| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0358/и |
| Дугаар | 155/ШШ2016/00451 |
| Огноо | 2016-04-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2016 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2016/00451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***анд 1111 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хүүхдүүдийн хамт ***од оршин суух Б овогт Ш-ын А /ОО00000000/-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/0358/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Ш.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1979 оны 06 сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажилд ороод 1991 оны 01 сарын 17-ны өдөр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн үеэр өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Тухайн үед ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр болон бусад материал устаж үгүй болсон бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон тул Барилга угсралтын конторт 1979 оны 06 сарын 28-ны өдрөөс 1988 оны 2 сарын 5-н хүртэл, 1988 оны 2 сарын 5-наас 1991 оны 01 сарын 17-ны өдөр хүртэл Барилга угсралтын трестэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Ш.А нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус өрлөгчнөөр ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаартай Ажилд томилох тухай ....Ш-ын Аийг өрөгчнөөр ... гэх бичилттэй тушаалын хуулбар, Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай ....БУТ-ийн цех тасаг бригадууд, захиргааны инженер техникийн ажилтан, бага тушаалын ажилчдыг хавсралт №1-д зааснаар 1991.01.01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсүгэй....35. А.... гэх бичилттэй тушаалын хуулбар, Ш- овогтой Ат 1986 оны 05 дугаар сарын 21-ний өдөр олгосон Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдгээр шагнав. гэх бичилттэй Гэрчилгээ-ний хуулбар, гэрч Б.Мөнгөнхуягийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ....Ш.А Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1979 оноос 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 1 сарыг дуустал өрлөгчин, шаварчнаар ажиллаж байсан..... гэх мэдүүлэг, гэрч Д.Уранцэцэгийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ...Ш.А 1979 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр орж ажиллаж байгаад 1988 оны 2 дугаар сарын 04-ний өдөр конторын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж Барилга угсралтын трест болоход үргэлжлүүлэн 1991 оны 1 дүгээр сарыг дуустал ажилласан..... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/165 дугаартай ...Тус аймгийн Барилга угсралтын контор Барилга угсралтын трест болж өөрчлөгдсөн дээд шатны байгууллагын шийдвэр манай архивт байхгүй бөгөөд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тушаалаас Барилга угсралтын трестийн даргын тушаал гарч эхэлсэн байна.., 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10/183 дугаартай Тус аймгийн Барилга угсралтын контор, Барилга угсралтын трестийн цалингийн цэс манай архивт байхгүй тул Ш.Ат холбогдох цалингийн тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Иймд хүсэлт гаргагч Ш.Аийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ш-ын А /ОО00000000/-ийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ