Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/00459

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Г ХХК-ийн захирал М.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, О овогт Д-ын Л /ЗЗ77777777/-т холбогдох

Зээлийн төлбөр 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч М.Л-, хариуцагч Д.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани болох Г ХХК-ийн барьцаалан зээлдэх газраас 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д- овогтой Л өөрийн эзэмшлийн хашаа байшинг барьцаалж 500.000 төгрөгийн зээлийг сарын 9 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Эхний 5 сар буюу 2013 оны 2 сараас 7 сарыг хүртэл сар бүрийн хүүг төлж нийтдээ 225.000 төгрөгийг хүүнд төлсөн. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтийг огт хийгээгүй юм. Иймд Д.Лаас үндсэн зээл болох 500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Л шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хашаа байшингаа барьцаалж 500.000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Би нийтдээ хүүнд нь 440.000 төгрөгийг М.Л-д төлсөн боловч одоогоор надад гаргаж өгөх баримт байхгүй учраас 225.000 төгрөг өгсөн гэдгийг нь зөвшөөрч байна. Одоо би эрхэлсэн ажилгүй учраас энэ нэхэмжилсэн 500.000 төгрөгөөс 250.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Өөр надад мөнгө өгөх ямар ч боломж байхгүй гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Л- нь хариуцагч Д.Лаас 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Л нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 15 дугаар гудамжны 13 тоот хаягт байршилтай 810 м2 талбай бүхий /нэг хүний өмч/ газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалж Г барьцаат зээлийн үйлчилгээний газраас 500.000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй зээлж авсан болох нь нэхэмжлэгч М.Л-, хариуцагч Д.Л нарын 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Г барьцаат зээлийн үйлчилгээний №14 дугаартай зээлийн гэрээ, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Гэрээ ёсоор хариуцагч Д.Л нь нэхэмжлэгч М.Л-д зээлийн хүүний төлбөрт 225.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т зааснаар барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтоох ба хариуцагч Д.Л нь нэхэмжлэгч М.Л-тэй байгуулсан зээлийн гэрээнд сар бүр 9 хувийн хүү төлөх, зээлийн хүүг төлөөд гэрээг хэдэн ч удаа сунгаж болох тухай талууд тохиролцож гарын үсэг зурсан байх ба зохигч нь зээлийн хүүний талаар маргаагүй болно.

Иймд хариуцагч Д.Лаас зээлийн үндсэн төлбөр 500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Л-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.Л нь нэхэмжлэгч М.Л-д зээл, зээлийн хүүний төлбөрт нийт 440.000 төгрөгийг өгсөн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгч М.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лаас 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Лаас 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лаас 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН