| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2015/0011/З |
| Дугаар | 111/ШШ2015/0014 |
| Огноо | 2015-06-08 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 111/ШШ2015/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүх танхимд Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан иргэн *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1А/150 дугаар албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр “Ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилуулах шийдвэр гаргуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан аймгийн Эрүүл мэндийн даргын сонгон шалгаруулалтанд өрсөлдөн сонгон шалгаруулалтын нийт үнэлгээгээр өрсөлдөгч *******гоос 3,4 оноо илүү авч дээрх албан тушаалд томилогдох болзлыг хангасаар байтал аймгийн Төрийн албаны салбар зөвлөл Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 13 дугаар тогтоолыг үндэслэн 2 нэр дэвшигчийг ажил олгогч аймгийн Засаг даргад санал болгосон.
Аймгийн Засаг дарга ******* надаас бага оноотой *******г Эрүүл мэндийн газрын даргаар томилсонг Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн эсэх, мөн Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоол хүчинтэй эсэх талаар Төрийн албаны зөвлөлийн 266575 утсаар ярьж лавлахад 2003 оны тогтоол хүчинтэй байгаа ч хуулиас дээгүүр журам гэж байхгүй, Төрийн албаны тухай хуулийн 2008 оны 5 дугаар сарын нэмэлт өөрчлөлт болох Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дугаар заалтыг зөрчсөн үйлдэл болсон байна, та өргөдлөө бичээд факсдаж болно гэсэн. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өргөдлөө Төрийн албаны зөвлөлийн 264460 утас руу факсдсан болно.
Энэ өргөдлийн хариуг 2013 оны 10 дугаар сарын 31-ний 1214 дүгээр албан бичиг ирүүлсэн боловч тухайн албан бичгийн дагуу асуудлыг шийдвэрлээгүй, надад хариу өгөхгүй байсан тул 2014 оны 12 дугаар сарын 22-нд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тухайн албан бичгийн хариуг нэхсэн өргөдөл өгсөн болно. Энэ өргөдлийн хариуг салбар зөвлөл 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01 дүгээр албан бичгээрээ 2015 оны 02 дугаар сарын 25-нд надад мэдэгдсэн.
Гэтэл аймгийн Засаг дарга ******* салбар зөвлөлд 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1А/150 дугаар албан бичгээрээ томилохоос татгалзаж байна гэсэн хариу өгснийг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ******* надад хуулбарлан өгсөн.
Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна.
1. Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгийн дагуу намайг хуулийн хүрээнд Эрүүл мэндийн газрын даргаар томилох шийдвэр гаргуулах,
2. Засаг даргын 2015 оны 1А/150 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,
3.Засаг даргын Эрүүл мэндийн даргыг томилсон захирамжийг хүчингүй болгож, хуулийн хүрээнд намайг томилуулах” гэжээ.
Нэхэмжлэгч ******* 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “Миний бие ******* нь Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлөөс зарласан Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын сонгон шалгаруулалтанд оролцож тухайн шалгалтанд оролцогчдоос хамгийн өндөр оноо буюу /84.3/ авсан билээ.
Улмаар Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2013 оны 10 сарын 03- ны өдрийн 12/14 тогтоолоор хоёр хүний нэрийг дэвшүүлж захиалагч болох Аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл аймгийн Засаг дарга доогуур оноо авсан ******* гэх иргэнийг томилж намайг томилохоос татгалзсан тухай шийдвэр гаргасан байсан.
Тухайн үед би Төрийн албаны салбар зөвлөлийн хоёр хүний нэр дэвшүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч Улсын Их хурлын өргөдөл гомдлын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудад тухайн асуудлаа хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байсан бөгөөд зарим өргөдлийн хариу ирээгүй байсан бөгөөд харин Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны 10 сарын 31-ны өдрийн №1214 тоот хариу ирсний дагуу Баянхонгор аймгийн төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 01 сарын 05-ны өдөр албан ёсоор миний нэрийг дэвшүүлсэн.
Гэтэл Баянхонгор аймгийн Засаг дарга дахин 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр намайг томилохоос татгалзсан бөгөөд ямар үндэслэлээр татгалзснаа албан бичигтээ дурьдсан зүйл байхгүй байсан.
Улмаар Төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 05 сарын 04-ны 697 дугаар тоот албан бичгээр Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд өмнө гаргасан тогтоолоо хүчингүй болгох тухай үүрэг өгсний дагуу тус салбар зөвлөлөөс 2015 оны 05 сарын 07-ны 15 дугаартай тогтоол гаргаж улмаар Төрийн албаны тухай хуулийн 17.3, 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар миний нэрийг Эрүүл мэндийн газрын даргад томилуулахаар нэр дэвшүүлж өмнө гаргасан тогтоолоо зөвтгөсөн.
Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргаас 2015 оны 05 сарын 14 тоот албан бичгээр дахин намайг томилохгүй гэсэн тухай албан бичиг ирүүлснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 25 жил ажиллахдаа эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй ажилласаар өдийг хүрсэн. Энэ ажлын туршлага, эзэмшсэн мэргэжлийн үр шимээр тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр зориг шулуудан тус шалгалтыг өгсөн боловч үл ялих шалтгаанаар намайг тухайн албан тушаалд томилохоос татгалзаж байгаа нь шудрага байдалд нийцэхгүйгээр барахгүй миний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн зөрчил гэж үзэж байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоол гэж ямар тогтоол байгаа, тус тогтоолд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн ямар агуулгатай заалт байгаа нь ойлгомжгүй. Төрийн албаны зөвлөлийн 2003 оны тийм тогтоол байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д зааснаар төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг эрх бүхий албан хаагч баталгаажуулах л үүрэгтэй.
Иймд: 1. Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 сарын 14-ны өдрийн №******* тоот "*******г томилохоос татгалзах тухай" албан бичгийг хүчингүй болгох,
2. Баянхонгор аймгийн Засаг даргад намайг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар миний биеийг томилуулах шийдвэр гаргаж баталгаажуулахыг даалгах,
3. Аймгийн засаг даргын 2015 оны 10 сарын 31-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын сонгон шалгаруулалтанд орж өрсөлдөгчөөсөө илүү оноо авч уг албан тушаалд томилогдох болзол шаардлагыг хангасан. Гэтэл аймгийн Төрийн албаны салбар зөвлөл Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн 2 нэр дэвшигчийг ажил олгогч аймгийн Засаг даргад санал болгож Засаг дарга шалгалтанд хоёрт орсон *******г томилсон.
Энэ талаар би Төрийн албаны төв зөвлөлөөс тодруулахад хуулиас давсан журам гэж байхгүй, хуулийн хүрээнд ажил олгогчид шалгалтанд ороод 1 дүгээрт жагссан буюу хамгийн өндөр оноо авсан хүний нэрийг дэвшүүлэх ёстой. Хэрэв та гомдол гаргаж байгаа бол өргөдлөө өгч болно гэж хэлсэн. Үүний дагуу би төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дагуу түүний хариу нь 2013 оны 10 сарын 29-ний өдөр ирсэн.
Би Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргатай удаа дараа орж уулздаг байсан надад байнга итгэл төрүүлж, ажил, албан тушаалд тавина хүлээж бай гэдэг байсан. Харин 2014 оны 4 сард засаг даргыг томилохгүй гэсэн танай нөхөр дарга учраас таныг томилохгүй гэж хэлсэн гэж хэлээд нэлээд удсан.
Би аймгийн төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргасан. Тэгээд би Төрийн албаны салбар зөвлөлийн даргатай уулзахад ямар ч байсан шийдэж өгнө гэж хэлсэн. Тэгээд надад эргэж ямар нэгэн хариу өгөхгүй болохоор нь төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу төрийн албаны салбар зөвлөлөөс аймгийн Засаг даргад *******г нэр дэвшүүлж байна гэсэн албан бичиг илгээсэн боловч Засаг дарга *******г томилохоос татгалзаж байна гэсэн албан бичгийг төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шүүхэд хандах болсон.
Мөн энэ хугацаанд өргөдлийн байнгын хороонд хандсан. Өргөдлийн байнгын хорооноос миний өргөдлийг төрийн албаны төв зөвлөлд шилжүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны 10 сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож нэгт орсон хүнийг нэр дэвшүүлвэл зохино гэсэн албан бичгийг ирүүлж, төрийн албаны салбар зөвлөл хуралдаж 2013 оны 10 сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож миний нэрийг дэвшүүлсэн тогтоолыг Засаг даргад өгсөн байгаа. Засаг дарга уг тогтоолыг 2015 оны 05 сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичиг гарган 2003 оны Улсын их Хурлын 13 дугаар тогтоолын 9.37 дугаар зүйлийг үндэслэж татгалзсан байгаа. Хуулиас давсан журам гэж байддаггүй хуулийг дагах ёстой гэж хэлмээр байна. Ямар үндэслэлээр намайг томилохоос татгалзаад байгааг ойлгохгүй байгаа.
Иймд миний бие *******г Эрүүл мэндийн газрын даргаар томилсон Засаг даргын 2013 оны 10 сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан шалтгалтад орж өндөр оноо авсан *******г Эрүүл мэндийн газрын даргаар томилохыг даалгах, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 сарын 14-ний өдрийн ******* тоот *******г томилохоос татгалзах тухай албан бичгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Эрүүл мэндийн даргын албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтыг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зарласан бөгөөд уг шалгалтад хамгийн өндөр оноо авсан *******г Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн боловч Төрийн албаны зөвлөлийн 2003 оны “Журам батлах тухай” 13 удгаар тогтоолоор батлагдсан журмын дагуу томилохоос татгалзаж Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан *******г дээрх журмын дагуу Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2013 оны ******* дүгээр захирамжаар томилсон болно.
Иймд иргэн *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн тайлбартаа: “Иргэн *******гаас ирүүлсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
******* нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2, 3 дахь асуудал нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудалтай давхцаж байна. Дээрх шаардлагуудын тайлбарыг 20115 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 6/378 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно.
Аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “*******г томилохоос татгалзах тухай” 1/422 дугаар албан бичигт техникийн алдаа гаргасан байх тул Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоол гэснийг Улсын их хурлын 2003 оны 13 дугаар тогтоол гэж ойлгохыг хүсэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2013 онд төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж 2013 оны 16 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд бүртгүүлэн өрсөлдсөн *******, ******* нарыг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэсүгэй гэсэн тогтоол болон УИХ-н 2003 оны 13 тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 9 дүгээр зүйлийн 37-д заасан томилогдох эрх бүхий этгээд буюу Засаг дарга, төрийн албаны зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт гэсэн заалтын дагуу 2013 оны ******* дүгээр захирамжаар *******г томилсон байгаа. Засаг дарга *******г томилж, *******г томилоогүй нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, *******г ямар нэгэн үндсэлэл заахгүйгээр татгалзсан
2015 оны 05 сарын 04-ний өдөр төрийн албаны зөвлөлөөс ирсэн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэх тухай гэсэн албан бичгийн дагуу Баянхонгор аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл 2013 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож, дахин нэр дэвшүүлэхдээ 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолоор төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд бүртгүүлэн өрсөлдсөн *******, ******* нарыг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд бүртгэсүгэй гэсэн тогтоолыг үндэслэн *******г томилохоос дахин татгалзсан байгаа. *******г УИХ-н 2003 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн анх томилохдоо 2 хүний нэрийг дэвшүүлсэн учир *******г томилсон. Нөөцийн жагсаалтад бүртгэсэн гэсэн үндэслэлээр томилохоос татгалзсан” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд холбогдох хуулиудад заасан эрх, үүргийг эдлэн нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тэгэхээр энэ хэрэг маргаан дээр хамгийн гол маргаж байгаа зүйл бол Эрүүл мэндийн даргын ажил албан тушаалыг сонгон шалгаруулж, зөв хүн томилсон эсэх тухай асуудал байгаа. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д зааснаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь төрийн захиргааны албан хаагч гэсэн харъяалалд хамаарагддаг. Тухайн албан тушаалд томилох эрх бүхий албан тушаалтан нь хоёр замаар тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх боломжтой гэж хуулиар зохицуулсан байдаг. Үүнд нэг нь өөр төрийн жинхэнэ алба хашиж байгаа иргэний дотроос сонгон шалгаруулах онцгой эрх байдаг. Дараагаар нь төрийн бусад албан хаагчдыг сонгон шалгаруулах замаар сул орон тоог нөхөх гэсэн зохицуулалт байдаг. Тэгэхээр аймгийн Засаг даргын хувьд нэг дэх онцгой эрхийг хэрэгжүүлэлгүйгээр шууд сонсгон шалгаруулалт явуулсан гэж үзэж байгаа.
2013 онд анх энэ маргаан үүссэн хэдий ч шинэ нөхцөл байдал үүссэн гэдгийг хэлмээр байна. Ямар шинэ нөхцөл байдал үүссэн гэхээр төрийн албаны салбар зөвлөл шинээр тогтоол гаргаж өмнөх тогтоолоо хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор өмнө гарсан албан бичгүүд хүчинтэй эсэх нь эргэлзээтэй болж байна.
Төрийн албаны салбар зөвлөлөөс *******г Эрүүл мэндийн газрын даргаар тогтоосон тогтоол хүчин төгөлдөр гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Мөн Засаг даргаас дахин татгалзсан албан бичиг гаргасан нь хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын хувьд шинэ нөхцөл байдал үүссэн.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т юу байдаг вэ гэхээр төрийн албаны зөвлөл өмнөх тогтоолоо хүчингүй болгож зөвтгөж тогтоосон дахин засаг даргын татгалзсан албан бичиг нэхэмжлэлийн шаардлагын хувьд шинэ нөхцөл байдал үүссэн. Төрийн албаны тухай хуулийн 17-3-д төрийн захиргааны албан хаагчийг сонгон шалгаруулах журмыг тодорхой заасан байгаа. Энэ агуулга үзэл санаанаас Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д зааснаар эрх бүхий албан тушаалтан зөвхөн баталгаажуулах үүргийг хүлээсэн байна гэж ойлгож байна. Өнөөдрийн байдлаар үзэхэд *******г Эрүүл мэндийн газрын даргаар томилохоос татгалзах үндэслэл харагдахгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 351.1-д тодорхой удирдах албан тушаалуудыг нэр зааж оруулсан байгаа. Үүнтэй холбоотой утга агуулга бүхий Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6-д тухайн албан тушаалтныг хэрхэн яаж томилох тухай асуудал тодорхойлон хуулиар зохицуулсан байна. Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 351.1.6-д зааснаар агентлагын дарга энэ ойлголтонд хамаарагдаж байгаа хэдий ч Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байна гэж заасан. Энэ ойлголтоор агентлаг гэдэгт төрийн албаны Засгийн газрын дарга нар хамаарах юм байна гэж үзэж болохоор байна. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 351.1-д заасан албан тушаалтануудад аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хамаарахгүй байна.
Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 351.1.6-д зааснаар томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй гэж заасан. Засаг даргын зүгээс хуульд заасан ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь тодорхой биш зөвхөн эрх олгосон заалтыг барьсан нь үндэслэлгүй байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д зааснаар аймгийн Засаг даргад олгогдсон нэг эрх нь Эрүүл мэндийн газрын даргыг томилох тухай байгаа боловч Эрүүл мэндийн сайдтай зөвшилцсөн байхыг тусгасан. Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс *******г томилохдоо Эрүүл мэндийн сайдтай зөвшилцсөн зүйл хэргийн материалаас харагдахгүй байна. *******г томилсон захирамж дотор төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол, Авилгатай тэмцэх газрын албан бичиг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн үндэслэлүүдийг барьж шийдвэрлэсэн байгаа. Нөгөө талаар *******гийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх зөрчигдсөн гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хууль болон Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчмын хүрээнд тухайн албан тушаалд хамгийн өндөр оноо авсан нэг иргэний төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулж, тухайн албан тушаалтныг албан ёсны эрх үүрэгтэй болгохын тулд баталгаажуулах арга хэмжээг авна гэсэн байдлаа Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Төрийн албаны хууль болон Засаг даргын зүгээс барьж байгаа 2003 оны төрийн албан хаагчийн удирдах албан тушаалыг сонгон шалгаруулах журамд татгалзвал сонгон шалгаруулалтыг дахин зарлах буюу эсвэл өөр хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн заалт байна. Энэ тогтоол нь төрийн албаны үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөж байна.
Иймд нэхэмжлэгчийн эрхийг хангаж Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд *******г томилохыг даалгах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн шинэ харилцаа тогтож шинэ хугацаа тоологдсон гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “******* миний бие *******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн гуравдагч этгээдээр татагдсан бөгөөд миний зүгээс шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэн үзнэ.
Цаашид гуравдагч этгээдээр татагдан оролцох боломжгүй тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1А/150 дугаар албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр “ Ажилд томилох тухай”захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилуулах шийдвэр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч *******, ******* нар нь Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орж ******* хамгийн өндөр оноо болох 84,3 оноо, ******* нь 80,9 оноо авсан байна. Энэ нь Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэл, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилуулахаар *******, ******* нарыг нэр дэвшүүлсэн тухай “Нэр дэвшүүлэх тухай” 16 дугаар тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй байна.
Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилуулахаар *******, ******* нарын нэрийг “Нэр дэвшүүлэх тухай” 16 дугаар тогтоолоор дэвшүүлснийг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг дарга 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...*******г эрүүл мэндийн газрын даргаар 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 6 сарын туршилтын хугацаагаар томилсон “Ажилд томилох тухай” ******* дугаар захирамж гаргаж шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийг ******* нь эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөлд уг шийдвэрийг хянуулах өргөдөл гаргасан байна. Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Өргөдөл шилжүүлэх тухай” ....холбогдох нотолгоо, баримт, маргалдагч талуудын тэнцвэртэй байдлыг ханган Маргаан хянан шийдвэрлэх комиссын дүгнэлтийн үндсэн дээр шийдвэрлэж өргөдөл гаргагч нарт хариу өгөхийн зэрэгцээ, Төрийн албаны зөвлөлд хэрхэн шийдвэрлэснээ мэдэгдэнэ үү гэсэн 1214 дугаар албан бичгийг Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлсэн байна. Энэ шийдвэрийг үндэслэн Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь *******г 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилуулах”-аар нэр дэвшүүлсэн тухай 01 дугаар албан бичгийг Баянхонгор аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Үүний хариуд Баянхонгор аймгийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд *******г томилохоос татгалзсан тухай 1а/150 дугаар албан бичиг гаргасан байна. Нэхэмжлэгч ******* нь Улсын их хурлын өргөдлийн байнгын хороонд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан байх бөгөөд Монгол улсын их хурлын байнгын хороо нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ...иргэний өргөдлийг харьяаллын дагуу танайд шилжүүлж байна. Зохих журмын дагуу шийдвэрлэн иргэнд хариу өгнө үү гэсэн “Өргөдөл шилжүүлэх тухай” 7/3213 дугаар албан бичгийг *******д ирүүлсэн байна. Монгол улсын Төрийн албаны зөвлөл нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Шийдвэрийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэх тухай” 697 дугаар албан бичгийг Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн байх бөгөөд энэ бичигт ...нэр дэвшүүлэх тухай салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолын *******, ******* нарыг нэр дэвшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд *******г томилох эрх бүхий албан тушаалтанд нэр дэвшүүлж, хариуг Төрийн албаны зөвлөлд 2015 оны 05 дугаар сарын 10-ны дотор мэдэгдэнэ үү гэжээ.
Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилуулахаар *******, ******* нарын нэрийг “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд хамгийн өндөр оноо авсан *******г нэр дэвшүүлсэн тухай” 15 дугаартай албан бичгийг Баянхонгор аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “*******г Эрүүл мэндийн газрын даргаар томилохоос татгалзах тухай” ******* дугаартай албан бичгээр *******г Эрүүл мэндийн газрын даргаар томилохоос татгалзжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нь ...”Би Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргатай удаа дараа орж уулздаг байсан надад байнга итгэл төрүүлж, ажил, албан тушаалд тавина хүлээж бай гэдэг байсан. Харин 2014 оны 4 сард засаг даргыг томилохгүй гэсэн танай нөхөр дарга учраас таныг томилохгүй гэж хэлсэн”... гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн үгэндээ ...”...өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн шинэ харилцаа тогтож шинэ хугацаа тоологдсон гэж үзэж байна”...гэж хэлсэн. Энэ нь Аймгийн засаг дарга *******г томилохгүй гэсэн шийдвэрийг амаар гаргасан, энэ талаар ******* мэдсэн байх бөгөөд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч нар нь энэ талаар маргаагүй байна .
Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь *******г 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилуулах”-аар нэр дэвшүүлсэн 01 дугаартай албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 16 дугаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилуулахаар *******, ******* нарын нэрийг дэвшүүлсэн “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд хамгийн өндөр оноо авсан *******г нэр дэвшүүлсэн 15 дугаартай албан бичгүүдийг Баянхонгор аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д зааснаар Төрийн албан тушаалын сонгон шалгаруулалтад ******* нь хамгийн өндөр авсан түүнийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх нь зүйтэй болохыг удаа дараа хүлээн зөвшөөрсөн байна гэж шүүх үзлээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд ...Засаг дарга *******г томилж, *******г томилоогүй нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, *******г ямар нэгэн үндэслэл заахгүйгээр татгалзсан гэсэн тайлбар гаргасан байх бөгөөд Баянхонгор аймгийн Засаг дарга *******г аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилохоос хуульд заасан үндэслэл заахгүйгээр татгалзаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...*******г эрүүл мэндийн газрын даргаар 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 6 сарын туршилтын хугацаагаар томилсон “Ажилд томилох тухай” ******* дугаар захирамж гаргасан нь хууль зөрчсөн байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 17 дугаар зүйлийн 17.1, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1А/150 дугаар албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр “ Ажилд томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
2.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д зааснаар *******г Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн энэхүү шийдвэрийг эс өвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийнДавж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлав.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ