Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 02364

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Н-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02849 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Н-гийн хариуцагч Г.Л-, “ЛУ” ХХК, “З” ХХК, С.Б- нарт холбогдуулан гаргасан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Г.Л- нь “ЛУ” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр авсан үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээнээс чөлөөлөхийг “ЛУ” ХХК болон “З” ХХК-д даалгах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв, Ү-2201014010, 000752733 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Н-, 1801808136 нэгж талбарын дугаартай 6172 м.кв газрын эзэмшигч Д.Н- мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.М, хариуцагч Г.Л-ын өмгөөлөгч Ч.Э, хариуцагч “ЛУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “ПИ” ХХК-ийн захирал Ч.Т-тай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай /гэрчилгээний дугаар 000752733, Улсын бүртгэлийн дугаар Ү-2201014010/ үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэх, зээлийн барьцаанд тавих үүргийн гүйцэтгэлийг хангах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах, өргөдөл хүсэлт бичих, төлбөр тооцоо хийх, захиран зарцуулах бүхэн эрхийг 1 жилийн хугацаатай олгосон. Энэхүү итгэмжлэлийн гол нөхцөл нь 200 000 литр дизелийн түлшийг 1 сарын хугацаатай зээлээр авах тохиролцоо байсан. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дизелийн түлш нийлүүлэх гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт барьцаалан Г.Л-ын нэр дээр 1 сарын хугацаатай түр шилжүүлсэн. Г.Л-ын нэр дээр шилжүүлэх болсон шалтгаан нь түлшний эзэн гэж өөрийгөө танилцуулсан Бадрал гэх залуу миний дизелийн түлш Жаст-ын агуулахад байгаа та авахаар бол үл хөдлөх хөрөнгөө барьцаалж миний дүү Г.Л-ын нэр дээр шилжүүлчих, цаанаас нь худалдах худалдан авах гэрээ хий гээд шаардаад байна гэсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “ПИ” ХХК-ийн захирал Ч.Т-т олгосон итгэмжлэлийн дагуу байгуулсан. Ингээд дизелийн түлш нийлүүлэх гэрээ ёсоор миний бие 120 000 литр түлш авах байтал 70 000 литр түлшийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн. Анхны тохиролцоо нь дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 200 тонн түлш болон 120.000 литр авах тохиролцоо байсан боловч энэ тохиролцоо биелэгдээгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарт 70 000 литр түлшнээс дээш гарахгүй юм байна гэж Г.Л- хэлсэн. Улмаар дээрх хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан Г.Л- нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “ЛУ” ХХК-ийн захирал С.Б-д 1 жилийн хугацаатай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрын хамт зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөх, төлөөлж гарын үсэг зурах, гэрээ холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөх, хүлээн авах үйлдэл хийх эрх буюу итгэмжлэл олгож, “ЛУ” ХХК-ийн захирал С.Б- нь “З” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 108/2019/ЛХУ/01 дугаар газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 300 000 литр түлш авч миний өмчлөх эрх зөрчигдөж, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын барьцаалбарт тавьж мөн өдрөө 108/2019/ЛХУ/01 дугаар барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Анхнаасаа “ПИ” ХХК-ийн захирал Ч.Т-, менежер Ж.Г-, түлшний эзэн гэх Бадрал түүний дүү хариуцагч Г.Л- нар нь надад итгэл төрүүлэн миний өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж надад өгөх ёстой дизелийн түлшээс дутууг өгч, өөрсдөө уг барьцааны үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж ашиг олох зорилго агуулж байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие олж мэдсэн. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд анхнаасаа тухайн үл хөдлөх хөрөнгө болон газрыг бусдад худалдах, шилжүүлэх хүсэл зориг байхгүйгээр зөвхөн барьцаанд тавьж, дизелийн түлш зээлээр худалдан авах хүсэл зориг байсан бөгөөд энэ нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр тал хэлцэл хийгдсэнээр бий болдог. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Г.Л- нь “ЛУ” ХХК болон түүнийг төлөөлж гүйцэтгэх удирдлага С.Б-д 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг илэрхийлсэн хэлцэл байх боловч Г.Л-ын хувьд дээрх агуулахын барилга, газар нь түлшний барьцаанд тавьж буй барьцааны хөрөнгө гэдгийг хэлцэл байгуулагдахаас өмнө мэдэж байсан бөгөөд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийж, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохыг тулд хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн Г.Л- нь “ЛУ” ХХК болон түүнийг төлөөлж гүйцэтгэх удирдлага С.Б-д 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэл нь мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Түүнчлэн маргаан бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээнээс чөлөөлөхийг “ЛУ” ХХК болон “З” ХХК-д даалгах нэхэмжлэлийн тухайд... Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх бусдад шилжиж, барьцааны зүйл болсон. Өөрөөр хэлбэл 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр маргаан бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт Г.Л-ын өмчлөл, эзэмшилд шилжсэн. Энэхүү өмчлөл, эзэмшилд шилжсэн явдал нь дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх шилжсэн нь хариуцагч Г.Л-ыг уг эд хөрөнгийг шударгаар олж авсан шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг шударга бус эзэмшигч, өмчлөгч Г.Л-д анхнаасаа хүлээлгэсэн хэлцэл байсан тул уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасан тул 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрыг барьцаанд тавьсан үйлдэл нь хүчин төгөлдөр бус тул “ЛУ” ХХК нь “З” ХХК-д газрын тос зээлээр худалдах, худалдан авах гэрээний барьцаанд тавьсныг чөлөөлөх хууль зүйн үр дагавар үүсэх... ёстой. Хуулийн этгээдүүд болох “ЛУ” ХХК нь “З” ХХК-д газрын тос зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь тусдаа бие даасан гэрээ бөгөөд нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхөд ямар нэгэн байдлаар саад болохгүй бөгөөд “ЛУ” ХХК нь барьцааны хөрөнгөө өөр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр сольж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “З” ХХК-д санал болгох бүрэн боломжтой бөгөөд хариуцагч Г.Л-ын хувьд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх нь Иргэний хуулийн холбогдох заалтад нийцэх тул урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодруулж байна. Нэхэмжлэгч нарын хувьд анхнаасаа “ПИ” ХХК-ийн захирал Ч.Т-, менежер Ж.Г-, түлшний эзэн гэх Бадрал түүний дүү хариуцагч Г.Л- нарт дизелийн түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний барьцаанд тавихаар тохирсноос биш гуравдагч этгээдэд зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зориг байхгүй байсныг анхаарч үзнэ үү. Маргаан бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Арилжааны гэрээгээр Д.Н-, Б.Нямтулга, Б.Баяржаргал нарын хамтран өмчлөлд шилжиж тухайн нэр бүхий 3 этгээд тухайн агуулахын хамтран өмчлөх эрхийг олж авсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ хамгаалах эрхтэй. Дээр дурдсанаар дизелийн түлш зээлээр худалдан авахын тулд тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн, худалдсан боловч дизелийн түлш зээлээр худалдан авч түүний үнийг төлж барагдуулсны дараагаар буюу 1 сарын хугацаатай түр шилжүүлэх буюу худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 1 сарын хугацаа өнгөрсөн, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх нь шинэ өмчлөгч Г.Л-д шилжсэн бөгөөд өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах миний эрх зөрчигдсөн. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх үүсэн гарсан тул улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаартай, гэрчилгээний 000752733 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамжны 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Н-, 1801808136 нэгж талбарын дугаартай 6.172 м.кв талбайтай газрын эзэмшигч нь Д.Н- мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Л- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Н.Б- гэдэг хүн над руу холбогдоод 200 тонн түлш барьцаа тавьж авья гээд манай эгч Жастаас хэдэн тонн түлш гаргаж, бичиг баримтуудтай намайг явуулсан. Тэр дунд нь Д.Н- түүний эгч юм уу тэрийг нь сайн мэдэхгүй. Өмнөговь руу төмөр зам барих гээд эгч маань тэгээд 70 000 тонн түлш гаргана. 1 850 төгрөгөөр гаргана гэсэн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Саппоро орчимд байдаг нотариат дээр дуудаад хоёр найзтайгаа очсон. Д.Н-, н.Тамир гээд баахан ченжүүд байсан. Тэгээд над руу нэрээ шилжүүлээд би ч юм яриагүй. Тэр өдөр нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэл дээр нэрээ шилжүүлэх гэж байхад нь би манай хоёр найз 70 тонн гэсэн чинь уурлаад явсан. Маргааш өдөр Н.Б- залгаад 70 тонныг авахад болно гэж байна гээд 70 тонныг авахаар болсон гээд улсын бүртгэл дээр нэрийг нь шилжүүлсэн. Уг хөрөнгүүдийг барьцаалбар хэлбэрт оруулахгүй миний нэр дээр шилжүүлж өгнө үү яагаад гэвэл хүмүүс хугацаагаа хэтрүүлчхээд мөнгөө буцааж өгдөггүй болохоор гэсэн агуулахаас 1 литрийг 1 850 төгрөгөөр гарна хугацааг 15 хоногийн дараа мөнгөө төлнө. Хэтэрвэл 7 хоног л харна шүү, өдрийн 0.5 хувийн алданги бодож үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулж өөрийн мөнгийг гаргаж авна шүү гэж тохиролцсон чинь болно гэсэн. Би Д.Н- гэдэг хүнд өгөөгүй. Н.Б- гэдэг хүнд шилжүүлж өгсөн. Энэ Д.Н- гэдэг хүнийг би угаасаа танихгүй. Би түлшний гэрээ ч хийгээгүй. Н.Б- л залгаад манай эгч байгаа юм гэсэн. Залилах гэж авсан гээд байна. Тийм зүйл байхгүй. Н.Б- л авсан. Маргааш нь Бадралсайхан 1 850 төгрөгөөр авсан түлшийг би цаад хүмүүстээ 2 000 төгрөг гээд хэлчихсэн. Үнийн зөрүүнээс 100 төгрөгийг бүтээж өгсөн гээд аваарай гэж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 11-ний орой агуулахаас 46-15 УНО, АЧ 64-78, 30-76 УНЗ, АЧ 90-97 гэсэн 2 машинаар 70 400 литр түлш Д.Н- авсан. 70 400 литр түлшний 1 литрийг 1 850 төгрөгөөр тооцож үнийн дүн болох 130 240 000 төгрөгийг буцаан өгвөл барьцааг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч “ЛУ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Л- нь өөрийн өмчлөлийн маргаж буй агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “ЛУ” ХХК-ийн захирал С.Б-д 1 жилийн хугацаатай барьцаанд тавих үйлдэл хийх эрх олгосон итгэмжлэлийн дагуу тус компани нь “З” ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 108/2019/ЛХУ/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 300 000 литр түлш авсан. Дээрх түлшнээс 70 400 литр түлшийг /1 литр 1 850 төгрөг ба нийт 130 240 000 төгрөг/ Г.Л- авсан. Иймд Г.Л- нь манай компаниас авсан түлшний үнийг бүрэн төлсөн тохиолдолд барьцааны эд хөрөнгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч Д.Н-тэй ямар нэгэн хэлцэл болон түүний өмчийг барьцаалаагүй гэжээ. “ЛУ” ХХК-ийн хувьд Д.Н- гэдэг хүнээс н.Тамир гэдэг хүнд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Иргэний хуульд заасны дагуу итгэмжлэл олгосон. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө Д.Н-, Б.Нямтулга, н.Баяржаргал гэсэн гурван хүний өмч юм. Энэ гурван хүмүүс нийлээд н.Тамир гэж хүнд бүрэн итгэмжлэл олгоод тэр итгэмжлэлийн дагуу н.Тамир нь Г.Л-д худалдсан. Энэ итгэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд хүчин төгөлдөр байсан тул манай компани цааш үргэлжлүүлээд гэрээ хэлцлээ хийсэн. “ЛУ” ХХК-ийн хувьд Г.Л-ын үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, “З” ХХК-аас түлш авсан. Г.Л-ын нь н.Тамир гэдэг хүний итгэмжлэлтэй, хувийн итгэмжлэлтэй байгаа нэг ёсны Д.Н- гэдэг хүн нэхэмжлэгч маань. н.Тамирт итгэмжлэл олгоод тэр итгэмжлэлийнхээ дагуу Г.Л-д худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Хууль ёсны итгэмжлэлтэй байсан учраас тэр итгэмжлэлийн дагуу хийсэн. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Д.Н- гуай “ЛУ” ХХК-д 70 000 литр түлшний үнэ болох 130 240 000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж нотариатаар батлуулж, гэрээ хийгээд өгсөн байсан. Газрын гэрчилгээг Д.Н- гуай өөрөө ёстой залилангийн замаар худлаа ярьж авсан. Энэ нь дээр газрын эзэмших ашиглах газрын гэрчилгээний асуудал яригдахгүй. Манайхаас өнөө орой мөнгийг чинь төлье гээд гуйсаар байгаад “ЛУ” ХХК-ийн төлөөлөгчөөс аваад явсан. Эвлэрлийн гэрээ байгуулъя гэж өөрөө бичиж өгчхөөд одоо болохоор ийм асуудал яриад байгаа. Итгэмжлэл нь хүчин төгөлдөр байгаа. Д.Н-г залилсан зүйл байхгүй. Д.Н- нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “З” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага дээрээ барьцааны гэрээнээс чөлөөлүүлэхийг “ЛУ” ХХК болон “З” ХХК-д даалгах гэсэн байгаа. Үнийн хувьд манай компанийн зүгээс 1 750 төгрөгөөр биш 1 796 төгрөгөөр худалдсан. Зохих журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр юм. Манайх барьцаанд авах үед Г.Л-ын нэр дээр шилжчихсэн байсан. Нэхэмжлэгч Д.Н- болон Г.Л- нар түлшний гэрээ байгуулсан н.Гал-Эрдэнэ, Н.Б- нарын хооронд л нэг ойлгомжгүй хэлцэл үүссэн. Түүнээс болоод манай компанид эрсдэлтэй нөхцөл байдал үүсчхээд байна. Манай компани энэ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд аваад түлшээ зарсан. Харин төлбөр бол ороогүй байгаа. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр “ЛУ” ХХК-тай шүүхээр явж байгаа. Тэгээд “ЛУ” ХХК-ийн зүгээс иргэн Д.Н- түлшнийхээ мөнгийг төлчих. Төлсөн түлшнийхээ мөнгийг манай компани танай компанид төлөх гээд байна гэсэн хариу өгсөн. Д.Н- нь эхлээд 70 000 литр түлшнийхээ мөнгийг төлж байж үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх асуудал яригдах гээд байгаа юм. Бас нэхэмжлэлийн шаардлага дээр худалдах, худалдан авах гэрээ, барьцааны эрх шилжүүлэх гэрээ, дүр эсгэсэн гэрээ, хэлцэл гэж үзээд байх шиг байна. Энэ хүмүүс эхлээд н.Гал-Эрдэнэ гэдэг хүнтэй гэрээ байгуулаад тохиролцсон. Гэвч яг дизель түлш худалдаж авсан хүн нь Г.Л-аас худалдаж авсан гэж яриад байна. Тэгэхээр энэ хооронд яг ямар хэлцэл болсныг тодорхой болгоод мэтгэлцэх хэрэгтэй байна. Д.Н- гуайн зүгээс миний үл хөдлөх эд хөрөнгийг “ЛУ” ХХК болон “З” ХХК-д барьцаанд тавиад 300 000 литр дизель түлш худалдаад авсан гэдэг зүйлийг яриад байна. Тэрийг яг яаж нотлоод байгаа юм. Манай компани “ЛУ” ХХК-тай гэрээ байгуулаад танай зээлийн хэмжээ 300 000 литр дизель түлшнээс илүү гарч болохгүй шүү гэдэг асуудал яригдсан. “ЛУ” ХХК-тай 2018 оноос хойш хамтарч ажилласан. Зөвхөн энэ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд аваад 300 000 литр дизель түлштэй холбоод байгаа юм биш. Үүнээс гадна 7 үл хөдлөх хөрөнгө барьцаанд авч байж манайх “ЛУ” ХХК-д худалдсан юм. Дизель түлшний нэгж үнэ байнга өөрчлөгдөж байдаг. Яг хэдэн сарын хэдний өдөр худалдаж авчхаад 1 750 төгрөг гээд байгаа юм. Би тооцоогоо харахад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 1 916 төгрөгөөр “ЛУ” ХХК-д зарсан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн тухайд халхавчилсан хэлцэл гээд н.Гал-Эрдэнэтэй байгуулсан дизель түлш худалдах худалдан авах гэрээг халхавчилж байгаа гэрээ хэлэлцээр гэж үзээд байх шиг байна. Үгүйсгэсэн хэлцэл, халхавчилж байгаа хэлцлээ хооронд нь ялгаж салгах нь зүйтэй. Иргэн Д.Н- гуай Г.Л-, Н.Б-, н.Гал-Эрдэнэ нартай хоорондоо тохиролцоод хэлцэл үүссэн байна. Үүнээс үүдэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад дизель түлш худалдаж авах эрх, төлбөрөө төлөх үүрэг нь үүссэн. Үүний үндсэн дээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, газрын эрх шилжүүлэх гэрээ гэж байгуулагдсан. “ЛУ” ХХК-ийн хувьд Г.Л-ын үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, “З” ХХК-аас түлш авсан. Г.Л- нь н.Тамир гэдэг хүнд итгэмжлэл олгоод тэр итгэмжлэлийнхээ дагуу Г.Л-д худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Хууль ёсны итгэмжлэлтэй байсан учраас тэр итгэмжлэлийн дагуу хийсэн. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Д.Н- гуай “ЛУ” ХХК-д 70 000 литр түлшний үнэ болох 130 240 000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна гэж нотариатаар батлуулж, гэрээ хийгээд өгсөн байсан. Газрын гэрчилгээг Д.Н- гуай өөрөө худлаа ярьж авсан. Энэ нь дээр газрын эзэмших ашиглах газрын гэрчилгээний асуудал ярихгүй ээ. Манайхаас өнөө орой мөнгийг чинь төлье гээд гуйсаар байгаад аваад явсан. Хэргийн материалд байгаа. Эвлэрлийн гэрээ байгуулъя гэж өөрөө бичиж өгчхөөд одоо болохоор ийм асуудал яриад байгаа. Тэр итгэмжлэл нь хүчин төгөлдөр байгаа. Д.Н-гээс залилаад авсан юм нэг ч байхгүй. Д.Н-д нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б- нь “ЛУ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд оролцож байна гэсэн үг. Тэгэхээр “ЛУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунгэрэлтэй санал нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.4 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.Н-н хариуцагч Г.Л-, “ЛУ” ХХК нарт холбогдох 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Г.Л-аас “ЛУ” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв, Ү-2201014010, 000752733 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, 1801808136 нэгж талбарын дугаартай 6172 м.кв газрын эзэмшигч мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай, “ЛУ” ХХК болон “З” ХХК нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээнээс чөлөөлөхийг даалгах тухай, хариуцагч С.Б-д холбогдох 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Г.Л-аас “ЛУ” ХХК-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Н- давж заалдах гомдолдоо:

... Шүүхээс агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нараас олгосон итгэмжлэл хүчинтэй тул уг итгэмжлэлээс үүссэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Д.Н- миний хамтран өмчлөгч нараас өгсөн итгэмжлэл нь хуульд заасан журам шаардлагын дагуу хийгдсэн итгэмжлэл бөгөөд иргэн Г.Л- бид хоёрын хооронд байгуулсан, харилцааны эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь харилцан хүсэл зоригоо илэрхийлж анхнаасаа худалдах, худалдан авах хүсэл зориг аль алинд нь байгаагүй. Иргэний хуульд заасан үндэслэх журмын дагуу хийгдээгүй, гэрээ гэж үзэн хууль зүйн үндэслэлтэй. Дээрх үндэслэл нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч Г.Л-, “ЛУ” ХХК, “З” ХХК, С.Б- нарт холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Г.Л- нь “ЛУ” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр авсан үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээнээс чөлөөлөхийг “ЛУ” ХХК болон “З” ХХК-д даалгах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв, Ү-2201014010, 000752733 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Н-, 1801808136 нэгж талбарын дугаартай 6172 м.кв газрын эзэмшигч Д.Н- мөн болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

Нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэл дэх шаардлага тус бүрийг тодруулах, шаардлага тус бүрт гаргасан хариуцагчийн тайлбарыг хэрэгт авагдсан бичгийн баримтуудтай харьцуулан үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон, уг маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг хэрэглэх шаардлагатай. Гэвч шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл, уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх нөхцөл, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахтай холбоотой Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн зохицуулалтыг хэргийн нөхцөл байдалтай холбож, зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Н- нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Г.Л-, “ЛУ” ХХК-ийн хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний зүйл болох 948 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 6172 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаах агуулга бүхий уг шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар гэрээний талуудад хамааралтай. Харин сонирхогч этгээдийн хувьд бол мөн хуулийн 56.4 дэх хэсэгт зааснаар үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд хүчин төгөлдөр бус гэж маргаж буй хэлцэлд оролцоогүй нэхэмжлэгч нь бусад этгээдийн хооронд хийсэн хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаан шаардсан шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

            Нэхэмжлэгч нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж буй үндэслэлээ “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалсан болохоос өмчлөх эрхийг шилжүүлсэн агуулгатай хэлцэл хийгээгүй” гэж тайлбарласан. Хариуцагч Г.Л- нь нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, 70 400 л түлшний үнэ 130 240 000 төгрөгийг төлсөн нөхцөлд барьцааг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргажээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 42 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага, үндэслэл, хариуцагчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах ба өөр хэлцлийг буюу барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж талууд үзэж байвал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлсэн, эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, мөн өөр хэлцлийн агуулга байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулан, хуулийн дээрх заалтыг хэрэглэх нөхцөл байдал байгаа эсэх, энэ талаар гаргасан талуудын тайлбарыг тодруулан дүгнэх шаардлагатай.

                       

            Улмаар, нэхэмжлэгч Д.Н- нь нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, газрын эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ хийгдэхээс өмнө Д.Н-, Б.Б, Б.Н нарын өмчлөлийнх байсан, эдгээр 3 өмчлөгч нь “ПИ” ХХК-ийн захирал Ч.Т-т итгэмжлэл олгосныг үндэслэн эд хөрөнгө бусдын буюу Г.Л-ын өмчлөлд шилжсэн үйл баримтууд хэрэгт авагджээ. /хх-63/

 

Өмчлөгчдийн нэг болох Б.Баяржаргалаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Н-д шүүхэд төлөөлөх эрхийн итгэмжлэл олгогдсон харин Б.Нямтулгаас олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь зөвхөн Д.Н- болохыг тогтоолгохоор шаардсан үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

Түүнчлэн 6 172 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг газрыг эзэмшилдээ шилжүүлэхийг даалгах, эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотой газрын эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээнээс өөр Д.Н-н эзэмших эрхийг гэрчилсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02849 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ