Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 111/ШШ2015/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч  Ц.Сувдмаа тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг дарга *******д холбогдох

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгож, Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, хариуцагч Бууцагаан сумын Засаг дарга *******, нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан ******* миний бие 2013 оны 05 дугаар сард ажлаасаа үндэслэлгүй халагдсаныг аймгийн Захиргааны хэргийн шүүх 15 тоот шийдвэрээр 2013 оны 10 дугаар сард эгүүлэн томилсны дагуу тус оны 12 дугаар сарын 23-нд ажилд орж ажиллаж байгаад Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжаар ажлаасаа үндэслэлгүй халагдлаа.

Засаг дарга *******гийн энэхүү захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг 2014 оны 10 дугаар сарын 15-нд аймгийн Төрийн албаны зөвлөлд хандан гаргасан бөгөөд энэхүү өргөдлийн хариу шийдвэрийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр надад гарган ирүүлэхдээ хууль шүүхийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэхийг зөвлөсөн тул тус сумын Засаг дарга ******* удаа дараагийн үйлдлээр хавчин гадуурхаж, миний хөдөлмөрлөх, нэр төртэй амьдрах, ажиллах, хөдөлмөрийн харилцаанд үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрсөн гэж үзэж бидний хөдөлмөрийн маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж үнэн зөвийг тунгааж өгнө үү хэмээн хандаж байна.

Энэхүү захирамжаар намайг ажлаас гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг барьсан байгаа бөгөөд үүнийг би үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилогдоод 2014 оны үр дүнгийн гэрээгээ албан ёсоор байгуулж ажиллаж байсан бөгөөд хагас жилийн ажлын тайлангаа гаргаж өгөхөд шалтгаангүйгээр дүгнэхээс татгалзаж гэрээг дүгнээгүй.

Би одоо нэг нас гаран нялх хүүхдийн хамт удаа дараа энэ хүний гаргасан өргөдлийн дагуу өмнө шүүхийн шийдвэр нэгэнт гарсан асуудлаар аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөл, аймгийн Прокурор, цагдаагийн хэлтэс, Улсын их хурлын гишүүн, авилгатай тэмцэх газар зэрэгт 1-2 удаа шалгуулж байсан бөгөөд тухай бүр намайг гэм буруутай гэж үзсэн тогтоол шийдвэр гаргаагүй байхад гэмтэн мэтээр гүжирдэн гүтгэж байгууллагын хурал болон иргэдэд буруу мэдээлэл хийж нэр төрд халдан бүдүүлэг авирлаж байгааг би ойлгохгүй байна.

1. 2014 онд удаа дараа хийгдсэн Аудитын болон Мэргэжлийн хяналтын шалгалтаар миний хариуцаж байсан төсвийн байгууллага санхүүгийн өр гаргаагүй ажилласан.

2. 2014 оны үр дүнгийн гэрээгээ албан ёсоор байгуулж, тайлагнаж, хагас жилээр аймгаас хийгдсэн үйл ажиллагааны хяналт мониторингийн шалгалтаар хангалттай дүнтэй шалгагдсан.

3. Би хөдөлмөрийн хуульд заагдсан хүндэтгэн үзэх шалтгаантай буюу одоо 1 нас 3 сартай нялх хүүхэдтэй.

4. Засаг дарга ******* ажлаас халснаа надад тайлбарлахдаа сумын орон нутгийн хөгжлийн санд тавигдсан акт санхүүгийн зөрчил нь Тамгын газар бодлогын удирдамжаар хангаж ажиллаагүй гэсэн үг. Тиймээс Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу тамгын газрын даргад хариуцлага тооцож байна гэсэн бөгөөд үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тус сумын орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг зарцуулахад огт оролцдоггүй, гүйлгээнд гарын үсэг зурдаггүй, тендерийн болон хяналтын хороонд байдаггүй бөгөөд Засаг дарга өөрөө захирамж гарган зарцуулдаг, энэ санд гаргасан алдаа зөрчлийг мэргэжлийн байгууллагууд шалгаж тогтоон акт тавьсан нь миний хариуцах хэрэг биш. Засаг даргын гаргасан алдааг Тамгын газрын дарга хүлээнэ гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй бөгөөд нөгөө талаар миний ажлын байрны тодорхойлолтод ч ингэж заагаагүй зэрэг олон хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байтал хөдөлмөрийн зөрчил гаргасан, бүр давтан гаргасан гэж үзэж байгаагаа надад хэлэлгүй, тайлбар авч шалгаж нотлолгүйгээр илтээр дээрэлхэж ажлаас гаргасанд би үнэхээр гомдолтой байна. Иймээс учир шалтгааныг нэг мөр болгон тогтоох үүднээс дараах шаардлагыг гаргаж байна. 1.Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгох, 2. Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, 3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөх үүрэгтэйгээр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүний ямар ямар эрх нь зөрчигдөөд байгаа вэ гэвэл 1. Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь зөрчигдсөн, 2.Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн, 3.Төрийн албанаас үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гэсэн үндэслэлээр түүний хөдөлмөрлөх эрх нь ноцтой зөрчигдөж байгааг хэлэх нь зүйтэй. *******ийг сумын Засаг дарга нь 2 удаа үндэслэлгүйгээр халсан. Анх Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар гэмт хэрэгт холбогдсон гэж ямар ч нотлох баримтгүйгээр халж байсан. Өнөөдөр ч гэсэн хариуцагч нь миний үйлчлүүлэгчийг маш олон зөрчил гаргасан, ажлаа хийж чадахгүй байсан гэж тайлбарлаж байна. Түүнийг яг ямар үндэслэлээр ажлаас халсан талаарх хангалттай нотлох баримтууд байхгүй байна. Анх ажилд авсан тушаалын талаар ярьдаг боловч тэр тушаал нь энэ асуудалтай ямар ч хамааралгүй юм. Хариуцагч Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах ёстой, үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэж ярьж байгаа боловч энэ талаарх баримтууд байдаг юм. *******ийн хувьд ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн хөндлөнгийн байгууллагын ямар нэгэн дүгнэлт байхгүй бөгөөд түүнийг сахилгын зөрчил гаргасныг нотлох ямар ч баримт байдаггүй, өөрт нь энэ талаар танилцуулаагүй. Мөн ямар арга хэмжээ авах гэж байгаагаа тайлбарлаж өөрөөс нь хариу тайлбар аваагүй. *******ийг Улаанбаатар хот руу хүүхдээ эмчлүүлэх гээд явсан хойгуур нь буюу 2014 оны 10 сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжийг гаргасан байсан. Энэ захирамжид Төрийн албаны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримталсан байдаг. Энэ заалтад 2 буюу түүнээс дээш удаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг нотлох ямар ч баримт байдаггүй. Ер нь хэрэгт сахилгын зөрчил гаргасан талаар нотлох баримт байдаггүй. Сахилгын шийтгэл ногдуулахдаа 1995 оны 97 дугаартай журмыг баримтлаагүйгээр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь энэ журмын дагуу баримтжуулаад танилцуулаад нэмэлт тайлбар аваад шалгалт явуулан хийсэн бол хууль зүйн үндэстэй байсан.******* захирамж гарснаас хойш танилцаад өөрийн хүсэлтээр гаръя гэж хэлэхэд нь энэ байтугай би чамайг ажлаас чинь гаргана гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Хариуцагч нь *******ийг буруутгах гээд бүхий л байгууллагуудад хандсан байдаг боловч тэр бүгд нь хууль зүйн үндэсгүй тул татгалзсан гэсэн хариуг авсан байдаг. Ерөөсөө л өөрийн хувийн байдлаар хандсан, хуулиа мэддэггүй учир өөрийн хүчээр муйхарлаж ханддаг. Хуулийн дагуу ямар нэгэн шаардлага тавьдаггүй, өөрт нь таалагдахгүй бол сахилгын ямар нэгэн арга хэмжээг авдаг байдал харагдаж байна. *******ийн хувьд тус суманд Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг 6 жил хийсэн, хийсэн ажил нь үнэлэгдэх ёстой газраа үнэлэгдээд ирчихсэн байгаа. Өнөөдөр хавтаст хэрэгт нотлогдсон талаар ямар ч баримт байхгүй бөгөөд сахилгын зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул *******ийг ажилд нь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, уг захирамж нь хуулийн хүрээнд гараагүй учир хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг өмгөөлөгчийнхөө хувьд дэмжиж саналаа хэлж байна. Хуулийн хүрээнд хэргийг шийдэж өгнө үү гэв.

Хариуцагч Бууцагаан сумын Засаг дарга ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн *******ийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. ******* нь төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх заалтыг зөрчсөн учир 2014 оны сумын Засаг даргын 19 дүгээр захирамжаар сануулах сахилгын шийтгэл авагдсан. Мөн хуулийн дээрх заалт удаа дараалан болон 13.1.3, 13.1.5, 15.1.1, 15.1.2 дахь заалтуудыг удаа дараа зөрчсөн.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.1.1, 33.1.2, 33.1.3, 33.1.4, 33.1.5 дахь заалт чиг үүргийг хуулийн түвшинд хэрэгжүүлээгүй учир ажлаас халагдсан болно. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, Төрийн албаны тухай хуулийн 16.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 27.1 дэх заалт зөрчигдөж байсан нь *******ийн гаргасан нэхэмжлэлээр нотлогдож байна.

Төрийн албан хаагчийн алдаа дутагдлаа засахын өмнө хариуцлагаас зайлсхийн дээд шатны байгууллага, албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад удаа дараалан ташаа мэдээлэл өгч байна. Сумын Засаг даргаас гэрээ байгуулах дүгнэхээс татгалзсан шийдвэргүй бөгөөд харин гэрээгээ хэрэгжүүлэх, дүгнэх доод шатны багийн Засаг дарга ажилтнуудтай гэрээ хийх, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах, дүгнэх, үр дүн тооцон Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслан ажлын албыг хэвийн ажиллуулах шаардлага өдөр тутам тавин ажилласныг хэрэгжүүлээгүй болно.

Ажлын хариуцлага тооцоход хүүхдийн байдлыг харгалзсан болно. *******ийн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон шийдвэргүй ажиллаж байгаа болон ажилд томилогдсон шийдвэрийг хуурамчаар үйлдсэн тухай шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалган тогтоосон болно. Шүүх, прокурор нь холбогдох хууль зөрчигдсөн төрийн хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний хөрөнгө завшсан, завшиж буй үйлдлийг дахин хянан үзэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Удаа дараа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээгүй ажилласан. Засгийн газар, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тогтоол шийдвэр захирамжийг биелүүлэх ажил арга хэмжээг авдаггүй. Сумын Тамгын газрын ажил унаж 2013 онд аймагтаа ажлаараа тэргүүлсэн тэргүүн байрнаас 2014 оны 10 дугаар сар гэхэд 20 дугаар байрт ухарч байгаад дүгнэлт хийж ажил сайжруулах арга хэмжээ авч ажиллаагүй. Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болно.

Тамгын газарт гаргадаг тогтоол шийдвэрийн биелэлтийг хянуулан бодитой шийдвэрлээгүй. Бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан, эрх зүйн ажлын мэдээ тайлан гаргаагүй, Хүний эрхийн ажил хоцрогдож, Засаг даргын захирамжийг хууль зүйн хэлтэст хянуулах зэрэг ажлууд хийгдээгүй сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, сумын ИТХ-ын өмнө хариуцлага хүлээх болсон. Аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан даалгавар, цаг үеийн ажлын удирдамжийг иргэд олон нийтэд хүртээмжтэй, чанартай зохион байгуулан хийж хэрэгжүүлж чадаагүй. Цаг хугацаа алдуулж бодлогын удирдлагаар хангаагүйгээс төрийн үйл ажиллагааг эрс сулруулсан. Засаг даргын захирамж албан тоотуудыг боловсруулдаггүй. Жил, сарын ажлын төлөвлөгөө батлуулаагүй ажилласан.Сумын Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн болон нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад Засаг даргад хуульд заасан ажлын албыг нь удирдан чиглүүлж тусалж чадаагүй эсрэгээр нь заргалдан тэмцэн ажиллаж хууль зөрчигдсөн байна.

Авилгатай тэмцэх газар, аймгийн Тамгын газар, төрийн албаны зөвлөл, цагдаагийн байгууллагын шалгалтаар ажилд томилогдсон шийдвэргүй, төсвийн хөрөнгө завшигдаж хохирол учирсан тул хохирол төлүүлэх арга хэмжээ авах нь тогтоогдсон. Шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн болох нь нотлогдсон болно. Иймд *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараахүндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч *******ээс Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргад холбогдуулан Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэг. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргад холбогдуулан Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлагын хувьд:

Бууцагаан сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 224 дүгээр захирамжийн дагуу *******ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилж, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас халжээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д ...Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэж заасан ба Улсын Дээд шүүхийн тайлбарт...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгохоор, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д ...хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно..., 15.4.1-д ...давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна... гэж хуулийг тайлбарлажээ.

Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга *******т сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба үүнээс өөр *******ийг ...удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэж үзсэн талаарх болон удаа дараа ямар сахилгын зөрчил гаргасан эсэх, гаргасан бол тухайн зөрчлүүдэд нь сахилгын шийтгэл ногдуулж байсан эсэх талаарх нотлох баримтуудыг хариуцагч талаас гаргуулахаар тус шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/38 дугаар Нотлох баримт гаргуулах тухай албан тоотоор шаардсан боловч энэ талаар баримт ирүүлээгүй, баримт байхгүй, хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно гэж хуульчлан заасан байна.

Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоол өдгөө хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байх бөгөөд уг тогтоол нь төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль зүйн эх сурвалж эрхийн акт юм.

Сахилгын шийтгэл хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан нь Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Журам батлах тухай 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын хоёрдугаар зүйлийн 4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна, зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний хувьд үр дүнгийн гэрээгээ албан ёсоор байгуулж дүгнүүлсэн. Энэ талаар Засаг даргын хурлын тайлан дээр авагдсан байгаа. Би тус сумын орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг зарцуулахад огт оролцдоггүй, гүйлгээнд гарын үсэг зурдаггүй, тендерийн болон хяналтын хороонд байдаггүй бөгөөд Засаг дарга өөрөө захирамж гарган зарцуулдаг, энэ санд гаргасан алдаа зөрчлийг мэргэжлийн байгууллагууд шалгаж тогтоон акт тавьсан нь миний хариуцах хэрэг биш. Засаг даргын гаргасан алдааг Тамгын газрын дарга хүлээнэ гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй Миний ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу би ажлаа сайн хийж ирсэн байтал хөдөлмөрийн зөрчил гаргасан, бүр давтан гаргасан гэж үзэж надад хэлэлгүй, тайлбар авч шалгаж нотлолгүйгээр халсанд үнэхээр гомдолтой байна... гэсэн,

Хариуцагчаас шүүх хуралдаан дээр ...*******ийг Бууцагаан сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Шийдвэр хэрэгжүүлэх тухай 224 дүгээр захирамжаар *******ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон. Тэрээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн. Мөн Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.3, 33.4, 33.5 дахь хэсэгт заасан чиг үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлээгүй учир ажлаас нь халсан. Мөн хуулийн 33 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйл зөрчигдөж байсан нь *******ийн өөрийнх нь гаргасан нэхэмжлэлээр нотлогдож байна. Мөн гэрээгээ хэрэгжүүлэх, дүгнэх доод шатны багийн Засаг дарга ажилтнуудтай гэрээ хийх, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах, дүгнэх, үр дүн тооцон Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслан ажлын албыг хэвийн ажиллуулах шаардлага өдөр тутам тавин ажилласныг хэрэгжүүлээгүй. ******* нь халах захирамж гарах гэж байгааг мэдсэн... гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч ******* өөрийг нь буруутгаж буй өөрийнх нь гаргасан гэх сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон баримт, үндэслэлтэй танилцах, түүнд тайлбар өгөх, эс зөвшөөрвөл дахин шалгалт явуулахыг хариуцагчаас шаардах хүртэл эрхтэй байхад нэхэмжлэгчид дээрх эрхийг нь эдлүүлэхгүйгээр, зөрчлийг баримтаар нотлохгүйгээр шууд халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Зүй нь зөрчлийг хөдөлбөргүй баримтжуулж тогтоон, энэ талаар зөрчил гаргагчид танилцуулж, тайлбарыг авч, эс зөвшөөрвөл дахин шалгалт явуулж тогтоосны дараа сахилгын шийтгэл хүлээлгэх байжээ.

Хариуцагч нь *******ийн гаргасан зөрчил гэх Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах; 13.1.5-ттөрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 15.1.1-д албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох, 15.1.2-т ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох,16 дугаар зүйлийн 16.2.3-т хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол хориглоно гэсэн, Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.1.1-д харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах, 33.1.2-т Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах, 33.1.3-т Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах, 33.1.4-т хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох, 33.1.5-т Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйл 27.1-д Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэн ажлаас халжээ.

Гэтэл дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгалтын дүнгийн хурлын тэмдэглэл байх ба уг тэмдэглэл нь зохих хүмүүсийн гарын үсэг зурагдаагүй, тамга, тэмдгээр баталгаажаагүй, мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын хурлын тэмдэглэлүүд дээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******ийн гаргасан гэх зөрчлийн талаар хэлэлцсэн зүйл байхгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ******* нь Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу 2013 оны үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөг гаргаж, сумын Засаг даргаар батлуулсан, харин түүний үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхээс өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халсан хэдий ч ******* энэ хугацаанд ажил, үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 753 дугаар захирамжийн хавсралтаар сумдын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр 71,6 оноо авсан ба Нутгийн захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний журам-ын дагуу хангалттай гэж үнэлэгдсэн баримт, түүний ажил хүлээлцсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогджээ.

Түүнчлэн *******ийг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халах ******* дугаар захирамж гарах хүртэл уг захирамжаас өөр сахилгын арга хэмжээ авсан эрх зүйн акт байхгүй, мөн халах захирамжийн үндэслэл болгосон зөрчил тодорхойгүй, нотлох баримтгүй, удаа дараа гаргасан гэх зөрчлийг танилцуулж, тайлбар гаргах эрхээр хангаагүй зэргээс дүгнэхэд *******ийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар албан үүргээ удаа дараа буюу хоёр ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлж, зөрчил давтан гаргасан гэж шууд ажлаас халсан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч иргэн *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Үүнээс гадна хариуцагчийн маргаж байгаа ...*******ийн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон шийдвэргүй ажиллаж байгаа болон ажилд томилогдсон шийдвэрийг хуурамчаар үйлдсэн тухай шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалган тогтоосон болно. Шүүх, прокурор нь холбогдох хууль зөрчигдсөн төрийн хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний хөрөнгө завшсан, завшиж буй үйлдлийг дахин хянан үзэж шийдвэрлэх үндэслэлтэй байна... гэсэн тайлбар гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт ...хариуцагч нь *******ийг ажлаас чөлөөлөгдөөд буцаж томилогдоогүй гэж үзэж байгаа боловч ******* нь өвчний учир Бууцагаан сумын Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр захирамжаар ажлаасаа чөлөөлөгдөөд 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр захирамжаар ажилдаа эргүүлэн томилогдсон мөн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар захирамжаар ажлаас халагдсан болох нь хэрэгт авагдсан захирамжийн хуулбарууд, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогджээ... гэсэн, шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, мөн үүнтэй холбоотойгоор хавтаст хэрэгт аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудас, аймгийн Цагдаагийн газрын мэдэгдэх хуудас зэрэг баримтууд авагдсан бөгөөд хариуцагч ******* нь *******ийг шүүхийн шийдвэрийн дагуу томилсон сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 224 дүгээр захирамжийг хууль бус гэж маргаагүй юм.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгчийн гаргасан Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах болон бусад шаардлагатай захиргааны энэ хэрэгт хариуцагчийн дээрх тайлбар хамааралгүй байна гэж үзэж байна.

Хоёр. ... ажилд эгүүлэн тогтоолгох... нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч *******ийг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халсан захирамж буюу Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч *******ийг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Гурав....ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг эрхэлж байхдаа дэс түшмэлийн ангилал, ТЗ-7 зэрэглэлээр 836864 /найман зуун гучин зургаан мянга найман зуун жаран дөрөв/ төгрөгөөр цалинжиж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл буюу 5 сар 14 хоног ажилгүй байсан хугацааны цалин болох 4.729.254 /дөрвөн сая долоон зуун хорин есөн мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу олгох нь зүйтэй байна.

Иймд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгож, *******ийг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгож, *******ийг өмнө эрхэлж байсан Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан 5 сар 14 хоногийн цалин болох 4.729.254 /дөрвөн сая долоон зуун хорин есөн мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА