Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 308/шш2025/00078

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: У хот, Б дүүрэг, ** дугаар хороо, Т-Э хотхон, *** дугаар байр, **** тоотод оршин суух, Б овогт Д Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1988 онд Монгол Улсын их сургуулийг төгсөж Дорноговь аймгийн шүүхийн даргын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаар тушаалаар 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн шүүхэд дадлагажигч ажилтнаар, тус шүүхийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаар тушаалаар 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн шүүгчээр тус тус томилогдон ажиллаж Дорноговь аймгийн хууль зүйн хэлтсийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дүгээр тушаалаар 1991 оны оны 04 дүгээр өдрийн 05-ны өдрөөр тасалбар болгон хуульчийн ажлаас чөлөөлөгдсөн юм. Миний дээрх ажил албан тушаалд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа бөгөөд ажилд томилж, чөлөөлсөн тушаал, архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн намайг 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Дорноговь аймгийн шүүхэд дадлагажигч ажилтнаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хүртэл хугацаанд Дорноговь аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3х/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5х/, Дорноговь аймгийн шүүхийн даргын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай Дадлагажих ажилтнаар ажиллуулах тухай тушаал /хх-6х/, Дорноговь аймгийн шүүхийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай Шүүгчээр ажиллуулах тухай тушаалын хуулбар /хх-7х/, БНМАУ-ын Дорноговь аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-8х/, БНМАУ-ын Дорноговь аймгийн ардын хурлын тэргүүлэгчдийн 1991 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 7 дугаартай Шүүгчийг чөлөөлөх, сонгох тухай тогтоолын хуулбар /хх-9/, Дорноговь аймгийн шүүхийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай 1990 оны жилийн эцсийн ажлыг дүгнэсэн тухай тушаалын хуулбар /хх-10х/, Дорноговь аймгийн шүүхийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай Шүүгч нарт чанарын мандат олгох тухай тушаалын хуулбар /хх-11х/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Д.Ц нь Дорноговь аймгийн шүүхэд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дадлагажигч ажилтнаар, Дорноговь аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхэд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хүртэл шүүгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагч дээрх ажил албан тушаалд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Д.Ц нь Дорноговь аймгийн шүүхэд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дадлагажигч ажилтнаар, Дорноговь аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхэд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хүртэл шүүгчээр тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Дорноговь аймгийн шүүхийн даргын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай тушаал, Дорноговь аймгийн шүүхийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай тушаал, Дорноговь аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай тушаал, Дорноговь аймгийн ардын хурлын тэргүүлэгчдийн 1991 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 7 дугаартай тогтоол, Дорноговь аймгийн шүүхийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай тушаал болон Дорноговь аймгийн шүүхийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тушаалууд дээр Д.Ц тус ажил албан тушаалд ажиллаж байсан талаар дурдсан байх тул энэ хугацаагаар ажиллаж байсан байна гэж үзлээ.

7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Д.Ц нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Д Ц Дорноговь аймгийн шүүхэд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дадлагажигч ажилтнаар, Дорноговь аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхэд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хүртэл шүүгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ