Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 111/ШШ2015/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгч Б.Наранбаатар, хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Жавзансүрэн нарыг оролцуулан Б.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, татварыг гаргуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2010 оноос хойш Баян-Овоо сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн нягтлан бодогчоор ажиллаж байна. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сумдад санхүүгийн тасаг байгуулах засгийн газрын тогтоол 2014 оны 10-р сард гарсан. Тус суманд санхүүгийн алба байгуулах Засаг даргын тамгын газрын даргын 2015 онь 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 тоот тушаалд миний нэрийг хасч шийдвэр гаргасан нь миний эрхийг зөрчиж байна. Иймд Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 тоот тушаалыг хүчингүй болгуулж намайг албан тушаалд эргүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэл, татварыг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 01 сарын 08-ны  өдрийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 04 тушаалаар миний биеийг албан тушаалаас хасаж өөр хүн томилсонтой холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Иймд 2015 оны 01 сараас хойш ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэл татвар, мөн урд байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Засгийн газрын 2014 оны 10 сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор ажил албан тушаал өөр байгууллагад шилжсэн байгаа. Энэ нь тухайн байгууллага дээр байсан нягтлан бодогч Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын харъяанд санхүүгийн алба байгуулагдахаар засгийн газрын тогтоол гарсан байгаа. Үүний дагуу нягтлангуудыг Засаг даргын Тамгын газар дээр санхүүгийн алба байгуулж төвлөрүүлсэн. Энэ нь тухайн байгууллагын нягтлангуудыг ажлаас нь чөлөөлөөд Засаг даргын Тамгын газар дээр тухайн орон тоонуудыг шинээр бий болгож, уг нягтлангуудыг шинээр томилох ёстой байсан. Гэтэл намайг томилоогүй байгаа. Ийм учир би албан тушаалдаа эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 2750989 төгрөг болон нийгмийн даатгалын шимтгэл 302608.79  төгрөг, татвар зэргийг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Жавзансүрэн шүүхэд өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Наранбаатар нь Баян-овоо сумын сургууль,цэцэрлэг,соёлын төвийн нягтлан бодогчоор 2010 оноос 2014 оны дуустал ажилласан. Сумд санхүүгийн алба байгуулах Засгийн газрын шийдвэр гарч 2015 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс эхлэн Санхүүгийн албыг Тамгын газрын даргын тушаалаар томилон ажиллуулж байна.

Аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн даргын 2014 оны дүгээр сарын 04-ны өдрийн 5/1137 дугаартай тоотын дагуу нягтлан бодогч нарыг санхүү төрийн сангийн даргатай зөвшилцөн томилно уу гэсний дагуу санхүүгийн албыг байгуулах санал сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31өдрийн 166 тоотыг санхүү Төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн. Энэ тоотын хариу 2014 оны 12 дугаар сарын 31өдрийн 5/1331 дугаартай тоот ирж санал болгосон нэр бүхий хүмүүсийг томилон ажиллуулах саналыг хүргүүлж байна гэсний дагуу 2015 оны 01дүгээр сарын 08 өдрийн 04 тоот тушаалаар боловсрол, соёлын байгууллагыг хариуцсан нягтлан бодогчоор Л.Алимааг томилсон.

2014 оны 12 дугаар сарын 04 өдрийн 4-3/6495 дугаартай сангийн яамны дэд сайдын зөвлөмж нь сумдын Засаг даргын Тамгын газарт зөвлөж байна гэсэн учраас энэ нь захиргааны акт болохгүй. Монгол Улсын Төсвийн тухай хууль,3асгийн газрын тогтоолыг дагаж мөрдсөн болно. Б.Наранбаатарыг чөлөөлөх сургуулийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот тушаал гарсны дараа санхүүгийн алба томилсон. Б.Наранбаатар нь :

1.Ажлын байрандаа байдаггүй, ажлын цагаа бүртгүүлдэггүй сарын 2 өдөр л ажил хийдэг байхад цалингаа бүтнээр авсаар өдий хүрсэн харин ч цэцэрлэгээс 40 хувийн нэмэгдэл сар бүр авч байгаа нь хууль зөрчиж санхүүгийн сахилга батгүй нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.2, 70.2 дах заалтуудыг байнга зөрчдөг нь 2014 оны санхүүгийн баримтаас харагдана. /Тухайн байгууллагын удирдлагууд цалинг нь бүтнээр нь олгосон нь мөн л хууль зөрчсөн/

2. Ардчилсан намын шугамаар Удирдлагын академид 2-р ээлжинд суралцах болж энэ нь 3 дугаар сараас 6 дугаар сар хүртэл 11 дүгээр сараас 01 дүгээр сар хүртэл улирлаар суралцан төгссөн. Энэ суралцаж байх хугацааны цалинг бүтэн авсан бусад сарын цалинг цагийн бүртгэлгүй ажил хийгээгүйнхээ төлөө цалингаа бүтнээр нь авсан байгаа. Удирдлагадаа 2014 оны турш бүтэн суралцаж байгаа гэж тайлбар өгсөн.

Мөн 2015 оны 03 дугаар сарын 10-нд бичиж ирүүлсэн өргөдөл нь Монгол Улсын иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 зүйлийн 10.1-д заасны дагуу өөрийн гараар өргөдлөө бичээгүй хүнээр бичүүлж ирүүлсэн өргөдлийн хариуг 2015 оны 03 дугаар сарын 19 өдөр Сумын Засаг даргын албан тоотоор хүргүүлсэн болно” гэжээ.

Хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Жавзансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн төрийн сангийн хэлтсийн даргын 2014 оны 11 сарын 04-ний өдрийн 5-1137 дугаар тоотын нягтлан бодогч нарыг санхүү төрийн сангийн даргатай зөвшилцөн томилно уу гэсний дагуу сумын Засаг дарга Ж.Пүрэвсүрэнгийн 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 166 дугаар тоотыг аймгийн Төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн. Уг тоотын хариу нь 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 5-1331 дугаартай тоот ирж санал болгосон хүмүүсийг томилсон байгаа. Б.Наранбаатарыг яагаад томилоогүй вэ гэхээр тухайн сумын Засаг дарга өөрөө ажиллуулах хүмүүсийн саналыг явуулсан. Аймгийн төрийн сангийн хэлтэстэй зөвшилцсөн зөвшилцлийн дагуу албан хаагч нарыг томилсон. Тухайн санал дээр Б.Наранбаатарын нэр байгаагүй. Нэрийг нь сумын Засаг дарга явуулаагүй байсан” гэв.

Гуравдагч этгээд Л.Алимаа шүүхэд өгсөн тайлбартаа: “Лхагвасүрэн овогтой Алимаа би нэхэмжлэгч Б.Наранбаатарын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Наранбаатар нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, татварыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүх 2015 оны 01 дугаар  сарын 22-ны өдөр хүлээн авч 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, 2015 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 62 дугаар захирамжаар захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д зааснаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Наранбаатар нь Баян-Овоо сумын Засаг даргад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, татварыг гаргуулахыг хүссэн өргөдөл гаргасны дагуу Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай “Монгол улсын иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт хэсэгт заасны дагуу мөн хуулийн хугацаа дуусгавар болсон тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн албан бичгээр хариу  өгсөн байх тул захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Б.Наранбаатар нь төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан болох нь  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын дунд сургуулийн захирал П.Энхзаяа болон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 9 жилийн дунд сургуулийн нягтлан бодогч Б.Наранбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

Б.Наранбаатар нь Баян-Овоо сумын 9 жилийн дунд сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа ажил мэргэжлийн хувьд алдаа зөрчил гаргаж байгаагүй болох нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/42 дугаартай “Сумдын Засаг даргын тамгын газрын  дарга, байгууллагын дарга нарт” хаягласан “...Б.Наранбаатар нь 2014 оны сүүлийн хагас жилийн ажлын үзүүлэлээр 86,2 хувийн үнэлгээтэй дүгнэгдсэн учир 2015 оны эхний 6 сард ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгохыг мэдэгдье” гэсэн албан бичиг, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар нийгмийн даатгалын улсын байцаагч П.Болормаа“...Б.Наранбаатар нь тус сумын боловсролын байгууллага буюу 9 жилийн сургууль цэцэрлэг соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тооцооны НД7, НД8 тайланг хугацаанд өгч хэвшсэн, шимтгэлийн өр авлага үүсгээгүй ажиллахаас гадна даатгуулагчийн мэдээллийг цаг хугацаанд үнэн зөв бүрэн мэдээлж хяналт шалгалтаар шимтгэлийн дутуу төлөлтийн акт тавигдахгүй ажилласан болно...” гэсэн албан бичиг, Баянхонгор аймгийн боловсрол соёлын газрын дарга Д.Байгалмаагийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 144 дүгээр “...Б.Наранбаатар нь тус сумын боловсролын байгууллага буюу 9 жилийн сургууль цэцэрлэг соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тайлан мэдээ хугацаатай бичиг баримтыг цаг хугацаанд нь өгч байсан гэсэн...” албан бичиг, Баянхонгор аймгийн татварын хэлтсийн дарга А.Эрдэнэбилэгийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Баян-овоо сумын 9008357 тоот регистрийн дугаартай Сургууль 9008373 тоот регистрийн дугаартай цэцэрлэг, 9008365 тоот регистрийн дугаартай  татварын тайлан мэдээ нь цаг хугацаандаа татварын албанд ирдэг байсныг тодорхойлсон...”албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Монгол улсын засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар санхүүгийн алба байгуулах тухай тогтоолын 3.1-д ...”Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын тамгын газар хариуцан гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа төсөлд байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан”... байна. Мөн Монгол Улсын Сангийн яамны 2014 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 4-8/695 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичигт ...”сумдад санхүүгийн албыг 4 хүний үндсэн бүрэлдэхүүнтэй зохион байгуулах боловсон хүчнийг зөвхөн сумдын засаг даргын тамгын газрын нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгч, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогчоос томилох” ...зөвлөмжийг өгсөн байна.

 Баянхонгор аймгийн Баян-Овоо сум нь төрийн сангийн төлөөлөгч, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч, эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч сургууль цэцэрлэг, соёлын нягтлан бодогч гэсэн нийт 4 орон тоотойгоор Баян-Овоо сумын санхүүгийн ажлыг эрхлэн гүйцэтгэж байжээ. Монгол улсын засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар “Санхүүгийн алба байгуулах” тухай тогтоолд заасны дагуу суманд санхүүгийн албыг байгуулсан байх бөгөөд санхүүгийн албаны дарга төрийн сангийн мэргэжилтэн ЗДТГазар, эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч, боловсрол соёлын нягтлан бодогч гэсэн 4  орон тоотой зохион байгуулсан нь Баян-Овоо суманд нягтлангуудын ажлын байрны орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч Б.Наранбаатарын ажлын байр хэвээр хадгалагдаж байжээ гэж үзэх үндэслэлтэй  байна. Энэ нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай “Санхүүгийн алба байгуулах тухай” тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Болдбаатарын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/1137 дугаартай “Санхүүгийн алба байгуулах тухай” албан бичиг, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/1331 дугаартай “...боловсрол соёлын нягтлан бодогчоор Л.Алимааг томилон ажиллуулах тухай санал” гэсэн албан бичиг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаартай “Санхүү, төрийн сангийн хэлтэст” хаягласан “...сургууль, цэцэрлэг, соелын төв, халамжийн нягтлан бодогчоор Лхагвасүрэнгийн Алимааг зөвшилцөн томилохоор санал хүргүүлсэн” албан бичгээр тогтоогдож байна. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татанбуугдаагүй, орон тоо хасагдаагүй, ажилтны тоог цөөрүүлээгүй байхад Б.Наранбаатарыг “...боловсрол, соёлын нягтлан бодогчоор томилолгүй Л.Алимааг томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ...”аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”...  гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 9 жилийн дунд сургуулийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-дэх заалтыг үндэслэж  “Б.Наранбаатарыг ажлаас чөлөөөлөх тухай” 03 дугаар тушаал гарган ажлаас чөлөөлсөн байна. Б.Наранбаатар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай “Ажилд авах тухай” тушаалаар тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор авч ажиллаж байсан. Гэтэл Баян-Овоо сумын цэцэрлэгийн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байхад боловсрол, соёлын нягтлан бодогчоор Л.Алимааг томилсон нь буруу байна.

Хариуцагч Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар Сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө...гэж заасны дагуу Баян-Овоо сумын боловсрол, соёлын нягтлан бодогчоор Л.Алимааг томилохдоо Баян-Овоо сумын засаг дарга Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн даргатай зөвшилцөж томилсон нь хууль зөрчөөгүй гэх бөгөөд энэ нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай “Санхүүгийн алба байгуулах тухай” тушаал, “...Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Болдбаатарын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5/1137 дугаартай “Санхүүгийн алба байгуулах тухай” албан бичиг, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5/1331 дугаартай “...боловсрол соёлын нягтлан бодогчоор Л.Алимааг томилон ажиллуулах тухай санал” гэсэн албан бичиг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаартай “Санхүү, төрийн сангийн хэлтэст” хаягласан “...сургууль, цэцэрлэг, соёлын төв, халамжийн нягтлан бодогчоор Лхагвасүрэнгийн Алимааг зөвшилцөн томилохоор санал хүргүүлсэн” албан бичгээр тогтоогдож байна гэснийг шүүх нь  тухайн маргаж байгаа ажлын байрны орон тоо хасагдаагүй ажилтны тоог цөөрүүлээгүй,сул орон тоо гараагүй, Б.Наранбаатарын ажлын байр хэвээр хадгалагдаж байхад Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаарСум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийнасуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө...гэж заасан хуулийн заалтыг хэрэглэхгүй гэж шүүх үзлээ.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Жавзансүрэн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай “Санхүүгийн алба байгуулах тухай” тушаалыг гаргахдаа хуулийн ямар ч заалт баримтлалгүй гаргасан нь буруу байна.

 Монгол Улсын Сангийн яамны 2014 оны10 дугаар сарын 4-ны 4-8/695 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичигт сумдад санхүүгийн албыг 4 хүний үндсэн бүрэлдэхүүнтэй зохион байгуулах боловсон хүчнийг зөвхөн сумдын засаг даргын тамгын газрын нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгч,  эмнэлэг, сургууль цэцэрлэгийн нягтлан бодогчоос томилох гэж зөвлөсний дагуу Баян-Овоо суманд санхүүгийн байгууллага байгуулагдахаас өмнө Баян-Овоо суманд төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Эрдэнэбулганыг санхүүгийн албаны даргаар, ИТХ, Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Ганцэцэгийг төрийн сангийн оператороор, Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Энхбаатарыг ИТХ, Засаг даргын тамгын газар Эрүүл мэндийн төв, Орон нутгийн хөгжлийн сангийн нягтлан бодогчоор томилсон атлаа сургууль цэцэрлэг, соёлын нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Наранбаатарыг боловсрол, соёлын нягтлан бодогчоор томилохгүй Лхагвасүрэнгийн Алимааг томилсныг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7 дугаар заалтын 7-гын а-д тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч Б.Наранбаатар нь ажилгүй байсан хугацааны цалин 2750989 төгрөгийг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасанг 2750989 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Наранбаатарыг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын боловсрол, соёлын байгууллагуудыг хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

  2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Наранбаатарын ажилгүй байсан хугацааны цалин болох 2750989 төгрөгийг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.Наранбаатарт олгосугай.

 3.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар   Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас төгрөг гаргуулж, Б.Наранбаатарын ажилгүй байсан хугацаанд төлөгдөөгүй байсан нийгмийн даатгалын шимтгэл 302608.79 төгрөгийг нөхөн төлүүлсүгэй.

 4.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийнДавж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлав.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.САЙНБИЛЭГ