| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0260/и |
| Дугаар | 155/ШШ2016/00462 |
| Огноо | 2016-04-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/00462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух Д овогт Б-ын Б /ОО77777777/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух Д овогт Б-ын Н /ГГ11111111/-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоож, 4.050.000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2016/0260/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б Б.Нтай 2014 оноос хойш хамтран амьдарч 2015.02.13-нд охин Н.У-г төрүүлсэн. Анх хамт амьдарч эхэлсэн хугацаанаас эхлэн бид 2 түрээсийн байранд амьдардаг байсан. Түрээсийн байрны төлбөрийг би сар бүр төлдөг, хоол, унд, хувцас хунар гэх мэт бүх зүйлийг надаар ажил хийлгүүлж төлүүлдэг байсан. Миний 3-р курсэд сурч байхад сургалтын төлбөрөөс маань 620.000 төгрөг аваад одоог болтол өгөөгүй. Би энэ жил төлөх ёстой атал энэ мөнгийг маань гаргаж өгдөггүй. Миний охин У одоо 1 наст 20 хоногтой. Б.Нын аав Б-а болон ээж О нар нь одоог хүртэл охинтой маань огт уулздаггүй. Ээж маань охиныг минь өсгөж байна. Н нь удаа дараалан намайг зодож дарамталдаг байсан. Найзын маань хүртэл зодож байсан. Одоо би энэ хүнтэй хамтран амьдарна гэхээсээ илүү айж цочиж, салганаж чичирч байнгын түгшүүртэй амьдарч байна. Өөрөөсөө 4 дүү болохоор намайг чи залуу ч би хөгширч байна. 2-уулаа хурдхан хүүхэдтэй больё гэж элдэв янзаар аргадаж гуйж шаардаж уурлаж уцаарлаж дарамталсаар байгаад оюутан байхад хүүхэдтэй болгочхоод одоо үүргээ огт ухамсарлахгүй хариуцлага хүлээх чадваргүй гэж байх тул би энэ хүнтэй цаашид хамтран амьдрах хүсэлгүй байна. Иймд охин Н.Уд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, мөн надтай амьдарч байх хугацаанд надаар төлүүлж байсан байрны төлбөр болох 2014.1 сараас 6 сар хүртэл сар бүр 300.000 төгрөг, 2014 оны 10 сараас 2015 оны 07 сар хүртэл сар бүр 200.000 төгрөг, 2015 оны 11 сараас 2016 оны 2 сар хүртэл сар бүр 150.000 төгрөг, нийт 4.050.000 төгрөг нэхэмжилж байна. Би өгнө чи төлж бай гэж намайг аав, ээжээс маань авахуулж төлүүлчхээд одоо хүртэл өгөхгүй, намайг сургууль төгсөх үед эвгүй байдалд оруулж байгаа тул уг мөнгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Нтай 2014 оноос хойш хамтран амьдарч 2015.02.13-нд охин Н.У-г төрүүлсэн. Миний охин У одоо 1 нас 20 хоногтой. Би өөрөө оюутан сурч байгаа тул ээж маань охиныг минь өсгөж байгаа. Н их хартай үүнээс болоод намайг удаа дараа зодож байсан. Энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй тул охин Н.Уд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Мөн бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа байр түрээсэлж амьдардаг байсан ба уг мөнгийг надаар төлүүлдэг байсан ба 2014 оны 1 дүгээр сараас 6 сар хүртэл сар бүр 300.000 төгрөг, 2014 оны 10 сараас 2015 оны 07 сар хүртэл сар бүр 200.000 төгрөг, 2015 оны 11 сараас 2016 оны 2 сар хүртэл сар бүр 150.000 төгрөг, нийт 4.050.000 төгрөг болсноос би тухайн үед цуг амьдарч байсан тул тал хувийг хасч 2.025.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлд дурьдагдсан сургалтын төлбөрийн 620.000 төгрөг нь 4.050.000 төгрөгт ороогүй уг мөнгийг нэхэмжлээгүй гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Б- овогтой Б нь өмнө нь ярилцаагүй байрны төлбөр болон бусад мөнгийг нэхэмжилж байгаа нь баримтгүй бөгөөд үүнийг би төлье, чи төлье гээд харилцан тохиролцоогүй болно. Мөн нэхэмжлэл дээрх төлбөрийн 620.000 төгрөгөөр өөрөө гэртээ юм авсан бөгөөд эдгээр зүйлс нь одоо өөрт нь үлдсэн болно. Иймд түүний нэхэмжилсэн 4.050.000 төгрөгийг төлмөөргүй байна. Харин өөрийн охин болох Н.У-ын мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оноос 2016 оны 2 сар хүртэл Бтой хамтран амьдарсан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Н.У миний охин мөн. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Мөн уг хамтран амьдарч байх хугацаанд байрны түрээсийн мөнгийг Б- нь өгдөг байсан. Нэхэмжлэлд дурьдагдсан сургалтын төлбөрийн 620.000 төгрөгийг би төлсөн байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2.025.000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Нт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 4.050.000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2.025.000 /хоёр сая хорин таван мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Наас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Н нар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр охин У-ыг төрүүлсэн болох нь Н.У-ын 6701000271 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Н.У нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Наас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Н.У-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Бийн хариуцагч Б.Наас 2.025.000 /хоёр сая хорин таван мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд Н бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа байр түрээслэж амьдардаг байсан. Ингэхдээ байрны мөнгө хувааж төлөхөөр тохиролцсон боловч Н мөнгө огт төлж байгаагүй. Чи өгч бай дараа нь би чамд өгнө гэж хэлээд надаар төлүүлдэг байсан ба 2014 оны 1 дүгээр сараас 6 сар хүртэл сар бүр 300.000 төгрөг, 2014 оны 10 сараас 2015 оны 07 сар хүртэл сар бүр 200.000 төгрөг, 2015 оны 11 сараас 2016 оны 2 сар хүртэл сар бүр 150.000 төгрөг, нийт 4.050.000 төгрөг төлсөн. Үүнээс би өөрөө тухайн үед цуг амьдарч байсан тул тал хувийг хасч 2.025.000 төгрөгийг Наас гаргуулж авна,
Хариуцагч Б.Н нь Б бид хоёр 2014 оны 1 дүгээр сараас 2016 оны 2 сар хүртэл хамт амьдарч байсан нь үнэн бөгөөд тухайн үед би ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй байсан тул байрны түрээсийн мөнгийг сар бүр Б төлдөг байсан. Иймд нэхэмжлэгчийн 2.025.000 /хоёр сая хорин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Н нар нь 2014 оны 1 дүгээр сараас 2016 оны 2 дугаар сар хүртэл байр түрээслэн хамтран амьдарч, уг байрны түрээсийн төлбөрийг Б.Б төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа, мөн хариуцагч төлөхийг зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 4.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч нь чөлөөлөгдсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Н.Уд Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 167.200 төгрөгийн 50 хувь буюу 83.600 /наян гурван мянга зургаан зуу/ төгрөгийг сар бүр хариуцагч Б.Н төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Н.Уд сар бүр төлөх тэтгэлэг 83.600 /наян гурван мянга зургаан зуу/ төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1.003.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28.627/ хорин найман мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 2.025.000 /хоёр сая хорин таван мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 47.350 /дөчин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг тус тус хариуцагч Б.Наас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Н.У-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д овогт Б-ын Наас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Б.Наас 2.025.000 /хоёр сая хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 28.627 /хорин найман мянга зургаан зуун хорин долоо/ төгрөг, 2.025.000 /хоёр сая хорин таван мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 47.350 /дөчин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг тус тус хариуцагч Б.Наас гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ