийн хөл нь хаалгаар цухуйгаад газар хэвтэж байсан. .. гэрт Баясгалан ах газар суучихсан байсан ба талийгаач газар хэвтчихсэн, талийгаачийн өмссөн хувцасны энгэр норчихсон байсан ба бид нар сандралдаад би шууд цагдаа руу залгаад бас эмнэлэг дуудсан. Тэр үед Содбаяр талийгаачийг тэвэрсэн ба хутгалчихсан байна ш дээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-13, 15-17, 20-22/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/, амь хохирогчийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-18-19/, хүний биед болон хувцсанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-25/, цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.6.30-ны өдрийн ¹1257 тоот шинжээчийн дүгнэлт /хх-63-64/, яаралтай тусламжийн хуудас, криминалистикийн шинжилгээний 2017.6.27-ны өдрийн ¹3630 тоот шинжээчийн дүгнэлт /хх-101/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.8.09-ний өдрийн ¹743 тоот дүгнэлт /хх-195-196/,  бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Боржигон овогт Ш.Бг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийг санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчдах үедээ гэмт хэрэг үйлдсэн хэмээн маргаж байгаа боловч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг дүгнэвэл гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Ш.Баясгалан нь бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэлд өртсөн, хүндээр доромжлогдсон, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хүнийг алсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Түүнчлэн өөр рүү нь хохирогч хутга бариад дайрсан хэмээн шүүгдэгч мэдүүлж байгаа боловч уг мэдүүлэг нь өөр бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй ба 2017.08.09-ний №06/446 тоот криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр хутган дээрээс хохирогчийн гарын мөр илрээгүй гэсэн нь шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэж байх тул шүүгдэгч Ш.Баясгаланг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сүрэнчимэд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ш.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүх шүүгдэгч Ш.Бгийн хувийн байдлыг харгалзан ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь Ш.Б нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 135 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Шүүгдэгч Ш.Бгийн 2004 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Баясгалангийн Оюун-Эрдэнэ (РД:УЦ04231061)-ий асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу түүний оршин суугаа дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

            2.Шүүгдэгч Боржигон овогт Ш.Бг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Бг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ш.Бгийн цагдан хоригдсон 135 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг хутга, цэнхэр өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн эмэгтэй хүний даавуун куртик, хар өнгийн эмэгтэй хүний хөхөвч, хар өнгийн эмэгтэй торон турсик, хар өнгийн эмэгтэй хүний ретузэн өмд, эрээн алаг өнгийн эмэгтэй хүний платье, Соёрхол нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 63, 66 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Бгийн 2004 оны 3 дугаар сарын 10-нд төрсөн охин Баясгалангийн Оюун-Эрдэнэ (РД:УЦ04231061)-ий хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зохих журмын дагуу тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай

9.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД                                                                   С.БАТГЭРЭЛ

                                                                               Г.БУЯННЭМЭХ