Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 02418

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02567 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Б-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар шийдвэрээр Ж.Б-ээс 17 686 158 төгрөгийг гаргуулж “О ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Ж.Б- миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205017183 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар хороолол 00Б-00 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилон орон сууцыг 38 500 000 төгрөг хэмээн үнэлсэн байна. Энэ үнэлгээг надад 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн бөгөөд миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй жишиж , харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, байршлын давуу тал зэрэг онцлог талуудыг огт анхаараагүй, тусгаж үнэлээгүй, хэт хямд үнэлгээг гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Миний бие “О ББСБ” ХХК-д 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 3 500 000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд цаашид мөн төлөлтийг хийж төлбөр тооцоог хийж дуусгана. Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ийм бага үнэлгээ тогтоож байгаад маш их гомдолтой байна. Мөн Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 1 орон сууц нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 60-80 сая төгрөгийн үнэ ханштай эд хөрөнгө юм. Гэтэл ямар үндэслэлээр миний өмч хөрөнгийг ийм доогуур үнэлгээгээр үнэлж байгаад гомдолтой байна. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулах 4/154-30430 тоот мэдэгдлийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй маш их гомдолтой байгаа тул улсын бүртгэлийн Ү- 2205017183 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 00-00 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 38 500 000 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/02250 дугаар шийдвэрээр Ж.Б-ээс 17 686 158 төгрөгийг гаргуулж “О ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Б-ийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 146 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан байна. Төлбөр төлөгч Ж.Б- болон төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар нь харилцан тохиролцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг шинжээчээр тогтоолгох санал гаргасан. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий “Мөнх Оргил Трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууц нь 55,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Талуудад үнэлгээг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4-154/24142, 4-154/24143 дугаартай мэдэгдлүүдээр мэдэгдэж, мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Ж.Б- нь орон сууцаа бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авах санал гаргаж, энэ хугацаанд хөрөнгөө бие даан худалдан борлуулаагүй байна. Иймд шинжээчийн үнэлсэн үнэ болох 55 000 000 төгрөгийн 70 хувь буюу 38 500 000 төгрөгөөр дээрх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр оруулахад 41 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон болно. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2020 оны 4/154- 30430, 4/154-30431 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгч Ж.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч орон сууцыг нь 38 500 000 төгрөгөөр үнэлсэн гэж яриад байна. 38 500 000 төгрөгөөр биш 55 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үнийн санал дээр тохироогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилсон. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 55 000 000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө 60 сая орчим төгрөгийн үнэтэй гэдэг. Нэхэмжлэгч үнэлгээ гарсны дараа өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулах нэг сарын хугацаа авсан. Хэлж байгаа үнээрээ худалдан борлуулах боломжтой байсан. Гэвч зарагдаагүй байгаа. Мөн хуульд заасан хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2020/11832 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б- давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний өмчлөлийн эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн болох нь миний шүүхэд гаргаж өгсөн баримтаар нотлогдоно. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр эрх ашиг нь хөндөгдсөн иргэнийг шүүх хохироож хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Миний энэхүү маргаан бүхий өөрийн орон сууцны үнэлгээг хамгийн багадаа 60-80 сая төгрөг болно. Гэтэл энэ орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хамаагүй бага үнээр буюу 38 500 000 төгрөгөөр тооцон дуудлага худалдаанд оруулж байгаа нь иргэн намайг хохироосон үйлдэл байна. Мөн миний бие нь “О ББСБ” ХХК-д шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 500 000 төгрөгийн төлөлт хийсэн цаашид ч бас төлөлт хийнэ гэдгээ илэрхийлсэн. Шүүгч энэ талаар ямар нэгэн тайлбарыг өгөөгүй. Бас түүнчлэн миний эд хөрөнгийг 38 500 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэ ханшнаас хамаагүй багаар үнэлэгдсэн болохыг шийдвэр гүйцэтгэгчийн өгсөн тайлбараас нотлогддог. Тухайн орон сууцыг анхны дуудлага худалдаанд оруулахад шууд зарагдсан нь үүнийг нотолж байна. Мөн дуудлага худалдаанд оролцуулаагүйд гомдолтой байгаа. Хэрвээ анхны дуудлага худалдаанд зарагдахгүй бол 2 дахь шатны дуудлага худалдаанд оруулдаг. 2 дахь шатны дуудлага худалдаагаар бус анхны дуудлага худалдаагаар зарагдсан нь үүнийг нотолж байна. Эдийн засгийн энэ хүндрэлтэй үед байр орон сууцны худалдаа битгий хэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалт буурсан үед энэхүү орон сууц анхны дуудлага худалдаагаар борлогдсон нь зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн болохыг нотолж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг ганцхан шалтгаанаар бусдын өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа үйлдлийг шүүх зөвтгөж байгаад гомдолтой байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зээлийн гэрээний үүрэгт 17 493 250 төгрөгийг гаргуулахаар “О ББСБ” ХХК нэхэмжилснийг хариуцагч Ж.Б- хүлээн зөвшөөрч, 2 сарын хугацаанд төлөхөөр талуудын эвлэрснийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2019/02250 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. Хуулийн хүчин төгөлдөр уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ГХ2020/00068 шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх44-46/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00б байр 00 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 20280226 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 20280226/1 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төлбөр авагч “О ББСБ” ХХК-аас шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 6/336 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон “Мөнх-Оргил трейд” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 байр 00 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 55 000 000 төгрөгийн үнэ цэнэтэй гэж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Дээрх хөрөнгийн үнэлгээний талаар 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн            4-154/24142 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ж.Б-т мэдэгдэж, шинжээчийн тогтоосон 55 000 000 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага явуулах доод үнэ тогтоогддог, хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч нэг сарын хугацаанд өөрөө худалдан борлуулж төлбөр төлөх санал гаргах эрхтэйг тайлбарласан байна. /хх82/

 

Төлбөр төлөгч нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр барьцааны орон сууцыг худалдан борлуулах 1 сарын хугацаа авч, шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргасан нь хэрэгт баримтаар авагджээ. /хх-84/

 

Уг хугацаанд орон сууц худалдан борлуулагдаагүй тул 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 9/4 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 4/154-30430 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ж.Б-т хүргүүлж анхны албадан дуудлага худалдаа 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд зохион байгуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар мэдэгджээ.

 

            Иймд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан боловч үнэлгээг зөвшөөрөхгүй гэж үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Ж.Б- нь хөрөнгийн үнэлгээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй байх тул хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ