| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0371/и |
| Дугаар | 155/ШШ2016/00457 |
| Огноо | 2016-04-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2016 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***анд 1966 онд төрсөн, эмэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ***д малын эмч ажилтай, ***т оршин суух Т овогт Д-ын Б /РР44444444/-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2016/0371/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оноос 1985 онуудад аав Д-тай хамтран мал маллаж аав Д- нь суурийн ахлагч байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул миний Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Д.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын архиваас түүвэрлэсэн Д.Бийн ажиллаж байх хугацаандаа авсан цалин, хөдөлмөр, хөлсний лавлагаа, гэрч Г.Э-ийн 2016 оны 4 сарын 05-ны өдөр өгсөн: ....Д.Б нь сургуулиас гараад Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аав Д-ын хамт туслах малчнаар ажиллаж байгаад 1986 онд малын эмчийн курст явж ирээд 1990 оныг хүртэл малчин, малын эмчээр ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ч.Н-гийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ....Д.Б 1983 онд сургуулиас гараад Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад аав Д-, ээж Өгийн хамт 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байгаад 1986 онд малын эмчийн курст явж ирээд 1990 оныг дуустал тус нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хүүхэд залуучуудын эвлэлийн хорооноос 1984 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Д.Бэд олгосон Улаан тугийн дурсамж зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10/172 дугаартай ...Тус аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Д.Бэд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх албан бичиг хэрэгт авагдсан байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Бийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Д-ын Бийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ