Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 111/ШШ2015/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаадаргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргад холбогдох

“Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Доржготов, хариуцагч Өлзийт сумын Засаг дарга *******, нарийн бичгийн дарга Г.Чингис нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******* би 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар захирамжаар Өлзийт сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байна. Гэтэл намайг 2015 оны 01 дүгээр сард ээлжийн амралттай байх хугацаанд ямар ч үндэслэлгүйгээр Өлзийт сумын Засаг дарга ******* 2015 оны 01 дүгээр сарын 30-нд үүрэгт ажлаас чөлөөлсөн байсан. Энэ тухай би Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан боловч 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1а/169 тоот албан бичгээр “захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж хариу ирүүлсэн юм. Дээрх шийдвэрүүд нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан эрхийг хязгаарласан шийдвэр болохоос гадна Төрийн албаны хуулийн зарчим, хуулиар тогтоосон болзол журам, шалгуурын дагуу томилолтын журмаар ажиллах чиг үүргийг алдагдуулсан шийдвэр гэж үзэж байна. Иймд Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 сарын 30-ны өдрийн ******* дугаар ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, намайг Өлзийт сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлж томилуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалыг шимтгэлийг хуулийн дагуу төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байсан.

Өмнөх шүүх хурал дээр цалингийн 50 хувийг авч эвлэрнэ гэж байсан. Одоо бол цалингаа бүрэн нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлээ би өөрөө төлсөн тул нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, бусад шаардлагуудаа дэмжиж байна” гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Доржготов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн үндэслэх хэсэг болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д заасан “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэсэн байна. ******* нь 2009 оноос 6 жил Засаг даргын орлогчийн ажил үүргийг гүйцэтгэхдээ ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн хурал дээр энэ хүнийг өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө ажлаас чөлөөлсөн нь Засаг даргад байх ёсгүй, ёс зүйгүй асуудал болсон. Үүнээс өөр ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй байна. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлд Сумын Засаг даргыг орлогчтойгоо зөвшилцөж ажиллах талаар тусгаж, хэрэв болохгүй бол Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шийд гэсэн байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурал гэдэг бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага.Гэтэл ******* 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид албан бичгээр “зөвшилцөж ажиллахыг хүргүүлэв” гэсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь  хуралдаан байна, хуралдаанаар тогтоол гаргана” гэж заасан байтал энэ албан бичиг нь хуульд заасан шаардлагад нийцээгүй байна. Монгол Улсын Сангийн яамны 2014 оны 01 дүгээр сарын 24 ний  өдрийн 4/6348 дугаар тоотын хавсралтын 4.3 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байна ” гэж заасан байна. Мөн Засаг даргын эзгүйд болон Засаг дарга чөлөөлөгдсөн, огцорсон тохиолдолд  Засаг даргын орлогч Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна. Засаг даргын орлогчийн албан тушаал нь заавал байх ёстой албан тушаал юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаалыгойлгоно. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч”-ийг улс төрийн албан тушаалд хамааруулсан байна. *******ыг ажлаас нь чөлөөлсөн захирамж хууль зөрсөн байна. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар төрийн албанаас чөлөөлөх үндэслэл нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх ёстой байтал эдгээр үндэслэл байхгүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамж нь үндэслэлгүйгээр бусдыг ажлаас чөлөөлж иргэний хөдөлмөрлөх, амрах, ажлаа чөлөөтэй сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. Иймд тус захирамжийг хүчингүй болгож, Өлзийт сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Өлзийт сумын Засаг дарга ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

“Сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан *******ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан байна”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэсэн хуулийн заалтын дагуу сумын Засаг даргын орлогчийг чөлөөлөх эсэх асуудлаа зөвшилцөхөөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд 2015 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 01 тоотоор хүргүүлсэн.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурал 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, Засаг даргын орлогчийг чөлөөлөхөөр оруулсан саналыг хэлэлцсэн бөгөөд энэ өдөр иргэн ******* ээлжийн амралтаа авах тухай өргөдлөө ирүүлсэн байдаг. Өргөдлийг хүлээн авч танилцаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлсэн энэ саналын хариу албан ёсоор ирээгүй тул түр түдгэлзсэн хариуг өгсөн боловч иргэн ******* би хуулиар амрах ёстой, чи өгөх ёстой гэснээр 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ажилдаа ирээгүй болно.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 тоот албан бичгээр Засаг дарга, орлогч дарга нарыг ойлголцож ажиллахыг зөвлөсөн хэдий ч иргэн ******* хамтран ажиллах нь бүү хэл чамайг заавал огцруулах болно гэдэг асуудлаа удаа дараалан тавьсан тул миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдааны тэмдэглэлд дурдсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийн дагуу 2015 оны 01дүгээр сарын 21-ний өдрийн 15 тоот албан бичгээр Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлаа шийдвэрлэхийг зөвлөсөн.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан ёсны хариуг авсан, нөгөө талдаа Засаг даргын орлогчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа шийвдэр гаргаагүй байхад амралтаа авлаа гэдгээр ажилдаа ирээгүй хугацааг нь ээлжийн амралтанд нь оруулан амралтын хоногийг тооцож, мөнгөн олговор олгохыг Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт үүрэг болгосон.

*******од ээлжийн амралтыг олгохдоо Хөдөлмөрийн тухай хууль болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан Ээлжийн амралт олгох зааврын 15 дугаар зүйлийг үндэслэн тооцож олгосон болно.

Иргэн *******ын нэхэмжлэлд дурдсан асуудлаар сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамж нь хууль тогтоомж зөрчсөн, ажилтныг хохироосон гэж үзэхгүй байгаа болно” гэжээ.

 Хариуцагч Өлзийт сумын Засаг дарга ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Би *******ыг Засаг даргын орлогчоор ажиллаж байсан үед сумын Тамгын газарт ажилладаггүй байсан. *******ыг ажлаас чөлөөлөгдөх үед би Засаг даргын ажлыг хийж байгаагүй учраас энэ асуудлыг сайн мэдэхгүй байна. Өмнөх Засаг дарга энэ хоёр хүний хоорондох хувийн байдлаас болж ийм асуудал үүссэн гэж ойлгож байгаа. Өмнөх Засаг дарга надад Засгийн газрын 174 дүгээр тогтоолыг шүүх хурал дээр танилцуулаарай гэсэн. Энэ тогтоол нь Засгийн газрын бүх шатны агентлагийн орлогч дарга нарын орон тоог цөөрүүлэх тогтоол байгаа юм. Гэтэл захирамжид энэ тогтоолыг үндэслээгүй байна. Шүүх хэрхэн шийдвэрлэхийг харна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил буюу Өлзийт сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр“нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй болохыг хуульчилсан байх бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ “нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”шаардлагаас татгалзаж, үлдсэн шаардлагаа дэмжсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал илэрсэн буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан тул нэхэмжлэгчийн “нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” гэсэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримт зэргийг үндэслэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил буюу Өлзийт сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох Өлзийт сумын Засаг дарга ******* ажлаасаа гарч, түүний оронд Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар *******ыг Өлзийт сумын Засаг даргаар томилсон байх тул тэрээр хариуцагчийн эрх, үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгааг дурдах нь зүйтэй.

 Нэг. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, Өлзийт сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд *******ыг эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог баталж, Өлзийт сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “сумын Засаг даргын орлогч томилох тухай” 25 дугаар захирамжаар *******ийг Өлзийт сумын Засаг даргын орлогчоор томилжээ.

Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” ******* дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг үндэслэн ...Засаг даргын орлогч *******ыг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэжээ.

 Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх”-өөр заасан байна.

Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандаж ... Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны дагуу Засаг даргын орлогч *******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг зөвшилцөх саналыг хүргүүлж байна... гэж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар албан бичгээр сумын Засаг даргад хандаж ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар таны ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн Тэргүүлэгчдээс сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нарыг ойлголцож ажиллахыг зөвлөсөн болохыг хүргүүлж байна...гэж, мөн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 тоот албан бичгээр сумын Засаг даргад хандаж ...Засаг даргын орлогчтойгоо зөвшилцөж ажиллаж чадахгүйд хүрвэл Засаг дарга өөрийн эрхийн хэмжээнд асуудлыг шийдвэрлэ...  гэсэн хариу өгчээ.

Өлзийт сумын Засаг даргын дээрх албан бичгээс харахад сумын Засаг даргын орлогч *******ыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл, шалтгааны талаар огт дурдаагүй байх ба мөн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тэмдэглэлд сумын Засаг даргын орлогч *******ыг ажлаас чөлөөлөх саналыг хэлэлцэх талаар Тэргүүлэгчдийн Хурлын Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад ороогүй, ямар үндэслэл, шалтгаанаар ажлаас чөлөөлөх болсон талаар хэлэлцээгүй, Тэргүүлэгчдийн Хурлаас тогтоол гаргаагүй, харин албан бичгээр хариу өгсөн байна.   

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 23.1-д зааснаар “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 24 дүгээр зүйлдХуралд асуудал оруулах эрхийг нарийн хуульчилсан бөгөөд 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.2-т“Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно”, 24 дүгээр зүйлийн 24.3-т“Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 25 дугаар зүйлийн 25.1 “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга...  ...гарын үсэг зурна” гэж заасныг зөрчжээ.

Тиймээс Өлзийт сумын Засаг дарга нь Засаг даргын орлогч *******ыг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны дагуу Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн байна гэж үзэх боломжгүй байна.

 Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” нь улс төрийн албан тушаалтан байна гэж зааснаар Өлзийт сумын Засаг даргын орлогч ******* нь төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан юм.

Төрийн албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 4, 10, 27 дугаар зүйлийн 27.1-т заасан төрийн албан хаагчид тавигдах нийтлэг шаардлага болон тэдгээрийн эрх, үүрэг, баталгаагаар хангагдахаар хуульчилсан байна.  

 Нэхэмжлэгч ******* нь Өлзийт сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдсноосоо хойш ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан нь тус шүүхээс Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын бичиг баримтад үзлэг хийж, хуулбарлан авсан Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Урамшуулал олгох тухай” 21 дүгээр тушаал, 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Урамшуулал олгох тухай”, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Урамшуулал олгох тухай” 31 дүгээр тушаал, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” 31 дүгээр тушаал, 2012 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” 08 дугаар тушаал, 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” 18 дугаар тушаал, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” 21 дүгээр тушаал, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” 27 дугаар тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар “Шагнаж урамшуулах тухай” тушаал, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Үр дүнгийн урамшуулал олгох тухай”66 дугаар тушаал зэргээр нотлогдож байна.

Мөн *******ыг Өлзийт сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх  хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байсан эсэхийг Өлзийт сумын Засаг даргын болон Тамгын газрын бичиг баримтад шүүхээс үзлэг хийхэд *******од сахилгын хариуцлага ногдуулсан ямар нэгэн эрх зүйн акт байхгүй байна.

Түүнчлэн сумын Засаг даргын орлогчийн орон тоог хасах, цөөрүүлэх, цомхотгох талаар дээд шатны байгууллагаас болон орон нутгийн удирдлагаас албан бичиг гаргаагүй болох нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2/859 дүгээр албан бичиг, Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 172 дугаар албан бичгүүд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс харагдаж байна.

Харин Баянхонгор аймгийн Засаг даргад хандсан Монгол Улсын Сангийн яамны 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-1/6348 дугаар “Орон нутгийн 2015 оны төсөв хүргүүлэх тухай” албан бичгийн нэг дүгээр хавсралтын 4 дэх хэсгийн 3-т “...Төсөвт байгууллагуудын орлогч дарга, дэд дарга, зөвлөхийн орон тоог дараах зарчмын дагуу бууруулах. Үүнд ...аймаг, сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх...” гэсэн байна.  

Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар Өлзийт сумын Засаг даргын орлогч *******ыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, ажлаас чөлөөлөх болсон ямар нэгэн үндэслэл, шалтгаан тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчжээ.   

Иймд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, тус сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд *******ыг эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

 Хоёр. ...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

******* нь Өлзийт сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа сард 918479 төгрөгийн цалин авч байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, нягтлан бодогчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа буюу 5 сар 11 хоногийн цалин нийт 5 062 095 /таван сая жаран хоёр мянга ерэн тав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.     

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2,1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” ******* дугаар захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******ын ажилгүй байсан 5 сар 11 хоногийн хугацааны цалин 5 062 095 /таван сая жаран хоёр мянга ерэн тав/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч *******од олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т зааснаар нэхэмжлэгч ******* “нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

    

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.СУВДМАА