| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00348/И |
| Дугаар | 155/ШШ2016/00458 |
| Огноо | 2016-04-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/00458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***анд 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, ***од оршин суух, О овогт Б-ийн Н /ШШ11111111/-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2016/00348/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 онд Бүрэнтогтох сумын дунд сургуулийг, 1980 онд Мөрөн хотын ойн техник мэргэжлийн сургуулийг тус тус төгсөж, 1981 оноос эхлэн улсад шимтгэл төлж ажилласан жил нь 21 жил болж байгаа билээ. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч хөдөдмөрийн дэвтэр дээрх орсон, гарсан тушаалын бичилт дутуу, байсныг аймгийн архивын лавлагаагаар баталгаажуулахаар лавлагаа авсан юм. Лавлагаагаар 1981 оны 9-р сарын 18-ны өдрөөс 1982 оны 01-р сарын 14 хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Хүнсний үйлдвэрийн Архи ундааны цехэд үйлчлэгчээр ажилласан тухай, 1982 оны 01 сарын 29-ний өдрөөс 1982 оны 6 сарын 30-ны хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Барилга конторын барилгын материалын үйлдвэрт туслах ажилчин, тоосгочноор тус тус ажиллаж байсан тухай тус тусын байгууллагын даргын тушаалууд байна. Гэтэл миний бие тухайн үед ажилд орохдоо өөрийн жинхэнэ эцгийн нэрээр бус хойд эцгийн нэрээр овоглон ажилд орж, төрсөн он сараа бичиг баримт болгон дээр өөр өөр он сар, өдрөөр хамаагүй бичүүлж байсан зэрэг зөрчилтай байна. Иймд Хөвсгөл аймгийн Хүнсний үйлдвэрийн Архи ундааны цехэд 1981 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Барилга конторын барилгын материалын үйлдвэрт 1982 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд туслах ажилчин, тоосгочноор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Н нь тус шүүхэд Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн Архи ундааны цехэд 1981 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлд 1982 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд туслах ажилчин, тоосгочноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Н нь Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн Архи ундааны цехэд 1981 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлд 1982 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд туслах ажилчин, тоосгочноор тус тус ажиллаж байсан болох нь Б- овогтой Нд 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1981 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 111 дугаартай Ажилд томилох тухай, Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1982 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай Ажилд томилох тухай тушаалуудын хуулбар, гэрч Т.Д-гийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг хүсэлт гаргагчид буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Б-ийн Нгийн Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн Архи ундааны цехэд 1981 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлд 1982 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд туслах ажилчин, тоосгочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг хүсэлт гаргагчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН