Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 136/ШШ2024/00455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ариунзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * сум, * дүгээр баг, * тоотод оршин суух, Ц овогт Э.Н,

Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * дугаар багт оршин суух, Н.С,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,860,000 төгрөг гаргуулах тухай,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Э.Н

Хариуцагч: Н.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Н нь Н.С-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Замын-Үүд суманд жижиг үнээний фермтэй. 2023 оны 11 дүгээр сард 1 өдөр С манайд ирээд танайх 9 бяруу, 1 шүдлэн бухаа зарчих гэсэн. Би зарна гэж зар өгөөгүй байсан. Тэгээд цас их орсон байсан 12 сард банкны төлөлт орж ирэх байсан. Үнийг нь буулгаад 350,000 төгрөгт тохирч 12 сард 3,500,000 төгрөг өгнө гэж амлаад аваад явсан. Тэгээд 12 сард мөнгөө өгөхгүй банкны төлөлтийг олон хоногоор төлж чадахгүй намайг банкинд нэр хүндгүй болгож хохироосон. Өчнөөн чирэгдэл болж байж 4 сард 3,150,000 төгрөг хийсэн. Яагаад дутуу өгөв гэсэн чинь хуц 1 бяруу чинь үхсэн мөнгө өгөхгүй гэсэн. Би мөнгөө нэхсээр байгаад 9 сар хүргэсэн. Арга ядаад гэрт нь 9 сарын 03-ны өдөр очсон чинь намайг барьж авч зодсон. Цагдаад өргөдөл өгсөн. Чамд би 10 үхрийн мөнгө 3,500,000 төгрөг өгсөн гэж дайрч доромжилсон. Бас цагдаад дуудагдаж очоод би 10 үхэрийн мөнгө өгсөн гэж хэлсэн. Бас эвлэрүүлэн зуучлах шүүх хуралд бас худлаа ярьсан. Яагаад дахиад төрийн өмнө худлаа ярьж байгаа юм. Манай үхэрчин Батсайхан шаардлагатай бол би гэрчээр оруулж болно. Би энэ хүнээс хязаалан бухаа авмаар байна. Бүр байхгүй бол 3,500,000 төгрөг авмаар байна гэв.

2.Хариуцагч Н.С хариу тайлбартаа: Манай эгч Э.Н нь 2023 оны 11 сард үхрээ тэжээж дийлэхгүй байна аваад тэжээх хүн байвал өгөх юмсан гэж байна гэдгийг надад Э.Н-ийн төрсөн ах Баярсайханы хүү Энхболд хэлсэн юм. Ингээд миний бие 2023 оны 11 сард Замын-Үүд ороод Э.Нээс 8 эм бяруу, нэг эр бяруу нийт 9 бярууг нэг бүрийн үнийг 350,000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Би бярууны үнэ болох 3,150,000 төгрөгийг Э.Н-ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Тухайн үед зудтай мал их турж эцсэн байсан учраас би машин дээр малчин Б-ны хамт өргөж ачиж ирсэн. Замдаа нэг бяруу үхсэн. Эр бярууг өөр үнээр үнэлээгүй. Би бүтэн жил тэжээж байж мал болгосон. Энэ бас миний хүч хөдөлмөр. Тэжээлийн үнэ, өвсний үнэ, эм тарианы үнэ гээд надаас өчнөөн зардал гарсан. Би өвөл, хаврын хүнд өдрүүдэд бяруугаа тэжээж онд оруулсан. Бүх бяруунууд турж эцээд хэцүү байсан. Малчин Б-г шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгнө гэж би гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Гэтэл Б нь улаан цайм 10 бяруу ачсан гэж худлаа мэдүүлэг өглөө. Б-ы гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн замын зардлыг Б нэхэмжилсэн байна. Б нь гэрч болохоос нэхэмжлэгч биш байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна гэж үзэх үндэслэл байхгүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллогын баримтын хуулбар, Хас банкны дансны хуулбар, Жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэний гэрчилгээний хуулбар, Хаан банкны дансны хуулга,

4.Хариуцагчаас: иргэний үнэмлэхний хуулбар, Н.С-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл, Нээс мэдүүлэг авсан тэмдэглэл, фото зураг

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Г, нэхэмжлэгч хариуцагч нарын хүсэлтээр Батсайханг асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагчаас 350,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, үлдэх 3,510,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

2.Нэхэмжлэгч Э.Н 10 үхрийг нэг бүрийг нь 350,000 төгрөгөөр тооцож 10 үхэр Н.С-д худалдсан. Н.С нь тохирсон хугацаандаа 1 үхрийн мөнгийг өгөөгүй тул 1 үхрийг 3,500,000 төгрөгөөр тооцож 3,500,000 төгрөг, мөн олон удаа ирж буцаж байгаа тул зардал 360,000 төгрөг нийт 3,860,000 төгрөг гаргуулна гэж,

3.Хариуцагч Н.С би 9 үхэр худалдаж авсан, үнийг бүрэн төлсөн тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Н.С нар 2023 оны 11 сард нэг бүрийг нь 350,000 төгрөгөөр тооцож Э.Н өөрийн өмчлөлийн үхрийг Н.С-д худалдсан. Н.С нь үхрийн үнэд 3,150,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Э.Н-т дансаар шилжүүлжээ.

6.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

7.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

8.Талууд 2023 оны 11 дүгээр сард нэг бүрийг 350,000 төгрөгөөр тооцож үхэр худалдах, худалдан авах гэрээ байгуулж үхэр хүлээн авсан, үхрийн үнэд 3,150,000 төгрөг хүлээлгэн өгсөн талаар маргахгүй байна.

9.Харин нэхэмжлэгч 10 үхэр худалдсан, хариуцагч 9 үхэр худалдан авсан талаар маргаж байна.

10.Гэрч Б.Ганчөдөр Н.С тэр үед 10 үхэрийн мөнгө өгсөн гэж бодсон чинь 9 үхэрийн мөнгө 3,150,000 төгрөг өгсөн байна. 1 үхэр нь замдаа үхсэн учраас ах нь мөнгийг нь бодоогүй гэж хэлсэн гэх, гэрч Д.Б 9 бяруу, 1 төмсөгтэй үхэр нийт 10 үхэр ачсан гэх мэдүүлгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 10 үхэр хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

11.Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж хуульчилсан.

12.Хариуцагч үхэр хүлээн авахад 1 үхэр үхсэн гэж татгалзлын нэг үндэслэлээ тайлбарлаж байх боловч үхэрийг хүлээн авахдаа үхэрнүүд нь муу байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

13.Талууд 1 үхэрийг 350,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон байхад нэхэмжлэгч 1 үхэрийг 3,500,000 төгрөгөөр тооцсон болон замын зардал 360,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул талуудын тохиролцсоны дагуу 1 үхэрийн үнэ 350,000 төгрөгийг хариуцагч Н.Сгаас гаргуулж Э.Нт олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 3,510,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Э.Нээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, М.С-гаас 13,550 төгрөг гаргуулж Э.Нт олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243,1-д заасныг баримтлан Н.Сгаас 350,000 төгрөг гаргуулж Э.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,510,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Э.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, М.С-гаас 13,550 төгрөг гаргуулж Э.Нт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.АРИУНЗУЛ