Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 02334

 

 

 

 

 

 

 

 

 

Н.О-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03656 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.О-ын хариуцагч ШЦС-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгийн 23 дугаар гудамж, 285а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008483 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 23 дугаар гудамж 285а тоотод байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн 000545884 дугаар Г-2204011421 тоот бүртгэлийн дугаартай 500 м.кв газар, 285б тоотод байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн 000545885 тоот дугаар Г- 2204015288 бүртгэлийн дугаартай 376 м.кв газар, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 23 дугаар гудамж 285а тоотод байрлах 243 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн 000722847 дугаар Ү-2204008483 бүртгэлийн дугаартай агуулахын хамтаар 2019 оны 4 дүгээр сард худалдан авч бичиг баримтыг шилжүүлэн авсан болно. Гэвч миний худалдан авсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 23 дугаар гудамж 285а тоотод байрлах агуулахын зориулалттай 243 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн 40 хувьд нь хариуцагч ШЦС- эвдэрхий ширээ сандал гэх мэт өмчөө байрлуулсан байдалтай байна. Уг газрыг би үйлчилгээний барилга барих зорилгоор худалдан авч барилга барихад зориулж зээл хүртэл авсан. Агуулахыг суллахаас нааш барилгаа барих боломжгүй болсон тул уг зээлд хэдэн сарын хүү нэмж төлсөн болно. Уг газар болон агуулахыг надад худалдсан Н.О-ийн хамаатан, Р.Э-гийн ээж, Э.Х-гийн эмээ гэх хүн 69 дүгээр сургуулийн /одоогийн Шавь цогцолбор/ нярвын ажил хийдэг байсан, ажил хийж байх хугацаандаа зэргэлдээ орших сургуулийн эд хогшил хадгалах газаргүй байсан тул өөрийн хашаанд байрлах агуулахынхаа нэг талд сургуулийн эд хогшлыг түр хугацаагаар хадгалж байсан гэж надад хэлсэн. Сүүлийн 1 жил 5 сарын хугацаанд агуулахыг суллаж өгөхийг шаардсан боловч одоог хүртэл суллаж өгөхгүй байна. Би 285а тоотыг худалдаж авсан. Уг газартаа барилга барих гэтэл хариуцагч нь чөлөөлж өгөхгүй нөхцөл үүссэн тул Үндсэн хуульд заасан эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж байна. Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Засаг даргын 1997 оны Б/122 тоот захирамжаар 30 болон 69 дүгээр сургуулиудыг бүтцийн өөрчлөлтөөр нэгтгэн ШЦС- бий болсон. Энэ агуулахыг тухайн үед 69 дүгээр сургуулийн данс бүртгэлээр ШЦС-д хүлээлгэн өгсөн байна. Одоог хүртэл санхүүгийн тайланд данс бүртгэлтэй байдаг. 2018 онд газрыг үнэлж санхүүгийн тайлан мөнгөн дүнгээр бүртгэж авахтай холбоотойгоор эзэмшиж буй агуулахын газрын кадастрыг хийлгэн газрын албанд албан бичиг хүргүүлсэн. Үүнээс эхлэн маргаан эхэлсэн. ШЦС- хичээлийн Б байрны тоосгон агуулахыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж ашиглан, тухайн онуудаас албан ёсны өөрийн өмч болгон санхүүгийн тайланд бүртгэлтэй. Тус сургуулийн сахиулаар ажиллаж байсан Р.Э- нь 1997 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 09 тоот тушаалаар сахиулын ажилтнаар эргүүлэн томилогдсон байна. Мөн 1997 оны 6 дугаар сарын аж ахуй бараа материалын тооллогоор зарлагын тайланд тоолуулж Р.Э- нь гарын үсэг зурж баталгаажуулсан нь сургуулийн өмчийг хамгаалж байсан нь нотлогдож байна. Мөн 1998 оны тооллого гэх мэт төрийн өмчийн тооллогод бүртгэгдэж байсан. 2018 оны 03-06/39 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн харилцааны газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 31/144 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШЦС- данс бүртгэлд 5 329 969.20 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий тоосгон агуулах бүртгэлтэй бөгөөд Нийслэлийн өмч мөн болно гэсэн байна. Иймд сургуулийн өмч болох агуулахыг ашиглах боломж олгож өгнө үү. Нэхэмжлэгч нь харин амины орон сууцны гэрчилгээг гаргаж өгдөг. Агуулахыг хувийн сууц гэж бүртгэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгийн 23 дугаар гудамж, 285а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008483 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ШЦС- хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шавь цогцолбор сургуулиас 442 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-од олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Тухайн маргаж буй үл хөдлөх хөрөнгө нь 1978 онд 69 дүгээр дунд сургуулийг анх ашиглалтад орсон цагаас эхлэн тус сургуулийн өмчид бүртгэлтэй, сургууль агуулахын зориулалтаар өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж эд зүйлээ хадгалж байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын 1997 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/122 дугаар захирамжийн дагуу Ерөнхий боловсролын 30 дугаар дунд сургууль болон 69 дүгээр дунд сургуулийг нэгтгэн ШЦС- болгон зохион байгуулахад эд хөрөнгө хадгалах зориулалт бүхий склад хэмээн сургуулийн өмчөөр шилжиж ирсэн.

Нэхэмжлэгчид өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх нь эргэлзээтэй, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “амины орон сууц” гэж бүртгэгдсэн атлаа тухайн барилга нь сургуулийн склад болохыг тодорхойлсон үнэлгээний баримт зэрэг хэрэгт цугларсан зөрүүтэй нотлох баримтыг үнэлэлгүйгээр зөвхөн хамгийн сүүлд өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэний үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үнэлэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн хариуцагчийн гаргасан бүх хүсэлтүүдийг болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, эрхийг минь зөрчиж, хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан ч шүүгч завсарлахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тайлбарласны дараа татгалзаж байгаа учраас хүлээн авахгүй, шүүхийн шийдвэртээ энэ талаар тусгах болно хэмээн захирамж ч гаргалгүйгээр хуралдаанаа үргэлжлүүлж, хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй бөгөөд үндэслэл болгож буй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу үндсэн нэхэмжлэлд тооцогдох “ ... 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлагыг хамтад нь хянан шийдвэрлүүлж, маргааныг нэг мөр үнэн зөв шийдвэрлүүлж дүгнүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч ШЦС-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгийн 23 дугаар гудамж, 285а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008483 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, “агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь сургуулийн өмч бөгөөд энэ нь хэрэгт байгаа тооллогын баримтуудаар нотлогдоно” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Н.О- нь Н.О-ийн төлөөлөгч Э.Ө-той Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгийн 23 дугаар гудамж, 285а тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн өдөр төлбөрийг шилжүүлсэн талаарх Н.О-ын Хаан банкны дансны хуулга, өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008483 дугаарт 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байна. /хх 5, 12, 15, 65/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Р.Э-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр дээрх 285а хаягт байрлах 500 м.кв газрыг худалдан авч, газрын үнийг төлсөн нь Н.О-ын Хаан банк дахь 5069200200 тоот дансны хуулгаар тогтоогдсоноос гадна газар өмчлөх эрхээ бүртгэлээр баталгаажуулсан 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 000545885 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, энэ талаарх 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа хэрэгт авагджээ. /хх 6, 13, 17, 64/

 

            Дээрх баримтуудаар нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг нэхэмжлэгч Н.О- нь өмнөх өмчлөгчөөс гэрээгээр шилжүүлэн авч, өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.9 дэх хэсэгт зааснаар бүртгүүлж баталгаажуулсан, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хууль ёсны өмчлөгч болохоо баримтаар нотолсон, хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч ШЦС- тухайд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг байгууллагын эд хөрөнгө гэж үзэж, сургуулийн захирлын 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар жилийн эцсийн тооллогын комисс байгуулах тухай тушаал, түүний хавсралтын хуулбар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн харилцааны газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/144 дугаар албан тоотын хуулбар, 1997 оны 6 дугаар сарын хүнс ба аж ахуйн бараа материалын орлого зарлагын тайлан, ШЦС- 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 392 дугаар албан тоотын хуулбар, үнэлгээний тайланг шүүхэд баримтаар гаргасныг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхээ баталгаажуулсан баримт гэж үзэхгүй.

 

Иймд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

            Түүнчлэн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг Р.Э-гийн өмчлөлийнх гэдгийг зөвшөөрөхгүй тайлбар гаргасан ч түүнд өмчлөх эрх хууль ёсоор үүссэн эсэхээр болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн үнэн зөв эсэхээр эрх бүхий этгээдэд, мөн харьяалах шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн талаар баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

            Хариуцагч нь маргаж буй агуулахад сургуулийн эд зүйл хадгалагдаж байгаа гэх үйл баримтын талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг няцаагаагүй.

           

            Дээрхээс үзвэл хариуцагч маргаж буй үл эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй, өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ эзэмшиж ашиглахад саад болж байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа зохигчдын шүүхэд гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, маргааныг зөв шийдвэрлэсэн, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

            Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 101/ШЗ2020/19854 дугаар захирамж үндэслэлтэй байна. Ийнхүү шийдвэрлэсний дараа хүсэлт хангаагүй үндэслэлээр шүүгчээс татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдаан даргалагч хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах эсэхийг шүүх хуралдааны оролцогчдоос асуухад “татгалзал байхгүй” гэжээ.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03656 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ШЦС- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

А.ОТГОНЦЭЦЭГ