| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00365/и |
| Дугаар | 136/ШШ2024/00458 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 136/ШШ2024/00458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайхандулаан сум, * дугаар баг, * гэх газарт оршин суух, У овогт П.М,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * дүгээр баг, * дугаар байр * тоотод оршин И Т Г ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 58,826,400 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Алтанцэцэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С,
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Сувданбилэг /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.М И Т Г ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
П.М миний бие 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр И Т Г ХХК-тай орон сууц захиалан бариулах 29 дугаартай гэрээг байгуулсан. Тухайн барилга нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, Автотээврийн үндэсний төвийн хойд талд баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд 40 аппартмент орон сууцны хотхонд 5 давхарт 507 тоот бүхий 52,2 м2 2 өрөө орон сууцыг захиалсан. Би захиалсан орон сууцны урьдчилгаанд 26,145,600 төгрөгийг өөрийнхөө данснаас гэрээ байгуулсан өдрөө төлж шилжүүлсэн. Мөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр надад 13,072,000 төгрөг төлөхийг мэдэгдэхээр нь би өөрийн төрсөн охиныхоо дансаар уг мөнгийг шилжүүлэн төлж 39,217,600 төгрөгийг тус тус төлсөн.
Гэрээний 2 дахь хэсгийн 2.1-т Захиалсан орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугцааа 2022 оны 01 дүгээр улирал дуустал байхаар заагдсан боловч барилга заасан хугацаандаа ашиглалтанд ороогүй. Би ч орон байраа хугацаандаа хүлээж авч чадахгүй болсон болохоор гэрээнд заагдсан мөнгийг нэмж төлмөөргүй гэрээгээ цуцламаар байсан боловч И Т Г ХХК-ийн зүгээс 2023 онд захиалагч нартай уулзаад мөнгөө нэмээд хийгээрэй барилгын ажил үргэлжлэн явагдана гэж мэдэгдэхээр би мэдэгдсэн дүнгээр нь мөнгөө нэмж хийсэн. Тухайн байрны захиалагчид ч мөнгөө нэмж хийсэн гэж дуулдаж байсан боловч түүнээс хойш ч барилгын ажил явагдаагүй. Тухайн компанийн барилгын ажил ч явагдахгүй байснаар би сүүлдээ байр ч үгүй мөнгө ч үгүй хохирч байгаа тул өндөр настай миний хувьд орон байргүй маш хүнд байна. Гэрээний 5 дахь хэсгийн 5.10-т заасны дагуу алданги нэмж нэхэмжилж байна. Алдангийг урьдчилгаа 26,145,600 төгрөгт 828 хоногт 21,648,060 төгрөг, 13,072,000 төгрөгт 493 хоногт 6,444,496 төгрөг болж байна. Нийт алданги 28,092,556 төгрөг болно. Миний байрны урьдчилгаанд төлсөн нийт дүн 39,217,400 төгрөг болж байна. Үүн дээр алданги болох 19,608,800 төгрөгийг нэмж бүгд 58,826,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Мягмарсүрэн 2021 оны 7 сарын 27-ны өдөр гэрээ хийгээд гэрээ хийсэн өдрөө 26,145,600 төгрөг төлсөн. Гэрээнийхээ эрх үүргийг биелүүлээгүй сар болгон төлөлт байхгүй. Хөдөө байдаг гээд утас нь холбогддоггүй ярихаар ирэх боломжгүй гэсэн тайлбаруудыг өгдөг байсан. П.М нь сар болгон төлөлт хийх ёстой байтал 2021 оны 7 сард хийгээд тэрнээс хойш огт төлөлт байхгүй байж байгаад 2023 онд 13 сая төгрөг хийсэн. Гэрээний нийт төлбөр 65,364,000 төгрөг байна. Гэтэл захиалагч маань 2021 оны 7 сарын 27-ны өдөр 26,145,000 төгрөг төлсөн үүнээс хойш төлбөрийг гэрээний 2.4-т заасны дагуу төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 10-ны өдрүүдэд 60 сар буюу 5 жилийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Энэ үүрэг нь Иргэний хуулийн 351.1-т захиалагчид гэрээгээр гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлсөө төлүүлэх үүрэгтэй байсан. Захиалагч гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй нь барилгын ажил зогссон шалтгааны нэг юм. Дараагийн шалтгаан нь дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын байдалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал улс орон даяар зарласан байсан. Энэ нь Дорноговь аймгийн засаг даргын захирамжаар нотлогдоно. Мөн өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан ч гэсэндээ барилгын материалын үнэ бол өснө гэсэн таамаглал талуудад байгаагүй учраас гэрээний үнийг 65,364,000 төгрөг гэж байгуулсан байдаг. Дээрх нөхцөл шалтгааны улмаас барилга хугацаандаа ашиглалтад ороогүй. И Т Г компанийн зүгээс төлсөн үндсэн төлбөрийг зөвшөөрч байгаа харин алдангийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ зөвхөн гүйцэтгэгч байгууллага талаас шалтгаалсан асуудлаар барилга хугацаанд ороогүй учраас гэрээ цуцалсантай холбоотойгоор үүссэн хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаар орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, И Т Г ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилгын гүйцэтгэлийн зураг, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/173 дугаар Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн А/184 дугаартай засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 04 дугаар сарын 09-ний өдрийн А/206 дугаартай засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/233 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/323 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/336 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/349 дугаартай засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/469 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, Хас банкны дансны хуулга, Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/227 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээний хуулбар, төлбөр төлсөн график, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/152 дугаар тодорхойлолтын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хариуцагч И Т Г ХХК-иас 52,290,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,536,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
2.Нэхэмжлэгч П.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а.И Т Г ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 29 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсны дагуу шилжүүлсэн 39,217,600 төгрөг, алданги 19,608,800 төгрөг нийт 58,826,400 төгрөг гаргуулна гэж,
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
а. Нэхэмжлэгч П.М 2021 оны 07 дугаар сард Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагчийн гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокийн ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, гэрээний алданги болох 19,608,800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
И Т Г ХХК болон П.М нар 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Авто тээврийн үндэсний төвийн хойд талд 40 апартмент орон сууцны хотхоны 5 давхарт 507 тоот 50,28 м2 орон сууцыг И Т Г ХХК 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, П.М 65,364,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр 26,145,600 төгрөгийг төлж, сар бүрийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 10-ны өдрүүдэд 60 сар буюу 5 жилийн хугацаанд төлж байхаар харилцан тохиролцжээ. /хх 8-12 тал/
Нэхэмжлэгч П.М гэрээний дагуу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 26,145,600 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 13,072,000 төгрөг нийт 39,217,600 төгрөгийг хариуцагчид шилжүүлжээ. /хх 14, 15 тал/
Хариуцагч И Т Г ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 8-р баг алтанговь гудамж 1-1 тоот хаягт байршилтай 2800.67 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0713007132 дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /хх-34 тал/
Талуудын хооронд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.
Захиалагч нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр 26,145,600 төгрөг, сар бүрийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 10-ны өдрүүдэд 60 сар буюу 5 жилийн хугацаанд төлөхөөр, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд ажлын 1 хоногтоо хэвээр хадгалж уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээг хүчингүйд тооцохоор, захиалагч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцож төлөхөөр,
Ажил гүйцэтгэгч уг орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирал дуустал буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтанд ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ.
Хариуцагч И Т Г ХХК нэхэмжлэгчийн төлсөн 39,217,600 төгрөгийг төлнө, маргаан бүхий орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй, ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг үндэслэлээр алдангийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасан өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол гэх үндэслэлээр бүрэн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр, төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-343.4 дэх хэсгүүдэд зохицуулсан.
Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний зүйл нь 50,28 м2 талбайтай орон сууц байхаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шудрагаар гүйцэтгэнэ гэж,
222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч П.Мгийн захиалан бариулахаар тохиролцсон 507 тоот 50,28 м2 талбайтай орон сууц багтах орон сууцны барилга нь 85 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тул энэ хэмжээгээр үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.
Гэрээний зүйл болох 507 тоот орон сууцны хувьд гүйцэтгэсэн ажлын хувиар орон сууцны гүйцэтгэлээр үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.
Учир нь нийтийн зориулалттай орон сууцыг Барилгын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэдэг, тухайн орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхад нэхэмжлэгчид тусд нь салган гүйцэтгэсэн үүргийн хэмжээнд хүлээлгэн өгөх боломжгүй юм.
Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зохицуулсан.
Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан.
Нэхэмжлэгч гэрээний дагуу 39,217,600 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул энэ мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Түүнчлэн гэрээ цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг.
Хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсны улмаас гэрээ цуцлах шаардлага гаргаж байх тул тэдний гэрээг цуцлах үндэслэлтэй байна.
Хариуцагч ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн, хөл хорио тавигдаж байсан, хил гааль хаагдсан гэх тайлбараа нотлож Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны захирамжууд болон Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/227 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээг нотлох баримтаар гарган өгсөн.
Талууд хариуцагчийн тайлбарт дурдсан хүнд нөхцөл байдлын үед үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар тогтоогдож байгаа тул хариуцагч талын хүнд нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэх боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч талаас Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн боловч тухайн барилгын төсөв хэдэн төгрөг байсан нь хэдэн төгрөг болж үнэ нэмэгдсэн талаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Гүйцэтгэгч тал гэрээг зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 51,2 м2 талбайн үнэ болох 56,320,000 төгрөг гэж тооцон 1 хоногийн алданги 56,320 төгрөг 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 832 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул алдангийн хэмжээ 46,858,240 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн шаардсан 19,608,800 төгрөгийн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй боловч ковид-19 цар тахал гарсан, хөл хорио тогтоож байсан гэх хүнд нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байхдаа гэрээ байгуулсан, нэхэмжлэгч 13,072,000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй зэргийг харгалзан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэхэмжлэгчийн хугацаандаа гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тооцож /26,145,600*50=13,072,800/ гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн 39,217,600 төгрөг + алданги 13,072,800 төгрөг нийт 52,290,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 6,536,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар П.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453,000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж И Т Г ХХК-иас 419,402 төгрөгийг гаргуулж П.Мд олгох нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 236 дугаар зүйлийн 236.2, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И Т Г ХХК-иас 52,290,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,536,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453,000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж И Т Г ХХК-иас 419,402 төгрөгийг гаргуулж П.Мд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ