Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 319/ШШ2025/00041

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, ******* овогт*******ын *******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны  12 дугаар сарын 19-ний өдөр 153/2024/00740/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвээнсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие нь 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тушаал гарч Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажилласан. 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл саальчнаар тасралтгүй ажиллаж байгаад ар гэрийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм. Ховд аймгийн Архивын газраас тушаалаа авах гэхэд 1987 онд ажил орсон тушаал нь байсан ба 1991 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдоогүй. Иймд миний биеийг 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

2.1. Хүсэлт гаргагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******, ******* нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтыг гаргаж өгч,

2.2. Шүүхээс Ховд аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, *******, ******* нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргасан.

4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд Д.*******ийг 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн саальчнаар томилжээ.

Хүсэлт гаргагч Д.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн 6 дугаар хуудсанд  “Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаар тушаалаар Д.*******ийг 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Буянт сумын тэжээлийн аж ахуйд саальчнаар авч ажиллуулав”, мөн тэжээлийн аж ахуйн даргын “1991 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаартай тушаалаар 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ар гэрийн гачигдал, өөрийн хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэж бичигджээ.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Д.******* нь 1992-2000 оныг дуустал хугацааны ажилласан жилээ нөхөн тооцуулжээ.

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.*******ийн ХААТР 1/а/ маягтад “ажилладаг байгууллага “Буянтын ТАА”, ажилд орсон он 1987, бригад хэсэгт 108-ын үнээний ферм, эрхэлдэг ажил саальчин, боловсрол бүрэн бус дунд, төгссөн он 1987 он” гэж бичигдсэн байна.

Гэрч ******* “...Би Д.*******ийг 1987 оноос эхлэн мэднэ. Тэрээр намайг ажилд орсноос хойш 1 жилийн дараа Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажилд орсон. Тэрээр манай суманд хуваарилагдаж ирсэн. Өөрөө бол Ховд аймгийн Буянт сумын харьяат биш. Тухайн үед Буянт сумын ТАА-н даргаар ******* гэдэг ажиллаж байсан. 108 гэдэг нь яг үхэр мал байдаг байсан газрыг хэлдэг. Д.******* нь 1991 оны 10 сар хүртэл ажиллаж байгаад ажлаас гараад явсан....” гэх мэдүүлэг,  

Гэрч *******ын “...Би Д.*******ийг 1987 оноос эхлэн мэднэ. Тэрээр Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд илгээлтээр ирж тогооч, саальчнаар ажилд орсон. Тэрээр 1991 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Тухайн үеийн ТАА-н даргаар Чойжил гэдэг хүн ажиллаж байсан. Би тэр үед зоо техникчээр ажиллаж байсан бөгөөд Д.*******ийг 1985 оноос 1991 оныг дуустал ажиллаж байсан талаар сайн мэднэ....” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Д.******* нь 1987 оны 7 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна.

5. Гэрч С.Батсуурь, ******* нарын “тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон тул гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 

6. Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Д.*******ийн 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлийн 119.1-119.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар ******* овогт*******ын *******ийн 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК