Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч Д.Нямсүрэн

            Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Дорж,

Хохирогч Б.Намбаяр нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, Малчин овогт Д.Ст холбогдох 201725030845 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамж, 540 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Малчин овогт Д.С (РД:000000000000),

нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Намбаярын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжны 5-1, 5-2 тоот хашаа байшин, газрыг 35 сая төгрөгөөр худалдаж авна гэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ: -2015 оны 7 дугаар сард би Увс аймгийн ойн баяраар Увс аймагт явж байхад манай эхнэр Намбаяр ах хашаа байшингаа зарах гэж байна. Чи бид хоёрыг аваач, хашаа байшингаа банкинд алдах гээд байна, зээлээ төлж чадахгүй байна, та 2 аваад үлдсэн мөнгийг нь цувуулаад өгчих гэж байна гэж ярьсан. Тэгээд Увс аймгийн баяр үзээд ирээд 09 дүгээр сард Намбаяр ахтай ярьж байгаад Хас банкаас 15.000.000 төгрөгийг чөлөөлж байгаад буцаагаад банк бус санхүүгийн байгууллагад тавьсан. Тэр үед өндөр хүүтэй өдрийн зээлээр чөлөөлүүлж авсан. Тэрийгээ өгөхийн тулд банк бус санхүүгийн байгууллагад тавьж өдрийн зээлийн мөнгөнөөс чөлөөлүүлсэн. Би ногоо тариад ногоо маань алдагдалд ороод шатсан. Банк бус байгууллагад тавьсан зээлээ төлж чадахгүй байсаар байгаад ийм байдалд хүрсэн. Хэрэг хийсэндээ харамсаж байна, хохирлыг хурдан барагдуулна гэв.

            Шүүх хуралдаан дээр хохирогч Б.Намбаяр мэдүүлэхдээ:-Би 2015 оны зун шүүгдэгчтэй таараад хашаа байшингаа зарах гэж байгаа талаараа хэлсэн. Тэгээд 9 дүгээр сарын дундуур над руу залгаад хашаа байшингаа шилжүүлье гэсэн. Надад эхлээд 100.000 доллар, 200.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа талаар хэлсэн. Мөн надад танай хашааг, гражийг чинь ногооны зоорь гэж банкинд үзүүлэх гэж байгаа. 2 үл хөдлөх гэрчилгээ чинь хэрэгтэй байна. Үүнийг үзүүлэх гэж байгаа гэсэн. Хөрөнгөтэй болж харагдах гэж байгаа гэх утгатай зүйл хэлсэн. Би 40.000.000 төгрөгөөр зарна гэхэд одоо мөнгийг чинь шууд гаргаад өгнө, 35.000.000 төгрөгөөр авна гэхээр нь 35.000.000 төгрөгт тохиролцоонд хүрсэн. Тэгээд миний өөрийн банкин дахь өр 15.000.000 төгрөгийг чөлөөлнө, бусдыг нь сар сард нь төлж явна гэсэн. Тэгээд би манай 2 хөгшин байгаа. Тэр 2 хөгшинг хаашаа аваачих вэ, би мөнгөө бүрэн авч байж, 22-ын товчоон дээр хашаа байшин авч байж нүүлгэе гэсэн. Энэ хашаа байшин эхнэр бид хоёрын нэр дээр байдаг. Намайг Замын үүд дээр явж байхад шүүгдэгчийн ээж нь над руу залгаад эхний ээлжинд бичиг баримтыг нь банкнаас чөлөөлж авъя, ганц хашаа байшинг чинь барьцаанд тавихгүй, бид нар өөр эд хөрөнгө тавьж байгаа, олон юм тавьж байгаа талаар ойлгуулсан. Тэгээд тэр зээл бүтэхгүй болсон, өөр банкинд хөөцөлдөж байна гэсэн. Миний хохирлыг барагдуулчих гэж шүүгдэгчид хэлсэн. Шүүгдэгчийн ногоо тавьдаг газар дээр нь очиж харахад ногоо тарьсан байсан. Шүүгдэгч нь ханш муу байна гээд янз бүрийн шалтаг хэлээд хойшлуулж байсан. Манай аав, ээжийг маань хашаа байшингаас нь албадан хөөсөн байгаа. Тэгээд би Баянхошуу дээр аав, ээждээ 6.500.000 төгрөгөөр хашаа авч өгсөн. Одоо 19.500.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчүүдээс мэдүүлэхдээ:

            1.А.Чулуунцэцэгээс: “...Нөгөө хүмүүст манай хашаа байшин 15 сая төгрөгийн банкны барьцаанд байгаа талаар хэлэхэд бид нар танай банкны 15 саяын зээлийг чинь хаагаад үлдсэн 20 сая төгрөгийн 10 саяыг хашаа байшинг чинь банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад өгье, үлдсэн 10 сая төгрөгийг нь намар ургацаа хураагаад өгье гэсэн. Тэгээд бид зөвшөөрөөд хашаа байшингийнхаа эзэмшигчийн нэрийг шилжүүлсэн. Тэр хүмүүс хэлэхдээ танай хашаа байшинг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авна, зээл бүтвэл мөнгийг чинь шууд өгнө гэсэн. Тухайн үед ээж нь гэх Нансалмаа гэх эмэгтэй өдрөөр зээл чөлөөлдөг хүмүүсээр зээлийг чөлөөлсөн учир би итгээд нэрээ шилжүүлж өгсөн. Тэгээд түүнээс хойш мөнгөө авах гээд залгахад утсаа салгаад алга болсон. Би уг нь хашаа байшингийнхаа 1 хашаа байшинг нь шилжүүлээд өгчихье, мөнгөө аваад үлдсэнийг нь шилжүүлээд өгье гэхэд та хоёуланг нь шилжүүлээд өгчих гээд байсан” гэжээ.

            2.Б.Насангаас: “...2015 оны 10 дугаар сарын дунд үед төрсөн ах Намбаяр машин авахад мөнгөний хэрэг гарлаа 5 сая төгрөг зээлээч гэсэн. Тухайн үед удаахгүй, 7 хонуулаад өгнө гэсэн учир би банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг найз Соёлоогоос 5 сая төгрөг зээлж өгсөн. Тэгээд 7 хоногийн дараа мөнгөө авахаар Намбаяр ахаас асуусан мөнгөө өгч чадахгүй, хүнээс мөнгө авах ёстой гэсэн. Тэгээд манай найз зээлүүлсэн мөнгөө нэхээд байсан учир би Намбаяр ахтай уулзсан юм. Тэгээд надад хэлэхдээ би хашаа байшингаа зарчихсан, урьдчилгаа авчихсан байгаа, үлдэгдэл мөнгөн дээрээ гэрээ хийчихсэн байгаа найдвартай гээд байсан. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь дахин очоод уулзахад чи итгэхгүй бол тэр хүмүүстэй уулз гэж хэлсэн. Тэгээд би Намбаяр ахын гэрт нь билүү, нөгөө ногооны худалдаа эрхэлдэг лангуу руу нь очсон билүү, сайн санахгүй байна, ямар ч байсан очиж уулзахад Батцэнгэл гэх эмэгтэй байсан. Тэгээд Намбаяр ах мөнгөө нэхэх үед эмэгтэй удахгүй өгнө гээд он сар хэлээд байсан. Тэгээд би хэлсэн хугацааг нь хүлээгээд 7 хоног орчим болсон. Тэгээд 7 хоног өнгөрөөд тэр эмэгтэй рүү Намбаяр ах бид хоёр ээлжлээд ярихад одоо өглөө, өнөөдөр өгнө, дансаа өгнө гэхчилэн хэлээд банкны дансаа өгнө гэхчилэн хэлээд банкны данс аваад байсан. Тэгээд өгөхгүй хэлсэн хоногоосоо хэтрээд манай найз мөнгөө нэхээд байхаар нь би тэр эмэгтэй рүү яриад мөнгө нэхэгдээд болохгүй байна аа би өөрийнхөө байгаа эд зүйлийг барьцаанд тавиад мөнгийг нь өгчихье харин чи яаралтай миний эд зүйлийг барьцаанаас гаргаж өгөөрөй гэхэд тэр эмэгтэй тэгье, эд зүйлээ барьцаанд тавьчих би өнөөдөр орой багтаагаад аваад өгнө гээд байсан. Тэгээд худлаа ярьж явсаар 45 хоног болоод ломбард алданги тооцоод эхэлсэн. Тэгээд би тэр эмэгтэйг дагуулж яваад ломбарданд очиж үзүүлсэн. Мөн Намбаяр дагуулж явж үзүүлсэн байсан. Ломбардны сарын хүүг эхний 3 сар тэр эмэгтэй төлсөн. Түүнээс хойш ломбардны хүүг нь төл гэхэд худлаа яриад хэсэг явсан, тэгээд сүүлдээ утас нь холбогдохгүй болоод алга болчихсон. Тэгээд дахин холбоо барьж чадахгүй болоод сарын хүүг нь би болоод Намбаяр ах бид хоёр мөнгөтөй нь төлөөд явж байгаад 2017 оны 4 дүгээр сард нийт тооцуулаад 5 сая төгрөгөөр авсан.” гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Д.С нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Намбаярын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжны 5-1, 5-2 тоот хашаа байшин, газрыг 35 сая төгрөгөөр худалдаж авна гэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь

            шүүгдэгчийн “...Намбаяр ахтай ярьж байгаад Хасбанкаас 15.000.000 төгрөгийг чөлөөлж байгаад буцаагаад банк бус санхүүгийн байгууллагад тавьсан. Тэр үед өндөр хүүтэй өдрийн зээлээр чөлөөлүүлж авсан. Тэрийгээ өгөхийн тулд банк бус санхүүгийн байгууллагад тавьж өдрийн зээлийн мөнгөнөөс чөлөөлүүлсэн. Би ногоо тариад ногоо маань алдагдалд ороод шатсан. Банк бус байгууллагад тавьсан зээлээ төлж чадахгүй байсаар байгаад ийм байдалд хүрсэн” гэх мэдүүлэг,

            хохирогчийн “Би 2015 оны зун шүүгдэгчтэй таараад хашаа байшингаа зарах гэж байгаа талаараа хэлсэн. Тэгээд 9 дүгээр сарын дундуур над руу залгаад хашаа байшингаа шилжүүлье гэсэн. Надад эхлээд 100.000 доллар, 200.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа талаар хэлсэн. Мөн надад танай хашаа, гражийг чинь ногооны зоорь гэж банкинд үзүүлэх гэж байгаа. 2 үл хөдлөх гэрчилгээ чинь хэрэгтэй байна. Үүнийг үзүүлэх гэж байгаа гэсэн. Хөрөнгөтэй болж харагдах гэж байгаа гэх утгатай зүйл хэлсэн. Би 40.000.000 төгрөгөөр зарна гэхэд одоо мөнгийг чинь шууд гаргаад өгнө, 35.000.000 төгрөгөөр авна гэхээр нь 35.000.000 төгрөгт тохиролцоонд хүрсэн. Тэгээд миний өөрийн банкин дахь өр 15.000.000 төгрөгийг чөлөөлнө, бусдыг нь сар сард нь төлж явна гэсэн. Намайг Замын-Үүд дээр явж байхад шүүгдэгчийн ээж нь над руу залгаад эхний ээлжинд бичиг баримтыг нь банкнаас чөлөөлж авъя, ганц хашаа байшинг чинь барьцаанд тавихгүй, бид нар өөр эд хөрөнгө тавьж байгаа, олон юм тавьж байгаа талаар ойлгуулсан. Тэгээд тэр зээл бүтэхгүй болсон, өөр банкинд хөөцөлдөж байна гэсэн. Шүүгдэгч нь ханш муу байна гээд янз бүрийн шалтаг хэлээд хойшлуулж байсан. Манай аав, ээжийг маань хашаа байшингаас нь албадан хөөсөн байгаа” гэх мэдүүлэг,

гэрч А.Чулуунцэцэгийн “...Нөгөө хүмүүст манай хашаа байшин 15 сая төгрөгийн банкны барьцаанд байгаа талаар хэлэхэд бид нар танай банкны 15 саяын зээлийг чинь хаагаад үлдсэн 20 сая төгрөгийн 10 саяыг хашаа байшинг чинь банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад өгье, үлдсэн 10 сая төгрөгийг нь намар ургацаа хураагаад өгье гэсэн. Тэгээд бид зөвшөөрөөд хашаа байшингийнхаа эзэмшигчийн нэрийг шилжүүлсэн. Тэр хүмүүс хэлэхдээ танай хашаа байшинг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авна, зээл бүтвэл мөнгийг чинь шууд өгнө гэсэн. Тухайн үед ээж нь гэх Нансалмаа гэх эмэгтэй өдрөөр зээл чөлөөлдөг хүмүүсээр зээлийг чөлөөлсөн учир би итгээд нэрээ шилжүүлж өгсөн. Тэгээд түүнээс хойш мөнгөө авах гээд залгахад утсаа салгаад алга болсон. Би уг нь хашаа байшингийнхаа 1 хашаа байшинг нь шилжүүлээд өгчихье, мөнгөө аваад үлдсэнийг нь шилжүүлээд өгье гэхэд та хоёуланг нь шилжүүлээд өгчих гээд байсан” гэх мэдүүлэг,

 гэрч Б.Насангийн “... Тэгээд Намбаяр ах мөнгөө нэхэх үед эмэгтэй удахгүй өгнө гээд он сар хэлээд байсан. Тэгээд би хэлсэн хугацааг нь хүлээгээд 7 хоног орчим болсон. Тэгээд 7 хоног өнгөрөөд тэр эмэгтэй рүү Намбаяр ах бид хоёр ээлжлээд ярихад одоо өглөө, өнөөдөр өгнө, дансаа өгнө гэхчилэн хэлээд банкны дансаа өгнө гэхчилэн хэлээд банкны данс аваад байсан. Тэгээд өгөхгүй хэлсэн хоногоосоо хэтрээд манай найз мөнгөө нэхээд байхаар нь би тэр эмэгтэй рүү яриад мөнгө нэхэгдээд болохгүй байна аа би өөрийнхөө байгаа эд зүйлийг барьцаанд тавиад мөнгийг нь өгчихье харин чи яаралтай миний эд зүйлийг барьцаанаас гаргаж өгөөрөй гэхэд тэр эмэгтэй тэгье, эд зүйлээ барьцаанд тавьчих би өнөөдөр орой багтаагаад аваад өгнө гээд байсан. Тэгээд худлаа ярьж явсаар 45 хоног болоод ломбард алданга тооцоод эхэлсэн. Тэгээд би тэр эмэгтэйг дагуулж яваад ломбарданд очиж үзүүлсэн. Мөн Намбаяр дагуулж явж үзүүлсэн байсан. Ломбардны сарын хүүг эхний 3 сар тэр эмэгтэй төлсөн. Түүнээс хойш ломбардны хүүг нь төл гэхэд худлаа яриад хэсэг явсан, тэгээд сүүлдээ утас нь холбогдохгүй болоод алга болчихсон.Тэгээд дахин холбоо барьж чадахгүй болоод сарын хүүг нь би болоод Намбаяр ах бид хоёр мөнгөтөй нь төлөөд явж байгаад 2017 оны 4 дүгээр сард нийт тооцуулаад 5 сая төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг,

 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эд зүйлийн үнэлгээ, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Малчин овогт Д.Сийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Д.Сээс хохирогчид 19.500.000 төгрөг олгуулахаар шийдвэрлэв.

             Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж шүүх үзсэн болно.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Малчин овогт Д.Сийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Сийг 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Сээс 19.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын 52-15 тоотод оршин суух Хонин овогт Бандихүүгийн Намбаяр (РД:НЫ74030177)-т олгосугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ