Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 136/ШШ2024/00460

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * сум, * дугаар баг, * оршин суух, Б овогт Ц.О,

Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * дүгээр баг, * дугаар байр * тоотод оршин суух, И Т Г ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 35,000,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Энхзул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Сувданбилэг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр, нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.О нь Сайншанд сумын 8 дугаар баг Авто тээврийн үндэсний төвийн хойд талд баригдаж буй 40-Апармент орон сууцны хотхонд захиалга авч байна гэсэн цахимд байршуулсан зарын дагуу 88688839 дугаарын утсаар холбогдон ярьж, тус хотхоны 2-р ээлжийн орон сууцанд захиалга өгч 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөг нийт 35,000,000 төгрөгийг И Т ГХХК-ийн Хас банкны 5001441054 тоот дансанд шилжүүлсэн байна. Тухайн үедээ орон сууц захиалгын гэрээг фэйсбүүк чатаар явуулж Сайншанд суманд биечлэн очихдоо гарын үсэг зурахаар тохирсон боловч тус компанийн захирал А.Тамиртай холбоо барьж уулзаж чадахгүй удсан байна.

Ц.О нь Улаанбадрах суманд хөдөө мал маллаж амьдардаг тул тэр бүр аймгийн төв рүү орж ирэхгүй, хааяа орж ирээд баригдаж буй байртай танилцахад анх яг ямар байсан тэр хэвэндээ 2 жил болжээ. Ингээд 1-р ээлжийн барилга баригдаж дуусаагүй ажил зогссон тул 2-р ээлжийн байр баригдах худлаа боллоо гээд И Т ГХХК-ийн өмгөөлөгч Уртнасан гэх хүний 99103145 дугаарын утсаар холбогдож маш олон удаа урьдчилгаанд шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг буцаан авъя гэж ярихад 1-р ээлжийн барилга руу оруулж өгье удахгүй баригдана. Сайншанд суманд ирэхээр таныг дуудна гээд шалтаг тоочсоор өнөөдрийг хүрчээ. Иймд И Т ГХХК-иас орон сууцны урьдчилгаанд төлсөн 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ихтугчин говь ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбараа: Манай компани Ц.О 2021 оны 06 сард орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокын ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээний дагуу дараагийн захиалагчид худалдан борлуулсны дагаа мөнгийг буцаан олгоно гэжээ.

Талууд шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: И Т ГХХК нь нэхэмжлэлийн шаардлага 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн сард 8,750,000 төгрөгийг төлж, 4 сарын дотор буюу 2025 оны 09 сарын 01-ний өдрийг дуустал төлж барагдуулах, улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилуулахаар харилцан тохиролцсон тул талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хаан банкны дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар,

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Хүнд нөхцөл байдлын гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, фото зураг, банкны дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.О-ийн нэхэмжлэлтэй И Т Г ХХК-д холбогдох 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 35,000,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн сард 8,750,000 төгрөгийг төлж, 4 сарын дотор буюу 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал төлж барагдуулахаар эвлэрчээ байгуулжээ.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ц.О-ийн нэхэмжлэлтэй И Т Г ХХК-д холбогдох 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 35,000,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн сард 8,750,000 төгрөгийг төлж, 4 сарын дотор буюу 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ