| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2312000000053 |
| Дугаар | 2023/ДШМ/18 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/18
2023/ДШМ/18
Ч.Б холбогдох эрүүгийн хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Б-д холбогдох 2312000000053 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн И.... сум Х... баг, Х.... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч.Б/РД:........./, Шүүгдэгч Ч.Бөхбат нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Архангай аймгийн И.... сумын Х..... багийн нутаг дэвсгэр Х.... гэх газраас хууль бусаар 1.5 м-ийн урттай 69 ширхэг 2.8066м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, ...-.. АРА дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 308.052.42 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор: шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 924,156 /есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчи н уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Ч.Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...-..... АРА улсын дугаартай Мазда Бонго маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 924,156 /есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4,244,094 /дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга ерэн дөрөв/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.8066 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64.000 /жаран дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдан, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 2023/ШЦТ/106 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний үйлдэл гэмт хэрэг мөн бол маргах зүйлгүй байна. Харин гэмт хэрэг үү, зөрчлийн шинжтэй үйлдэл үү гэдгийн ялгааг сайн гаргаагүй гэж үзэж байгаа тул би хэргээ бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна. Миний бие давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах хүсэлттэй байгаа бөгөөд Г.Э өмгөөлөгчийг сонгон авсан. Иймд давж заалдах шатны шүүхийн шатанд өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулж өгнө үү...гэжээ. Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ч.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн Хушт гэх газраас хууль бусаар 1.5 метрийн урттай 69 ширхэг шинэс төрлийн модыг бэлтгэж тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 381,052 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн шинжгүй зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж давж заалдах гомдол гаргасан байна. Мод бэлтгэсэн болгон гэмт хэрэг болно гэж байхгүй, зөрчлийн шинжтэй үйлдэл байх талтай. Унаанги мод бэлтгэсэн байгаа нь өөрийнх нь мэдүүлгээс тодорхой харагдаж байдаг. Мөн унаанги байсан нь хэргийн газрын үзлэгээс тодорхой харагддаг. Унаанги нь ой модонд байхдаа ямар үр дагаврыг үүсгэж байна. Ой модноос унаанги модыг цэвэрлэснээр ямар үр дагавартай байна вэ гэдгийг гаргах ёстой. Хохирол хор уршгийн шинж чанар нь байгальд ямар аюултай байна вэ гэдгийг шалгаж тогтоох ёстой. Тэр хор уршгийн шинж чанраас хамаарч гэмт хэрэг үү зөрчил үү гэдгийг ялгаа гарах ёстой. Унаанги авсан үйлдлийн хохирлын хэмжээг тодорхойлсон. Үүнийг мод хөрөөдөж машинд ачсан байдлаар үзээд байдаг. Унаанги мод нь байгальд амьдрах шинж чанараа алдсан байдаг. Хэрвээ цэвэрлэхгүй бол байгальд хор болдог ийм л зүйл. Зөвшөөрлийн тухайд мод авах эрх бүхий этгээд рүү яриад зөвшөөрөл олгоно гэж хэлэхээр нь модоо ачиж, бэлтгээд авна гэсэн буруу тооцоолсон. Тэгэхээр энэ нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй хэлбэрийн төдий үйлдэл юм. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий хангасан, гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхэд эргэлзээтэй. Процессын хувьд алдаатай болсон. Тухайн үед хяналт, шалгалт хийж явсан хүнтэй таараад нэг нь мэдээлж нэг нь шалгасан зүйл харагдаж байна. Өөрөө шалгаж илрүүлээд яваад байгаа нь хуультай хэр нийцэж байгаа юм бэ гэдгийг хармаар байна. Иймээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш зөрчлийн шинжтэй үйлдэл харагдаж байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ. Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Ч.Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг зөв зүйлчилсэн байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн нутаг дэвсгэр Хушт гэх газраас хууль бусаар 1.5 м-ийн урттай 69 ширхэг 2.8066м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, ....-... АРА дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 308.052.42 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Б.Ц, гэрч Н.Э, П.Э, Б.З, Л.Г нарын мэдүүлэг, гэрэл зургууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдал зэрэгт эрүүгийн хариуцлага тохирсон байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Б нь ... Миний үйлдэл гэмт хэрэг мөн бол маргах зүйлгүй байна. Харин гэмт хэрэг үү, зөрчлийн шинжтэй үйлдэл үү гэдгийн ялгааг сайн гаргаагүй гэж үзэж байгаа тул би хэргээ бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна...гэж давж заалдах гомдол гаргажээ. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэрэг мөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тайлбарлаж хэрэглэсэн нь тус тус үндэслэлтэй болсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь эрх бүхий байгууллагаас хуульд заасан журмын дагуу буюу аль нутаг дэвсгэрээс, ямар төрлийн модыг ямар зориулалтаар авч хэрэглэх, хэзээ ямар тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэх талаар зохих зөвшөөрөл авч, зөвшөөрөл олгосон баримт бичгийг үндэслэн мод бэлтгэж, тээвэрлэсэн бол хуульд нийцэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН Н.ЭНХМАА