| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0537/Э |
| Дугаар | 494 |
| Огноо | 2017-11-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч Л.М,
Хохирогчийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Тайж овогт Л.Мд холбогдох 1711003610056 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн “Дурсамж” бааранд зөөгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 16 дугаар гудамжны 410а тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Л.М (РД:00000000000),
нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Чех улс руу 6 хүнийг ажлын гэрээгээр явуулж өгөх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгож, хуурч мэхлэн хохирогч Б.Мөнхзулаас 8.520.000 /найман сая таван зуун хорин мянга/ төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Л.М нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогчтой эвлэрч нотариатаар баталгаажуулсан” гэв.
Хохирогч Б.Булгантамир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чехэд амьдарч байгаа манай дүү Б.Мөнхзул Монголд байгаа найзтайгаа холбогдож асуухад тэр эмэгтэй буюу адилхан нэртэй Мөнхзул гэдэг эмэгтэй нь Оюунаа гэдэг хүнийг сайн таньдаг, тэр Оюунаа гэдэг хүнтэй нэг нутгийн, ах дүү шиг холбоотой хүн, чиний гуйсан хүмүүсийг хэлээд явуулаад өгч чадна гэж хэлсэн. …Сүүлд шилжүүлсэн мөнгө буюу 2017 оны 4 сарын 12-ны өдрөөс хойш шилжүүлсэн 8.520.000 төгрөгийг авч чадахгүй байгаа гэсэн. Энэ мөнгөн дүн дээрээ гомдолтой байна гэсэн. Уг мөнгө болох 8.520.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 5035189625 данс руу 4.131.200 төгрөг, мөн өдөр 201220229 данс руу 360.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 5035189625 данс руу 2.791.600 төгрөг, 6 дугаар сарын 18-ны өдөр 5016220229 данс руу 1.237.000 төгрөг шилжүүлсэн. Манай дүү хэлэхдээ таны данс руу тийм мөнгө шилжиж орж ирнэ. Та тэр мөнгийг энэ дансны дугаар руу хийчих гэж хэлээд дансны дугаар явуулдаг байсан. Миний сүүлд шилжүүлсэн дансны дугаарууд нь Л.М, болон түүний ээж Оюунжаргал нарын данс байсан. Л.Мын өөрийнх нь данс 5016220229, ээжийнх нь данс 5035189625 гэсэн данс байсан. …Манай дүү уг 8.520.000 төгрөгийг өөрөөсөө төлж барагдуулсан. Л.Маас уг мөнгийг нэхэмжилж байна. Л.Мд өгсөн мөнгөө авчихвал гомдолгүй гэсэн…” гэжээ.
Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
1.С.Оюунжаргалаас: “...Миний Хаан банкны дансанд орлого болон зарлага гарахад надад мессеж ирдэг. Нэг удаа миний дансанд 4 сая гаран төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би охиноосоо асуусан чинь чех руу явах хүмүүсийн мөнгө орж ирж байгаа юм гэж хэлсэн...” гэжээ.
2.Г.Оюунцэцэгийн: “...2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Л.М манай дэлгүүр дээр ирж уулзаад та хүн явуулж байгаа юм уу, дахиад 40 хүн бүртгэнэ гэж байна. Би таньд хэдэн хүн бичүүлчихье. Манай найз хүүхэн гуйгаад байна гэсэн. Тэгээд би үгүй ээ. Одоохондоо хүн бүртгэхгүй байгаа гэж хэлсэн. 1, 2 хүний мөнгө хийчихье гээд гуйгаад байхаар нь би дансаа өгсөн. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр миний данс руу АТМ-ээс 9.385.200 төгрөг шилжээд ороод ирсэн. Тэгээд Мөнхзул ирж уулзаад 9 хүний мөнгө хийчихлээ шүү гэж хэлсэн. Тэгээд маргааш өдрөөс нь цувуулж бичүүлсээр байгаад нийт 9 хүн бичүүлсэн эхлээд Ч.Чимэддорж, Ө.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, С.Отгонцэцэг, Д.Лхамхүү, Ж.Эрдэнэбат, Д.Өлзийхишиг, У.Содгэрэл, Ц.Нэмэхбаатар, Н.Цасчихэр, тэгээд Н.Цасчихэр явахгүй болчихлоо гээд маргааш нь 5068153102 гэсэн дансаар мөнгийг шилжүүлж авсан. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ирж уулзаад Ц.Нэмэхбаяр гэдэг хүн болилоо гэнээ гээд мөнгийг нь бэлнээр аваад тэмдэглэлээс хасуулсан 2017 оны 6 сард Г.Өсөхбаяр гэдэг хүн Солонгос явна гэнээ гэж хэлээд мөнгийг нь авсан. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр У.Содгэрэл гэдэг хүн бас Солонгос явна гэнээ гэж хэлээд мөнгийг нь авсан. 2017 оны 7 дугаар сарын 05-нд Ч.Чимэддорж гэдэг хүнд буяны ажил гарлаа гээд мөнгийг буцааж авсан. …Чех улс руу явуулаад гэрээ болоод буцаж ирэх зардал 400 евро буюу 1.048.000 төгрөг болдог. Үүнийг л би авдаг. …Эхний 9 хүн дээр нэмж 6 хүний нэр өгөөгүй. Надад өгсөн нэрс дунд Булгантамир гэдэг хүний нэр байгаагүй...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Л.М нь Б.Мөнхзултай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.Булгантамирыг Чех улс руу явах виз гаргах нэрээр 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Б.Мөнхзулаас 8.520.000 /найман сая таван зуун хорин мянга/ төгрөг авсан болох нь шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Булгантамирын “...Чехэд амьдарч байгаа манай дүү Б.Мөнхзул Монголд байгаа найзтайгаа холбогдож асуухад тэр эмэгтэй буюу адилхан нэртэй Мөнхзул гэдэг эмэгтэй нь Оюунаа гэдэг хүнийг сайн таньдаг, тэр Оюунаа гэдэг хүнтэй нэг нутгийн, ах дүү шиг холбоотой хүн, чиний гуйсан хүмүүсийг хэлээд явуулаад өгч чадна гэж хэлсэн. …2017 оны 4 сарын 12-ны өдрөөс хойш шилжүүлсэн 8.520.000 төгрөгийг авч чадахгүй байгаа гэсэн.” гэх мэдүүлэг, гэрч С.Оюунжаргалын “… Нэг удаа миний дансанд 4 сая гаран төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би охиноосоо асуусан чинь Чех руу явах хүмүүсийн мөнгө орж ирж байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Оюунцэцэгийн “…Л.М манай дэлгүүр дээр ирж уулзаад та хүн явуулж байгаа юм уу, дахиад 40 хүн бүртгэнэ гэж байна. Би таньд хэдэн хүн бичүүлчихье. Манай найз хүүхэн гуйгаад байна гэсэн. Тэгээд би үгүй ээ. Одоохондоо хүн бүртгэхгүй байгаа гэж хэлсэн. 1, 2 хүний мөнгө хийчихье гээд гуйгаад байхаар нь би дансаа өгсөн” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны дансны хуулга, шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн гэрээ, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Тайж овогт Л.Мыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос заримыг төлсөн, үлдэхийг төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Л.Маас хохирогч Б.Булгантамирт 5.000.000 (таван сая) төгрөг төлснийг, үлдэх 3.520.000 (гурван сая таван зуун хорин мянга) төгрөгөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 (нэг сая) төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.520.000 (хоёр сая таван зуун хорин мянга) төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Тайж овогт Л.Мыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Мын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.М нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Л.Маас хохирогч Б.Булгантамирт 5.000.000 (таван сая) төгрөг төлснийг дурдаж, үлдэх 3.520.000 (гурван сая таван зуун хорин мянга) төгрөгөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 (нэг сая) төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.520.000 (хоёр сая таван зуун хорин мянга) төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ