Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***т оршин суух, оо11111111 дугаар регистртэй, А овогт Г-ын Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, ЗЗ11111111 дугаар регистртэй, М овогт Д-ийн Э-д холбогдох

Зээлийн үлдэгдэл 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2016/00317/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ц-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г-ын Ц-а миний бие Д- овогтой Э-д гэрээ байгуулан 2.000.000 /хоёр сая/ төгрөг зээлсэн боловч гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй. 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үлдэгдэл өгцөөтэй юм. Э-аас авах 1.400.000 төгрөгөө авья гэж удаа дараа шаардсан боловч өнөөг болтол өгөөгүй юм. Иймд Д.Э-аас 1.400.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1987 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ***ийн Засаг дарга ажилтай, ***од оршин суух, ОО77777777 дугаар регистртэй, М овогт Т-ын Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц-а гуай хөдөө байдаг, нас өндөр гарсан учир би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Д.Э- нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Г.Ц-атай 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 3 үхэр, 1 адуу авсан гэдэг. Тус мөнгөнөөс 600.000 төгрөг өгч, үлдэгдэл 1.400.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй, Г.Ц-ыг мөнгөө нэхээд очиход одоо мөнгө өгөх боломжгүй байна гээд 7 хоногийн дотор төлж барагдуулна гэж амлалт бичиг хийж өгсөн байсан. Гэсэн хэдий ч Д.Э- одоо болтол тус мөнгийг өгөхгүй байгаа тул түүнээс 1.400.000 төгрөгийг гаргуулж Г.Ц-ад олгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Э-д 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ц-а нь хариуцагч Д.Э-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Г.Ц-а 2.000.000 төгрөгийг, хүүгүй, 15 хоногийн хугацаатай Д.Э-д зээлээр өгч гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, Д.Э-ы 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-17-10 тоотод оршин суух, Д- овогтой Э- миний бие танаас зээлж авсан 2.000.000 төгрөгийг нэн даруй 7 хоногийн дотор дараах нөхцөлтэйгээр төлж барагдуулахаа амлаж байна. Энэ хугацаанд өөрийн ээжийнд байгаа малнаас мөнгө болгож өгье. Хэрэв чадахгүй бол нотариатаар баталгаажуулсан гэрээний дагуу хуулийн дагуу шийдвэрлүүлж, хууль шүүхийн өмнө иргэн миний бие хариуцлага хүлээнэ гэх бичилттэй Г.Ц-ад гаргасан хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Э- нь зээлийн гэрээнд заасан хугацаанд Г.Ц-ад мөнгийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч 1.400.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заасан байх тул хариуцагч Д.Э- шүүхэд хуулинд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

Иймд хариуцагч Д.Э-аас 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ц-ад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.500 төгрөгөөс илүү төлсөн 150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Э- шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Э-аас зээлийн үлдэгдэл 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ц-ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.500 төгрөгөөс илүү төлсөн 150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА