Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 136/ШШ2024/00449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ариунзул даргалж, шүүгч Д.Наранцэцэг, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, ** дугаар хороо, ** хороолол, 1** тоотод оршин суух Г овогт Оы Бн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, З * дугаар гудамж 3** тоотод оршин суух, Б овогт Дйн Цд холбогдох

Гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заанаар талуудын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.Б нь Д.Цд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд

Иргэн О.Б миний бие 2012 оноос мөнгөлөг өнгийн АЯ******** улсын бүртгэлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн **-** УНК дугаартай т л к ** маркийн автомашин эзэмшиж байсан юм. Би 2014 оны намар С дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт зогсоол дээр түр асаалттай нь тавьж орхиод хажууд нь байдаг банкны АТМ-ээс мөнгө авах гэж ороод гарч ирэхэд алга болсон. Машиныг эрэн сурвалжлуулах, хайх ажиллагааг хийсэн боловч сураг тасарч хаана байгаа нь мэдэгдэхгүй байсаар 2020 оны намар уг машины сураг гарч одоогийн эзэмшигчид байгааг мэдсэн. Би машины хойноос Д гэдэг мессэнжерээр нэг бус удаа харьцаж лавлаж байсан. Харин тэрээр уг машиныг хүнээс худалдаж авсан тухай ярьсан санаж байна. Энэ машин бол миний машин байгаа юм гэхэд нэг сайн ойлгохгүй байсан. Өөрийн бүтэн нэр, хаягаа ч хэлэхгүй байсан тул шүүхээр эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж Д нэрийн цаана байгаа жинхэнэ Дийн Цыг олж тогтоосон байна. Иймд миний бие алдагдсан машинаа буцааж авах эсвэл түүнийг 20,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч Д.Ц хариу тайлбартаа: Д.Ц миний бие нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр У хотын Д х заас С.О гэх хүнээс мөнгөлөг өнгөтэй **-**УНК улсын дугаартай т л к-** маркийн автомашин худалдан авсан юм. Уг машиныг авахдаа өөрийн унаж явсан харьер маркийн автомашиныг оролцуулан үлдсэн мөнгийг бэлнээр төлсөн. Т л к-** автомашиныг 19,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба өөрийн машинаа 12,000,000 төгрөгт бодож өгсөн, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг бэлнээр өгч тооцоо дуусгасан. Тухайн өдрөө тооцоог дуусгаж тэр орчимд байх 221 дугаар тамга бүхий нотариатч дээр очиж Автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж харилцан иргэний үнэмлэх болон гарын үсгээр баталгаажуулсан. Гэтэл нэхэмжлэгч О.Б гэх хүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2014 оны намар С дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт зогсоол дээр түр асаалттай тавьж орхиод хажууд нь байх АТМ-ээс мөнгө авах гэж ороод гарч ирэхэд машин алга болсон, эрэн сурвалжлуулж хайсан боловч сураг гаралгүй 2020 онд сураг гаргасан гэжээ. Энэ бол худал зүйл бөгөөд намайг хулгайн хэрэгт гүтгэж байна. Би энэ машиныг аль нэг газраас хулгайлж аваагүй бөгөөд ор үндэслэлгүй гүтгэлэг. Тэгээд ч өмч хөрөнгөө алдсан бол бүтэн 11 жил өнгөрч байхад чимээ сураггүй байх уу. Жил бүрийн авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллогоор ч энэ машиныг олох бүрэн боломж байгаа. Тэгээд ч энэ машин нь хот, аймаг, сумаар ямар ч саад бэрхшээлгүй явж байсан. Аль ч газарт цагдаа зогсоож шалгаж байгаагүй, улсын дугаар нь солиогүй хэвээр байсан. Ингэж ор үндэслэлгүй гүтгэж байгаа нь хүний нэр төрд халдаж байгаа хэрэг. Иймд энэ худал нэхэмлжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Т л к маркийн **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж байсан тухай С дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2024 оны 06 сарын 19-ний өдрийн 30/***** Асап хайсан тухай албан бичиг, хавсралтын хамт, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Монголын Татварын албаны лавлагаа, Монголын нотариатчдын танхимын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5** дугаар албан бичиг, итгэмжлэл бүртгэсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар,

4.Хариуцагчаас:Монголын нотариатчдын танхимын 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 4** дугаар албан бичиг, 2013 оны 07 сарын 23-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2023 оны 07 сарын 23-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар,

5.Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр Монголын нотариатчдын танхимын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 4** дугаар албан бичиг, Нотариатчдын танхимын бүртгэлийн дэвтрийн хавтасны хуулбар, 2*** дугаар бүртгэлийн хуулбар, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2*** дугаар Шинжээчийн дүгнэлт гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

2.Нэхэмжлэгч О.Б миний **-**УНК улсын дугаартай Т Л к маркийн автомашиныг 2014 оны намар хулгайд алдсан. Хариуцагчтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, хэн нэгэн хүнд итгэмжлэл олгоогүй тул автомашины үнэ 20,000,000 төгрөг гаргуулна гэж,

3.Хариуцагч Д.Цт Би уг автомашиныг 2013 онд худалдан авсан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч О.Б **-**УНК улсын дугаартай Т Л к маркийн автомашины эзэмшигчээр 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдэж байсан, уг автомашиныг С дүүргийн ** дүгээр хороо, н.Өн гэх хүнд **-**УНК улсын дугаартай автомашиныг 18 сая төгрөгөөр зарсан гэвч мөнгийг нь өгөхгүй 3 жил болж байна шалгаж өгнө үү гэх агуулгаар 2019 оны 04 сарын 21-ний өдөр гомдол гаргаж байсан,

6.Хариуцагч Д.Ц маргааны зүйл болох **-** УНК улсын дугаартай Т л к маркийн автомашиныг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр О.Баас С.От олгосон итгэмжлэлийг үндэслэн С.Отай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатчийн бүртгэлийн гэрээ-11 дэвтэрт бүртгүүлж, автомашиныг хүлээн авч эзэмшиж байгаа боловч тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлээгүй үйл баримт тогтоогдож байна. /Хх-47-48, 59-61/

7.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлд гарын үсэг зураагүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж шинжээч 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2*** дугаар дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Уг дүгнэлтээр итгэмжлэлд зурсан О.Бын гарын үсэг нь О.Бын гарын үсэгтэй тохирохгүй байна гэж дүгнэлтээ ирүүлсэн. /хх 89-92/

8.Нэхэмжлэгч О.Б **-** УНК улсын дугаартай автомашиныг 2014 онд АТМ-ийн гадаа асаалттай орхиод хулгайд алдаж цагдаад хандаж эрэн сурвалжилж байсан гэх тайлбар нь С дүүргийн ** дүгээр хороо, н.Өн гэх хүнд **-**УНК улсын дугаартай автомашиныг 18 сая төгрөгөөр зарсан гэвч мөнгийг нь өгөхгүй 3 жил болж байна шалгаж өгнө үү гэх агуулгаар эрэн сурвалжлуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хандаж байсан, дээрх автомашиныг жил бүр тээврийн хэрэгслийн үзлэг хийлгэж байсан зэрэг үйл баримт болон нэхэмжлэгчийн Ө гэдэг хүнтэй холбоогүй байсан.Тухайн үед танил л байсан. Машины ченж гэсэн барилгын бизнес хийдэг болохоор барилга дээр юм авч өгдөг байсан гэх тайлбаруудаар үгүйсгэгдэж байна

9.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Б **-**УНК улсын дугаартай автомашиныг хулгайд алдсаны улмаас эрсэн хайсан гэх тайлбараа нотолсон баримтыг хэрэгт нотлох баримт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэийн шаардлага,түүнийг үгүйсгэх,татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэсэн хуулийн үүрэгжүүлсэн заалтыг биелүүлээгүй гэж үзлээ.

10.Харин нь хариуцагчийн хувьд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр С.Оаас **-**УНК улсын дугаартай Т Л к-** маркийн автомашиныг худалдах худалдан авах гэрээний дагуу авч эзэмшигч болжээ. Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэхээр, Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шудрага эзэмшигч байхаар Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зохицуулсан.

11.Энэ тохиолдолд хариуцагч Д.Ц нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг 2013 оноос хойш бусдаас худалдан авч, үүнийг төлж, эзэмшилдээ байлгаж байгаа тул тэрээр шудрага эзэмшигч байна.

12.Нэхэмжлэгч О.Б С.От олгосон итгэмжлэлд гарын үсэг зураагүй болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2*** дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч Д.Ц нь итгэмжлэлд О.Б гарын үсэг зураагүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байна.

13.Д.Ц нь 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр С.Ораас **-**95УНК улсын дугаартай Т Л к-** маркийн автомашиныг худалдах худалдан авах гэрээний дагуу авч эзэмшигч болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасны дагуу О.Б нь Д.Цаас машины үнийг шаардах эрхгүй байна.

14.Хэдийгээр тээврийн хэрэгслийн бүртгэлд О.Б нь бүртгэлтэй боловч тэрээр **-**УНК улсын дугаартай Т Лд к автомашиныг бодитоор эзэмшдэггүй болох нь тогтоогдож байгаа, Д.Ц нь уг автомашиныг гэрээний дагуу эзэмшигч, өмчлөгч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүсэхгүй юм.

15.Иймд хариуцагч Д.Цтаас Гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар О.Браас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан О.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар О.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ

ШҮҮГЧИД Д.НАРАНЦЭЦЭГ

Э.БОЛОРМАА