| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00372/и |
| Дугаар | 136/ШШ2024/00457 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 136/ШШ2024/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * дүгээр баг, * дугаар байр * тоотод оршин суух, Л овогт Т.У,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * дүгээр баг, шинэзуун * дугаар байр *тоотод оршин И Т Г ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 52,096,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Шинэбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С,
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Сувданбилэг /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.У И Т Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Т.У хувиараа үйл ажиллагаа явуулах зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр И Т Г-тай гэрээ байгуулан 40 апартмент орон сууцны хотхонд үйлчилгээний талбайн давхарт 51,2 мкв талбайг захиалсан. Үйлчилгээний талбайн нийт төлбөр 56,320,000 төгрөгнөөс урьдчилгаа болгож 50 хувийг төлөхөөр тохиролцож 28,160,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөр 28,160,000 төгрөгийг уг барилга баригдаж дууссаны дараа үйлчилгээний талбайн хана, шилэн хаалтыг бартер солилцоогооор гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээнд заагдсан хугацаа болох 2022 оны 1 дүгээр улиралд буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд уг байр ашиглалтад хэзээ орох нь тодорхойгүй байна. Бид хувийн оффистой болж ажиллахаар төлөвлөсөн бүх ажил маань энэ компаниас болж зогссон. Бидний амьдрал ахуйд маш их хохирол учирсан, байсан мөнгөө бүгдийг нь өгч захиалга хийсэн учраас дахиад өөр газар оффис авч чадахааргүй болсон. Орон сууц захиалан бариулах гэрээнд заасны дагуу байрыг 2022 оны 01 дүгээр улиралд буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх хугацаатай байсан боловч өгөөгүй учир 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу 850 хоногийн хугацааны алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,1 хувиар тооцоход 23,936,000 төгрөг болж байна. Иймд И Т Г-иас үйлчилгээний талбайн урьдчилгаа 28,160,000 төгрөг, гэрээнд заагдсан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 23,936,000 төгрөг нийт 52,096,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мэдэгдэл хүргүүлж байсан, хүргүүлж байсан учраас алдангийг зөвшөөрөхгүй гэсэн асуудал ярьж байна. Гэрээний 5.10-т заасан байгаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлнө гээд гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилсэн байгаа. Ковидын нөхцөл байдлын улмаас буюу Иргэний хуулийн 355.5-д заасан хүнд нөхцөл байдал манай байгууллагад бий болсон ковидын улмаас хөл хориотой байсан барилгын материал татан авах боломжгүй байсан гэсэн асуудал ярьж байна. Гэтэл энэ гэрээ маань 2021 оны 8 сарын 16-нд буюу улс даяараа улбар шар түвшиндээ шилжчихсэн аймгийн засаг даргын 9 сарын захирамжаар ачаа тээвэрлэлтийг барилгын үйл ажиллагаа татан авалтыг нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгчихсөн. Ажил амьдрал хэвийн горимд шилжчихсэн энэ үед гэрээг байгуулсан байдаг. Хэрвээ үнэхээр ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор үнийн дүн өсөж байна гэсэн бол 2020 онд энэ ковидын нөхцөл байдлын улмаас хөл хориотой байсан. Хамгийн сүүлд 2021 оны 4 сард л манайх хөл хориотой байсан түүнээс хойш хөл хорио сулруулаад хүнсний бүтээгдэхүүн болон энэ барилгын үйл ажиллагаатай, бүтээн байгуулалттай холбоотой хилийн боомтын нэвтрэлтийг нэмэгдүүл гэсэн үүрэг чиглэлийг 9 сарын 18-ны засаг даргын захирамжаар өгсөн байдаг. Энэ захирамжийг хариуцагч талаас хэрэгт гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр Уранхайчийн хувьд хүнд нөхцөл байдал болчихсон байсан хүнд нөхцөлийн улмаас энэ ажил гүйцэтгэх гэрээг биелүүлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх нь боломжгүй гэж үзэж байна. Учир нь өөрсдөө 2021 оны 8 сард гэрээ байгуулчихаад байгаа 2020, 2019 онд байгуулаагүй. 2021 оны 8 сард улбар шар түвшинд шилжчихсэн хөдөлгөөн хэвийн болчихсон. Харин ч хил дээр овоорчихсон байгаа ачаа барааг нааш цааш нь хурдан нэвтрүүлэх арга хэмжээг аваад улс даяар ажиллаж байсан үе байгаа. Тэгэхээр ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бараа үйлчилгээ татаж авахгүйгээс болоод ажил зогссон гэж үзвэл боломжгүй. Харин компанийн хувийн зохион байгуулалттай холбоотойгоор бараа үйлчилгээ татан авах барилгын материал татаж авах энэ барилгаа барих асуудал байсан гэдгийг үгүйсгэхгүй энэ бол хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. Тэгэхээр худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан мэдэгдэл энэ тэрийг бид нар танилцсан гэхдээ энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 355.5-т заасан хүнд нөхцөл байдал үүссэн гэдэг үндэслэлээр алдангиас татгалзаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Уранхайчтай гэрээ хийсэн. Нэхэмжлэгчийн гаргасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 23,936,000 төгрөг гэдгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 1 дүгээрт тухайн орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж байх үед дэлхий нийтийг хамарсан цар тахал үүсээгүй байсан. Энэ цар тахал үүссэнтэй холбоотойгоор 2021 оны дунд үеэс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад хөл хорио тавиад хил гааль хаагдаж эхэлсэн энэ талаарх баримтыг хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор хүнд нөхцөл байдал гэдэг зүйл манай Их тугчин говь гэдэг компанид бий болсон. Хүнд нөхцөл байдал гэдэг нь юу вэ гэхээр улс төр эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас эдийн засаг санхүү төлбөрийн чадваргүй болох гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой алдагдалтай ашиггүй байх зэргээс болоод гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байх нөхцөл байдал үүсэхийг хэлдэг. Хүнд нөхцөл байдлыг бид нар анх гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй байсан талуудын хяналтаас гадуур болсон нөхцөл байдал гэж үзэж байгаа. Үүнийг хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж үзнэ. Үүнтэй холбоотойгоор худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл байдлыг тодорхойлсон гэрчилгээг гаргаж өгсөн байгаа. Хүнд нөхцөл байдал үүссэн дээрээс нь ковидын нөхцөл байдалтайгаа холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн учраас бид нар гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлууд байгаа. Орон сууц захиалгаар бариулах гэрээ маань өөрөө Иргэний хуулийн 343-т заасан ажил гүйцэтгэх гэрээндээ хамаарч байгааг нэхэмжлэгч талаас хэлсэн. Иргэний хуулийн 355.5-т өөрөө гэм буруугүй эсвэл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон гэж байгаа. Хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон гэдэг маань саяын хэлсэн хүнд нөхцөл байдлын гэрчилгээ болон ковидын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Дорноговь аймгийн засаг даргын захирамжаар тогтоогдоно. Дээрх нөхцөл байдал бий болоход ажил гүйцэтгэгч нь нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж байгаа юм. Тиймээс энэ юу гэдэг юм талуудаас шалтгаалсан нөхцөл байдлаас гэрээний дагуу үүрэг биелэгдээгүй ийм хүндэтгэн үзэх нөхцөл байдал бий болсон учраас алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Дээрээс нь энэ нэхэмжлэлийн талаас алдангийн үнийн дүнг Иргэний хуулийн 232.4-т зааснаар 50 хувиас хэтрүүлэхгүй гэдэг нөхцөл байдлыг зөрчиж урьдчилгаанд өгсөн төлбөртэй дүйцэхүйц хэмжээний алдангийг нэхэмжилсэн байна энэ өөрөө хууль зөрчиж байна гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээний хуулбар, худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтын хуулбар, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Ихтугчин говь ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилгын гүйцэтгэлийн зураг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/316 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн А/184 дугаартай засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 04 дугаар сарын 09-ний өдрийн А/206 дугаартай засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/349 дугаартай засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/469 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/336 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/323 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/233 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, Хас банкны дансны хуулга, Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/227 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээний хуулбар, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/152 дугаар тодорхойлолтын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хариуцагч И Т Г-иас 42,240,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,856,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
2.Нэхэмжлэгч Т.У дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а.Ихтугчин говь ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 02 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсны дагуу шилжүүлсэн 28,160,000 төгрөг, алданги 23,936,000 төгрөг нийт 52,096,000 төгрөг гаргуулна гэж,
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
а. Нэхэмжлэгч Т.У 2021 оны 08 дугаар сард Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокийн ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, гэрээний алданги болох 23,936,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
И Т Г болон Т.У нар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Авто тээврийн үндэсний төвийн хойд талд 40 апартмент орон сууцны үйлчилгээний талбайд 51,2 м2 үйлчилгээний талбайг И Т Г 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, Т.У 56,320,000 төгрөгөөс 28,160,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдэл төлбөрийг үйлчилгээний талбайн хана, шилэн хаалтыг бартер солилцоогоор гүйцэтгэхээр тохиролцожээ. /хх 4-6 тал/
Т.У гэрээний дагуу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 28,160,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлжээ. /хх 7 тал/
И Т Г нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 8-р баг алтанговь гудамж 1-1 тоот хаягт байршилтай 2800.67 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0713007132 дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /хх-32 тал/
Талуудын хооронд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.
Захиалагч нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа төлбөр 28,160,000 төгрөг, үлдэгдэл төлбөрт үйлчилгээний талбайн хана, шилэн хаалтыг бартер солилцоогоор төлөхөөр, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд ажлын 1 хоногтоо хэвээр хадгалж уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээг хүчингүйд тооцохоор, захиалагч нь төлбөрөө хугацандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцож төлөхөөр,
Ажил гүйцэтгэгч уг орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирал дуустал буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтанд ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ.
Хариуцагч И Т Г нэхэмжлэгчийн төлсөн 28,160,000 төгрөгийг төлнө, маргаан бүхий орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй, ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг үндэслэлээр алдангийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасан өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол гэх үндэслэлээр бүрэн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр, төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-343.4 дэх хэсгүүдэд зохицуулсан.
Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний зүйл нь 51,2 м2 талбай байхаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шудрагаар гүйцэтгэнэ гэж,
222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Уийн захиалан бариулахаар тохиролцсон 51,2 м2 талбайн орон сууцны барилга нь 85 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тул энэ хэмжээгээр үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.
Гэрээний зүйл болох 51,2 м2 талбайн хувьд гүйцэтгэсэн ажлын хувиар орон сууцны гүйцэтгэлээр үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.
Учир нь нийтийн зориулалттай орон сууцыг Барилгын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэдэг, тухайн орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхад нэхэмжлэгчид тусд нь салган гүйцэтгэсэн үүргийн хэмжээнд хүлээлгэн өгөх боломжгүй юм.
Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зохицуулсан.
Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан.
Нэхэмжлэгч гэрээний дагуу 28,160,000 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул энэ мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Түүнчлэн гэрээ цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг.
Хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсны улмаас гэрээ цуцлах шаардлага гаргаж байх тул тэдний гэрээг цуцлах үндэслэлтэй байна.
Хариуцагч ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн, хөл хорио тавигдаж байсан, хил гааль хаагдсан гэх тайлбараа нотлож Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны захирамжууд болон Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/227 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээг нотлох баримтаар гарган өгсөн.
Талууд хариуцагчийн тайлбарт дурдсан хүнд нөхцөл байдлын үед үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар тогтоогдож байгаа тул хариуцагч талын хүнд нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэх боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч талаас Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн боловч тухайн барилгын төсөв хэдэн төгрөг байсан нь хэдэн төгрөг болж үнэ нэмэгдсэн талаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Гүйцэтгэгч тал гэрээг зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 51,2 м2 талбайн үнэ болох 56,320,000 төгрөг гэж тооцон 1 хоногийн алданги 56,320 төгрөг 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 832 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул алдангийн хэмжээ 46,858,240 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн шаардсан 23,936,000 төгрөгийн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй боловч ковид-19 цар тахал гарсан, хөл хорио тогтоож байсан гэх хүнд нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байхдаа гэрээ байгуулсан зэргийг харгалзан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тооцож /28,160,000*50=14,080,000/ гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагчаас талбайн үнэнд төлсөн 28,160,000 төгрөг + алданги 14,080,000 төгрөг нийт 42,240,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 9,856,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Т.Уын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418,430 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж И Т Г-иас 369,150 төгрөгийг гаргуулж Т.Уид олгох нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 236 дугаар зүйлийн 236.2, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И Т Г ХХК-иас 42,240,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,856,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.У-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418,430 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж И Т Г-иас 369,150 төгрөгийг гаргуулж Т.Уид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ