| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 153/2024/00367/И |
| Дугаар | 319/ШШ2025/00003 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 319/ШШ2025/00003
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан багт оршин суух, Ц.Ш-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,520,259 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ******* индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн "******* нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт иргэн *******тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. *******гээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,520,259 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд оруулж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох хохирогч *******ад эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 1,520,259 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Ховд аймгийн прокурорын газар нь хариуцагч *******д холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,520,259 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,520,259 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 39,724 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,862 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
6. Хариуцагч ******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ховд аймгийн прокурорын газрын хариуцагч *******гээс нэхэмжилсэн “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,520,259 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, ******* индекстэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК