Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/00028

 

 

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/00028

Завхан айм

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-г оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Б-гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .......... аймгийн ....сумын .........баг хаягаар оршин суудаг Ш овогт Р-ийн У*ийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Р.У нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ......... аймгийн .............. сумын ...........нэгдлийн ..........бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү...”  гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцов.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.У нь 1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд .......... аймгийн ..........сумын ............нэгдлийн ...............бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Гэвч түүний нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байх ба дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

-1991 оноос өмнө хугацааг нөхөн даатгалд хамруулаагүй талаар тэмдэглэл хийсэн 1108143 дугаартай Р.У-гийн нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар,

-1989-1991 оны Сүхбаатарч нэгдлийн даргын тушаалд Р.У-д тооцсон хөлс үгүй талаар дурдсан Завхан аймгийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/2233 дугаартай архивын лавлагаа,

-Р.У нь нөхөн даатгалд хамрагдах зорилгоор 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ............. аймгийн ..............сумын нийгмийн даатгалын байцаагчид бичиж өгсөн “...1991 онд 8 дугаар ангиа төгсөөд ажил хөдөлмөр эрхлээгүй...” гэсэн хүсэлтийн хуулбар,

-.......... аймгийн ..........сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Р овогтой У нь тус сургуулийн 1990-1991 оны хичээлийн жилд Ц.Б багштай 8в ангид суралцаж төгссөн нь үнэн болно” гэсэн албан бичиг,

-Р.У-г нөхөн даатгалд хамрагдах үед нь ......... аймгийн .........сумын .........багийн засаг даргаас тодорхойлсон “...1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд ажлын байргүйн улмаас хөдөлмөр эрхлээгүйг тодорхойлов” гэсэн 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаартай албан бичгийн хуулбар,

-Р.У нь 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн “...Ажилладаг – ....... сумын 8 жилийн сургууль, ажилд орсон он – 1983, цех,тасаг, бригад – 6-р анги, эрхэлж эхэлсэн он – 1983...” гэсэн бичилт бүхий ХААТР-1 маягтын хуулбар,

-Р.У нь 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Э-тэй гэрлэснийг бүртгүүлэхдээ хөтөлсөн “...боловсрол- бүрэн бус дунд...” гэсэн ХААТР-15 маягтын хуулбар зэрэг болно.

Тодруулбал нэхэмжлэгч Р.У нь 1983 онд ........... аймгийн ...........сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1991 онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, мөн сургуулиа төгсөөд 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажлын байргүйн улмаас хөдөлмөр эрхлээгүй байдал нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь нэхэмжлэгч Р.У*г эчнээгээр 8 дугаар анги төгссөн гэж тайлбарлаж байх боловч нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба энэ байдал нь цаг хугацааны хувьд ч бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэгч Р.У-гаас ирүүлсэн “1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ............. аймгийн ......... сумын ...........нэгдлийн ............бригадад мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгч Р.У-гийн нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь  хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ш. овогт Р-гийн У-аас ирүүлсэн “1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ........аймгийн .......сумын .........нэгдлийн ............бригадад мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эсхүл түний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРТНАСАН