Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 497

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            Улсын яллагч Э.Бадрал,

            Шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Еншүүбүү овогт Ч.Гд холбогдох 1711006960171 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын материалын үйлдвэрлэлийн технологчич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Хүнс трейд” ХХК-ийн 48-17 тоотод оршин суух хаягтай, одоо Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 4-76А-д оршин сууж байгаа, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Еншүүбүү овогт Ч.Г (РД:00000000000)

нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Музик” нэртэй караокед үйлчлүүлж байсан П.Долгормаагийн цүнхнээс бор хэтэвчтэй иргэний үнэмлэх 3 ширхэг, Хаан банк, Голомт банк, Төрийн банкны картууд, хөлний алтан гинж 1 ширхэг, чигчий хурууны алтан бөгж 1 ширхэг, цагирган чулуун шигтгээтэй хар ээмэг 1 хос, бэлнээр 30.000 төгрөг зэргийг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-“Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэв.  

              Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр миний танил Ганбаа ах намайг дуудсан ба нэг караокед дүүгийн хамтаар байна архи ууж байна гэсэн. Тэгээд би тэр газар нь яваад очтол Ганбаа ах өөрийнхөө дүү гээд нэг танихгүй эмэгтэй хүнтэй пиво уугаад сууж байсан. Тэгээд надад пиво архи авч өгсөн. Тэндээ байж байтал Долгормаагийн найз нь гэх эмэгтэй ирсэн ба найз нь удалгүй гараад явчихсан. Тэгээд бид 3 караокед архиа ууж дуусгасан. Тэр үед Ганбаа ахын найз гээд бас нэг хүн ирсэн ба бидэнд нэг виски авч өгчихөөд яваад өгсөн. Тэгээд бид нилээн согтсон байсан ба Ганбаа ах согтоод унтчихсан. Гэтэл над руу манай найзууд яриад дуудаад байсан. Тэгтэл Ганбаа ахын дүү гэх Долгормаа гэх эмэгтэй нь караокены өрөөнөөс гараад явчихаар нь өрөөний буйдан дээр байсан Долгормаагийн цүнхний дээр байсан хэтэвчийг нь хулгайлж аваад тэр чигээрээ гараад явчихсан. Тэгээд түрийвчинд нь байсан мөнгөөр такси бариад замдаа дэлгүүрээс нэг шил пиво аваад ганцаараа уусан. Тэгээд 10 дугаар хорооллын орчимд байх Бэгдү хотхоны орчимд суугаад пиво ууж байхдаа түрийвчийг нь траншей руу хаячихсан. Тэгээд мөн түрийвчинд нь жижиг алтан бөгж байхаар нь авсан. Тэгээд бөгжийг нь 2 хоногийн дараа Яармагт байрлах Нандин гэх нэртэй ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгтэл маргааш нь Долгормаа, Ганбаа нар намайг дуудсан ба түрийвчээ Долгормаа асуугаад байхаар нь аваагүй гээд худлаа хэлчихсэн. Тэгээд тэрнээс хойш уулзахгүй зугтаасан ба айгаад санаа зовоод байсан юм” гэжээ.

              Хохирогч П.Долгормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би төрсөн ах Ганбаагийн хамтаар Музик нэртэй караокед орсон. Тэгээд байж байтал Ганбаа ах танил Ган-Эрдэнэ гэх залууг дуудсан ба тэр залуу ирсэн. Тэгээд 19 цагийн үед би караокены текэн дээр тооцоо хийж байх үед Ган-Эрдэнэ нь явлаа гэж хэлээд гарсан. Тэгээд би эргээд караокены өрөөнд ороод цүнхэн дэх хэтэвчээ үзтэл байхгүй болсон байсан. Тэгээд Ган-Эрдэнэ рүү холбогдож асуутал мэдэхгүй, аваагүй гээд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. …Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо л барагдуулж авмаар байна” гэжээ.

              Гэрч Т.Баярсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “…2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай Яармагт байрлах Нандин гэх нэртэй ломбарданд Чулуунбаатар овогтой Ган-Эрдэнэ гэх хүн 1.5 граммтай 916 сорьцтой эмэгтэй алтан бөгжийг 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд сунгуулалгүй явсаар өдий хүрсэн ба цагдаагаас яриад уг бөгжийг хулгайн эд зүйл гэдгийг хэлсний дагуу авчирч өгсөн ба Ч.Г нь барьцаалсан мөнгийг өөрөө эргүүлсэн өгсөн. Бидний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй” гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Музик” нэртэй караокед үйлчлүүлж байсан П.Долгормаагийн цүнхнээс бор өнгийн хэтэвчтэй иргэний үнэмлэх 3 ширхэг, Хаан банк, Голомт банк, Төрийн банкны картууд, хөлний алтан гинж 1 ширхэг, чигчий хурууны алтан бөгж 1 ширхэг, цагирган чулуун шигтгээтэй хар ээмэг 1 хос, бэлнээр 30.000 төгрөг зэргийг хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Долгормаагийн мэдүүлэг, гэрч Т.Баярсүрэнгийн “…Яармагт байрлах Нандин гэх нэртэй ломбарданд Чулуунбаатар овогтой Ган-Эрдэнэ гэх хүн 1.5 граммтай 916 сорьцтой эмэгтэй алтан бөгжийг 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, барьцаат зээлийн гэрээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

              Иймд шүүгдэгч Еншүүбүү овогт Ч.Гийг бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчилсөн бол хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг түүнд үүрэг болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Гд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг сануулах нь зүйтэй.

Хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Еншүүбүү овогт Ч.Гийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Ган-Эрдэнэд ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа хаягаа өөрчлөх бол хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.

3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Г нь тэнссэн хугацаанд үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн ялыг биечлэн эдлүүлж болохыг сануулсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ