Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/00452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***т оршин суух Б овогт Ө-ийн М /ЛЛ00000000/-ийн

Иргэний гэр бүлийн байдалд буруу бичигдсэнийг болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2016/0203/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ө.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний иргэний үнэмлэх дээрх овог нэр Ө-ийн М нэрээр байх ба иргэний бүртгэлийн байгууллагаас авсан төрсний бүртгэлийн лавлагаагаар Б овгийн Н-ын М нэрээр бүртгэгджээ. Миний эх Н.Н-ын ээж нь Р-гийн Б /1990 онд нас барсан/ гэдэг ба Н-ийн эхнэр нь юм. Эх Н.Н- нь сүүлд Ө- гэдэг хүнтэй суусан бөгөөд тэрээр миний хойд эцэг юм. Мөн энэ хүний нэрээр овоглож иргэний бүртгэлийн байгууллагад бүртгэсэн байна. Ө-ийн М намайг эмэг эх болох Бийн М-аар, мөн Ө-ийн М- нэрээр бичсэнээс гадна миний цалин хөлс болон ажиллаж байсан байдлыг Бийн М-, Ө-ийн М-, мөн Ө-ийн М нэрээр бичсэнээс гадна миний нөхөр болох Д-гийн М-гийн нэр дээр гаргаж иржээ. Одоо миний ажилласан байдлыг тогтоолгоход овог, нэрийн зөрүүтэй асуудлыг арилгах зайлшгүй шаардлага гарч байна. Иймд Бийн М-, Ө-ийн М-, Н-ын М нь нэг хүн буюу Ө-ийн М мөн юм. Иргэний бүртгэлийн байгууллага уг бүртгэлд залруулга хийхгүй шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн болно. Тэр үед иргэний бүртгэл гэж байхгүй бүртгэсэн ч нарийн бүртгэдэггүй, ор нэр төдий, цалин хөлсийг бичихдээ нэр усыг нь бүтнээр нь мэдэхгүй тэр чинь хэн билээ, хэнээрээ овоглодог билээ, за за эх эцэг дээр нь хөдөлмөр хөлсийг гаргачихъя, нөхөр нь хэн билээ, түүн дээр гаргая гэсэн байдлаар явж ирсэн нь шинээр иргэний үнэмлэхэд нэр усаа хэлж бүртгүүлэхэд бусад бүртгэлтэйгээ зөрөхөөс аргагүй байдал үүсч байна. Иймд Бийн М-, Ө-ийн М-, Н-ын М нь нэг хүн буюу Ө-ийн М мөн болохыг тогтоож өгнө үү.

Ажиллаж байсан байдлын талаар миний бие тус аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд цэл залуу наснаас буюу 16 наснаасаа эхлэн малчнаар ажиллаж ирсэн. Хонь маллаж ирсэнээс ихэнхдээ төллөх эм хонь хариулж маллаж ирсэн. Тус нэгдэлд малчнаар 1981 оноос эхлэн ажилласан бөгөөд сарыг нь сайн мэдэхгүй тул дараа оны эхний сард буюу 1982 оны 1 сарын 1-ний өдрөөр шилжүүлж тооцох нь зүйтэй байна. Иймд миний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд малчнаар 1982 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***анд 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ***ын ***од оршин суух Б овогт Ц-ийн Б /ОО00000000/ шүүхэд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Мг Б, Ө-, Н- гэсэн гурван өөр овгоор, нэрийг нь М, М, М- гэж өөр өөрөөр бичсэн бөгөөд эдгээр нь нэг хүн буюу Ө-ийн М болохыг тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна. Ө.М нь анх 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажилд орсон байдаг. Ажилд томилсон тушаал нь 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай тушаал байгаа юм. Тиймээс анх ажилд орсон өдрөөр нь буюу 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ө.М нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь шүүх хуралдаанд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Ө.М нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд малчин, хоньчноор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3/253 дугаартай албан бичиг, Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын архиваас түүвэрлэсэн Ө-ийн М-ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 08/000671 дугаартай Н-ын Мын төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08/001397 дугаартай Д.Ө-, Н.Н- нарыг гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ө-ийн Мгийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Лхагвасүрэнгийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ....Ө.М Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Агар бригадад малчнаар ажиллаж байсан. Би ажиллаж байсан он, сар, өдрийг нь мэдэхгүй байна. Ө.Мгийн хөгшин ээж нь Б, төрсөн ээж нь Н- гэдэг хүн байсан юм. Ө- гэдэг нь Мгийн ээжтэй сүүлд нь суусан хойд эцэг нь юм. Ө.М нь хөгшин ээж дээрээ өссөн ба багад нь гэрийнхэн болон нутгийн хүмүүс М- гэж дууддаг байсан. Н- нь хүнтэй суугаагүй гэртээ байхдаа Ө.Мгээ төрүүлсэн ба охиноо Б гээд хөгшин ээжээрээ овоглож байгаад дараа нь өөрөөрөө Н-ын Маар овоглож байгаад ээж нь Ө- гэдэг хүнтэй суусны дараа Ө-ийн Мгээр овоглох болсон. Бийн М-, Н-ын М нь Ө-ийн М мөн юм... гэх мэдүүлэг, гэрч Г.Ө-ы 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ....Ө.М Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Агар 1 дүгээр бригадад малчин, хоньчноор ажиллаж байсан. Ө.Мгийн ээж нь Н-, хөгшин ээж нь Р.Б гэж хүн байсан. Н.Н- нь охин Ө.Мгээ гэртээ төрүүлсэн бөгөөд Ө.М нь хөгшин ээж Б дээрээ өссөн юм. Гэрийнхэн болон нутгийн хүмүүс нь багад нь Бийн М- гэж дууддаг байсан. Сүүлд нь Н-ын М- гэж овоглож байгаад Н- нь Ө- гэж хүнтэй суусны дараа охиноо Ө-ийн М гэж овоглодог болсон.... гэх мэдүүлэг, гэрч Б.Э-ийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Би 1981 онд 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Агар бригадад илгээлтээр гарч ажиллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдаж, 1986 онд цэргээс халагдаж ирээд 1987 онд малын бага эмч бэлтгэх 45 хоногийн курст суралцаж төгсөөд тус нэгдэлдээ очиж 1987-1991 онд малын бага эмч, хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Намайг 1981 онд нэгдэлд ороход Ө.М хоньчноор ажилладаг байсан ба нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан. Мгийн ээж нь Н-ийн Н-, эмээ нь Р.Б гэж хүмүүс байсан. Мг хөгшин ээж Б нь өсгөсөн юм. Мг багад нь хөгшин ээжээр нь овоглож Бийн М- гэж дууддаг байсан ба дараа нь Н.Н-ын М гээд ээжээрээ овоглож байгаад Н- Ө- гээд хүнтэй суугаад Ө-ийн М гэж овоглодог болсон юм.... гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ө-ийн Мгийн нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь баримт гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 10/80 дугаартай Тус аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Ө.Мд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх албан бичиг хэрэг авагджээ.

Иймд хүсэлт гаргагч Ө.Мгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Ө.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ө-ийн Мгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд малчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Ө.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ