| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 153/2024/00705/И |
| Дугаар | 319/ШШ2025/00040 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 319/ШШ2025/00040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 153/2025/00705/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие нь 1972 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд *******гийн 4 дэх охин болж төрсөн. Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд 1980 онд элсэн орж, 1988 онд 8-р ангиа төгссөн. 1988 оноос 1994 он хүртэл эцэг эхийн хамт ******* сумын Соёл нэгдлийн Чанарын бригадад ажиллаж байсан. 1994 оноос *******тэй гэр бүл болж тусдаа гарсан. Одоо тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.******* намайг Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
2.1.Хүсэлт гаргагч Д.*******аас иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн *******, , нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгч,
2.2. Шүүхээс Ховд аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, гэрч , нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сар хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргажээ. Шүүх хуралдааны үед хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагыг багасгаж, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн.
4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29/24 дугаар албан бичгээр ирүүлсэн “эхийн мэдээлэл ” гэж бичигдсэн Д.*******ын ХААТР 1/а/ маягт зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.******* нь 1972 онд төрсөн, 1988 онд 8 дугаар ангийг төгссөн, түүний эх нь болох нь тогтоогдож байна. (хавтаст хэргийн 2, 10-11 дэх тал),
Хүсэлт гаргагч Д.******* нь 8 дугаар ангийг төгссөн жилээс эхлэн ээж Т.гийн хамт ******* сумын Соёл нэгдлийн чанарын бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан гэж тайлбарласан ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* сумын 2 дугаар бригадын 70 дугаар дансны хуулбарт Ховд аймгийн ******* сумын “Соёл” нэгдэлд ажиллаж байсан Т.гийн нэр дээр 1988 оноос 1989 онд хөдөлмөрийн хөлс бичигдсэн байна. (хавтаст хэргийн 6-8 дах тал),
Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Д.******* нь 1990-2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулжээ. (хавтаст хэргийн 12 дахь тал),
Гэрч ын “...Би Д.*******ыг 1987 оноос эхлэн мэднэ. Тэрээр эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн Чанарын бригадад ажиллаж байсан. Тэрээр голдуу туслах ажил хийдэг байсан. Туслах ажилтан гэхээр сааль сүүг боловсруулах, зөөх зэрэг ажлыг хийдэг байсан. Би 1994 онд Ховд аймгийн ******* сумын Тэжээлийн аж ахуйгаас гарсан. ******* сумын Тэжээлийн аж ахуйн Соёл нэгдлийн харъяаны байгууллага байдаг байсан. Тиймээс ч би түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна....” гэх мэдүүлэг,
Гэрч ийн “...Д.******* нь ээжийн хамт Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн Чанарын бригадад ажиллаж байсан. Нэгдэл 1990-1991 оны үед тарсан байх. Сайн санахгүй байна. Тухайн үед нэгдэл тараад хувьчлагдаад бид нэгдлээс гарсан. Чанарын бригад нь ноос ноолуур, арьс шир авах, ангилах, давслах, савлах гэх мэт ажлуудыг хийж байсан. Д.*******ын ээжийг гэдэг байсан. Надаас настай хүн байсан...” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл хүсэлт гаргагч Д.******* нь 1988 онд 8 дугаар ангиа төгсөж улмаар 6 дугаар сараас эхлэн Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд эхийн хамт ажиллаж байсан нь нотлогдсон гэж дүгнэлээ.
5. Гэрч , нарын “Д.******* нь ээжийн хамт ажиллаж байсан” гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон тул гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
6. Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Д.*******ын Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлийн 119.1-119.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар ******* овогт *******гийн *******ын Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК