Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/00461

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Х овогт Ц-ийн О /ОО77777777/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

Амаржсаны тэтгэмж 745.042 /долоон зуун дөчин таван мянга дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2013 оны 10 сарын 07-ны өдрийн 5/32 дугаартай тушаалаар Бүрэнхаан багийн бага сургуулийн гал тогооны үйлчлэгчээр ажиллаж байгаад 2015 оны 5 сарын 1-ний өдрөөс жирэмсний лист бичүүлж 2015 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэмжээ авсан. Амаржсаны листээ охин А-г 2015 оны 7 сарын 30-ны өдөр төрүүлээд авах гэтэл дундуур нь 30 хоног холдсон байна гэх шалтгаанаар надад олдоогүй. Бүрэнтогтох сумын нийгмийн даатгалын байцаагч О нь чиний амаржсаны тэтгэмжийг дээрээс олгохгүй гэсэн гэж хэлээд миний хүсэлтийг буцааж өгсөн. Тэгээд би тэтгэмж авах асуудлаа хөөцөлдөж яваагүй орхисон. Би нийгмийн даатгалын шимтгэлээ 2008 оноос хойш тасралтгүй төлж явсан учраас авах ёстой гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би охиноо төрүүлэхдээ илүү тээлттэй, Мөрөн суманд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрүүлсэн. Би өмнө нь тасралтгүй ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тул амаржсаны тэтгэмж 745.042 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Л шүүхэд гаргасан тайлбартаа: ***ийн иргэн Ц-ийн О нь 2015 оны 05 дугаар сарын 01-нд жирэмсний листний мөнгөө авсан. 2015 оны 07 дугаар сарын 30-нд амаржсаны лист авчирч өгсөн боловч 2015.07.01-ээс дагаж мөрдөх МУ-ын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015.02..18-ны А/30 тоот тушаалын 2.16.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 19.1-д заасан болзлыг хангасан даатгуулагчид жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг тус тус 60 хоногийн хугацаагаар олгоно гэснийг зөрчсөн тул амаржсаны листний мөнгө олгох боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын бага сургуулийн үйлчлэгч нярав ажилтай Ц.О нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эхний листээ бичүүлсэн. Нэхэмжлэгчийн эхний листийг бичихэд сүүлийн 6 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирсэн, 12 сар тасралтгүй ажилласан, эмчийн зүгээс листийг нь хугацаанд нь бичсэн байсан тул хянаж үзээд эхний листийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс бодож олгосон. Энэ лист 60 хоногийн дараа бодож олгогдох байсан боловч нэхэмжлэгч 32 хоногийн дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр листээ бичүүлэх гэж ирсэн. Уг листийг эмчийн хяналтанд оруулж үнэн зөв бичүүлсэн эсэхийг хянуулахаар Бүрэнтогтох сумын нийгмийн даатгалын байцаагчид буцаасан. Нэхэмжлэгч манай байгууллагад хандалгүй 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар хоёр листийн хоорондох зай 60 хоногийн хугацаатай байх ёстой. Хуулийн хугацаа дууссан тул Ц.О-ийн листийг олгоогүй. Энэ яагаад 32 хоногийн дараа оруулж ирж байгааг тодруул гэсэн хариу өгсөн. Ц.О-ийн хувьд ч манайд эргэж хандаагүй. Эхний листийг олгочихоод 7 дугаар сарын 30-ны өдөр эргэж ирэхэд нь эхний лист нь 6 дугаар сарын 29-ний өдөр дуусан байх ёстой байх байсан боловч нэхэмжлэгчийн хувьд яагаад 1 сарын дараа листээ авах гэж байгаа юм бэ үүнийгээ тодруул гэж явуулахад эмчийн нотолгоо ирээгүй, Бүрэнтогтох сумын эмэгтэйчүүдийн эмч энэ листийг 1 сарын өмнө бичиж өгсөн байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан амаржсаны тэтгэмж 745.042 /долоон зуун дөчин таван мянга дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц.О нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр охин А-г төрүүлж, амаржсаны тэтгэмжээ авахаар Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч үл ялих зүйлээр шалтаглан өнөөдрийг хүртэл надад олгохгүй байна. Би охин А-г илүү тээж, төрөх хугацаанаасаа хойно буюу 2015 оны 07 сарын 30-ны өдөр төрүүлсэн тул надад 2015 оны 07 сарын 30-ны өдрөөс 2015 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны амаржсаны тэтгэмж 745.042 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хариуцагч байгууллага нь түүний хүсэлтийг хүлээж аваагүй үндэслэлээ Ц.О-ийн амаржсаны лист 2015 оны 07 сарын 30-нд бичигдэж ирсэн боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан болзлыг хангасан даатгуулагчид жирэмсэн болон амаржсаны хуудыг тус тус 60 хоногийн хугацаагаар олгоно гэсэн заалтыг зөрчиж 90 хоногийн дараа бичигдэж ирсэн учир амаржсаны тэтгэмжийг нь олгох боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах эрх нэхэмжлэгч Ц.Од үүссэн болох нь түүний хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн №000193318 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6, 7 дугаар хуудас/ -аар тогтоогдож байна.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Ц.О жирэмсний тэтгэмжийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бодуулж авсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.О нь Монгол улсын Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаартай тушаалын 2.5.1-д ...жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно гэснийг, мөн журмын 2.16.3-т заасан Нийгмийн даатгалын тухай хуулийн 191-д заасан болзлыг хангасан даатгуулагчид жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг тус тус 60 хоногийн хугацаагаар олгоно гэснийг тус тус зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Ц- овогтой О-ийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 745.042 /долоон зуун дөчин таван мянга дөчин хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.440 /хорин хоёр мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН