Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00468

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ***т байрлах, Шны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***од оршин суух, эмэгтэй, ЛЛ11111111 дугаар регистртэй, О овогт Д-гийн М-т холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл 37.661.598 төгрөг, зээлийн хүү 8.112.659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289.690 төгрөг, нийт 46.063.947 /дөчин зургаан сая жаран гурван мянга есөн зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2016/00311/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Шны Хөвсгөл салбарын захирал Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д- овогтой М- нь 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус банкнаас 35 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 53.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож *** хаягт орших 628.6 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, 100м.кв талбайтай хувийн сууц, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, *** хаягт орших 482.2м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, 49м.кв талбайтай хувийн сууц, *** хаягт орших 577.3м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 48м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч Д.М- нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 15.338.402 төгрөг, зээлийн хүү 10.835.598 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.554 төгрөг, нийт 26.197.554 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээл 37.661.598 төгрөг, зээлийн хүү 8.112.659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289.690 төгрөг, нийт 46.063.947 төгрөг төлөгдөөгүй байна.

Иргэн Д.М- нь банктай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 35 тоот зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн графикаа зөрчин, зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, иргэн Д.М-аас үндсэн зээл 37.661.598 төгрөг, зээлийн хүү 8.112.659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289.690 төгрөг, нийт 46.063.947 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д- овогтой М- миний бие 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Шны Хөвсгөл салбараас 35 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 53.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй авсан нь үнэн болно. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож ***, *** хаягт тус тус байрших үл хөдлөхүүд болон газрыг барьцаалсан. Уг барьцааны хөрөнгөөс өөрийн эзэмшлийн болох ***од байрлах 100м2 ажлын байр, сууцны зориулалттай байр газрыг шүүхийн шийдвэрийг харгалзан зарж борлуулах, бусад байдлаар тус банкыг хохиролгүй болгоход бэлэн байна. Өнгөрсөн хугацаанд өөрийн ажил үйлчилгээг хэвийн явуулж гэрээгээ зөрчихгүй байхыг хичээсэн боловч ашиг орлого тогтворгүй, гүйлгээ борлуулалт муудсаны улмаас ийм байдалд хүрсэн минь үнэн. Миний бие одоогоор нялх хүүхэдтэй гэртээ байгаа юм. Уг банкнаас гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл 37.661.598 төгрөг, зээлийн хүү 8.112.659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289.690 төгрөг, нийт 46.063.947 төгрөгийг төлөх нь үнэн, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Шны Хөвсгөл салбар нь хариуцагч Д.М-т холбогдуулан үндсэн зээл 37.661.598 төгрөг, зээлийн хүү 8.112.659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289.690 төгрөг, нийт 46.063.947 /дөчин зургаан сая жаран гурван мянга есөн зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388.270 төгрөгийн тал хувь болох 194.135 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамж 194.135 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Шны Хөвсгөл салбараас үндсэн зээл 37.661.598 төгрөг, зээлийн хүү 8.112.659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 289.690 төгрөг, нийт 46.063.947 /дөчин зургаан сая жаран гурван мянга есөн зуун дөчин долоо/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.М- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388.270 төгрөгөөс 194.135 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамж 194.135 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА