Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 136/ШШ2024/00486

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * сум, * дугаар баг, * дугаар байр * тоотод оршин суух, Г овогт Б.С

Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * дүгээр баг, * байр * тоотод оршин И Т Г ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 44,404,550 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Сувданбилэг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С И Т Г ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний охин Б.С нь Сайншанд сумын 8 дугаар баг, Авто тээврийн үндэсний төвийн хойд талын бүтээн байгуулах 40 апартмент орон сууцны хотхонд 4 давхарт 402 тоот бүхий 50,28 мкв 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр И Т ГХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар орон сууцыг барьж дуусах хугацааг 2022 оны 01 дүгээр улиралд багтаах байсан ба орон сууцны нийт төлбөр 60,336,000 төгрөгөөр тооцож урьдчилгаа төлбөр болох 19,134,400 төгрөгийг бэлнээр өгч сар бүрийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 26-ны өдрийн дотор 5 жилийн хугацаанд төлж байхаар харилцан тохиролцсон болно. Гэтэл энэ хугацаанд И Т Г ХХК-ийн барилгын бүтээн байгуулалтын ажил огтхон ч хийгдээгүйгээр барахгүй хэдхэн суурин блок цутгаснаас өөр ямар ч ажил хийгдээгүй бүтэн 3 жил гаруй болж байгаа бөгөөд уг компани нь барилга бүтээн байгуулалтын энэхүү хариуцлагагүй цалгар назгай үйл ажиллагаагаараа иргэдийг хуурч мэхэлж гэрээгээр халхавчилсан бусармаг байдлыг гаргаж хэлсэн ярьсан амласан тохирсноороо ажлаа гүйцэтгэж чадахгүй дампуурлын байдалтай байгаа талаар зохих ёсны шаардлагыг захиалагч иргэдээс удаа дараа тавихад худал үнэн янз бүрийн тайлбарыг тавих цаг хугацаа хожих байдлаар төөрөгдүүлж эдүгээг хүртэл хохироож байна. Миний охин гэрээнд заасан үүргийнхээ дагуу орон сууцны төлбөр болох нийт 29,603,100 төгрөгийг төлсөн бөгөөд уг байрны бүтээн байгуулалтын ажил ямар ч найдваргүй захиалагч бидний итгэлийг алдаж одоог хүртэл огтхон ч ажил хийгдээгүй, хэдийд ашиглалтад орох нь тодорхойгүй, цаашдаа энэхүү барилгын ажил хийгдэж чадна гэхэд маш бүрхэг баталгаагүй байдалд орсон учраас байрны төлбөрт төлөгдсөн 29,603,100 төгрөгийг, тус компани нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учраас дээрх үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож 14,801,550 төгрөг нийт 44,404,550 төгрөгийг И Т ГХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч И Т ГХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа, алдангийг зөвшөөрөхгүй байна. Орон сууц захиалагч нарын зүгээс төлбөр төлөх үүргээ гүйцэтгэснээрээ гүйцэтгэгч талаас орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргийг аль аль тал нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдсан. Орон сууц ашиглалтад ороогүй нэг шалтгаан нь захиалагч тал нь төлбөрөө цаг хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, хоёрдугаарт нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 8 дугаартай орон сууц захиалгын бариулах гэрээ байгуулах үед дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахал гарчихсан. Улаанбаатар хот болоод орон нутгаар улаан, улбар шар түвшнээр хязгаарлалт тогтоогоод Засаг даргын захирамж гараад явж байсан. Барилгын материалын үнэ нэмэгдэх талаар талуудын аль аль нь мэдээгүй байсан. Тиймээс 2021 онд батлагдсан төсвийн дагуу захиалагч нартай тухайн үеийн үнэ ханшаар тохиролцон гэрээ байгуулсан. Хил хаагдаад, нээгдээд бага багаар барилгын материал орж ирж байсан. Барилгын үнэ нэмэгдсэн нь өөрөө хүнд нөхцөл гэдэг тодорхойлолтод орж байсан. Тухайн үед 84 төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх талаар таамаггүй байсан учраас орон сууцуудыг 66,330,000 төгрөгөөр барихаар гэрээ байгуулсан. 2021 онд байсан бараа материалын үнэ 2023 онд ямар болж өссөн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Тухайн сэтгүүлд тавигдсан барилгын үнэтэй харьцуулж үзсэний улмаас 84 төрлийн бараа материал 1,5-2,5 дахин өсөж, бүтээн байгуулалт хүндэрсэн нь үнэн байна гэсэн тодорхойлолтыг Худалдаа аж үйлдвэрийн танхим руу барилагчдын холбооноос явуулсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл мөн байна гээд гэрчилгээ гаргаж өгсөн. Уг гэрчилгээ дээр нийт байр захиалагч нарын дундаас түүврээр сугалж М, У, М гэдэг гурван хүний нэрийг өгсөн. Ийм хүнд нөхцөл байдлын улмаас мөн захиалагч нар төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас тухайн орон сууц хугацаандаа ашиглалтад орж чадаагүй учраас захиалагчид учирсан хохирлыг барагдуулах боломжгүй. Тиймээс алдангийг хасаж үндсэн төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, Хаан банкны мөнгө төлсөн баримтын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Ихтугчин говь ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилгын гүйцэтгэлийн зураг, Хас банкны дансны хуулга, Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/227 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээний хуулбар, төлбөр төлсөн график, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/152 дугаар тодорхойлолтын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хариуцагч И Т Г ХХК-иас 41,604,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,799,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

2.Нэхэмжлэгч Б.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а.И Т Г ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 08 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсны дагуу шилжүүлсэн 29,603,100 төгрөг, алданги 14,801,550 төгрөг нийт 44,404,550 төгрөг гаргуулна гэж,

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а. Нэхэмжлэгч Б.С 2021 оны 03 дугаар сард Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагчийн гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокийн ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, гэрээний алданги болох 14,801,550 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

И Т Г ХХК болон Б.С нар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Авто тээврийн үндэсний төвийн хойд талд 40 апартмент орон сууцны хотхоны 4 давхарт 402 тоот 50,28 м2 орон сууцыг И Т Г ХХК 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, Б.С 60,336,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр 19,134,400 төгрөгийг төлж, сар бүрийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 26-ны өдрүүдэд 60 сар буюу 5 жилийн хугацаанд төлж байхаар харилцан тохиролцжээ. /хх 6-8 тал/

Нэхэмжлэгч Б.С гэрээний дагуу

2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 19,134,400 төгрөг,

2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 668,700 төгрөг,

2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 700,000 төгрөг,

2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 700,000 төгрөг,

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 700,000 төгрөг,

2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 700,000 төгрөг,

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 700,000 төгрөг,

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 700,000 төгрөг,

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 700,000 төгрөг,

2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 700,000 төгрөг,

2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 700,000 төгрөг,

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 700,000 төгрөг,

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 700,000 төгрөг,

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 700,000 төгрөг, нийт 29,603,100 төгрөгийг хариуцагчид шилжүүлжээ. /хх 9-20 тал/

Хариуцагч И Т Г ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 8-р баг алтанговь гудамж 1-1 тоот хаягт байршилтай 2800.67 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0713007132 дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ.

Талуудын хооронд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Захиалагч нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа төлбөр 19,134,400 төгрөг, сар бүрийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 26-ны өдрүүдэд 60 сар буюу 5 жилийн хугацаанд төлөхөөр, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд ажлын 1 хоногтоо хэвээр хадгалж уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээг хүчингүйд тооцохоор, захиалагч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцож төлөхөөр,

Ажил гүйцэтгэгч уг орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирал дуустал буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтанд ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ.

Хариуцагч И Т Г ХХК нэхэмжлэгчийн төлсөн 29,603,100 төгрөгийг төлнө, маргаан бүхий орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй, ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг үндэслэлээр алдангийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасан өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол гэх үндэслэлээр бүрэн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр, төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-343.4 дэх хэсгүүдэд зохицуулсан.

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний зүйл нь 50,28 м2 талбайтай орон сууц байхаар тохиролцжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шудрагаар гүйцэтгэнэ гэж,

222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Сийн захиалан бариулахаар тохиролцсон 402 тоот 50,28 м2 талбайтай орон сууц багтах орон сууцны барилга нь 85 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тул энэ хэмжээгээр үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.

Гэрээний зүйл болох 402 тоот орон сууцны хувьд гүйцэтгэсэн ажлын хувиар орон сууцны гүйцэтгэлээр үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.

Учир нь нийтийн зориулалттай орон сууцыг Барилгын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэдэг, тухайн орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхад нэхэмжлэгчид тусд нь салган гүйцэтгэсэн үүргийн хэмжээнд хүлээлгэн өгөх боломжгүй юм.

Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зохицуулсан.

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан.

Нэхэмжлэгч гэрээний дагуу 29,603,100 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул энэ мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагч ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн, хөл хорио тавигдаж байсан, хил гааль хаагдсан гэх тайлбараа нотлож Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/227 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээг нотлох баримтаар гарган өгсөн.

Талууд хариуцагчийн тайлбарт дурдсан хүнд нөхцөл байдлын үед 402 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа тул хариуцагч талын хүнд нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэх боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч талаас Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн боловч тухайн барилгын төсөв хэдэн төгрөг байсан нь хэдэн төгрөг болж үнэ нэмэгдсэн талаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хариуцагч хүнд нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлах боловч хуульд заасны дагуу гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгийг хүлээн авсаар байсан тул дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Гүйцэтгэгч тал гэрээг зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 50,28 м2 орон сууцны үнэ болох 60,336,000 төгрөг гэж тооцон 1 хоногийн алданги 60,336 төгрөг 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 832 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул алдангийн хэмжээ 50,199,552 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн шаардсан 14,801,550 төгрөгийн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй боловч ковид-19 цар тахал гарсан, хөл хорио тогтоож байсан гэх хүнд нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байхдаа гэрээ байгуулсан, нэхэмжлэгч 5,600,000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй зэргийг харгалзан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэхэмжлэгчийн хугацаандаа гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тооцож /24,003,100*50=12,001,550/ гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн 29,603,100 төгрөг + алданги 12,001,550 төгрөг нийт 41,604,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2,799,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Б.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537,923 төгрөгөөс илүү төлсөн 157,950 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, И Т Г ХХК-иас 365,973 төгрөгийг гаргуулж Б.Ст олгох нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 236 дугаар зүйлийн 236.2, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И Т Г ХХК-иас 41,604,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,799,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537,923 төгрөгөөс илүү төлсөн 157,950 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж Б.С-т олгож, И Т ГХХК-иас 365,973 төгрөгийг гаргуулж Б.С-т олгохолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ