Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/25

 

 

 

 

 

 

 

 

   2023         06           20                                             2023/ДШМ/25

 

                    М.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанд:

Прокурор З.Өлзийхүү, шүүгдэгч М.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч М.Д-ын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Д-д холбогдох, 2335000000063 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймаг Завхан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай,  урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 44/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт М-гийн Д /РД:................ /;

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч М.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутагт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Ундрах” дэлгүүрийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дотогшоо нэвтрэн орж бэлэн 571.500 төгрөг, САR J7 загварын автомашины МР-3 тоглуулагч зэргийг хулгайлж, 619.500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Харчин овогт Мгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Д-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр урьд Увс аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 (нэг) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар, 5 (тав) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сар, 5 (тав) хоногийн хугацаагаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа) сар, 5 (тав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэж,

- шүүгдэгч М.Д-аас гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч М.Д гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Д би дараах гомдлыг гаргаж байна. Надад холбогдох эрүүгийн 2335000000063 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сар 5 хоногийн хорих ял шийтгэсэн. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, миний эхнэр хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргаанд байдаг, мөн бага насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж, надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

    5. Прокурор З.Өлзийхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Шүүгдэгч М.Д-ын давж заалдсан гомдлын үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн эхнэр хөгжлийн бэрхшээлтэй, хүний асаргаанд байдаг, бага насны хоёр хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү  гэсэн агуулгатай байна.

   Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэлт хийсэн гэж прокурорын хувьд үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Дд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

   6. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Дын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж, түүний ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг гаргаж байна. М.Дын хувьд өмнө нь шүүхээс хорих ял авч байсан бөгөөд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн, нийгэмшээгүй гэдэг үндэслэлээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй. М.Д-ыг урьд гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаан нөхцөлд тулгуурлан түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь учир дутагдалтай байна.

М.Д хоригдож байх хугацаандаа эрүүл мэндийн байдал нь муудаж, биед нь таталт өгөх шинж илэрсэн. Ар гэрээсээ эргэлт авахдаа байнга эм захиалж авдаг болсон. М.Д-ын ар гэрийн нөхцөл байдлын хувьд эхнэр нь хөл муутай, хөгжлийн бэрхшээлтэй, мөн бага насны 2 хүүхэдтэй. М.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг арилгасан. Иймд давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан хэлэлцэж, дахин нэг удаагийн боломж олгож, М.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолтой, 2335000000063 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Д-ын гаргасан  гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч М.Д-д холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. 

3.  Шүүгдэгч М.Д нь  2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалттай орон байр болох “Ундрах” дэлгүүрт хууль бусаар буюу цонхоор нь дотогш  нэвтрэн орж,  дэлгүүрийн орлого болох, бэлэн байсан 571.500 төгрөг,  CAR J7 загварын, автомашины МР 3 тоглуулагч / нэг бүрийн үнэ 24.000 төгрөг/ 2 ширхэгийг тус тус хулгайлж, нийт 619.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь :

-  хэргийн газарт үзлэг хийсэн: ...Гилбэн-1 тоот хашаа бүхий, “Ундрах” нэртэй дэлгүүрийн хаалгаар ороход 1 өрөөнд 4 давхар лангуун дээр хүнсний барааг өрсөн, дэлгүүрийн баруун хойт хэсэгт улбар шар өнгийн модон хаалга онгорхой,  уг хаалгаар ороход хүнсний бараа хураасан өрөө байх ба өрөөний гол хэсэгт цагаан цэнхэр өнгийн модон хүрээ бүхий цонхны зүүн дээд хэсэг онгорхой байх ба уг цонхыг А цэгээр тэмдэглэж, уг цонх нь 60х59 см байх ба гадна талдаа 60х36 см хэмжээ бүхий цонх байна.

Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэн хийхэд бараа хураасан өрөөнд цэнхэр өнгийн гялгар цаасан ууттай 5 ширхэг зүйлс байх ба цонхны доор давхарлаж хураасан пивонууд нурсан байдалтай, цонхны дээд жижиг хэсэг хагас онгойсон байдалтай байв. Лангууны төгсгөлд цагаан өнгийн өнцөг булан хагарсан ширээн дээр МСМ гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн түрийвчинд таван мянгын дэвсгэрт 5 ширхэг, мянган төгрөгний дэвсгэрт 20 ширхэг, таван зуун төгрөгийн дэвсгэрт 40 ширхэг байна.

Дэлгүүрийн гадна талын үзлэгээр: 4 эгнээ бүхий модон хүрээтэй цонхнууд бүтэн, байшингийн гадна талаар төмөр сараалжин хашаан дотроос 1 ширхэг гутлын мөр илрүүлж “Г” цэгээр тэмдэглэж,  гэрэл зургаар бэхжүүлэн үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд оролцогч Г.Чулуунцэцэг “хулгайч нэвтрэн орсон”гэх агуулахын өрөөний цонхыг заалган А үсгээр тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэв гэх  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 8-14 дугаар хуудас/,

- эд зүйл хураан авсан... М.Д-аас серийн дугаар бүхий 20.000 төгрөгний дэвсгэрт 15 ширхэг, серийн дугаар бүхий 10.000 төгрөгний дэвсгэрт 19 ширхэг, 5000 төгрөгний дэвсгэрт 12 ширхэг, серийн дугаар бүхий 1.000 төгрөгний дэвсгэрт 21 ширхэг, 500төгрөгний дэвсгэрт 1 ширхэг,  нийт 571.500 төгрөг болон CAR J7 МР-3 загварын цагаан  болон бор шаргал өнгийн тоглуулагч 2 ширхэг, 42 размерын,  хар өнгийн,  хагас түрийтэй үдээстэй гутал 1 хос хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-22-р хуудас /,

   - хохирогч Г.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “ 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд Сарангэрэл гэгч хүн над руу утсаар холбогдож, би танай дэлгүүрээс ундаа авах гэсэн юм гэж  ярихаар нь манай хүүхдийг дагуулаад очоод авчих гэж хэлсэн. Удалгүй Сарангэрэл над руу утсаар холбогдоод дэлгүүрийн арын өрөөнд хөлийн чимээ гарахаар нь айгаад танай 2 хүүхдийг аваад гараад ирлээ, танай дэлгүүрт хулгай орсон юм шиг байна, хурдан хүрээд ир” гэж хэлэхээр нь нөхөр О-ын хамт дэлгүүр дээрээ ирэхэд дэлгүүрийн агуулахын өрөөний цонхны дээд талын хэсэг онгорхой, мөн агуулах дотор гялгар уутанд бараа уутлаад тавьчихсан байсан. Би тухайн өдрийн  орлогын мөнгөө дэлгүүрт үлдээснээ санаад ширээн дотор байсан түрийвчээ авч үзэхэд орлого 500.000 орчим төгрөг байхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн.

 Манай дэлгүүрээс алдагдсан бэлэн 571.500 төгрөг болон машины 2 ширхэг МР 3 тоглуулагчийг надад цагдаагийн байгуулага албан ёсоор хүлээлгэн өгсөн,  М.Даас нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдолгүй”  гэх мэдүүлэг /хх 30-34 дүгээр хуудас/,

- гэрч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...би 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн үед Г.Ч гэх хүн рүү утсаар ярьж, “танай дэлгүүрээс ус ундаа авах гэсэн юм” гэхэд манай 2 хүүхдийг дагуулж ороод авчих” гэхээр нь тэдний Гантүлхүүр, Ганцолмон гэх хоёр хүүхдийн хамт “ Ундрах ” дэлгүүрийг онгойлгож орсон, гэтэл складны хаалга нь  онгорхой байсан ба  Гантүлхүүр “хүн байна” гээд орилоод гараад ирсэн, би тэр үед Чулуунцэцэг рүү утсаар залгаж, “танай дэлгүүрийн агуулахад хүн орсон юм шиг байна,  юм дуугараад байна” гэж хэлсэн, удалгүй Чулуунцэцэг ирсэн. Агуулахын арын цонхоор хүн орсон бололтой байсан”  гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

- насанд хүрээгүй гэрч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...манай ээж  “ хүн дэлгүүр орж ундаа авна гэж байна” гээд хэлсэн тул Сарангэрэл эгчийг дагуулан манай дүү О.Г бид нар дэлгүүр онгойлгож орсон. Дэлгүүрийн агуулах онгорхой байхаар нь ундаа авахаар би ороход хар хувцастай үл таних хүн зогсож байхаар нь би “хүн байна” гээд орилсон. Тэгтэл цаас дуугараад цонхны жижиг порчик дуугараад тэр хүн гараад явчих шиг болсон”  гэх мэдүүлэг / хх 42 дугаар хуудас/,

- мөр судлалын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай : “ ...шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрний хэсэг нь иргэн М.Даас хураан авсан гутлын улны дардастай өлмий хэсгийн урт, өргөн болон хэлбэр дүрс, хээн зураглал зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.

Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрний хэсэг нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улны дардастай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт /хх 59 дүгээр хуудас/,     

- шүүгдэгч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч  М.Д-ын Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  худалдаа үйлчилгээ явуулах зориулалттай орон байр болох  “Ундрах” дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 571.500 төгрөг бэлнээр, автомашины МР 3 тоглуулагч 2 ширхэгийг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүхээс түүнийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 5. Шүүгдэгч М.Д өмнө нь буюу  2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох  хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө хулгайлсан гэм буруутай үйлдэлдээ Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил дөрвөн сар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, тэрээр шүүхээс 6 сар 5 хоногоор тогтоосон хяналтын хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4,  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг зөв тайлбарлан хэрэглэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн 6 сар 5 хоног хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоосон нь  зөв байна.

6. Шүүгдэгч М.Д давж заалдах шатны шүүхэд “ ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, миний эхнэр хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргаанд байдаг, бага насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна .

6.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.  

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт : “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял  шийтгэх” -ээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгч М.Дын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон урьд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж,  ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хоёр жил хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, ял оногдуулах үндэслэл, журамд нийцсэн байна.

6.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Д-д оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 7. Шүүгдэгч М.Д-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Д-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

 

ШҮҮГЧ                                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН