Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 495

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            Улсын яллагч Э.Бадрал

Иргэдийн төлөөлөгч Н.Ундармаа,

            Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганхуяг нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Сартуул овогт ММ.Мад холбогдох 1711002510012 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-87 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

            -Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон,

            -Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдасан,

            -Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2, 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            -Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн баривчлах ялаас чөлөөлөгдсөн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт ММ.М (РД:0000000000000),

нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-87 тоотод Г.Ганзэсийг хоолойн болон нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, нүүрэн тус газарт нь алхаар цохиж гүрээний зүүн тараагуур судасны зах ирмэг тэгш бүрэн таслагдал, дагзны ясны гавлын хөндий рүү цөмөрсөн цавчигдсан хугарал, хоншоор ясны зүүн урд хана, хамар ясны зүүн хажуу хана, зүүн нүдний ухархайн доод хананы гурвалжин сэлтэрхий үүсгэсэн нийлмэл цөмөрсөн хугарал, эрүүний зүүн булангийн сэлтэрсэн зүсэгдэл бүхий гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “Би 2017 оны 7 дугаар сарын 03-нд хуулийн тэгшитгэлээр суллагдаж гарч ирсэн. Сонгуулийн өдрөөс эхлэн Ганзэстэй 7 хоног архи уусан. Өмнө нь маргалдсан зүйл байгаагүй. Тэр үед сэтгэл санаа маань хүчтэй цочрон давчидсаны улмаас нэгнийхээ амийг хохироосон. Талийгаач намайг дээрэлхээд байсан. Хэрвээ талийгаач тийм зүйл яриагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Өмнө нь намайг 2-3 удаа зодож байсан. Ганзэс хутга бариад дайрсан. Манай эхнэрийг гичий гэсэн. Бид 2 бие биенийхээ өөдөөс хутга заазуур аваад боссон ба би түрүүлээд заазуурдсан. Би хохирогчийг алхаар цохиогүй. Нарангэрэлийг айлгах гэж алх авч гарсан. Нарангэрэл тэр үед байгаагүй ба мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан байна. …Би талийгаачийн хоолойг нь заазуураар зүсээд цус гарахад тэр хүнийг үхэх нь ойлгомжтой болсон гэдгийг мэдсэн. Тэгээд цус үзээд улайрсан тул дараагийн гэмтлүүдийг учруулсан байх. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлоо төлнө” гэв.

            М.М мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хороололд 28 дугаар сургуулийн хажууд байдаг 5 дугаар байрны тэнд Нарангэрэлтэй тааралдаад нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд архиа дуусаад байж байтал манай ээж Лхагва машинтайгаа намайг хайгаад тэр хавиар явж байхаар нь ээжээсээ мөнгө гуйж аваад дахин нэг шил архи аваад Нарангэрэлтэй хамт нөгөө архиа уусан. Ингээд нөгөө архиа уучихаад ээжээс авч үлдсэн 20,000 төгрөгөөр такси бариад Нарангэрэлийг дагуулаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 5-87 тоотод байх гэртээ ирсэн. Ингээд маргааш нь байх Нарангэрэл бид хоёр хамтдаа хорооллын бичил дээр явж байгаад талийгаач Ганзэстэй тааралдсан. Тэгээд Нарангэрэл, Ганзэс бид гурав манай гэрт ирээд байж байгаад манай гудамжинд доод салхитын 5-92 тоотод байдаг найз Адъяажавын хашаанд нь ороод түүний гэрийнхэн цуглаад хорхог хийж байхаар нь хамт хорхогноос нь идсэн. Ингээд маргаашнаас нь авахуулаад л Ганзэс, Нарангэрэл бид гурав манай гэрт архидаж эхэлсэн. Сүүлдээ мөнгөгүй болоод машиныхаа запас дугуй, хөгжмийг тавиад архи авч ууж байсан. Ер нь бол Ганзэс, Нарангэрэл бид гурав манай гэрээс явалгүй тэндээ л архидаад байсан. Тэгээд наадам өнгөрөөд 2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө босоод Ганзэс, Нарангэрэл бид гурав гараад манай гэрийн тэнд байдаг "Болор" гэдэг дэлгүүр рүү ороод би хүргэн ах Баярсайхан харин Ганзэс нэг найзаасаа мөнгө гуйгаад шууд тэр дэлгүүрийн данс руу нь хийгээд дэлгүүрээс дөрвөн шил "Монгол стандарт" архи аваад гэртээ ороод нөгөө авсан архиа хувааж уусан. Ингээд архи ууж байхдаа Ганзэс бид хоёр маргалдсан. Тухайн үед талийгаач Ганзэс том өрөөнд буйдан дээр сууж байсан ба би өөдөөс нь хараад сууж байсан. Би согтуу байсан болохоор Ганзэсийг чи урьд нь намайг хоёр удаа зодож байсан гэж яриад Ганзэс ч гэсэн манай эхнэрийг гичий гэх зэргээр хэлж яриад үүнээс болоод Ганзэс бид хоёр муудалцаад маргалдаад би том өрөөний ширээн дээр байсан заазуурыг авсан ба Ганзэс ч гэсэн ширээн дээрээс хар өнгийн бариултай хутга аваад бид хоёр өөд өөдөөсөө боссон. Тухайн үед бид нар мах идээд хутга заазуураа ширээн дээр тавьсан юм. Тэгээд би барьж байсан заазуураа Ганзэсийн хоолой орчимд нь нэг удаа эхлээд заазуурдсан. Энэ үед бол Нарангэрэл талийгаач бид хоёрын хажууд байгаагүй, бие засна гээд гарчихсан байсан. Тэгээд би тухайн үед маш их уурласан байсан ба талийгаачийг заазуурдчихаад хартал Ганзэсийн хоолойг нэлээд гүнзгий зүсчихсэн байсан болохоор тэртээ тэргүй л үхэх юм байна гэж бодоод дээрээс нь барьж байсан заазуураараа хөл гар болон хүзүү толгой руу нь хэд хэдэн удаа заазуурдсан. Мөн талийгаач Ганзэсийн барьж байсан хутгыг чи муу намайг алах гэж байна уу? гээд гараас нь аваад мөн маш олон удаа цээж болон гар бие рүү нь хутгалсан. Би одоо бодоход талийгаачийг ямар ч байсан 10-аас дээш удаа хутгалж, 10-аас дээш удаа заазуурдсан. Ингээд талийгаач нас барсан байх үед гаднаас Нарангэрэл орж ирсэн. Нарангэрэл ороод ирэхээр нь би түүнд найз нь хүн алчихлаа яах вэ? андаа гэж хэлсэн. Тэгээд би Нарангэрэлээр байшингийн ард байсан ягаан өнгийн бүтээлэг авчруулаад би бас гэрээсээ гараад гадаа сүүдэрт тавьж хэвтдэг байсан саарал бүтээлэг авчирч байгаад газар дэвсээд талийгаачийн цогцосыг түүнд боосон. Ингээд талийгаачийн цогцосыг Нарангэрэл бид хоёр дамжилж гараад хашаанд байсан миний хар өнгийн Бенз маркийн 70-20 УБВ улсын дугаартай машины арын тээшинд нь хийж хаагаад гэрт ороод Нарангэрэл шалаар болсон цусыг нь цэвэрлээд би хана болон бусад газарт болсон цусыг нь арчаад мөн талийгаачийн цус болсон хөнжил, даавуу зэрэг зүйлсийг машиныхаа арын суудал дээр хийсэн. Уг нь би талийгаачийн цогцосыг хашаандаа булчихъя гэж бодож байсан боловч манай гэрт хүрз жоотуу байхгүй байсан. Тэгэхээр маргааш л айл амьтнаас хүрз жоотуу гуйж байгаад нүх ухаад булна, тэр болтол машиндаа хийчихэе гэж бодоод тээшиндээ хийчихсэн юм. Тэгээд тухайн үед нэлээд орой болчихсон бараг шөнө болж байсан болохоор Нарангэрэл бид хоёр манай гэрээс гараад долоон буудлын тэр хавьд явж байтал хоёр залуу архи ууж байсантай тааралдаад тэр архинаас нь гуйж уугаад тэгээд явган алхаад хороолол орсон. Ингээд Нарангэрэл бид хоёр тэр хавиар шагийн архи зардаг хүмүүс хайсан боловч олдоогүй. Ингээд тэр хавиар явсаар байгаад өглөө болгоод буцаад такси аваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байгаад би хүрз жоотуу олохоор гараад Адъяажав дээр очоод хүрз асуухад байхгүй гэсэн. Тэгээд хүрз жоотуу хайгаад олдохгүй болохоор нь буцаж ирээд машинаасаа аккумлятор аваад гаргаж явуулын хүнд зараад мөнгөөр нь архи уусан. Ингээд талийгаачийн цогцосыг газарт булж чадалгүй нэлээд хэд хоносон ба энэ хугацаанд Нарангэрэл бид хоёр манайд л байсан. Манайд байхдаа гэрийн хөргөгч, гал тогооны тавилга, буйдан, шкаф зэргийг зараад архи авч уусан. Гэрт байсан зар мэдээ сонины дагуу утсаар ярихаар машинтай хүмүүс ирээд гэрийн тавилга худалдаж аваад явдаг байсан. Тэгтэл талийгаачийн цогцос муудаж ялзарч байгаа бололтой машины ойр орчмоор өмхий үнэртээд ялаа шаваад байхаар нь болохоо болилоо гэж бодоод 2017 оны 7 дугаар сарын 21-ний үед байх Нарангэрэл бид хоёр өглөө эрт манай гэрээс гараад явсан.” гэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганхуяг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бид энэ хэргийг мэдсэн. Амралтаараа Архангай аймгийн рашаанд очсон байхад надад хэл дуулгасан. Тэгээд мөрдөн байцаагчтай уулзсан. Шүүгдэгч манай хүүтэй 2013-2014 оноос найз нөхөд байсан гэж худлаа ярьсан. Манай дүү нар ч сүүлд танилцсан гэдгийг нь хэлдэг. Шүүгдэгч шоронгоос гарч ирсэн байна. Тэр хооронд танилцах боломжгүй. Талийгаачийн хувийн байдлын хувьд хүн рүү хутга барьж дайрах хүн биш. Миний хүү Малайз улсад 1 жил хэлний сургуульд сурч байгаад ХААИС-д сурсан. Төгсөөд ШШГЕГ-т эдийн засагчаар ажиллаж байгаад чөлөө авч Швед улс руу эхнэр, хүүхдийн хамт очиж 1 жил гаруй ажиллаад Монголд ирж ажилд орохоор анкет бөглөсөн байсан. 5.000.000 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт хавсаргуулсан. Баримтгүй 5.000.000 төгрөг гаруй зардал гарсан. Сэтгэл санаа хэцүү байсан ба байнга Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирэх хэцүү байна. Нийт 12.000.000 төгрөг гаруй хохирол учирсан ба одоо гомдолтой байна. Шүүгдэгч нь Нарангэрэл гэх залууг заналхийлээгүй гэдэг нь ч худлаа байх” гэв.

            Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

            1.Г.Нарангэрэлээс: “…Би 2017 оны 6 дугаар сараас эхлэн гадуур архи уугаад явсан ба 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр буюу ерөнхийлөгчийн 2 дахь сонгууль болдог өдөр 12:00 цагийн үед хорооллын бичилийн 21 дүгээр байрны ард ганцаараа явж байгаад Мөнхбаттай тааралдсан. Тухайн үед Мөнхбат бас ганцаараа явж байсан. Мөнхбат нь намайг хороололын 28 дугаар дунд сургуульд сурч байхад надаас 2 дээр ангид сурдаг байсан болохоор таньдаг байсан бөгөөд хамгийн сүүлд 2007 онд би Хонхорын хорих ангид ял эдэлж байхад Мөнхбат мөн тэнд ял эдэлж байсан. Түүнээс хойш уулзаагүй байсан ба тэр өдөр тааралдсан юм. Ингээд уулзахад Мөнхбат надад сая хар тамхины болон танхайн хэргээр 5 жил ял аваад 2 сар суугаад гарлаа гэж байсан. Ингээд Мөнхбат бид хоёр нийлээд хороололд нэг шил архи 0.75 литрийн “Монгол стандарт” архи авч хувааж уусан. Тэр өдөр сонгуулийн өдөр гээд архи зарахгүй байсан болохоор нь нэг дэлгүүрээс гуйж байгаад нэг шил архи авсан. Ингээд тэр архи ууж дуусахад Мөнхбат ээж  рүүгээ ярьсан ба ээж нь удалгүй 21 дүгээр байрны гадаа Эстима маркийн машинтай ирээд Мөнхбат ээжээр ганц юм авахуулчихаад ирье гээд ээжтэйгээ явсан. Тэгээд удалгүй намайг хүлээгээд байж байхад Мөнхбат бас нэг 0.75 литрийн архи аваад ирсэн. Тэгэхэд ээж нь над дээр ирэлгүй Мөнхбатыг зам дээр буулгачихаад яваад өгсөн. Ингээд Мөнхбат над дээр ирж байхад араас Зэсээ гүйгээд ирсэн. Зэсээ гэдэг залууг урьд нь Мөнхбаттай нэг удаа явж байхад нь би тааралдаад танилцаж байсан юм. Ингээд би Зэсээтэй мэндлээд Зэсээ, Мөнхбат бид гурав нөгөө архиа хувааж уусан. Ингээд тэр өдөртөө хороолол хавиар яваад орой болгосон ба Мөнхбат дахиад ээжрүүгээ ярьсан ба бас л ээж нь удалгүй ирээд Мөнхбатыг энэ хавиар архи ууж байхаар хойшоо гэртээ харь гээд уурлаад машинаараа Зэсээ бид хоёрыг Мөнхбаттай хамт машиндаа суулгаад долоон буудал өнгөрөөд Салхитад байх Мөнхбатын гэрт нь хүргэж ирчихээд ээж нь буцаад яваад өгсөн. Ингээд тэр өдрөө Зэсээ бид хоёр Мөнхбатын гэрт нь хоноод маргааш нь Мөнхбатын гэрт байсан хүүхдийн дугуйг авч гараад гэрийнх нь хойно байх дэлгүүрт зараад Мөнхбатын гэрт нь орж архи уусан. Тэгээд л тэр өдрөөс хойш Зэсээ, Мөнхбат бид гурав Мөнхбатын гэрт нь архидаад наадам өнгөртөл хамт байсан. Архины мөнгө байхгүй болохоор л Мөнхбатын гэрээс мөнгө болгочихоор эд зүйлсийг аваад явуулын хүнд зараад архи уудаг байсан. Завсар зайгаар нь Мөнхбатын ээж нь хоол хүнсний зүйл авчирч өгдөг байсан. Ээжийгээ ирэхээр Мөнхбат ээжээрээ бас архи авахуулдаг байсан. Тэгээд наадмын дараа 2017 оны 07 сарын 13-ны өдөр байхаа Мөнхбатын ээж нь ирээд Зэсээ бид гурвыг авч явж Сот-д байдаг байрандаа аваачиж усанд оруулаад орой нь буцаж хүргэж ирсэн. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 14-нд байна уу? 15-нд байна уу? Би яг өдөр сарыг нь санахгүй байна би архины хордлогонд орчихоод архи ууж чадахгүй байсан ба Зэсээ, Мөнхбат хоёр өдөр нь архи уусан. Тэгээд орой нь 21:00 цагийн үед би хэвтэж байгаад босоод байшингийнх нь үүдний гал тогооны хэсэгт хоол хийгээд байж байтал Мөнхбат, Зэсээ хоёр хоорондоо маргалдаад чанга чанга дуугараад эхэлсэн. Яг юунаас болж маргалдсаныг нь би хажууд нь байгаагүй болохоор мэдээгүй. Ямар ч байсан бие биенээ хараагаад чанга чанга дуугараад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гарч яваад бие засчихаад гадаа тамхи татаад зогсож байтал байшин дотор дуу нь жаахан намжихаар нь яваад ортол байшингийн яг голд нь Зэсээ ямар ч хувцасгүй цээж чармай шалдан дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь Мөнхбат нэг гартаа заазуур нөгөө гартаа алх барьчихсан өвдөглөөд сууж байсан. Намайг гарахад Зэсээ цээж нүцгэн доогуураа шорттой байсан боловч ороход ямар ч хувцасгүй шорт дотуур өмд тайлагдчихсан байсан. Тэгээд харахад Зэсээгийн эргэн тойрон нэл цус болчихсон байсан бөгөөд Мөнхбат хажууд нь өвдөглөж суучихаад гартаа барьсан заазуураараа Зэсээгийн хүзүү, хоолой хэсэг рүү нь цавчаад нөгөө гартаа барьсан алхаараа мөн толгой руу нь ээлжлээд цохиод байсан. Тэгээд би араас нь очоод юу болж байгаа юм бэ? болиоч гээд Мөнхбатыг хоёр гартай нь давхар араас нь тэврээд автал Мөнхбат гартаа барьсан алхаараа миний баруун хөлийн өвдөг рүү цохьсон. Тэгээд би холдтол Мөнхбат чамд хамаагүй бид хоёрын хоорондын асуудал гээд үргэлжлүүлээд Зэсээгийн толгой руу нь алхаараа цохиод заазуураараа хүзүү, хоолой хэсэг рүү нь цавчаад байсан. Тэгээд би ийм зүйл анх харж байгаа болохоор шоконд ороод зогсож байтал Зэсээ бие нь татагнаад болиоч ээ гуйж байна гээд сул дуугаар хэлээд байсан. Ингээд намайг балмагдаад зогсож байхад Мөнхбат босоод чиний зүрхийг сугалж нохойд хаяж өгнө гээд заазуураа хаяад алхаа барьсан хэвээрээ босоод гал тогооны шүүгээн дээр байсан дунд зэргийн урттай хар иштэй хутга авчирахаар нь би сэхээ ороод мөн л Мөнхбатыг араас нь тэврээд автал Мөнхбат дахиад гартаа барьж байсан алхаараа миний хөл рүү цохихоор нь би холдчихсон юм. Тэгтэл Мөнхбат тэр хутгаараа Зэсээгийн цээжний гол хэсэг рүү дээрээс доошоо чиглэлтэй зүссэн. Би энэ үед дахиад салгах гээд очтол газар тунарсан байсан цусан дээр нь хальтраад ойчсон чинь Мөнхбат босож ирээд хоёр хүний хоорондын асуудалд битгий ор гэж байна пизда минь гээд миний толгой руу нэг удаа өшиглөсөн. Би тэгэхээр нь улайрчихсан цус үзсэн хүн яаж ч магадгүй гээд айгаад хөдлөөгүй. Тэгтэл энэ үед намайг харж байхад талийгаач 2-3 удаа урт амьсгаа аваад нас барчих шиг болсон ба Мөнхбат намайг орон дээр байгаа юм аваад өг гэхээр нь би босоод орон дээр байсан бүтээлэг шиг зүйл авч өгсөн. Тэгтэл Мөнхбат наадахаа дэвс гэхээр нь би түүнийг газар дэвстэл хөлнөөс нь өргө гэхээр нь би талийгаачийн хөлнөөс нь өргөөд Мөнхбат толгой талаас нь өргөөд нөгөө бүтээлэг дээрээ тавиад талийгаачийн цогцосыг боосон. Ингээд Мөнхбат гараад хашаандаа байсан машиныхаа тээшийг нь онгойлгоод Мөнхбат бид хоёр талийгаачийн цогцосыг тэр машиных нь багажинд хийгээд хаасан. Тэр машин нь хар өнгийн Бенз маркийн эвдэрчихсэн гээд явдаггүй машин байсан. Тэгээд би гэрт ортол Мөнхбат үүдэнд зогсчихоод наад цусаа цэвэрлэ гээд би никель түмпэнд ус хийж байгаад газраар болсон цусыг нь цэвэрлээд усыг нь гаргаад цацчихсан. Тэгтэл Мөнхбат одоо хоёулаа энд байж болохгүй, явъя гээд Мөнхбат бид хоёр гараад зам руу алхаж байтал гудамжинд хоёр эрэгтэй хүн архи уугаад зогсож байхаар нь архинаас гуйж уусан. Энэ үед шөнийн 03:00-04:00 цаг болж байсан байх гэж бодож байна. Тэгээд зам дээр гараад такси бариад шууд Хархорин руу яваад тэнд Мөнхбат эгчийндээ орно гээд нэг байрны гадаа зогсоогоод намайг үлдээчихээд тэр байрны орц руу орсон. Би хойно нь суугаад явсан болохоор хаана ямар байранд очсоныг нь мэдээгүй. Тэгэхээр нь би буугаад жолоочоос нь утсаа өгөөч гэж гуйж аваад машинаас нь бууж байгаад Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ажилтай Даваадэмбэрэл гэдэг залуу руу яриад ийм хүн амины хэрэг гарчихлаа гээд болсон асуудлыг товч хэлэхэд Даваадэмбэрэл намайг архи уучихсан байгаа юм уу? гээд итгээгүй. Тэгтэл яг Мөнхбат буцаад гараад ирсэн болохоор би шууд утсаа салгаад жолоочид буцаагаад өгчихсөн. Даваадэмбэрэл төлөөлөгч дээр би урьд нь хулгайн хэрэгт холбогдоод шалгагдаж байсан болохоор таньдаг, утасны дугаарыг нь мэддэг байсан юм. Ингээд Мөнхбат бид хоёр буцаж яваад хорооллын бичилд ирээд таксины мөнгө байхгүй байсан болохоор жолоочид нь дараа нь утас руу чинь 15.000 нэгж явуулчихъя гэж тохироод утасны дугаарыг нь аваад нөгөө таксигаа явуулсан. Ингээд Мөнхбат бид хоёр бичилийн 20 дугаар байрны баруун талд явж байгаад Мөнхбатын таньдаг нэг залуутай тааралдаад тэр залуугаас Мөнхбат 8.000 төгрөг аваад дэлгүүр орж архи авч уусан. Тэгээд архиа ууж дуусахад өглөө болсон байсан болохоор Мөнхбат бид бичилийн урдаас нэг портер маркийн машины жолоочтой яриад Мөнхбатын гэрт нь дагуулж очоод гэрт нь байсан буйданг зарсан. Яг хэдэн төгрөгөөр зарсаныг нь мэдээгүй Мөнхбат л мөнгөө авсан. Ингээд Мөнхбатын гэрт нь хэд хоног байж архи уусан. Энэ хугацаандаа Мөнхбатын гэрээс гал тогооны стенк болон шкаф зэргийг нь зарж архи уусан. Мөнхбат миний хажуунаас холдож болохгүй шүү гэж хэлдэг байсан болохоор би айгаад холдож чаддаггүй байсан. Ингээд уржигдар би тамхи аваад ирье гэж Мөнхбатаас салаад шууд зугтаагаад бичилийн хойд талын гэр хороололд байдаг найз Буянаагийн эзэнгүй байшинд нь очиж хоноод өчигдөр төрсөн ах Даваадорж дээр очиж уулзаад болсон асуудлыг хэлээд манай ах өөрийн таньдаг Баянгол дүүргийн Очирбат гэдэг эрүүгийн төлөөлөгчдөө хэлээд тэр эрүүгийн төлөөлөгч нь надтай уулзаад би болсон хэргийг яриад Мөнхбатын гэрийг буюу талийгаачийн цогцос байгаа газрыг нь зааж өгсөн юм.” гэжээ.

            2.Н.Батсүхээс: “…Би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Доод салхитын 5-86 тоотод эхнэр Эрдэнэтуяа, 3 хүүхдийн хамтаар оршин суудаг. Уг хаяганд оршин суугаад 8 жил орчим болж байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-87 тоотод 60 орчим настай эгч хүүхэдтэйгээ байдаг. Гэхдээ гэр нь яг энд байдаггүй байх, хааяа л ирсэн харагддаг. Хүүхэд нь 30 орчим настай бор царайтай нохой тэжээдэг залуу байдаг. Тэр 30 орчим настай залуу байнга  архи ууж байдаг. Наадмын өмнө хэрэг төвөгт орооцолдсон бололтой үзэгдэхгүй байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн үеэс гэртээ танихгүй хүмүүстэй ууж байгаа харагддаг. 3 хоногийн өмнө 17 цагийн үед тэр залуу гэрээсээ гараад явж байгаа бололтой гудамжинд таарсан. Тэрнээс хойш тэр залууг хараагүй. 7 хоногийн өмнөөс салхи салхилахад өмхий юмуу муудсан үнэр үнэртээд байдаг байсан. Би тухайн үед нь нохой, муур үхсэн юм болов уу гэж бодсон. Тэр Бенз машин 6 дугаар сарын сүүлээр ирсэн.” гэжээ.

            3.Б.Сарангэрэлээс: “…Наадмын дараагаар уг айлд 2 залуу байсан Түүнээс хойш 3-4 хоногийн өмнө жижиг амьжиргаа цагаан машинтай хүмүүс ирээд ачаа тавилга аваад явсан юм. …5-6 хоногийн өмнөөс өмхий үнэртэж эхэлсэн. Би тэр үедээ хог удаан хугацаанд ачаагүй орхисон үнэр нь үнэртэж байгаа байх гэж бодсон юм. Нэг бол нохой тэжээдэг болохоор нохой нь үхсэн юм байх гэж бодоод орхисон. Бенз машиныг 1 сарын өмнөөс уг залуугийн ээж нь 25 дугаар эмийн сангийн тэндээс авч ирсэн гэж хэлсэн.” гэжээ.

            4.Г.Даваадоржоос: “…2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед миний төрсөн дүү Нарангэрэл намайг гэрээс гараад явж байхад надтай тааралдаад нэг хүнийг нэг хүн алчихлаа. Намайг хүртэл алахаа шахлаа гэж хэлсэн. Тэгэхээр би чи юу яриад байгаа юм бэ? Тодорхой юм яриач гэхэд хүн алчихсан. Намайг хүртэл алахаа дөхлөө гээд яриад байхаар нь би шууд цагдаа дээр аваад очсон юм. Тэгээд манай дүү цагдаад болсон газрыг нь зааж өгсөн. Би хамт явсан. Алсан хүнээ цагдаад хэлэхдээ Өндөг гэдэг хочтой хүн гэж яриад байсан. Надад бол хэлээгүй цагдаад хэлсэн.” гэжээ.

            5.Б.Даваадэмбэрэлээс: “….Ингээд сая 2017 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 07.00 цагийн үед би гэртээ унтаж байхад миний 89.. дугаар руу 95-аар эхэлсэн “Мобиком”-ын танихгүй дугаараас залгахаар нь автал Нарангэрэл байсан ба надад их сандарсан байдалтай “би хүн алчихсан хүн дагаад явж байна, би бичилд байна та хүрээд ирээч” гэж хэлээд шууд утсаа салгачихсан. Тэгэхээр нь би утаснаасаа эргээд залгахад авахгүй урдаас таслаад байсан. Тэгэхээр нь би түр хүлээж байгаад 10 орчим минутын дараа залгахад тэр дугаарыг нь нэг эрэгтэй хүн аваад би таксины жолооч байна, сая хоёр хүн миний машинд суугаад бичил дээр буусан. Тэр хоёр хүний нэг нь миний утсыг гуйгаад ярьсан гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад тухайн өдөр хорооллын бичил хавиар Г.Нарангэрэлийг хайж явсан боловч олдоогүй. Нарангэрэл нь надад хэлэхдээ хүн алчихсан хүнтэй хамт явж байна гэж хэлсэн ба яг хаана ямар хэрэг гарсан талаар хэлээгүй. ” гэжээ.

            Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.09-ний өдрийн ¹1501 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гүрээний зүүн тараагуур судасны зах ирмэг тэгш бүрэн таслагдал, дагзны ясны гавлын хөндий рүү цөмөрсөн цавчигдсан хугарал, хоншоор ясны зүүн урд хана, хамар ясны зүүн хажуу хана, зүүн нүдний ухархайн доод хананы гурвалжин сэлтэрхий үүсгэсэн нийлмэл цөмөрсөн хугарал, эрүүний зүүн булангийн сэлтэрсэн зүсэгдэл гэмтэл тогтоогдлоо.

            2.Талийгаачийн цогцост тогтоогдсон гүрээний зүүн тараагуур судасны зах ирмэг тэгш бүрэн тасалдал, дагзны ясны гавлын хөндий рүү цөмөрсөн цавчигдсан шарх, эрүүний зүүн булангийн сэлтрэл нь ир бүхий зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зүүн нүдний ухархайн доод хананы гурвалжин сэлхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, зүүн хоншоор ясны урд хананы доод хэсгийн дотогш хонхойлт гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу, мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Гэмтэл авсан гэх дэс дарааллыг тогтоох боломжгүй.

            4.Дээрх гэмтлийг авснаас хойш богино хугацаанд үхэлд хүрнэ.

            5.Цогцос ялзарч муудсан тул биеэ хамгаалан тэмцэлдсэн ул мөрийг тогтоох боломжгүй байна.

            6.Талийгаачийн булчингаас авсан дээжинд 1.0 промилли, ходоодны агууламжинд 1.2 промилли спиртийн агууламж илэрч байна.

            7.8.Талийгаач нь А/II/ бүлгийн харъяалалтай цустай байжээ.

            9.Талийгаач нь задлан шинжилгээгээр тогтоогдсон зүүн гүрээний тараагуур судасны бүрэн таслагдлын улмаас цус алдаж нас барсан байх боломжтой гэжээ.

            Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Болороог байцаасан тэмдэглэлд: “…Би талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан ба дүгнэлтэндээ ямар хүчин зүйлийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэх талаар тодорхой тусгасан. Талийгаачид тухайн үед задлан шинжилгээ хийхэд талийгаачийн цогцос ялзарч муудаж зөөлөн эд үгүй болж яс ил гарсан байсан тул зөөлөн эдэд хэдэн удаагийн ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн ямар тооны гэмтэл шарх байсныг тогтоох боломжгүй байсан. Мөн талийгаачийн биед ясанд учирсан гэмтлүүдийг талийгаачийн амьд болон нас барсан аль үед үүссэн болохыг тогтоох боломжгүй. Дээрх илэрсэн спирт нь талийгаачийг архи, болон спиртний зүйл хэрэглэсэн гэдгийг тодорхойлж байгаа ба ямар хэмжээний согтолттой байсныг тодорхойлох боломжгүй.” гэжээ.

            Шүүх эмнэлгийн биологийн шинжилгээний 2017.8.11-ний өдрийн ¹7436 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн баавгайны дүрстэй шаргал өнгийн хананы цаас, цайвар гадаргуутай шаргал зөөлөвчтэй матрасны хэсэг, урагдаж сэмэрсэн цагаан өнгийн хөнжил, ногоон өнгийн цэцэгтэй хөнжил, саарал өнгийн хөнжил дээр цус илэрсэн.

            2.Баавгайны дүрстэй шаргал өнгийн хананы цаас, цайвар гадаргуутай шаргал зөөлөвчтэй матрасны хэсэг, урагдаж сэмэрсэн цагаан өнгийн хөнжил, ногоон өнгийн цэцэгтэй хөнжил, саарал өнгийн хөнжил дээрх цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна гэжээ.

            Шүүх эмнэлгийн биологийн шинжилгээний 2017.8.11-ний өдрийн ¹7432 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар иштэй хутган дээр цус илэрсэн.

            2.Уг илэрсэн цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна гэжээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.9.05-ны өдрийн ¹792 тоот дүгнэлтэд:

            1.М.М нь сэтгэцийн өвчингүй байна.

            2.М.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            3.М.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч М.М нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-87 тоот өөрийн гэртээ Э.Нарангэрэл, Г.Ганзэс нартай архи ууж, согтуурсан үедээ Г.Ганзэстэй маргалдан, улмаар түүний хүзүү, толгой, хөл, гар руу нь хэд хэдэн удаа заазуурдаж, алхаар нүүрэн тус газарт нь олон удаа цохиж зодох, хутгаар цээжийг зүсэх зэргээр олон тооны шарх үүсгэн зодсоноос хохирогчийн гүрээний зүүн тараагуур судасны зах ирмэг тэгш бүрэн таслагдал, дагзны ясны гавлын хөндий рүү цөмөрсөн цавчигдсан хугарал, хоншоор ясны зүүн урд хана, хамар ясны зүүн хажуу хана, зүүн нүдний ухархайн доод хананы гурвалжин сэлтэрхий үүсгэсэн нийлмэл цөмөрсөн хугарал, эрүүний зүүн булангийн сэлтэрсэн зүсэгдэл гэмтэл үүсч, дээрх гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох нь

            шүүгдэгч М.Мын шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн “Ингээд маргаашнаас нь авахуулаад л Ганзэс, Нарангэрэл бид гурав манай гэрт архидаж эхэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө босоод Ганзэс, Нарангэрэл бид гурав гараад манай гэрийн тэнд байдаг "Болор" гэдэг дэлгүүр рүү ороод би хүргэн ах Баярсайхан харин Ганзэс нэг найзаасаа мөнгө гуйгаад шууд тэр дэлгүүрийн данс руу нь хийгээд дэлгүүрээс дөрвөн шил "Монгол стандарт" архи аваад гэртээ ороод нөгөө авсан архиа хувааж уусан. Ингээд архи ууж байхдаа Ганзэс бид хоёр маргалдсан. Тухайн үед талийгаач Ганзэс том өрөөнд буйдан дээр сууж байсан ба би өөдөөс нь хараад сууж байсан. Би согтуу байсан болохоор Ганзэсийг чи урьд нь намайг хоёр удаа зодож байсан гэж яриад Ганзэс ч гэсэн манай эхнэрийг гичий гэх зэргээр хэлж яриад үүнээс болоод Ганзэс бид хоёр муудалцаад маргалдаад би том өрөөний ширээн дээр байсан заазуурыг авсан ба Ганзэс ч гэсэн ширээн дээрээс хар өнгийн бариултай хутга аваад бид хоёр өөд өөдөөсөө боссон. Тэгээд би барьж байсан заазуураа Ганзэсийн хоолой орчимд нь нэг удаа эхлээд заазуурдсан. Энэ үед бол Нарангэрэл талийгаач бид хоёрын хажууд байгаагүй, бие засна гээд гарчихсан байсан. Тэгээд би тухайн үед маш их уурласан байсан ба талийгаачийг заазуурдчихаад хартал Ганзэсийн хоолойг нэлээд гүнзгий зүсчихсэн байсан болохоор тэртээ тэргүй л үхэх юм байна гэж бодоод дээрээс нь барьж байсан заазуураараа хөл гар болон хүзүү толгой руу нь хэд хэдэн удаа заазуурдсан. Мөн талийгаач Ганзэсийн барьж байсан хутгыг чи муу намайг алах гэж байна уу? гээд гараас нь аваад мөн маш олон удаа цээж болон гар бие рүү нь хутгалсан. Би одоо бодоход талийгаачийг ямар ч байсан 10-аас дээш удаа хутгалж, 10-аас дээш удаа заазуурдсан” гэх мэдүүлэг,

            гэрч Г.Нарангэрэлийн “... Мөнхбат, Зэсээ хоёр хоорондоо маргалдаад чанга чанга дуугараад эхэлсэн. Яг юунаас болж маргалдсаныг нь би хажууд нь байгаагүй болохоор мэдээгүй. Тэгэхээр нь би гарч яваад бие засчихаад гадаа тамхи татаад зогсож байтал байшин дотор дуу нь жаахан намжихаар нь яваад ортол байшингийн яг голд нь Зэсээ ямар ч хувцасгүй цээж чармай шалдан дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь Мөнхбат нэг гартаа заазуур нөгөө гартаа алх барьчихсан өвдөглөөд сууж байсан. Намайг гарахад Зэсээ цээж нүцгэн доогуураа шорттой байсан боловч ороход ямар ч хувцасгүй шорт дотуур өмд тайлагдчихсан байсан. Тэгээд харахад Зэсээгийн эргэн тойрон нэл цус болчихсон байсан бөгөөд Мөнхбат хажууд нь өвдөглөж суучихаад гартаа барьсан заазуураараа Зэсээгийн хүзүү, хоолой хэсэг рүү нь цавчаад нөгөө гартаа барьсан алхаараа мөн толгой руу нь ээлжлээд цохиод байсан. ... Мөнхбат чамд хамаагүй бид хоёрын хоорондын асуудал гээд үргэлжлүүлээд Зэсээгийн толгой руу нь алхаараа цохиод заазуураараа хүзүү, хоолой хэсэг рүү нь цавчаад байсан. ... Зэсээ бие нь татагнаад болиоч ээ гуйж байна гээд сул дуугаар хэлээд байсан. Ингээд намайг балмагдаад зогсож байхад Мөнхбат босоод чиний зүрхийг сугалж нохойд хаяж өгнө гээд ... тэр хутгаараа Зэсээгийн цээжний гол хэсэг рүү дээрээс доошоо чиглэлтэй зүссэн. Тэгтэл талийгаач 2-3 удаа урт амьсгаа аваад нас барчих шиг болсон” гэх мэдүүлэг,

            гэрч Г.Даваадоржийн “2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед миний төрсөн дүү Нарангэрэл намайг гэрээс гараад явж байхад надтай тааралдаад нэг хүнийг нэг хүн алчихлаа. Намайг хүртэл алахаа шахлаа гэж хэлсэн. ... би шууд цагдаа дээр аваад очсон юм. Тэгээд манай дүү цагдаад болсон газрыг нь зааж өгсөн” гэх мэдүүлэг,

            гэрч Б.Даваадэмбэрэлийн “2017 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 07.00 цагийн үед би гэртээ унтаж байхад миний 89.. дугаар руу 95-аар эхэлсэн “Мобиком”-ын танихгүй дугаараас залгахаар нь автал Нарангэрэл байсан ба надад их сандарсан байдалтай “би хүн алчихсан хүн дагаад явж байна, би бичилд байна та хүрээд ирээч” гэж хэлээд шууд утсаа салгачихсан” гэх мэдүүлэг,

            гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-34/, хэргийн газрын хэсэгчлэн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35-36/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-37-38/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-86, 87, 88, 89/, цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.09-ний өдрийн ¹1501 тоот дүгнэлт, хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-121-124/, шүүх эмнэлгийн биологийн шинжилгээний 2017.8.11-ний өдрийн ¹7436 тоот шинжээчийн дүгнэлт, мөн өдрийн ¹7432 тоот шинжээчийн дүгнэлт /хх-132, 140/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.9.05-ны өдрийн ¹792 тоот дүгнэлт /хх-226-227/, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Сартуул овогт ММ.Мыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүх хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч М.Мын эрх чөлөөг хязгаарлаж хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, бүх насаар нь хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганхуягаас амь хохирогчийн оршуулгын зардалд гарсан нийт 9.247.418 төгрөгийг шүүгдэгч М.Маас гаргуулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь М.М нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 102 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “Тэр үед сэтгэл санаа маань хүчтэй цочрон давчидсаны улмаас нэгнийхээ амийг хохироосон. Талийгаач намайг дээрэлхээд байсан. Хэрвээ талийгаач тийм зүйл яриагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Өмнө нь намайг 2-3 удаа зодож байсан. Ганзэс хутга бариад дайрсан. Манай эхнэрийг гичий гэсэн. Бид 2 бие биенийхээ өөдөөс хутга заазуур аваад боссон ба би түрүүлээд заазуурдсан” гэж мэдүүлсэн ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзвэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн шүүгдэгч М.Мөнхбат нь тухайн нөхцөл байдалд бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүчирхийлэлд өртсөн гэх байдлууд тогтоогдоогүй тул түүнийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэх хууль зүйн үндэслэлгүй юм.

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Сартуул овогт ММ.Мыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Мыг бүх насаар нь хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Мад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч М.М нь 102 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.Маас 9.247.418 (есөн сая хоёр зуун дөчин долоон мянга дөрвөн зуун арван найм) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өндөр овогт Цэнд-Аюушийн Ганхуяг (РД:ПБ64042918)-т олгосугай.

6.Хэрэгт хураагдан ирсэн 45х40 см хэмжээтэй цагаан шаргал өнгийн матрасны хайчилж авсан хэсэг, 60х45 см хэмжээтэй хананы цаасны хайчилж авсан хэсэг, 160х190 см хэмжээтэй шаргал эрээн хөнжил, 240х230 см хэмжээтэй цагаан өнгийн ноорхой хөнжил, 210х175 см хэмжээтэй цагаан цоохор хөнжил, 2.5 см диаметртэй дугуй хэлбэртэй ажлын хэсэг бүхийн 22 см урт хар өнгийн бариултай алх, 18 см урд 8.5 см өргөн ажлын хэсэг бүхий 12 см урт никель бариултай заазуур, 7 см урт ажлын хэсэг бүхий 9.5 см урт хар өнгийн иштэй хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.

7.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД                                                                    С.БАТГЭРЭЛ

             Г.БУЯННЭМЭХ