Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/27

 

Ж.*******д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Хяналтын прокурор К.Нанжинханд

Хохирогч Э.Тамир

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.******* гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, оны дугаар сарын -ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “******* ” ХХК-д засварын механикч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн Ногоон зоорины тоотод оршин суух хаягтай, урьд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.*******г 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од цогцолбор” сургуулийн гадна Э.Тамирыг толгой тус газарт нь шилээр цохиж баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, алганд зулгаралт, зүүн тавхайд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Ж.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******г 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.*******д оногдуулсан 1,350,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Хохирогч Э.******* 2,04,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Тамир давж заалдах гомдолдоо:

...2023.2.25-2-нд шилжих шөнө шинийн 5-ны  орой Од цогцолбор сургуулийн тэнд байрлах авто машины зогсоол дээр явж байхад үл таних 4 хүн над руу пивоны шил бариад дайрсан би гайхаад учрыг нь асуух хооронд намайг барьж аваад газар унгаан цохисон. 1 нь барьж байсан пивоныхоо шилээр толгойн дагз хэсэг рүү цохисон буюу 2-3 хүн нь өшиглөж цохисон. Тухайн үед өмсөж явсан хувцаснууд маань цус болж ахин ашиглах боломжгүй болсон. Иймд “Норд Фэйс” брэндийн өвлийн куртик 1.200.000, малгай *******0.000, Диор брэндийн цам 3.000, мөн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр нийт 2.04.000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Тамир тайлбартаа:

 

Би машинаа гараашдаа тавьчхаад гэр рүүгээ явж байгаад үл таних хүмүүст зодуулж хохирсон. Зүгээр байж байгаад гэм буруугүйгээр хохирол амсаад хохирсон. Өмсөж байсан хувцаснуудынхаа үнийг төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор К.Нанжинханд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргасныг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Э.Тамир нь хохирол төлбөр нэхэмжилсэн боловч нотлох баримт байхгүй гэдэг үндэслэлээр хохирол, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон. Иргэний хуулийн 495 дугаар зүйлд гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсныг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй, хохирогч нь холбогдох баримтаа гаргаж Иргэний шүүхээр хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул хохирогчийн давж заалдах гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Ж.*******г 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од цогцолбор” сургуулийн гадна Э.******* толгой тус газарт нь шилээр цохиж “баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, алганд зулгаралт, зүүн тавхайд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Э.Тамир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...Би автомашинаа гараашдаа тавьчхаад гэр рүүгээ явж байхдаа үл таних хүмүүст зодуулж хохирсон. ...Тухайн үед өмсөж явсан хувцаснууд маань цус болж ахин ашиглах боломжгүй болсон. Иймд “Норд Фэйс” брэндийн өвлийн куртик 1.200.000, малгай *******0.000, Диор брэндийн цам 3.000, мөн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр нийт 2.04.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Хохирогч Э.Тамир өмсөж явсан хувцас нь гэмт хэргийн улмаас дахин ашиглах боломжгүй болсон талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт /хими цэвэрлэгээ болон шинжээчийн дүгнэлт гэх мэт/ түүнчлэн уг хувцас ямар үнэтэй болох дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ямар, ямар эрүүл мэндийн үйлчилгээ авсан түүнд төлсөн төлбөрийн талаар баримт шүүхэд ирүүлээгүй, тул хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Гэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.“ хэмээн заасан байх тул хохирогч өөрт учирсан хохирлын талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ талаар анхан шатны шүүх дүгнэж, шийтгэх тогтоолд заасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Тамираас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.******* гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.АМАРЖАРГАЛ

                      ШҮҮГЧ                                             Б.ЭРДЭНЭХИШИГ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.МАНЛАЙБААТАР