Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 319/ШШ2025/00049

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ы хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай” хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 153/2024/00726/И индекстэй иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ******* оны 02 дугаар сарын 15-нд Ховд аймагт *******гийн 1 дэх хүү болж төрсөн. Ховд аймгийн 2 дугаар арван 10 жилийн дунд сургуульд 1971 онд 1 дүгээр ангид орж, 1979 онд 8 дугаар ангиа төгссөн. 1984 оны 08 дугаар сарын 30-нд цэргийн албанаас халагдсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч цэргийн алба хаасан лавлагаа олдохгүй байна. Иймд Ч.******* намайг 0119 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цэргийн алба хаасныг тогтоож өгнө үү. Мөн миний бие 1987 оны 08 дугаар сарын 30-нд цэргийн албанаас халагдаж ирээд 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Баянбулаг пионерын зусланд манаачаар ажилд орж ажилласан. Үүнээс хойш моторчин, цахилгаанчин, мужаан зэрэг ажлуудыг 1988-1997 онд хийж байсан. Иймд 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ныг дуустал цахилгаанчин, моторчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

2.1. Хүсэлт гаргагч Ч.*******аас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын лавлагаа, Тагнуулын тусгай архивын лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн *******, *******, *******, ******* нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг  гаргаж өгсөн.

2.2. Шүүхээс Ховд аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын лавлагаа, *******, *******, *******, ******* нарыг гэрчээр асууж, тэмдэглэл хөтлөн, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Хүсэлт гаргагч Ч.******* нь Ховд аймгийн Баянбулаг пионерын зусланд 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цахилгаанчин, моторчноор ажиллаж байсан байдлыг болон 0119 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоолгох хүсэлтийн шаардлагыг гаргасан.

Шүүх хуралдааны үед хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагыг тодруулж, 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянбулаг пионерын зусланд манаач, цахилгаанчин, моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн.

4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

4.1. Баянбулаг пионерын зусланд 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд манаач, цахилгаанчин, моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн Баянбулаг пионерын зуслангийн захирлын 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай” тушаалаар Ч.*******г 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өдрөөс эхлэн манаачаар,  мөн зуслангийн захирлын 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалаар 1989 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн моторчноор тус тус томилж, ажиллуулсан байна.

1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээсэн, хүсэлт гаргагч Ч.*******ы 390856 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “1988 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянбулаг зусланд цахилгаан моторчноор авч ажиллуулав” гэж тэмдэглэгээ хийгдэж, тамга дарж баталгаажуулжээ.

Мөн Ч.******* нь 1992, 1993, 1994 онуудад хүүхдийн Баянбулаг зусланд түр хугацаагаар моторчин, цахилгаанчнаар ажиллаж байсан талаарх тус зуслангийн захирлын тушаалууд хэрэгт авагдсан байна.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Ч.******* нь 1990-2000 оныг дуустал хугацааны ажилласан жилээ нөхөн тооцуулжээ.

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29/23 дугаар албан бичгээр ирүүлсэн Ч.*******ы ХААТР 15/а/ маягтад “ажилладаг байгууллага Баянбулаг зуслан, эрхэлдэг ажил моторчин” гэж бичигдсэн байна.

Гэрч *******ийн “...Ч.******* нь 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн Баянбулаг пионерын зулсанд анх манаачаар ажилд орж, улмаас моторчин, цахилгаанчин, сахиул зэрэг ажлыг хийж байсан. Бид хамтдаа 1988-1992 он хүртэл 4 жилийн хугацаанд хамт ажиллаж байсан. Тухайн үеийн Баянбулаг зуслангийн даргаар Д.Баттулга ажиллаж байсан....” гэх мэдүүлэг, 

Гэрч *******ийн“...Ч.******* нь 1988 оны 05 сард Хүүхдийн зусланд анх манаачаар ажилд орсон. Мөн цахилгаанчин, моторчноор ажиллаж байсан. Тухайн үед Баянбулаг зуслангийн даргаар Баттулга гэдэг хүн ажиллаж байсан. Би тухайн үед тогоочоор ажиллаж байсан ба Ч.******* 1992 оны 09 сарын дуустал ажилласан санагдаж байна....” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Ч.******* нь Монголын үйлдвэрчний эвлэлийн Баянбулаг пионерын зусланд 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилогдож, манаач, цахилгаанчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна.

4.2. 0119 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цэргийн алба хаасныг тогтоолгох шаардлагын тухайд:

Дорнод аймгийн  Цэргийн хэлтсээс нээж, Ч.*******д олгосон 399166 дугаартай цэргийн батлахын “цэргийн албанд татагдсан, цэргийн албанаас халсан” талаар бичигдэх хэсэгт  “1984 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цэргийн албанд татав, Батлах хамгаалах яамны сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/325 тоот тушаалаар хугацаа бүрэн дуусгасан учир бэлтгэлээр халж Ховд аймагт явуулав, 0119-р ангийн захирагч” гэж бичигдсэн бол   мөн цэргийн батлахын  “хугацаат цэргийн алба хаасан байдал”  бичигдэх хэсэгт “ангийн дансанд бүртгэсэн он сар өдөр 1984.06.23, ангийн данснаас хассан он, сар, өдөр 1987.08.30” гэж тус тус бичигдсэн байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаартай албан бичиг болон 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаартай албан бичигт “Шилээгийн ******* нь 1984 онд Ховд аймгаас цэргийн албанд татагдан Хилийн 0119 дүгээр ангид 3 жилийн цэргийн алба хаагаад 1987 онд халагдаж ирсэн байна.” гэжээ.

Хүсэлт гаргагч Ч.*******ы 390856 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн “ажлын тухай тэмдэглэл хэсэгт  “1984 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Цэргийн албанд томилов, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цэргийн алба хааж дууссан тул бэлтгэлээр халж орон нутагт нь явуулав” гэж бичигджээ.

Гэрч *******ын “...Би 1984 онд цэргийн алба хаахаар Ховд аймгийн Жаргалант сумаас татагдахад Ч.******* нь мөн цэргийн алба хаахаар татагдаж байсан. Бид хамтдаа Хилийн цэргийн 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан бөгөөд 1987 онд цэргээс хамт халагдсан. Бид 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цэргээс халагдсан...” гэх мэдүүлэг, 

Гэрч *******ы“...Ч.******* бид 1984 онд Ховд аймгаас Улаанбаатар хот руу буюу НАХЯ-ны 0119 дүгээр ангид хамт цэрэгт татагдсан. Тэрээр цэрэгт татагдахаас өмнө малчин байсан байх, гэхдээ мужаан мэргэжилтэй. Бид Улаанбаатар хотын Баянхошуунд байрлах 0119 дүгээр ангид 3 жилийн цэргийн алба хааж 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хамт халагдсан....” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан.

Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүх хуралдаанд “1987 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цэргийн албанаас халагдсан боловч цэргийн батлах дээр 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр халагдсан мэтээр бичигдсэн” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд хүсэлт гаргагч нь 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цэргийн албанд татагдаж, 0119 дүгээр цэргийн ангид 3 жил цэргийн алба хааж, 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдөр халагдсан нь нотлогдож байна.

4.3. Гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон тул гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 

4.4. Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Ч.*******ы Монголын үйлдвэрчний эвлэлийн Баянбулаг пионерын зусланд 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд манаач, цахилгаанчин, моторчноор  ажиллаж байсан байдлыг болон  0119 дүгээр ангид 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цэргийн алба хаасныг тус тус тогтоож шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлийн 119.1-119.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх заалтад зааснаар ******* овогт *******гийн *******ы Монголын үйлдвэрчний эвлэлийн Баянбулаг пионерын зусланд 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаач, цахилгаанчин, моторчноор ажиллаж байсан байдлыг, 0119 дүгээр цэргийн ангид 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цэргийн алба хаасныг тус тус тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК