Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/19

 

2023/ДШМ/19

 

 

Ц.А, М.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор А.Амарсанаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б/онлайн/ , В.У

Шүүгдэгч Ц.А, М.Г Нарийн бичгийн дарга Дуламсүрэн нарыг оролцуулан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.А, М.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б, В.У нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.А, М.Г нарт холбогдох 2112002020128 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1981 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ө аймгийн Б суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын О багийн И гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт М.Г/РД:.........../,

Монгол Улсын иргэн 1975 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежер мэргэжилтэй, Ө ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 7 багийн Т хорооллын ..-... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Д овогт Ц.А /РД:.............../

Шүүгдэгч Ц.А, М.Г нар нь бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрийн хооронд А аймгийн Ц сумын Орхон багийн нутаг дэвсгэр Өлийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Архангай аймгийн Прокурорын газраас Ц.А, М.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д овогт Ц.А, Б овогт М.Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, М.Г нарыг 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, М.Г нар нь шүүхээс оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, М.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, М.Г нарын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 10 /арав/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /5.400.000-150.000=5.250.000/ тооцож торгох ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, М.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.А, М.Г нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ..-... АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Д-д шилжүүлж, уг тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай загварын 2900ЛС3 маркийн шар өнгийн экскаватор, 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Улбар шар өнгийн ZX-210 маркийн бага хүчин чадалтай экскаватор, 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ...-... УНО улсын дугаартай Норд венз маркийн автомашин, 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Алт угаах төхөөрөмж, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн дизель генератор зэргийг хураан тус тус улсын орлого болгож, Шүүгдэгч Ц.А, М.Г нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдан, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.А, М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ий гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 тоот шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, М.Г нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ...-... АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Д-д шилжүүлж, уг тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай загварын 2900ЛС3 маркийн шар өнгийн экскаватор, 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Улбар шар өнгийн ZX-210 маркийн бага хүчин чадалтай экскаватор, 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ....-.... УНО улсын дугаартай Норд венз маркийн автомашин, 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Алт угаах төхөөрөмж, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн дизель генератор зэргийг хураан тус тус улсын орлого болгосон нь буруу болсон байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл. Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ. 1. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна. 2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно. 4. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгай бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах устгах гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заажээ. Шүүгдэгч М.Г нь дээрх нэр бүхий хураагдаж, улсын орлого болоод байгаа нэр бүхий техник хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ зөвхөн усан буу буюу 3000000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн дизель генератор зэргийг ашигласан харин бусад техник , хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан үйл явдал баримт хавтаст хэрэгт байдаггүй. Гэтэл шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй техник хэрэгслийг хураан улсын орлого болгох үнийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь буруу гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.А, М.Г нарт холбогдох 2112002020128 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн төдийгүй, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар хэлэх хүсэлтэй байна...гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ц.А, М.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэж, тэднийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж машин, техник хэрэгслийг нь улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу болсон байна. Мөн тухайн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэн гэм буруутайд тооцсон байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...гэжээ. Шүүгдэгч Ц.А, М.Г нарын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17- ны өдрийн 2023/ШЦТ/95 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ц.А, М.Г бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Биднийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Ингэхдээ бидний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй машин, техникийг хураах болон мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Өмгөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэг болох битүүмжилсэн эд хөрөнгийг улсын орлого болгох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ Шүүх нотлох баримтыг шинжлэн судалж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн бол энэ хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Энэ нөхцөл байдлыг шүүхээс харж үзэхийг хүсэж байна. Хэрэв тийм боломж байхгүй бол шүүхээс шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, гэмт хэрэгт ашиглаагүй эд хөрөнгийг буцаан олгож өгнө үү. 4500000 төгрөгийг гаргаж шийдвэрлэхэд гомдол саналгүй, бусдыг нь гаргаж шийдвэрлэхэд гомдолтой байгаа. Хэрэгт авагдсан баримт хууль зүйн шаардлага хангасан гэж үзвэл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн заалттай. Иймээс хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Гэрчээр асуугдсан А.А нь хэргийг анх бүртгэж авч хэргийн газрын үзлэг хийсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа хууль бус болсон. Хэрэгт сэжиглэгдэж байгаа М.Г-оос гэрчийн мэдүүлэг авахдаа ямар ямар техник хэрэгслүүд ашигласан бэ гэж асуугаад түүнийгээ шинжээчээр үнэлүүлээд явсан байдаг. Тэр техник хэрэгслүүдийг хэнийх гэдгийг нь тогтоогоогүй. Мөн техник хэрэгслийг алт олборлохдоо огт ашиглаагүй байдаг. Ц.А, М.Г нар нь хуучин ухаж байсан газар усан буу тавьсан байдаг. Иймд би өмгөөлөгч Ц.Б-тэй нэг саналтай байна гэв. Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Өмгөөлөгчийн саналтай санал нэг байна гэв Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Өмгөөлөгчийн саналтай санал нэг байна. Мөрдөн байцаагч өмгөөлөгч авий гэхээр авахуулаагүй гэв.

 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ц.А, М.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Б, В.У нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ц.А, М.Г нар нь бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрийн хооронд А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ө гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогдсон байна. Архангай аймгийн Прокурорын газраас Ц.А, М.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэргийн үйл баримтын талаар тогтоосон зарим нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж зарим нотлох баримтыг цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдлоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй...гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт...өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй...гэж, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт...бусад оролцогч гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг ойлгоно...гэж тус тус хуульчилжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан мөрдөгч А.А нь уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгчээ. Өмнө нь буюу 2021 онд уг хэрэгт гэрчээр оролцож байсан А.А нь 2022 оны 4 сараас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчөөр оролцож шинжээч томилж, шинжилгээ хийлгэх, гэрчүүдээс мэдүүлэг авах, эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, тээврийн хэрэгслэлүүдэд үзлэг хийх, яллагдагч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулж улмаар тэдгээрээс мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэхээр байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хууль зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэсэн гомдлыг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй тээврийн хэрэгслийг хураасан нь буруу гэх утга бүхий гомдолд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул дүгнэлт хийгээгүй болно. Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                       ТОГТООХ нь:

 

 1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Ц.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             В.ЦЭЦЭНБИЛЭГ

              ШҮҮГЧИД                             Т.ДАВААСҮРЭН

                                                          Н.ЭНХМАА